| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2017/00166/Э |
| Дугаар | 171 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 171
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүгдэгч С.Д ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржгин овгийн С.Д т холбогдох эрүүгийн 17260011490069 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржгин овгийн С.Д .Шүүгдэгч Боржгин овгийн С.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт айрлах “Дэлгэрэх ресторан”-д хохирогч Д.Д-н эзэмшлийн Samsung-j7 маркийн 2 сим ордог, хар өнгийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ах дүүгийн айлын хүүхэд хуримаа “Дэлгэрэх” ресторанд хийсэн юм. Хурим 11-12 цагийн үед тарсан. Тэгээд хүмүүс тарж би ширээн дээрээ очиход нэг ч хүн байгаагүй. Би ширээн дээрээс цүнхээ авах гэж очсон байсан юм. Тэгтэл ширээн дээр утас байсан. Утас эрж хайж сураглаж байгаа хүн нэг ч байгаагүй тул би нэг гартаа цүнхээ бариад, нөгөө гартаа утсыг бариад өлгүүр рүү явсан. Би өлгүүрээс хувцсаа авч өмсөөд утас, цүнхээ бариад хүүхэд рүүгээ утсаар ярьж ирж аваач гэж хэлчихээд гадаа гарсан. Намайг гарахад машиндаа сууцгаагаад хүмүүс бүгд явцгааж байсан. Тэгээд байж байтал хүүхэд хүрээд ирлээ гэхээр нь утсаа бариад машинд суусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гутарч байна. Өдий насандаа ийм юм хийчихээд зогсч байгаадаа хэцүү байна гэв.
Хохирогч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны үдээс хойш Өвөрхангай аймгийн “Дэлгэрэх ресторан”-д хуримын цайллаганд орсон. Рестораны хойд талд нь хосууд сууж байсан, хүндэтгэлийн ширээнд сууж байхад хамт байсан хүмүүс бүжиглье гэхээр нь талбай дээр гарч бүжиглэхдээ өөрийн Samsung-j7 маркийн 2 сим карт ордог, хар өнгөтэй, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Мобикомын салбараас худалдан авч байсан, дэлгэцэнд наадаг наалт нь цуурч хагарсан, гадуураа өнгөгүй хамгаалалтын гэртэй гар утсаа ширээний урд талын булан хэсэг дээр орхиод бүжиглэсэн. Талбай дээр бүжиглэж байгаад буцаад утас тавьсан ширээн дээрээ ирэхэд утас байхгүй байсан. ..Найранд орсон учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ухаангүй болтлоо уугаагүй, орчноо мэдрэх мэдрэмжтэй байсан. Би гар утсаа бариад сүүлд суусан ширээн дээр очсоноо санаж байна. ..Би алдагдсан гар утсаа хүлээн авсан болохоор надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9, 11-12 хуудас/,
Гэрч Н.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Дэлгэрэх ресторан”-д хуримын хүлээн авалтан дээр Д ирсэн. Ирэхдээ гар утсаа барьж байсан, сүүлд талбай дээр бүжиглэж байхдаа утсаа барьчихсан харагдаж байсан. ..Том мэдрэгчтэй дэлгэцтэй утас байсан, өөр зүйл хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,
Гэрч Б.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Дэлгэрэх ресторан”-д хуримын хүлээн авалтанд Д урилгаар ирж оролцсон. Хуриманд ирэхдээ Samsung-j7 маркийн том дэлгэцтэй гар утас барьсан байсан. Сүүлд нь хуримын цайллага болж байхад Д тай таарахад гар утсаа ил гартаа барьчихсан, талбай дээр бүжиглэж байхдаа хүртэл гартаа барьчихсан байсан. ..Том дэлгэцтэй, дэлгэц нь мэдэрдэг, утасны гадна тал нь хар бараан өнгөтэй байх шиг байсан. Samsung маркийн утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,
Гэрч П.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Дэлгэрэх ресторан”-д манай төрлийн хүний хуримын цайллаганд ээж С.Д орж байж байгаад гарах болхоороо намайг утсаар дуудсан. Би Дэлгэрэх рестораны гадаа ээжийг хүлээж байтал ээж улаан өнгийн гар цүнхээ бариад гарч ирээд машинд суугаад ширээн дээр байсан энэ гар утсыг аваад гараад ирлээ гээд надад үзүүлсэн. Тухайн утас нь хар өнгийн, гадуураа өнгөгүй гэртэй, мэдэрдэг том дэлгэцтэй, асаалттай утас гаргаж ирэхээр нь би оролдож байгаад унтраачихсан. Тэгээд ээжийг гэрт нь хүргэж өгөөд тухай утсыг би аваад гэртээ харьсан. Хэд хоногийн дараа кодыг нь хүнээр гаргуулаад өөрийнхөө гар утасны дугаар болох 89965221, 99705221 гэсэн дугааруудыг хийж би өөрөө барьж байсан. ..Ширээн дээр тухайн гар утас эзэн нь авахгүй удсан гэж хэлсэн. Тэгээд эзэн нь байхгүй байна гэж бодоод авч гарч ирсэн талаараа надад ярьсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч П.М-н мөрдөн байцаалтанд 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дахин өгсөн: “...Манай ээж С.Д нь 5 хүүхэд төрүүлсэн, хүүхдүүд нь бүгд тусдаа гарцгаасан, одоо ганцаараа Арвайхээр сумын 9 дүгээр багт амьдардаг, тэтгэвэрт гарсан. Манайхтай нэг хашаанд гэртээ ганцаараа амьдардаг. Өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, ааш зангийн хувьд даруу, элдэв муу ааш авир байхгүй, хүнтэй найрсаг харилцаатай, зөөлөн ааштай хүн байгаа юм. Бие нь жаахан өвддөг, даралт нь ихэсдэг, толгой нь өвддөг, аймагт оношилж чадахгүй Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө авсан, одоо Улаанбаатар хотод үзүүлэх шаардлагатай байгаа..” гэсэн мэдүүлэг хх-ийн 24 хуудас/,
Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...С.Д бид хоёр бага ангиасаа эхлээд 8 дугаар анги төгөстлөө хамт сурч байсан багийн найзууд байгаа юм. Ааш зангийн хувьд багын л төлөв даруу, удаан хөдөлгөөнтэй, даруухан дуугүй, томоотой хүүхэд байсаар байгаад өдий нас хүрсэн. Одоогоор тэтгэвэрт гарсан, би муутай, даралт нь ихэсдэг өвчтэй. Элдэв муу ааш авир байхгүй, үг дуу цөөтэй, томоотой, хүнтэй маргалдаад байхгүй, залуудаа хань ижил нь өнгөрсөн, хэдэн хүүхдээ тэжээж өдий болгосон, амьдралын төлөө олон газар ажиллаж явсан хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,
Шүүгдэгч С.Д ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр манай хамаатан Мэндбаяр гэх хүний хүү хуримаа Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах “Дэлгэрэх ресторан”-д хийсэн. Би ресторанд 15 цагийн үед очсон, тэнд цайллага гээд идэж, ууж суусаар байгаад 22-23 цагийн үед хүү Мөнхбаярыг хуримнаас ирээд аваадах гэж хэлээд ширээн дээрээс цүнхээ авах гэтэл нимгэн дэлгэцтэй, бараан өнгийн гар утас 1 ширхэг байхаар нь ойр хавийн хүмүүсийг ажиглахад гар утасны эзэн гэх хүмүүс мэдэгдэхгүй, утсаа сураглсан хүн байхгү байсан. Тэгээд хүүхэд гараа ирчихлээ гэхээр нь би тэр утсыг аваад нэг гартаа цүнхээ бариад хувцасны өлгүүрээс хувцсаа аваад гарсан. Хүүхдийнхээ машинд суугаад би ширээн дээр ийм утас үлдээчихэж гээд үзүүлсэн, хүү надаас аваад асааж байснаа унтраачихсан. Тэгээд бид хоёр гэртээ харьсан. Тэрнээс хойш би тэр утсанд гар хүрээгүй, хүүхдэд байж байгаад таарсан. ..Бараандуу өнгийн, том дэлгэцтэй нимгэн гар утас байсан, би хэний гар утас гэдгийг нь мэдээгүй. Хүмүүсээс ч хэний гар утас вэ гэж асуугаагүй. Манай ширээнд Уянгаас ирсэн манай дүү байснаа эрт явсан. Бусад хүмүүсийг нь би зүс харж байснаас сайн танихгүй хүмүүстэй хамт суусан. Надтай нэг ширээнд суусан хүмүүс байхгүй байсан. Хүмүүс нь ер нь тэр үед сувраад тарцгааж байсан. Би тэр үед жаахан юм уугаад тэрүүхэн үедээ жаахан согтсон байсан. Тэгээд утсыг нь ширээн дээр байхаар нь юм бодолгүй аваад гарчихсан. ..Би ширээн дээр ганцаараа сууж байгаад гарсан, намайг харсан хүн байхгүй байх. Ойр хавьд хүн харагдаагүй. Гар ирэхэд коридороор хүмүүс харагдаж байсан. Би гартаа тэр утсыг барьсаар байгаад гарсан, гар утас аваад гарсан талаараа хүүү М машинд суусан хойноо хэлснээс өөр хүнд хэлээгүй. ..Би хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №11/07 дугаартай үнэлгээний тайлан /хх-26/,
Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6/,
Шүүгдэгч С.Д ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-38/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-39/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/,
Хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /хх-59/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт айрлах “Дэлгэрэх ресторан”-д хохирогч Д.Д-н эзэмшлийн Samsung-j7 маркийн 2 сим ордог, хар өнгийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Д.Д ын Samsung J7 маркийн гар утсаа алдсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/, гэрч Н.Ц, Б.А нарын хохирогч Д.Д нь хуримын хүлээн авалт дээр Samsung-J7 маркийн гар утастай байсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 13-14, 15-16/, гэрч П.М-*н ээж С.Д нь Дэлгэрэх ресторанаас хар өнгийн, гадуураа өнгөгүй гэртэй, мэдэрдэг том дэлгэцтэй, асаалттай утас авч гарч ирсэн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, “Samsung-J7” маркийн гар утас 300000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №11/07 дугаартай үнэлгээний тайлан /хх-26/, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6/, шүүгдэгч С.Д ээс яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-36-37/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Боржгин овгийн Сээсрэгийн Д т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн Samsung-J7 маркийн гар утсыг буцаан өгсөн болох нь эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Д т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Д д Samsung-J7 маркийн гар утсыг буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,
Шүүгдэгч С.Д т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овгийн С.Д ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржгин овгийн С.Д т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Д т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч С.Д ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
6. Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид Samsung-J7 маркийн гар утсыг буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Д т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ