Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/178

 

 

 

 

    2023            2              9                                           2023/ДШМ/178

 

Б.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Содбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Бн,

нарийн бичгийн дарга  нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/985 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Бад холбогдох эрүүгийн 2211 01681 1944 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Бо овгийн Бын Б, ...... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. дүүргийн ... дугаар хороо, .................... гудамжны .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:......................../.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар гудамжинд хохирогч О.Аын нүүрэн тус газар алгадаж түүний биед баруун хацар, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу хоёр өвдөгт зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бо овгийн Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд зүйл битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 1.200.000 төгрөг гаргуулан хохирогч О.Ат олгож, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан.байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулж шийдвэрлэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:

1. Хохирогч О.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Б намайг нэг удаа алгадсан тэгэхээр нь би гараараа нүүрээ дараад доош суусан. Өөрөөр зодож цохиогүй...”,

2. Мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б.Б нэг машинтай хүрч ирэхээр нь би машинаас буугаад түүний өөдөөс гартал тэр татаж байсан тамхиа над руу нясалсан. Би тамхины ишнээс нь бултаад хажуу тийшээ болтол тэр миний баруун талын шанаа хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” /хх 16-19/,

3. Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...О.А машинаас бууж ирсэн. Би О.Аыг нэг алгадсан. О.Аыг аль гараараа алгадсанаа санахгүй байна. Гэтэл О.Аын эгч Р.Г автомашинаас бууж ирж намайг хэд хэд алгадсан. Манай 2 найз намайг салгаж аваад гэртээ ирээд байж байтал хоёр цагдаа ирж намайг баривчилсан...”,

4. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэдний хашааны гадаа О.А нь нэг машинд сууж байгаад урдаас бууж ирсэн бөгөөд би түүний хацар хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа алгадсан. Тэгсэн О.А нь доошоо суусан...” /хх 37-38/ гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Аын баруун хацар руу нэг удаа алгадсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13260 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...О.Аын биед баруун хацар, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу, 2 өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна...” /хх 28-29/ гэжээ. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Аыг нэг удаа алгадсан үйлдлийн улмаас дээрх гэмтэл нь үүссэн байх боломжгүй нь шинжээч эмчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан байтал гэрч Р.Оийн “...тэгсэн Б.Б гэгч нь хүрээд ирсэн бөгөөд А машинаас буугаад урдаас нь очтол Б нь баруун гартаа тамхи барьчихсан, харин зүүн гартаа утсаа барьчихсан байсан бөгөөд татаж байсан тамхиа түүн рүү няслаад түүний толгой хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс зөрүүтэй байхад нягталж аль нь үнэн зөв болохыг тогтоож бусад хамт байсан гэрч нараас мэдүүлэг аваагүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед халдсан” гэх зөрчлийн арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

Иймд шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/985 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хэргийн бодит байдалтай нийцсэн. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон бөгөөд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүгдэгчийг яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг бүрэн цуглуулсан. Энэ хэргийг анх цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж байсан. Ийнхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогч, холбогдогч нараас мэдүүлэг авсан бөгөөд эдгээр мэдүүлгүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан мэдүүлэгтэй зөрүүгүй байдаг. Тухайлбал, хохирогч О.А “...татаж байсан тамхиа над руу нясалсан. Миний баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон...”, гэрч Р.О “...Б.Б гэгч нь хүрээд ирсэн бөгөөд О.А машинаас буугаад урдаас нь очтол Б.Б нь баруун гартаа тамхи барьчихсан, харин зүүн гартаа утсаа барьчихсан байсан бөгөөд татаж байсан тамхиа түүн рүү няслаад түүний толгой хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохиод авсан. Өөр хэн нэгэн байгаагүй...” гэж тус тус мэдүүлсэн. Мөн Б.Батбаяр анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Аыг нэг удаа алгадсан, аль гараараа алгадсанаа санахгүй байна” гэж мэдүүлсэн. Хэдийгээр гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байдаг боловч боломжийн хэрээр сэргээн дүрсэлсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б хохирогчийг нэг удаа алгадсан гэдгээ мэдүүлсэн. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээгээгүй тул түүний мэдүүлэг хохирогч гэрчүүдийн мэдүүлгээс зөрүүтэй үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 57 дугаар гудамжинд хохирогч О.Аын нүүрэн тус газар цохиж түүний биед баруун хацар, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу хоёр өвдөгт зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Аын “...2022 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө миний бие өөрийн үеэл эгч Оийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд хувцсаа авахаар очсон юм. Тэгсэн Б нь над руу утсаар залгаад уулзах хэрэг байна гэхээр нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх М-Эийн гэрийн гадаа эгч Оийн хамт хүлээгээд байж байтал Б нь нэг машинтай хүрч ирэхээр нь би машинаас буугаад түүний өөдөөс гартал тэр татаж байсан тамхиа нар руу нясалсан. Би тамхины ишнээс нь бултаад хажуу тийшээ болтол тэр миний баруун талын шанаа хэсэг рүү гараагаа 1 удаа цохисон. ...миний ухаан балартаад ухаан алдах шахсан. ...О машинаасаа бууж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний бие Быг цохиж зодоогүй. Түүнтэй танилцаад үерхээд 3 сар болсон, ...өөр ямар нэгэн харилцаа байхгүй. ...Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...хэрэг болох үед манай үеэл эгч О хараад байж байсан...” /хх 16-19/,

гэрч Р.Оийн “...2022 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө өөрийн үеэл дүү Атай уулзтал эгчээ би өмнө нь байсан газраа гадуурх хувцсаа үлдээсэн байна тэрийгээ аваад ирье гэж хэлээд миний машинтай Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байх нэг айлд очсон бөгөөд А нь машинаас буугаад тухайн айл руу ороод гадуурх хувцсаа аваад гараад ирсэн. Тэгсэн Аын өмнө хамт амьдарч байсан залуу түүн рүү залгаад байгаа бололтой байсан бөгөөд тэгээд хамт амьдарч байсан залуу болох Б гэгч нь ирж байна уулзъя гэнэ ээ, түр хүлээж байгаад уулзъя гэж А хэлсэн. Тэгсэн Б гэгч нь хүрээд ирсэн бөгөөд А машинаас буугаад урдаас нь очтол Б нь баруун гартаа тамхи барьчихсан, харин зүүн гартаа утсаа барьчихсан байсан бөгөөд татаж байсан тамхиа түүн рүү няслаад түүний толгой хэсэг рүү нь баруун гараараа 2-3 удаа цохиод авсан бөгөөд би очоод салгаад, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Ямар шалтгааны улмаас түүнийг зодсон талаар мэдэхгүй байна. А нь Б гэгчийг бол цохиж зодоогүй ээ, Аын толгой хэсэг рүү нь Б гэгч нь баруун гараараа 2-3 удаа цохиж авсан өөр түүнийг цохиж зодоогүй. Тухайн хэрэг болох үед А, Б, бид гурав байсан бөгөөд өөр хэн нэгэн байгаагүй...” /хх 22-23/ гэх мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13260 дугаар “...О.Аын биед баруун хацар, уруул, эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нуруу хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 28-29/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Б.Бын үйлдлийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүхээс Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйл, ангид зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар анхан шатны шүүхээс шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүрэг бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэжээ.

Хохирогч О.Аын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Б нэг удаа цохисон...” /хх 16, 70/ гэх мэдүүлгүүдээр Б.Батбаяр нь О.Аын нүүрэн тус газар нь нэг удаа цохисон болох нь тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13260 дугаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан “...гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн...” гэх нөхцөл байдал буюу О.Ат учирсан дээрх гэмтэл нь Б.Бын үйлдлээс шалтгаантай холбоотойгоор үүссэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бнгийн гаргасан “...хэргийн үйл баримт хангалттай тогтоогдоогүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/985 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ