| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01090/И |
| Дугаар | 155/ШШ2024/01109 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2024/01109
| 2024 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2024/01109 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************
Нэхэмжлэлийн шаардага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01090/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *************** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1969 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн. 1988 онд Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 8 дугаар анги төссөн. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг 1988 онд 10 дугаар анги төгссөн. 1988 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуулийн гал тогоонд үйлчлэгчээр 1990 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Одоо тэтгэвэрт орох гэтэл ажилласан жил гүйцэхгүй 1 жил гаруй хугацаа дутсан тул түүнийг сэргээх гэж шүүхэд хандсан байгаа. Миний 1988 онд ажиллаж байсан талаар баримт байхгүй, шатчихсан учраас ажилласан жилээ сэргээх гэж шүүхэд хандсан.
Миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
Эрдэнэчимэг гэдэг хүний оронд ажиллаж байсан. Жирэмсний амралттай хүний оронд ажилд орсон. Би оноо андуураад байгаа юм байна. 1989 онд ажилд орсон юм байна. Би 1989 оны 6 дугаар сард ажилд ороод 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сургууль малтай байдаг байсан. Тэр малынх нь саалийг хийхээр явж байсан....гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 11/497 дугаартай албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1990-2000 онд ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцуулсан тухай №1710000348 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 181 дугаартай албан бичгээр ирүүлсэн Буянбадрахын Ганчимэгийн 1989, 1990 оны 1, 2, 3 дугаар саруудын цагийн бүртгэлийн хуулбар, гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 2-12, 38-44 дүгээр тал)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ****************** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн (хх-ийн 45-48 дугаар тал).
Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 30/1172 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд (хх-ийн 18-21 дүгээр тал),
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 211 дугаар албан бичгээр ирүүлсэн Буянбадрахын Ганчимэгийн 1989 оны 6, 7, 8 дугаар сарууд, 1990 оны 1, 2, 3 саруудын цагийн бүртгэлийн архивын хуулбар, (хх-ийн 53-61 дүгээр тал),
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч *************** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний 1988 онд ажиллаж байсан талаар баримт байхгүй, шатчихсан учраас ажилласан жилээ сэргээх гэж шүүхэд хандсан.
Иймд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч *************** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч *************** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 211 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан ************** 1989 оны 6, 7, 8 сарууд, 1990 оны 1 сараас 3 сар хүртэлх ажлын цаг ашиглалтын архивын хуулбарууд, (хх-ийн 6-12, 53-61 дүгээр тал),
Гэрч ****************** ...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуульд 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажилд орсон. *************** нь намайг ажилд орсоноос хойш 1989 онд тус сумын Ерөнхий боловсролын сургуульд жирэмсний амралтаа авсан хүний оронд үйлчлэгчээр ажилд орж байсан юм. Тэрээр 1990 оны 3 дугаар сард ажлаасаа гарсан. Ажиллаж байх хугацаандаа үйлчлэгч л хийдэг байсан, өөр ажил хийж байгаагүй.... гэх мэдүүлэг,
Гэрч ************** ...Ганчимэг нь 1989 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуульд цэвэрлэгчээр хүний оронд түр ажилчнаар орж байсан. Намайг 1990 оны 1 дүгээр сард ажлаас гарах үед *************** нь ажиллаад үлдсэн, түүнээс хойш хаана, юу хийж байсан талаар мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг (хх-ийн 45-48 дугаар тал),
Гэрч *********** ажиллаж байсан байдлаа нотолсон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2023/00510 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч *********** ажиллаж байсан байдлаа нотолсон 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 155/ШШ2021/00824 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 39-44 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иймд ***************ийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Би 1989 оны 6 дугаар сард ажилд ороод 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сургууль малтай байдаг байсан. Тэр малынх нь саалийг хийхээр явж байсан.... гэх тайлбар,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *************дугаартай албан бичгээр ирүүлсэн ********** Ажилладаг гэх хэсэгт Бусад эх үүсвэр, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт ажилгүй, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Тосонцэнгэл, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт Ж.Адилбиш, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.20... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 18-21 дүгээр тал),
Гэрч ***** нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч *************** нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдал нь үгүйсгэгдэж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч ***************ийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
***************т холбогдох ажилд томилсон, чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Тус аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1988-1989 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй, тус сургуулийн 1990 оны тушаал шүүж үзэхэд ***************тэй холбоотой тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилттэй ***** дугаар албан бичиг, (хх-ийн 3, 22, дугаар тал)
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Тус газрын архивт Тосонцэнгэл сумын 8 жилийн сургуулийн зөвхөн 1990 оны цалингийн цэс байгаа бөгөөд бусад онуудын цалингийн карт, холбогдох баримтууд хадгалагдаж үлдээгүй болно. 8 жилийн сургуулийн 1990 оны цалин хөлсний баримтыг шүүж үзэхэд иргэн ****** холбогдолтой баримт байхгүй байна гэх бичилттэй ****** дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийн шийдвэрлэсэн болно. (хх-ийн 31, 35, 52 дугаар тал),
Нэхэмжлэгч *************** нь 1990 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх бичилттэй ***** дугаартай Баталгаажилтын хуудасны хуулбар (хх-ийн 5 дугаар тал) зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8-н жилийн дунд сургуульд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ***************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ