Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О,бямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Унзад овогт Б-гийн Ч-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Тариат овогт Б-ын О-д холбогдох

Зээл 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны дугаар сарын 04ий өдөр хүлээн авч, 155/2016/00199/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Ч-, хариуцагч Б.О- нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.О-д 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 15.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүү авахаар амаар тохирч уг мөнгийг бэлнээр өгсөн. Тус зээлсэн мөнгө болон хүүг 2015 оны 3 сард банкнаас зээл аваад буцааж өгнө гэсэн бөгөөд үндсэн мөнгөө өгч чадахаа байлаа гээд 2 сарын хүүнд 1.200.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Гэвч би Б.О-тай зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүүнд авсан 1.200.000 төгрөгийг үндсэн мөнгөндөө оруулан тооцоод анх зээлсэн үндсэн мөнгөө нэхэмжилсэн. Б.О-ын надад өгсөн гээд байгаа мөнгөнөөс бэлнээр нийт 8.130.000 төгрөг авснаа зөвшөөрч байна. Үүнд: 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр Т.Б-ын дансанд хийсэн 1.200.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр миний дансанд хийсэн 3.000.000 төгрөг, хивсний үнэ 1.450.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Т.Б-ын дансанд хийсэн 1.000.000 төгрөг, дүү Наран-Эрдэнийн дансанд хийсэн 200.000 төгрөг, 1 дүгээр сарын 16-ны өдөр надад бэлнээр өгсөн 250.000 төгрөг, 5 дугаар сарын 29-ний өдөр аав Б-д өгсөн 500.000 төгрөг, 10 дугаар сард эгч Мад өгсөн 400.000 төгрөг, 12 дугаар сарын 08-ны өдөр 130.000 төгрөгийг тус тус өгсөн. Дансаар шилжүүлж өгсөн мөнгийг Б.О- нь нөхөр Б-гийн дансаар хийснийг зөвшөөрч байна. Бусад авсан гэх ээж Д, эгч М, дүү О,М нарт өгсөн гээд байгаа мөнгийг зөвшөөрөхгүй. Би эдгээр хүмүүст аваарай гэж хэлээгүй болохоор яаж өгснийг мэдэхгүй байна.

Мөн намайг Б.О-ын баараар үйлчлүүлсэн болон буудалд байрлаж байсан төлбөрийг тооцож суутгасан байна. Үүнд: 10 дугаар сарын 04-ний өдөр баараар үйлчлүүлсний төлбөр 250.000 төгрөг, 5 хоног Б.О-ын буудлын бараа хийдэг өрөөнд нь байрлаж байсан болохоор 20.000 төгрөгөөр тооцож, нийт 100.000 төгрөг болон архи, пиво, хоол унд, хүнсний зүйл авч хэрэглэсэн тооцоо төлбөр 345.500 төгрөг, нийт 595.500 төгрөг суутгахыг зөвшөөрнө. Б.О-д зээлсэн 15.000.000 төгрөгнөөс данс болон бэлнээр нийт 8.130.000 төгрөг авсан, түүний буудалд байрлаж, хоол унд авч хэрэглэсэн нийт 595.500 төгрөг, бүгд 8.725.500 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Би Б.О-аас зээл 8.000.000 төгрөг авахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, одоо 6.274.500 төгрөг гаргуулж авна. Зээлсэн 15.000.000 төгрөгийг авах гэж олон удаа нааш цаашаа явж зардал их гарсан, Б.О- бидний хооронд маргаан гарч надад эрүүгийн хэрэг үүсгэж ял шийтгүүлсэн, ажлаасаа гарсан, гэр бүлээсээ салсан гээд маш их хохирол учирсан. Хэрэв би тохирсон хугацаандаа мөнгөө авсан бол өөрт ашигтай олон зүйл хийж, эд материал болон сэтгэл санааны хохирол надад учрахгүй байсан гэв.

Хариуцагч Б.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 15.000.000 төгрөг 2 сарын хугацаатай Б.Ч-аас зээлж авсан. Гэхдээ хүү өгнө гэж тохироогүй, тодорхой хэмжээний мөнгө өгнө гэдгээ хэлж байсан. Манайх банкнаас 04 сард зээл аваад Б.Ч-аас авсан мөнгөө буцааж өгөх байсан боловч тухайн зээлээ авч чадаагүй учир зээлсэн мөнгөө бөөнөөр нь өгч чадаагүй. Б.Ч- болон эхнэр Б-ын данс руу бэлэн мөнгө шилжүүлж өгч байсан. Мөн Б.Ч-д өөрт нь болон түүний аав Б-, ээж Д, эгч М, дүү Н-, О,М нарт бэлнээр мөнгө цувуулж өгсөөр нийт 14.100.000 төгрөг өгсөн. Б.Ч- өөрөө аав, ээж, эгч, дүү нартаа өгөөрэй гэж хэлсэн мөртлөө одоо болохоор би мэдэхгүй гэж байгаад гайхаж байна. Ээж нь эмнэлэгт хэвтэж байгаа, эгч нь эмчилгээнд явна, дүү нь хичээлийн хэрэгсэл авна гэж надаас байнга бэлэн мөнгө авдаг байсан. Би буудал, баар ажиллуулдаг, манай нөхөр түүхий эд авдаг болохоор орлоготой байдаг учир мөнгө өгдөг байсан. Дансаар шилжүүлсэн мөнгийг зөвшөөрөөд бэлнээр авсан мөнгөө аваагүй гээд байх юм. Дүүтэйгээ ирж манай буудалд амьдарч байсан 22 хоногийн төлбөр, ууж, идэж байсан зүйлийнхээ тооцоог зөвшөөрөхгүй гэж байгааг ойлгохгүй байна. Үнэгүй юм гэж хаана ч байхгүй. Нотлох баримтаар гаргаж өгсөн буудал, баараар үйлчлүүлж байсан төлбөрийг зээлсэн мөнгөндөө суутгана. Иймд Б.Ч-д 6.274.500 төгрөг өгөхийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч Б.О-д холбогдуулан зээл 8.000.000 /найман сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд 6.274.500 /зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж шийдвэрлэв.

Хэргийн зохигч 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн тухай маргаагүй бөгөөд хариуцагч Б.О- нь уг зээлийн төлбөрөөс Б.Ч- болон түүний эхнэр, эцэг, эх, эгч, дүү нарт бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлж өгсөн, мөн манай буудалд байрласан, баараар үйлчлүүлсний төлбөрийг суутгаад тухайн зээлийн төлбөрийг төлж дуусгасан гэж маргаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана,

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.

Б.Ч- 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг Б.О-ийн өмчлөлд шилжүүлж өгсөн болох нь Төрийн банкны мемориалын 20160310549400195192-0 дугаартай баримт, Ч-ы Эрхэсийн 200600123457 тоот депозит дансны харилцагчийн монгол хуулга, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба тэдний хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан байна. Тус гэрээг бичгээр хийгээгүй тул хүү авах эрхээ алдсан бөгөөд тохирсон хугацаанд зээлдэгч Б.О- мөнгийг буцаан төлөх үүрэгтэй юм.

Гэвч хариуцагч Б.О- зээлийн эргэн төлөлтөөс 6.274.500 /зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Б.О- зээлийн эргэн төлөлтөөс 8.725.500 төгрөг төлсөн болох нь Т.Б-ын Төрийн банкны ********** тоот дансанд Б.О-ын нөхөр Д.Б-гийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1.200.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, Б.Ч-ы Төрийн банкны ************ тоот дансанд Б.О-ын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга, нэхэмжлэгч Б.Ч-ы шүүх хуралдаанд гаргасан бэлэн болон дансаар нийт 8.130.000 төгрөг авсан, буудалд байрласан болон баараар үйлчлүүлсэн төлбөр нийт 595.500 төгрөг суутгаад, бүгд 8.725.500 төгрөг авсан болохыг зөвшөөрч байна гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо. Б.О-, Д.Б- нар гэр бүл болох нь 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын газар бүртгэсэн тухай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар зохигчийн тайлбараар нотлогдов.

Хариуцагч Б.О- нь Б.Ч-ы эгч Мад 300.000 төгрөг ХААН банкны ** тоот дансаар, 150.000 төгрөг ХААН банкны **** тоот дансаар тус тус шилжүүлсэн гэж мэтгэлзэж байгаа ч нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.НарМын мэдүүлэг болон 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ХААН банкны Хөвсгөл салбарын захирлын ХААН банкинд байрших ** тоот данс нь Дамдингийн Энхбаяр, **** тоот данс Чимэдбазарын Мөнхтөр нарын нэр дээрх данс болохыг тодорхойлж байна гэх тодорхойлолтоор няцаагдаж байх бөгөөд тэрээр нэхэмжлэгч Б.Ч-д болон түүний аав Б-, ээж Д, эгч М, дүү Н-, О,М нарт бэлнээр мөнгө өгч байсан, манай буудалд амьдарч байсан 22 хоногийн төлбөр, буудал, баараар үйлчлүүлж байсан төлбөрийг зээлсэн мөнгөндөө суутгаад 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч Б.О-аас зээлийн үлдэгдэл 6.274.500 /зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.О-ын шүүхэд ирүүлсэн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Ч-аас 15.000.000 төгрөг авсан, мөн 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш буцааж авсан тооцоо, Б.Ч-ы зөвшөөрлөөр доорх хүмүүст өгсөн мөнгөний тооцоо гэх нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Ч-ы буудлын тооцооны хуудас, Д.Б-гийн ХААН банкны ***** тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч С.Б-гийн мэдүүлэг зэрэг баримтууд нь тухайн үйл баримтыг нотлож чадахгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6.274.500 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 115.342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Б.О-аас зээл 6.274.500 /зургаан сая хоёр зуун далан дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 115.342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА