Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00423

 

2016 оны 4 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00423

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч:  Бын П- /РМ-****/н хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Б.П- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.П- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр 10-н жилийн сургуулийн 7 дугаар ангиас гарч хөдөө мал дээр аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1983-1989 оныг дуустал хоньчноор ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэрт орох нас болж байгаа тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, мэдүүлэгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Б.П- нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт, цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч А.Ц-ийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ....1983 оноос ээжтэйгээ хамт Түнэл сумын Ялалт нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлж байсан юм. 1991 онд Ялалт нэгдэл тарах хүртэл саальчин, хоньчноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Б.О-ийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ....Б.П- нь 1983 оны зунаас Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдэлд саальчин, хоньчноор 1991 онд Ялалт нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 10/152 дугаартай ....тус аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.П-т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт хэрэгт авагджээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөхрүү овогт Бын П- /РМ-/-ыг Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлийн 3 дугаар бригадад 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ