Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01897

 

 

 

 

 

 

 

 

 

“А Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02290 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч”А Б” ХХК-ийн хариуцагч С.Э-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 65 997 656.30 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Тус банк нь зээлдэгч С.Э-тай 2016 оны 08 сарын 17-ны өдөр 2100003136 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 71 400 000 төгрөгийн зээлийг, жилийн 8 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн барьцаанд С.Э-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 205 тоот хаягт байрлах Ү-2201005332 бүртгэлийн дугаартай, 000504142 тоот гэрчилгээний дугаартай 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 2017 оны 01 сарын 10-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2018 оны 11 сарын 09-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлт огт хийгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгч С.Э- нь зээлийн гэрээний дагуу бодогдсон үндсэн зээл 60 266 595.63 төгрөг, зээлийн хүү 5 672 380.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 680.56 төгрөг, нийт 65 997 656.30 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгчээс дээрхи бодогдсон үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү. Зээлдэгчийг 183/ШШ2019/00915 тоот шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулж хаягийн тогтоолгосон болно. Иймд 2100003136 тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3, Иргэний хуулийн 225.1, 227.1, 453.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн, иргэн С.Э-гаас 2100003136 зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, гэрээний үүрэгт 65 997 656.30 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 08 сарын 17-ны өдөр”А Б” ХХК-аас 71 400 000 төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан нь үнэн. Бид зээлийн хүүг цаг тухайд нь төлж байгаад санхүүгийн хүндрэлээс 2018 оны 12 сараас түр төлж чадаагүй.”А Б” ХХК-аас холбогдох хүмүүс ирж уулзан шүүхэд хандахаар тохирсон боловч 6 сарын дараа шүүхэд хандсан нь алданги тооцох зорилготой гэж харж байна. Тус банкны нэхэмжилсэн 65 997 656 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “А Б” ХХК-ийн бодлого зээлийн хүү, алданги нэмж бичиж барьцаанд байгаа 3 өрөө байрыг авах хүсэлтэй байгаа нь илт байна.  Тухайн орон сууцыг бодитоор худалдан авч, зээлээ төлж чадахгүйд хүрсэн С.Энхтөгсийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор, орон сууц худалдан авах хэрэгцээ шаардлага огт байхгүй С.Э-д уг орон сууцыг худалдаж, зээлийн гэрээг байгуулсан. Үүнийг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч С.Э-гаас зээлийн гэрээний үүрэгт                   65 997 656.30 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч”А Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч С.Э- нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Ү-2201005332 дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 байр, 205 тоот, 40 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 487 938.28 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 558 138.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч”А Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүхийн мэтгэлцээний явцад миний бие уг гэрээг чин санаанаасаа хүсэж хийгээгүй, би өөрийн гэсэн орон сууцтай учир орон сууцны зээл авах шаардлага байгаагүй. Миний дүү болох С.Энхтөгс тухайн үед банкны зээлээ төлж чадахгүй байраа алдах гээд байна гээд банкны эдийн засагчтай нийлж материал бүрдүүлж надад учир холбогдлыг нь тайлбарлаж танилцуулалгүй гарын үсэг зуруулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч”А Б” ХХК нь хариуцагч С.Э-д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 60 266 595.63 төгрөг, зээлийн хүү 5 672 380.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58 680.56 төгрөг, нийт 65 997 656.30 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан нэхэмжлэл гаргасныг, шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ.

 

Нэхэмжлэгч талаас 2020 оны 04 сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны явцад гэрч асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан боловч уг захирамж бичгээр гараагүйгээс тухайн хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болох нь тодорхойгүй, улмаар давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх боломжгүйн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүгч захирамж гаргана” гэж заасныг зөрчсөн байна. /хх 82/

 

Түүнчлэн, хэргийн 93 дугаар талд авагдсан 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 101/ШЗ2020/10440 дугаартай “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт “Нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулах тухай” 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 6820 дугаартай захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар дурдсан атлаа дээрх шүүгчийн захирамжийн “захирамжлах” хэсэг нь байхгүй, үүнтэй холбоотойгоор захирамж шүүхийн тамга, шүүгчийн гарын үсгээр албажсан хэсэг байхгүй учир захирамж гарсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/02290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 138 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ                                                                   

                                       ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Д.НЯМБАЗАР