Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/03

 

Ш.*******т холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

Прокурор  Н.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Ш.*******т холбогдох 2224000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа *******, ам бүл 1, Завхан аймаг ******* сумын ******* багт оршин суух, Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ******* овгийн *******гийн *******. /Регистрийн дугаар: /

Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Subaru impreza” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, Завхан аймгийн сумын багийн тоотод байрлах О.ын гэрт нэвтрэн орж 32 инчийн өнгөт зураг 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагч 1 ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг, гоо сайхны ширээний нэг шургуулга 1 ширхэг, гар утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч О.ад 1,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг  холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, ял эдлэх хугацааг тус өдрөөс эхлэн тооцож,

5. Шүүгдэгч Ш.*******аас хохиролд 575,000 /таван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.ад олгож, хохирогч нь цоожны үнэ 3,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гэсэн болон хулгайд алдсан бусад эд зүйлсийг хүлээн авсан болохыг тус тус  дурдаж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 32 инчийн эвдэрхий зурагтыг устгаж, шүүгдэгч Ш.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Subaru impreza” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Subaru Impreza” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож,

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгчийг Завхан аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд цагдан хорьж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч М.******* нарын давж заалдах гомдлын агуулга:  

Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* овгийн *******гийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн 2 жил 6 сараар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь: Шүүгдэгч Ш.******* нь үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн юм. Энэ байдлаа анхан шатны шүүх хурал дээр ч мэдүүлдэг.

Хохирогчид учруулсан хохирол 575.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байдлаас болж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэлгүй олон жилийн хорих ялаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж шийдээгүй байна гэж үзэж байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал , хувийн байдал болон бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Иймд Ш.*******т оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.******* давж заалдах шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие шүүгдэгч Ш.*******ын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Ш.*******т анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөөгүй учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Тухайн шийдвэр нь шүүгдэгчид ял хүндэдсэн гэж үзэж байгаа. Ш.******* нь хэрэг үйлдсэн цагаасаа гэм буруугаа хүлээн мэдүүлж ирсэн.

Хохирлын хувьд тухайн анхан шатны шүүх хуралдааны үед хохирлоо төлж барагдуулаагүй байсан. Хохирол төлөх 5 хоногийн хугацаа авсан боловч энэ хугацаанд тодорхой шалтгааны улмаас хохирол барагдуулж чадаагүй ингээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжоо алдсан.

Ш.*******ын хувийн байдлын тухайд хавтаст хэрэгт авагдсан багийн Засаг даргын тодорхойлолтоор ганц бие гэж тодорхойлогдсон байдаг. Гэхдээ сүүлд давж заалдах гомдол гаргахдаа Ш.*******ын хамтран амьдарч байгаа хүний тодорхойлолт, хөгжлийн бэрхшээлтэй болохыг нь нотолсон баримтыг багийн Засаг даргаас авч хавсаргасан байгаа.

Энэ тодорхойлолтоор шүүгдэгч Ш.******* нь хөгжлийн бэрхшээлтэй эхнэр, 3 хүүхдийн хамт хамтран амьдардаг болох нь нотлогдоно. Энэ баримтыг хавтаст хэргийн 169 дүгээр хуудаст хавсаргасан байгаа. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирлоо барагдуулсан учраас хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.

Прокурор Н.******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Subaru impreza” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, Завхан аймгийн сумын багийн тоотод байрлах О.ын гэрт нэвтрэн орж өнгөт зурагт, ДДШ-ийн хүлээн авагч, зурагтын удирдлага, хүлээн авагчийн удирдлага, гоо сайхны ширээний шургуулга, гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлж хохирогч О.ад 1,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар буюу машин механизм ашиглаж, мөн орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол хор уршиг, түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүгдэгч Ш.*******ын хувийн байдлын тухайд тухайн шийтгэх тогтоол гарах үед ам бүл ганцаараа Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин сууж байсан. Өмнө нь 2018 оны 12 сарын 11-ний өдөр мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан. 2018 оны үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялыг нь багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.

Гэвч шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 07 сарын 08-наас 09-нд шилжих шөнө дахин орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэргийн шинж байдалд нь тохирсон байхаас гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго байдаг.

Ш.******* өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдээд 1 жилийн хугацаагаар хорих ял аваад ялаа эдэлж дуусаад дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа нь өмнөх эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаагүй байна гэж үзэж байна. Магадгүй түүнд өмнө оногдуулсан ял хөнгөдсөн байна, засарч хүмүүжээгүй байна, ялын зорилго хангагдаагүй байна гэж прокурорын зүгээс харж байна.

Тийм учраас шүүгдэгч оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг хувийн байдалд нь тохирч байна гэж үзэж байна. Түүнчлэн хохирлын тухайд хохирогчид 1.380.000 төгрөгийн хохирол учруулж хохирлоо шийтгэх тогтоол гарах үед нөхөн төлөөгүй байсан нь шийтгэх тогтоолын дүгнэлт хэсгээс харагдаж байна.

Ингээд хохирлоо нөхөн төлөөгүй байгаа байдалд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын тухайд бусдын орон байранд нэвтэрсэн 1 шинж, машин механизм ашигласан 1 шинж буюу 2 шинж бүхий зүйл хэсгээр зүйлчлэл нь  хүндэрч байгаа.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь 2018 онд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, 2022 онд дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн учраас энэ нь хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн зорилт, шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Ш.*******т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ш.******* түүний өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялаас хөнгөрүүлж мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Subaru impreza” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, Завхан аймгийн сумын багийн тоотод байрлах О.ын гэрт нэвтрэн орж 32 инчийн өнгөт зураг 1 ширхэг, ДДШ-ийн хүлээн авагч 1 ширхэг, зурагтын удирдлага 1 ширхэг, хүлээн авагчийн удирдлага 1 ширхэг, гоо сайхны ширээний нэг шургуулга 1 ширхэг, гар утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч О.ад 1,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг  холбогджээ.

Шүүгдэгчийн энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хөдөө модонд явчхаад 2022 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Завхан аймгийн сумын төв багийн тоотод байрлах гэртээ ирээд манай хашаанд байх аавындаа эхлээд ортол манай ээж С. миний хүү өнгөрсөн шөнө танай гэрт хулгай орсон байна гэсэн. Тэгээд өөрийн гэртээ ороход хаалганы цоож, даруулга нь байхгүй байсан. Гэртээ ороод хартал манай гэрийн зурагт, ДДШ-ийн станц, зурагтын болон хүлээн авагчийн удирдлага, манай эхнэрийн гоо сайхны ширээний модон шургуулга, дотор нь байсан хоёр ширхэг гар утасны хамт хулгайд алдагдсан байсан. Тэгээд би ээжээс та цагдаа дуудсан юм уу гэхэд цагдаа ирээд үзсэн гэсэн...” гэсэн /хх-ийн 25-р тал/,

Мөн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хохирогч О.ын “... шүүгдэгч Ш.*******аас зурагтын үнэ 575,000 төгрөгийг нэхэмжилнэ, бусад эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, харин цоожны үнэ 3,000 төгрөгийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг,

 Гэрч С. “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өглөө манай хүүхэд О.ын гэрийн хаалга онгорхой байхаар нь яваад ортол шүүгээнийх нь нэг шургуулга алга болчихсон байхаар нь гэртээ ороод охиноосоо чи ахындаа орсон юм уу гэхэд охин маань би ороогүй гэрийн хаалга нь түгжээтэй байгаа гэсэн. Тэгэхээр нь ахынх чинь онгорхой байна гэж хэлээд охиноо дагуулаад яваад ортол манай охин ахын зурагт алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд гэрт нь хулгай орсныг мэдээд дүүгийндээ очиж цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирж үзсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

Гэрч Б.ын “...Би 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ш.*******ын хашаанд түүнтэй машинаа засаж байгаад орой нь 21 цаг өнгөрч байхад С. ахынд ирээд амарсан.  22 цаг өнгөрч байхад Ш.******* хүрч ирээд би явах ажилтай болчихлоо, та хоёр надад хань болоод яваад өгөөч гэхээр нь С. ах бид хоёр цуг явсан. ...Тэгээд бид гурав С. ахынхаас гараад Ш.*******ын машинтай шууд яваад дэлгүүр орж дэлгүүрээс Сэрүүн нэртэй 2.5 литртэй 4 ширхэг пиво аваад тэрийг замдаа ууж яваад сум руу 00 цаг өнгөрч байхад орсон байх. Би цаг хараагүй болохоор цагаа сайн мэдэхгүй байна. суманд очоод нэг айлын гадаа зогссон. Ш.******* би орчхоод гараад ирье гээд ганцаараа ороод нэг их удалгүй гарч ирээд тэндээсээ хөдлөөд явж байгаад бас нэг айлын гадаа зогссон. Тэгснээ Ш.******* энэ айл руу хамт оръё, энэ айлын хүн намайг зурагт аваад ир гэсэн гээд очтол хаалга нь цоожтой байсан. Би цоожтой юм байна, чи хулгай хийх гэж байгаа бол би явлаа гэсэн. Тэгсэн Ш.******* чи байж бай гээд намайг хойноос татаад миний подволкийг урсан. Тэгэхээр нь би байж байтал нөгөө айлын хаалгыг нь Ш.******* онгойлгочихсон. Тэгээд бид хоёр тухайн айл руу орсон. Тэр айлаас зурагт, ДДШ-ийн станц, нэг шургуулгыг нь татаад аваад дотор нь утас байсан. Би Ш.*******аас чи айлаас хулгай хийгээд байгаа юм уу гэж асуухад үгүй, энэ айлын хүн манай гэрээс зурагт болон бусад эд зүйлсийг аваад ир гэсэн юм. Тэгээд би авч байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

Гэрч С.ын “...2022 оны 07 дугаар сарын 08-ны орой 00 цаг болж байсан байх, би орондоо орчихсон хэвтэж байсан. Манайд байсан залуу Б. хэвтэж амрах гээд байж байтал манайд Ш.******* орж ирснээ та хоёр надад хань болоод яваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь за тэгье гээд Б. бид хоёр хамт явсан. Ш.*******аас ямар ажлаар явж байгаа юм бэ гэж асуухад хүүхдэдээ 20.000 төгрөг өгчхөөд эргээд ирнэ гэж хэлсэн. Тэгээд бид нар гараад дэлгүүр ороод 2.5 литртэй Сэрүүн гэдэг нэртэй 4 пиво аваад тэр пивонуудаа замдаа уусан. суманд ирээд хүүхдийнхээ гэрийн гадаа зогсоод Ш.******* би хүүхдэдээ мөнгө өгчхөөд гараад ирье гэж байсан. Тэр үед миний уусан архи хэтрээд унтчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь машинтайгаа замын хажуу тал руу уначихсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р тал/,

Гэрч Б.гийн “...Субару Импреза маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машин биш, би тэр машиныг 2021 оны 01 дүгээр сард хадам ах болох гэх хүнээс 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Машины үнэ болох 2.000.000 төгрөгийг би хадам ах ад бэлэн өгөөд авсан. ах бид хоёрт ямар нэгэн тооцоо байхгүй. Тэгээд тэр машинаа би жил гаруй унаж байгаад ******* сумын иргэн ******* гэдэг залууд 2022 оны 06 сарын үед зарсан. Би машинаа ******* гэдэг залууд өгөөд нэг мотоцикл авсан. Одоо би *******аас 760.000 төгрөг авах ёстой. Тэрийгээ 2022 оны 10 дугаар сард авахаар тохиролцсон байгаа. ...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. ...Ядарч явахад нь юм нэхэмжлээд яах вэ гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р тал/,

“” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-49-р тал/,

“” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-58-р тал/

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,  хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлсэн нь нотлох баримт үнэлэх хуульд заасан журам зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хир хэмжээ, шүүгдэгчийн хохирлоо төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Ш.*******т анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялыг  2 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзээд сум дундын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2, 3 дахь заалтын “2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар гэснийг “2/хоёр/ жилийн хугацаагаар” гэж  өөрчилж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын ялыг хөнгөрүүлэн өөрчлөх давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2.  Шүүгдэгч Ш.*******ын цагдан хоригдсон хугацааг ял эдлүүлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Ш.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 575.000 төгрөгийг хохирогч ад төлсөн, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД  Ч.ЭНХТӨР

 Ж.БАТТОГТОХ