Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 0769

 

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2017/0769

Улаанбаатар хот

Т.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туяацэцэгийн гаргасан гомдлын дагуу Т.Д-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Д-ын гаргасан “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 дугаар захирамжийн ӨТ.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуралд тариалалтын мэдээнд хамрагдаагүй учир газар тариалан эрхэлдгийг нотлох баримтгүй гэж Өгөөмөр багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолын нөхөр н.Г-ын нэр дээр өрхийн тэргүүнээр авсныг хүчингүй гэж үзсэнд гомдолтой. Өрхийн тариалалтын мэдээ өрхийн тэргүүнээр өгөгддөг. Өрхийн гишүүд тус бүр өгдөггүйг Засаг дарга Т.Ц мэдсээр байж мэдээ өгч байгаагүй гэж үзэн цуцалсанд гомдолтой. Тус суманд төрж өсөн, ажиллаж ногоо тарин 20 гаран жил тасралтгүй ажиллаж байна.

Энэхүү хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Д “Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 дугаар захирамжийн Т.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчид Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/739 дүгээр захирамжаар[1] Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 30, 31, 35 дугаар зүйл, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолоор баталсан “Сумын газар зохион байгуулалтын 2016 оны төлөвлөгөөг” үндэслэн үр тарианы зориулалтаар 10 га газрыг давуу эрхээр 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Уг захирамж гарснаас 1 сарын дараа Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/877 дугаар захирамжаар Газрын тухай тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг үндэслэн “уг заалтыг зөрчин газар эзэмшсэн нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж заажээ.

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх журам”-д заасны дагуу нэхэмжлэгч давуу эрхээр газар эзэмших хүсэлтээ багийн Засаг даргад хандаж гаргаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурлаар иргэн Т.Д-ын хүсэлтийг хэлэлцээгүй, сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тариалангийн газрыг иргэдэд давуу эрхээр олгохоор тусгаагүй, нэхэмжлэгч нь газар тариалангийн чиглэлээр олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан болон явуулж байгаа талаар нотлох нотолгоо байхгүй байх тул зохих хууль, журмын дагуу нэхэмжлэгчид давуу эрхээр тариалангийн газар эзэмших эрх нь үүссэн гэж үзэхээргүй байна. Учир нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаас үзвэл нэхэмжлэгч Т.Д-ын нөхөр Ж.Г-д үр тарианы зориулалтаар 15 га газрыг эзэмшүүлэх талаар хэлэлцэж байсан бөгөөд харин Т.Д давуу эрхээр газар эзэмших тухай өргөдөл ирүүлж байгаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэгдээгүй, багийн Засаг даргад холбогдох материал хүргүүлээгүй[2] гэдэг нь нотлогджээ.

Түүнчлэн, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 268 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Д-ын нөхөр Ж.Г-д төмс, хүнсний ногооны зориулалтаар 15 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.[3] Тариалангийн газрыг (үр тариа 100 га, төмс хүнсний ногоо 5 га хүртэл) Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д зааснаар иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх бөгөөд Ж.Г-д газар эзэмшүүлсэн захирамж нь хуулийн дээрх зүйл заалтыг удирдлага болгоогүй боловч уг зохицуулалтад заасан төмс, хүнсний ногооны зориулалтаар (5 га хүртэл хэмжээнд эзэмшүүлэхээр байхад 15 га) газар эзэмшүүлсэн байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Т.Д-ын нөхөр Ж.Г-д Газрын тухай хуульд заасны дагуу гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд нь зориулж давуу эрхээр газар эзэмшүүлж байсан байна. Тиймээс “Ж.Г-д 2006 онд олгосон газар нь “давуу эрхээр биш”,төмс, хүсний ногоо, тариалангийн зориулалт өөр учир өөр зориулалтаар газар эзэмшиж болно” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгч өөрөө үр тарианы зориулалтаар давуу эрхээр газар эзэмшихээр багийн Засаг даргад хүсэлтээ гаргаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурлаар Т.Д-ын хүсэлтийг хэлэлцээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу хариуцагч хуульд заасан үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан. Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн овог нэрийг зөрүүтэй бичсэн байх тул залруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ӨТ.Д-т” гэснийг “Т.Д-т” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ