Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/176

 

 

 

 

 

    2023             2              9                                          2023/ДШМ/176

 

Б.Аод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2206 03580 2586 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Бын А, ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .................. дүүргийн .... дугаар хороо, ... хэсэг, ................ гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./.

            Шүүгдэгч Б.А нь 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” комплексын В1 давхраас 8 ширхэг хайрцагтай кофены 8000 ширхэг нэг удаагийн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ц.Бцт 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн Бын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Аод оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Аыг цагдан хорьсон 20 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Аоос 1.889.720 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Бцт олгож, шүүгдэгч Б.Аод урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлоо ажил хөдөлмөр эрхэлж яаралтай хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон, гэм буруутай этгээдийг нийгэмшүүлэх зорилготой шийтгэл оногдуулна гэжээ. Өөрийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлоо ажил хөдөлмөр эрхэлж нөхөн төлөх боломжийг олгон нийгэмшүүлэх үүднээс надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эсхүл хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн байцаалтын шатанд дутуу мэдүүлэг өгсөн зэргийг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж нийгэмд зөв хүн болж төлөвшихөө илэрхийлж байна.

...Прокурорын тайлбарыг уншиж танилцлаа. ...Би хохирогч талд хугацааны тал дээр харж үзнэ үү гэж харьцдаг байсан ба 8000 ширхэгээс нь илүү тооны 10000 ширхэг 10 хайрцаг хуванцар аягыг Эрээн хотоос 768.000 төгрөгт авчирхаар зэхэж байсан. Мөн би тухайн үед нь хөдөө ажлаар явж байсан ба өмнө нь мөрдөн байцаалтын шатанд Дорнод аймагт ажиллаж байхдаа дуудсан үед нь ажлаа хаяад шууд ирж байсан. Надад шүүхээс албадан ирүүлэх нэг ч захирамж гардуулж өгч байгаагүй ба хэрэв үнэн бол давж заалдах шатны шүүх хуралдаанд захирамжаа авчрахыг хүсье. Албадан ирүүлэх асуудал дээр ашиг сонирхлын зөрчил үүссэн. Намайг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс биш Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж барьсан ба тайлбартаа “таныг эрүүгийн мөрдөгч Г.Даваадоржийг твиттер дээр ширгэсэн гэх гомдлоор эрэн сурвалжилсан” гэсэн. Уг мөрдөгч нь энэ хэрэгт нөлөөлсөн бөгөөд АТГ-т шалгагдаж байгаа. Мөн иргэн Б.А би хувиараа хөдөлмөр эрхэлдгээс гадна 2 ажил зэрэг хийдэг. Оршин суугаа хаягтаа байнга амьдардаг ба хорооны дарга болон ажилчидтай тогтмол харилцаатай байдаг болно. Сүүлд хорооны дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагчид солигдсон байсан. Шинэ хорооны ажилчидтай ганц хоёр удаа уулзсан. Хамт амьдарч байгаа болон хамтран ажиллаж буй хүмүүст ичгүүртэй хулгайн гэмт хэрэгт холбогдсоноо мэдэгдэхгүй байхыг хичээсэн ба мөрдөн байцаалтын шатанд хаяг дээрээ байдаггүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэж мэдүүлсэн. Б.А миний зүгээс мөрдөн байцаалтын шатанд учир дутагдалтай мэдүүлэг өгсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг хөдөлмөр эрхэлж нөхөн төлөх эсхүл шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлж баримтыг шүүх бүрэлдэхүүнд танилцуулна, энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлоо ажил хийж нөхөн төлөхөө илэрхийлж байх тул өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А хохирогч Бцт 2.720.000 төгрөгийн хохирол учруулснаас 1.330.280 төгрөгийг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хэргээ хүлээж, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Хохирогчийн зүгээс санал, гомдол, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байдаг. Шүүгдэгчийн ар гэрийнхэнтэй холбогдоход үлдэгдэл хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Шүүгдэгч Б.Аын холбогдсон гэмт хэрэг нь хорих ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялын сонголттой. Миний үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар 61 хоног цагдан хоригдож байна. Иймд түүний хувийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.    

Прокурор Ц.Сайнхүү гомдлын талаар бичгээр гаргасан тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хэдий ч шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх хугацаанд хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг төлөөгүй, төлөх талаар санаачилга гараагүй, түүнчлэн прокуророос яллах дүгнэлт үйлдээд дуудахад хүрэлцэн ирээгүй, прокурорын хүсэлтээр шүүхээс албадан ирүүлэх захирамж гаргуулж байсан. Улмаар уг захирамжийн дагуу цагдаагийн байгууллагаас шүүгдэгчийг ирүүлж, цагдан хорьж хэргийг шүүхээр хянан хэлэлцсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах гэсэн 3 ялын төрөлтэй байдаг. Шүүгдэгч Б.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол хаяг байхгүй, тэнэмэл байдлаар амьдардаг, дуудсан цагт ирдэггүй, дуудах бүрт утас болон цахим хэрэгсэл ашиглаж мөрдөгч, прокурор, туслах ажилтнуудыг зурвас бичиж, хэл амаар доромжилдог зэргээс дүгнэхэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, өөрийн тогтсон хаяг байхгүй тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ёстой. Гэтэл шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөх боломжтой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлого байхгүй бөгөөд зөвхөн амаар гаргасан нөхөн төлнө гэснийг үндэслэх боломжгүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Түүнчлэн Б.Аоос 500.000 төгрөгийг хохиролд төлсөн гэж үзэх боломжгүй байна. Гэмт хэргийн улмаас 2.720.000 төгрөгийн хохирол учирсан байдаг. Анхан шатны шүүх 1.889.720 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар заасан. 500.000 төгрөгийг ах нь төлсөн байна. Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэггүй, оршин суугаа хаягтаа байдаггүй дуудахад ирдэггүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” комплексын В1 давхраас 8 ширхэг хайрцагтай кофены 8000 ширхэг нэг удаагийн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Ц.Бцт 2.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Бцийн “... 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Орчлон” комплексын В1 давхар луу бууж шатны доор тавьсан байсан кофены аяга авахаар буусан. Тухайн үед миний байрлуулсан 8 хайрцаг /нийт 8000 ширхэг/ аяга бүгд байсан. ...2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр манай “Саран” кофе шопын дэргэд үйл ажиллагаа явуулдаг Япон хоолны газрын эзэн Н-Э таараад “танайх кофены аягаа зарж байгаа юм уу, 5-6 хоногийн өмнө фейсбүүкийн сав баглаа боодол сонирхогчид гэсэн групп дээр аяга зарахаар зар тавьсан байсан” гэх утгатай зүйл хэлэхээр нь би аяга тавьсан газар луугаа очиход миний 8 хайрцаг аяга алдагдсан байсан. ...Би 10.000 гаран аяга авснаас кофе шопдоо 1000 гаран аяга хэрэглэсэн. Тэгэхээр 8000 гаран аяга алдсан... Би 2022 оны 5 дугаар сарын 28-нд аягаа үзэхэд байсан, тэгээд 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр алга болсныг мэдсэн...” /хх 11-12, 48-49/,

гэрч Э.Бний “...Би тэнд аяга зарах хүнээ 08 цаг 30 минут хүртэл хүлээсэн. Удалгүй үл таних эрэгтэй над дээр ирж аяга зарах хүн байна гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнтэй явж зарах гэж байгаа аягыг үзэх гэхэд үзүүлээгүй. Тэгээд тэр залуу нэг байрны булан руу орж хайрцагтай аяганууд авч ирж үзүүлсэн. Би өөрөө их хэмжээний нэг удаагийн аяганы захиалга авсан байсан тул шууд авахаар болсон. Аяга зарсан залуу миний машин руу нийт 7 хайрцаг зөөж ачсан, би тэр хүний 5011424364 тоот Хаан банкны данс руу 700.000 төгрөг шилжүүлсэн, бараа дутуу байсан тул буцааж 50.000 төгрөгийг бэлнээр авсан...” /хх 18/,

шүүгдэгч Б.Аын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх 42-43/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, эд зүйл хүлээн авсан, өгсөн тэмдэглэл /хх 29, 30/, Б.Аын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 46/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 21-22/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

          Анхан шатны шүүхээс Б.Аыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

              Шүүхээс шүүгдэгч Б.Аод тухайн зүйл ангид зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх хэдий ч тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Бцийн гаргасан “...нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй...” гэх хүсэлт /хх 52/, давж заалдах шатны шүүхийн шатанд хохирогчид хохиролд 500.000 төгрөг төлсөн, хохирлын үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.       

            Иймд шүүгдэгч Б.Аын гаргасан “...хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын энэхүү хэсгийг хүлээн авч, гомдлын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Аод гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 6 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэж өөрчлөн,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:  

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай. ...” гэсэн,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай. ...” гэсэн нэмэлт заалтууд тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Аын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 500.000 төгрөгийг төлсөн, энэ хэрэгт нийт 63 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.  

4. Шүүгдэгч Б.Аод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

                   

                                               ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                

                                               ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ