Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 26

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дэд бүтэц, хөдөлмөр, нийгэм хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын А.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ж захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан тайлбарлахдаа: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаар тушаалаар тус газрын дэд бүтэц, хөдөлмөр, нийгэм хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргаар томилогдон өдийг хүртэл ажиллаж ирлээ.

Гэтэл хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь 2016 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн Б/13 дугаар “Ажлаас халах тухай” тушаал гарган нэхэмжлэгч А.Ж намайг дэд бүтэц, хөдөлмөр, нийгэм хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн даргын ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь маргаан бүхий захиргааны акт нь Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байна. Үндэслэлийг дараах байдлаар тайлбарлая.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэжээ.

Төрийн жинхэнэ албан хаагч А.Ж намайг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу ёс зүйн хороогоор хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулах учиртай. Гэтэл тушаалын тогтоох хэсэгт нэхэмжлэгч А.Ж намайг төрийн албаны ёс зүйг зөрчсөн гэсэн боловч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудлыг ёс зүйн хороогоор хэлэлцүүлээгүй, ёс зүйн хорооны албан ёсны дүгнэлт шийдвэр байхгүй юм.

Маргаан бүхий захиргааны актад дурьдсан ажлаас халагдах үндэслэл болсон дээрх үйл баримтыг нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрөхгүй байна.  

Учир нь нэхэмжлэгч А.Ж би бусадтай зодолдоогүй, намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй, зөвхөн эрүүгийн хэрэг шалгагдаж прокуророос хэрэгсэхгүй болгосон тогтоол гарсан. Би яллагдагчаар бус хохирогчоор оролцсон. Би ёс зүйн зөрчил гаргаагүй гэсэн боловч хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нь ёс зүйн зөрчил болон цагдаагийн асуудал энэд ямар хамаа байхгүй, би энэ асуудлыг өөрөө шийдвэрлэнэ гээд нэхэмжлэгч А.Ж намайг ажлаас  халсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан гэм буруутай нь хуулийн  дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох эрх зүйн үндсэн зарчимд нийцэхгүй. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа надад огтхон ч гардуулж байгаагүй миний мэдэхгүй сахилгын шийтгэл оногдуулсан тушаалуудыг хавсаргажээ. Тодруулбал Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 7  дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар захирамжийн тухайд гэвэл байгаль орчны байцаагч Г.Г бид хоёр ажлаас болж маргасан. Үүнийг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Б албан бичгээр ёс зүйн хороонд хүргүүлж, ёс зүйн хорооноос хэнийх нь буруу вэ гэдгийг тогтоохгүйгээр намайг буруутгаж арга хэмжээ авсан. Ёс зүйн хорооны дарга нь Г.Г өөрөө гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу юм.

2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/74 дүгээр тушаалын тухайд гэвэл тухайн үед би Хөшөөтийн уурхайд ажиллах удирдамжийн дагуу ажлаа гүйцэтгэж ирсэн. Тэр үед байгууллагын жолооч байхгүй байсан учраас манай байгууллагын дарга нярваар машин бариулж яв гэсэн. Машин барьж явсан жолооч маань зав тээврийн осол хийсэн. Би амь насаа хамгаалахын тулд осол болсон газраас аймаг уруу машин өөрөө барьж явсан. Гэтэл жолоочийн буруутай үйлдлийн улмаас арга хэмжээ авахуулсан гомдолтой байна. Тухайн үед арга хэмжээ авсан гэх боловч миний цалингаас суутгаагүй. Үүний дараа би хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод ажиллахаар явсан. Надад арга хэмжээ авсан гэх боловч тушаалыг танилцуулаагүй. Цалингаас суутгасан байсан бол би мэдэх байсан. Гэвч цалин дээрээс суутгаагүй. Тийм учраас дээрх 2 тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газар нь 62 орон тоотой, 37 улсын байцаагчтай. Бид төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй. Энэ чиглэлээр улсын байцаагч нар ажиллах ёстой. Гэтэл Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн гишүүн, дэд бүтэц, хөдөлмөр, нийгэм хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга А.Ж нь нийгэмд хүлээсэн үүргээ гүйцэтгэж ажиллаагүй. Удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж, байгууллагын нэр хүндийг унагааж ажилласан.

Би Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд томилогдсоноос хойш А.Ж удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг мэднэ. Энэ талаар байгууллагын даргын хувьд, бас эр хүний хувьд ч амаар хэлж сануулж байсан. Гэвч А.Ж нь архи ууж, албан ажилдаа ирж бусадтай маргалдаж муудалцсан. Ингээд энэ асуудлыг байгууллагын ёс зүйн хороонд шилжүүлж. ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчил гаргасан байна гэсэн дүгнэлт гаргасан тул Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын  даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал гаргаж цалингийн хувь бууруулах арга хэмжээ авсан. Үүний дагуу цалингаас суутгал хийгдсэн.

Дараагийн тушаал болох Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын хувьд гэвэл Мэргэжлийн хяналтын газраас баталсан төлөвлөгөөний дагуу 2015 оны 10 дугаар сард А.Ж байцаагч холбогдох албан тушаалтны хамт Хөшөөтийн уурхайд ажиллахаар явсан. Томилолтоор ажиллах үеэс эхлэн архи уусан. Манай ажилчид модон овоон дээр гаргаж өгч архи уусан, Зэрэг суманд архи уусан, цаашлаад Хөшөөтөд архи уусан, Хөшөөтөөс ирэх замдаа байгууллагын авто машиныг гэмтээсэн зэрэг үйлдэл гаргасан учраас А.Ж болон холбогдох албан тушаалтнуудад сахилгын арга хэмжээ авсан. Эдгээр нь хуулийн дагуу авагдсан. Ёс зүйн хороонд шилжүүлэх шаардлагагүй гэж газрын даргын эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал бүрийг байгууллага хамт олны хурал дээр танилцуулж байсан.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар Ажлаас халах тухай тушаалын хувьд гэвэл 2016 оны 4 дүгээр сард миний бие Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байхад Мэргэжлийн хяналтын газар дээр намайг дуудаж холбогдох албан тушаалтан надтай уулзсан. Уулзахад танай байгууллагын хэлтсийн дарга нар өөр хоорондоо зодолдож, асуудал үүссэн. Энэ талаар манай байгууллагад гомдол ирсэн. Үүний дагуу та холбогдох арга хэмжээ авч, ажлаас халж хариу мэдэгд гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу А.Ж байцаагчид сахилгын шийтгэл ногдуулсан. А.Ж нь урд нь 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан байсан. 3 дахь удаагаа ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Халах үндэслэл нь тушаал дээр тодорхой байгаа. Харин яагаад ёс зүйн хорооны дүгнэлт гаргуулаагүй вэ гэвэл тухайн үед манай ёс зүйн хорооны дарга Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан. Зарим гишүүд нь байсан учраас ёс зүйн хороо бүрдээгүй. Нөгөө талаар энэ хүний архи уусан, зодолдсон үйлдэл нь цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлөөр нотлогдож байгаа учраас үүн дээр ёс зүйн хорооны дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэж арга хэмжээ тооцсон. Арга хэмжээ авахдаа хуулийн дагуу тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн А.Ж-д холбогдуулж гаргасан тушаалууд нь хууль зөрчсөн тушаал байгаа. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны А/53, А/74 дүгээр тушаалуудын хувьд гэвэл Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлтэнд А.Ж 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажил тасалсан, архи уусан гэх үндэслэлээр ёс зүйн хорооны дүгнэлт гарсан байдаг. Ингээд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр сахилгын арга хэмжээ авсан буюу 30 хоног хэтэрсний дараа сахилгын шийтгэл оногдуулсан. Ёс зүйн хороо нь дүгнэлт гаргахдаа ямар баримтанд үндэслэж дүгнэлт гаргасан нь тодорхой бус.

Дараагийн тушаал болох Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын  2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын тухайд гэвэл хууль хэрэглээний хувьд алдаатай. Үүнээс гадна ёс зүйн хорооны дүгнэлт гаргахгүйгээр арга хэмжээ авсан байсан. Ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг ямар байгууллага тогтоосон юм бэ, ажил үүргээ хангалгүй биелүүлсэн гэдгийг юугаар тогтоогоод байгаа юм бэ? Энэ талаар ямар ч баримт байхгүй.  

Эдгээр тушаалуудыг хамт олны хурал дээр мэдэгдсэн гэдэг байдлаар хариуцагч тайлбарлаад байна. Энэ нь учир дутагдалтай. Улсын дээд шүүхийн тайлбарт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын арга хэмжээ авсан тушаалыг холбогдох этгээдэд заавал мэдэгдэх ёстой гэж заасан байдаг. Түүнээс биш хамт олны хурал дээр танилцуулсан байхыг шаардахгүй. Мэдэгдэх гэдэг нь баримтжуулах ёстой гэсэн ойлголт юм. Гардуулсан байх ёстой, баримтжуулсан байх үүрэгтэй.

Сүүлийн тушаал болох Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар “Ажлаас халах тухай” тушаалын хувьд гэвэл тушаалыг гардаж авсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Уг тушаалд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1045 дугаар албан бичгийг баримталсан байгаа. Уг албан бичигт нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож хариу ирүүлэхийг шаардсан байгаа. Хариуцагч тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дэх заалтыг баримталсан байна. Төрийн албаны тухай хуулийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан. Энэ асуудалд байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлт гарсан байх ёстой. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнийг ёс зүйн хорооны дүгнэлт гарч тогтоогдох ёстой. Гэтэл ёс зүйн хорооны дүгнэлтгүйгээр шууд ажлаас халах тухай ойлголт байхгүй. Уг тушаал гаргахдаа хууль хэрэглээний хувьд алдаатай, утга агуулгын хувьд ойлгомжгүй, хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байдаг. Хэзээ, ямар зөрчил гаргасан талаар уг тушаалдаа дурьдаагүй, Б.Б, А.Ж нар хоорондоо зодолдсон байдал нь шөнийг 01 цагийн үед болсон. А.Ж-ийн хувьд Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан байдаг. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас хариу ирсэн. Уг хариуд Б.Б нь ёс зүйн зөрчил гаргасан гэсэн байдаг. Дараа нь дахин ёс зүйн зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт гарга гэсэн байдаг. Гэвч тухайн үед А.Ж-г ажлаас халсан байсан. Ажлаас халсны дараа ёс зүйн хорооны дүгнэлт гарсан байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь харагдаж байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.8, Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоол зэргийг зөрчжээ. Ёс зүйн хорооны хуралд нэхэмжлэгчийг оролцуулаагүй, дүгнэлтээ танилцуулаагүй гэх зэрэг зөрчлийг гаргаж сахилгын арга хэмжээ авсан гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.М-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалуудыг нэхэмжлэгч нь мэдээгүй, шүүхийн шатанд мэдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал тус байгууллагын ёс зүйн хороонд өөрөө тайлбар гаргаж өгсөн байдал, гэрч мэдүүлэгтээ “...А.Ж-д цалингийн хувь хассан тухай танилцуулж цалингийн баримтанд гарын үсэг зуруулсан” мөн “тушаалыг гардуулах гэсэн боловч А.Ж авахгүй” гэж мэдүүлсэн байдаг. Түүнээс гадна А.Ж-д арга хэмжээ авсан дээрх тушаалуудыг хамт олны хурал дээр танилцуулсан байдаг. Тус хуралд А.Ж өөрөө оролцсон. Эдгээр байдлаас харахад Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дүгээр “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй гарсан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тушаал юм. Үүнээс харахад нэхэмжлэгч нь дээрх тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болох нь харагдаж байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар Ажлаас халах тухай тушаалын тухайд гэвэл ёс зүйн зөрчил гаргасан этгээд нь заавал ёс зүйн хорооны дүгнэлт гаргаснаар хариуцлага хүлээх ёстой биш. Ажлын хариуцлага алдах, байгууллагын дотоод журам болон дагаж мөрдөж байгаа бусад дүрэм журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон. А.Ж-ийн гаргасан үйлдэл нь ёс зүйн зөрчил гэхээсээ илүү сахилгын ноцтой зөрчил гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан байдаг. Гэтэл А.Ж нь төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх байтугай архи ууж хоорондоо зодолдож, цагдаагийн байгууллагаар шалгагдаж, Мэргэжлийн хяналтын газарт энэ талаар мэдэгдсэн байдаг.  

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч А.Ж нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан дэд бүтэц, хөдөлмөр, нийгэм хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс/олговор/-ыг гаргуулах, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын А.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.

Уг нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа заавал явуулах шаардлагагүй гэж үзэн шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт зэргийг үнэлж дүгнээд нэхэмжлэгч А.Ж-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Ж-г Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаар Ажилд томилох тухай тушаалаар Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчаар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилжээ. /хх-5/

А.Ж нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан төрийн захиргааны албан тушаал эрхэлж, захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байна./хх- 6/

1.Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/26 дугаар Ёс зүйн хороог шинэчлэн байгуулах тухай тушаалаар Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн хорооны даргаар Д.Г, гишүүдээр Ц.Дуламсүрэн, Ц.Алтанхишиг, А.Ганцоож, Я.Батхишиг нарыг тус тус томилжээ. /хх-42/

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Б-ээс 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 230 тоот албан бичгээр Дэд бүтэц, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга А.Ж нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ямар нэгэн шалтгаангүйгээр ажил таслан, архи согтууруулах ундаа хэрэглэн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж байна .

 

...Энэ асуудлыг судлан холбогдох шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье гэж Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн хороонд ханджээ. /хх-57/

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ыг баримтлахаар журамлажээ.

 

Ёс зүйн хороо мэдээллийг хүлээн авч 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан ба уг хуралд А.Ж оролцож өөрийн тайлбараа хэлсэн байх ба уг хурал А.Ж-ийн зөрчлийн талаар холбогдох нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр дахин хуралдахаар хойшлогдсон болох нь нэхэмжлэгч А.Ж-ийн ...би ёс зүйн хороонд өөрийн тайлбараа бичиж өгсөн, мөн энэ талаараа тайлбарлаж хэлсэн... гэж шүүх хуралдаанд тайлбарласан тайлбар, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл /хх-61/, гэрч Д.Г-ын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.5.2-т гомдол мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харъяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гомдол мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах заасантай нийцсэн байна.

 

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.5.4-т ...дүгнэлт нь ... нотлох баримтад үндэслэгдсэн байх гэж заасны дагуу Ёс зүйн хороо А.Ж-ийн гаргасан гэх зөрчилтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулсны үндсэн дээр 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж Ёс зүйн хорооны Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч А.Ж-ийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.2-д Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах , 5.4.5-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ.

 

Аймгийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 05 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллагаагүй гэсэн үндэслэлийг шалгахад уг албан даалгаврыг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр удирдлагын заалтаар ажил хариуцсан авто замын хяналтын улсын байцаагч Б.Өлзийбадрахад чиглэл өгч байцаагч хүлээн авч гарын үсэг зурсан байна.

Улсын ахлах байцаагч А.Ж нь 2015 оны 06 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд албан томилолтоор хөдөө сумдад ажиллаж байсан байна.

 

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.4.4-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна гэсэн 01 дугаар дүгнэлтийг гаргажээ. /хх-58/

Нэхэмжлэгч А.Ж нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа Би Ёс зүйн хороонд өөрийн тайлбарыг гаргаж өгсөн, Ёс зүйн хорооны дүгнэлт намайг ёс зүйн дүрмийн заалт зөрчсөн гэж гарсан. Би тухайн үед Ёс зүйн хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хэлж байсан боловч хүлээн аваагүй гэж тайлбарласнаас үзэхэд А.Ж нь ёс зүйн хорооны 01 дугаар дүгнэлт гарсаныг мэдсэн гэж үзэхээр байна.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 5.1-д ....Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гаргана гэсний дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн хорооны 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн Дэд бүтэц, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Ж-д цалингийн хэмжээг 1 сар хүртэл хугацаагаар 10 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Нэхэмжлэгч ... би уг тушаал гарсныг мэдээгүй, надад гардуулж өгөөгүй гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно гэжээ.

Мэдсэн гэдгийг шийдвэрийг зохих албан тушаалтанд танилцуулсан буюу нэг хувийг нь өгсөн, ингэж албан ёсоор түүнд хандаагүй ч арга хэмжээ авагдсан гэдгээ уг албан хаагч бусдаас сонсох, өөр бусдаас мэдсэн байхыг ойлгох бөгөөд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга маргаан бүхий захиргааны акт болох А/53 дугаар тушаалыг А.Ж-д гардуулаагүй боловч

гэрч Н.Эрдэнэцэцэгийн ....2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тушаалыг би А.Ж-д гардуулахаар өрөөнд нь орж өгөх гэсэн боловч А.Ж гарын үсэг зурж авахгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэсэн учраас гардуулж чадаагүй... гэх мэдүүлэг /хх-109/,

гэрч Н.Баянжаргалын Ж-д 10 хувиар цалин хасах тушаалын нэг хувийг манай бичиг хэргийн ажилтан надад өгсөн. ..... Цалингаас суутгасан талаар Ж-д танилцуулж цалингийн цэсэнд гарын үсэг зуруулж авсан гэх мэдүүлэг /хх-166/, шүүхээс Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны цалингийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-183-196/ зэргээр тушаал гарсныг мэдээгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар тушаалд нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасан хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ.

 

2.Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын А.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2 дэх хэсэг, Байгууллагын дотоод журмын 4.2.1, 9.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн тул улсын ахлах байцаагч А.Ж, улсын байцаагч Ц.Батбаяр, нягтлан бодогч Н.Баяржаргал, нярав Ц.Батжаргал нарт 1 сарын үндсэн цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Нэхэмжлэгч А.Ж нь Цаст-Алтайн жинчид ХХК, Мөст цэвэрлэг булаг ХХК, Булган хөрс ХХК, Шонхорын хүлэг транс ХХК, Бадамлах хөшөөт ХХК, Шинжиан Лю Ди Ван ХХК гэх газруудад хяналт шалгалт хийхээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар хяналтын шалгалтын удирдамж 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр батлуулан А.Ж, улсын байцаагч Ц.Батбаяр, жолооч Ц.Батжаргал /тус байгууллагад нярвын ажилтай/ нар явсан ба хувийн ажлаар нягтлан бодогч Н.Баянжаргал нар явсан байна. /хх-127-155/

 

Хяналт шалгалтаар явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын А/74 дугаар тушаалаар А.Ж, Ц.Батбаяр, Ц.Батжаргал, Н.Баянжаргал нарын 1 сарын үндсэн цалинг 20 хувиар хасаж сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Дээрх Сахилгын шийтгэл ногдуулах тухай А/74 дугаар тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хамт олны хурал дээр танилцуулсан, уг хуралд А.Ж нь байсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын ажилчдын хурлын №28 дугаар тэмдэглэл,

гэрч Н.Эрдэнэцэцэгийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тушаалыг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хамт олны хурал дээр танилцуулсан. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан. Уг хуралд А.Ж өөрөө байсан ... гэх мэдүүлэг /хх-109/,

гэрч Н.Баянжаргалын ....Батжаргал, Батбаяр, Ж бид нарт цалингийн хувь суутгах сахилгын шийтгэл ногдуулна гэдгийг танилцуулсан. Харин тушаал гарсаны дараа бүх ажилчдын хурал дээр бид нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаал танилцуулсан. Энэ талаар хамт олны хурлын тэмдэглэлээс харах боломжтой гэх мэдүүлэг /хх-166/ ,

гэрч Ц.Батбаярын ... Маргааш нь дарга биднийг дуудаж цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулна гэдгийг хэлсэн. Хамт олны хурал дээр цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан талаар танилцуулсан.... гэх мэдүүлэг /хх-172/,

гэрч Ш.Мөнхзаяагийн ... Ж-д сахилгын арга хэмжээ авсан тухай 2 удаа хамт олны хурал дээр хэлж байсан..... гэх мэдүүлэг /хх-181/,

нэхэмжлэгч А.Ж-ийн шүүх хуралдаанд тайлбарласан би 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажилдаа ирсэн... гэх тайлбар зэргээр А.Ж нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хамт олны хуралд байсан болох нь мөн уг хуралд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг танилцуулсан зэргээр нэхэмжлэгчийн А/74 дугаар тушаалыг мэдээгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байгаа бөгөөд А.Ж-г А/74 дугаар тушаалыг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хамт олны хурал дээр мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаар тушаалд нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заасан хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзлээ.

 

3.Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг, байгууллагын дотоод журмын 9.7 дахь хэсэг, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1045 тоот албан бичгийг тус тус үндэслэн Дэд бүтэц, Хөдөлмөр, Нийгмийн хамгаалал, байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Ж нь Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Б-тэй зодолдож байгууллагын нэр хүнд, дэг журам, улсын байцаагчийн ёс зүйг сахиж ажиллаагүй, мөн өмнө нь авагдсан сахилгын шийтгэлийн хүчинтэй хугацаа дуусаагүй байхад дахин зөрчил гаргасан тул 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч А.Ж нэхэмжлэлдээ ...намайг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Ёс хороогоор хэлэлцүүлж дүгнэлт гаргуулаагүй, би зодолдоогүй, намайг гэм буруутай эсэхийг шүүх тогтоогоогүй, би яллагдагчаар бус хохирогчоор тогтоогдсон.... гэж маргаж байна.

Хариуцагч маргаан бүхий актын үндэслэлээ ...Ёс зүйн хороогоор дүгнэлт гаргуулаагүй. Учир нь тухайн үед ёс зүйн хорооны ирц бүрдэхгүй байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирсэн албан тоотын дагуу арга хэмжээ авсан... гэж тайлбарласан.

Б.Б нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний орой 19 цагийн орчим Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Ж-тэй маргалдаж, улмаар түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн /хх-98/ бөгөөд уг хэрэгт А.Ж нь хохирогчоор тогтоогдсон байна. /хх-90/

Улмаар Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 5/54 дугаар тогтоолоор хохирогч А.Ж нь Б.Б-тэй эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-85/

 

Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1045 дугаар албан бичигт Танай байгууллагын нэр бүхий албан хаагчид хоорондоо удаа дараа зодолдож, төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл гаргаж, холбогдох хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Иймд Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн ажилтан, албан хаагчдад хариуцлага тооцож 2016 оны 04 дүгээр сарын 25-ны дотор хариу мэдэгдэхийг үүрэг болгож байна гэжээ. /хх-23/

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 253 дугаар тушаалаар батлагдсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийн 7.2-т Улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийг Мэргэжлийн байгууллагын дэргэдэх ёс зүйн хороо хянан шийдвэрлэнэ, 7.3-т Улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын дагуу явуулахаар журамласан байна.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.2-т зааснаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/26 дугаар Ёс зүйн хороо шинэчлэн байгуулах тухай тушаалаар Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий ёс зүйн хороог дарга Д.Г, гишүүд Ц.Дуламсүрэн, Ц.Алтанхишиг, А.Ганцоож, Я.Батхишиг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан ба журамд заасны дагуу Ёс зүйн хороо нь төрийн захиргааны албан хаагчийн баримтлах ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээд, төрийн албан хаагчийн гомдол мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх Ёс зүйн хороонд А.Ж-ийн зөрчлийн талаар мэдээлэл ирээгүй, Ёс зүйн хороо энэ энэ талаар дүгнэлт гаргаагүй болох нь Ёс зүйн хорооны гишүүд Ц.Дуламсүрэн, Ц.Алтанхишиг, А.Ганцоож, Я.Батхишиг нарыг гэрчээр асуусан мэдүүлгээр нотлогдож байгаа ба хариуцагч нь Ёс зүйн хорооны дүгнэлт гаргуулаагүй талаараа шүүх хуралдаанд ... уг асуудлаар Ёс зүйн хороонд мэдээлэл гаргаагүй. Учир нь тухайн үед ёс зүйн хорооны ирц хүрэхгүй байсан гэж тайлбарласан ба энэ талаар маргаагүй.

Хариуцагч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/1045 дугаар албан бичгийг үндэслэн А.Ж-д арга хэмжээ авсан гэх боловч уг албан бичигт хэнд арга хэмжээ авах нь тодорхой бус, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчилд дүгнэлт гаргах эрхгүй байхад уг албан бичгийг А.Ж-д холбогдуулан улсын байцаагчийн ёс зүйг сахиж ажиллаагүй гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх журамд заасантай нийцэхгүй байна.

Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Ж-г урьд эрхэлж байсан. Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

4.Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу А.Ж-ийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 20 -ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 сар 18 хоногийн /ажлын 55 хоног/ цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2338600 төгрөгийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын Газраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр нь бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Дээрх бүгдээс дүгнээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, А.Ж-г урьд эрхэлж байсан Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, А.Ж-ийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 20 -ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 2 сар 18 хоногийн /ажлын 55 хоног/ цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2338600 төгрөгийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын Газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаар тушаалын А.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ж-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 дугаар Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, А.Ж-г урьд эрхэлж байсан Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин геологи уул уурхайн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/53 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/74 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын А.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа 2 сар 13 хоног /ажлын 55 хоног/-ийн цалинтай тэнцэх хэмжээний олговор 2338600 /хоёр сая гурван зуун гучин найман мянга зургаан зуу/ төгрөгийг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж А.Ж-д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЯНЖИНДУЛАМ