Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01129

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/01129

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ************

хариуцагч: Хөвсгөл аймгийн ************

Нэхэмжлэлийн багасгасан шаардлага: Түрээсийн төлбөр 513,000 (таван зуун арван гурван мянга) төгрөг гаргуулах тухай 155/2024/01189/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *************** миний бие ***************тай 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018-05-01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай Түрээсийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайтын 8-р гудамж, 101 тоот хаягт байрлах худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын нэг давхарын хэсгийг сарын 380,000 /гурван зуун наян мянга/ төгрөгөөр түрээслүүлсэн ба түрээсийн талбайг түрээслэгч талд хүлээлгэн өгсөн. Түрээслэгч ************* нь түрээсийн талбайг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл эзэмшиж, ашигласан ба түрээсийн үлдэгдэл төлбөр 513,000 төрөгийн түрээсийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул түрээслүүлэгчийн зүгээс үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, мэдэгдэж, шаардаж байсан боловч ямарч үр дүнд хүрээгүй бөгөөд удахгүй төлнө, очиж уулзаад энэ сардаа багтаагаад төлж дуусгана гэх зэргээр худлаа хэлж, итгэл үнэмшил төрүүлж ирсэн ба 2020-06-16-ны өдөр, 2022-02-19-ний өдөр тус тус түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тухай хүсэлт гаргасан боловч өнөөдрийг болтол төлж барагдуулахгүй байна.

Талууд түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д түрэсийн төлбөрийг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд алдангийг хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 265,500 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна.

Иймд ************ түрээсийн үндсэн төлбөрт 513,000 төгрөг, алданги 265,500 төгрөг, нийт 769,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ***** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *********** нь ***************гийн нэхэмжилж буй 769,500 төгрөгийн үндсэн төлбөр болох 513,000 төгрөгийг төлнө. Алданги 265,500 төгрөгийг төлөхгүй гэсэн хүсэлттэй байна. Үндсэн төлбөр болох 513,000 төгрөгийг 2024.11.16-нд 253,000 төгрөг, 2024.12.16-нд 260,000 төгрөг гэж 2 хувааж төлөх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч *************** нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа *************** миний нэхэмжлэлтэй, ***************т холбогдох түрээсийн үндсэн төлбөрт 513,000 төгрөг, алданги 265,500 төгрөг, нийт 769,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн маргаанд хариуцагч талын гаргасан тайлбартаад танилцаад дараах хүсэлтийг гаргаж байна.

Хариуцагч *************** нэхэмжлэлийн шаардлага 769,500 төгрөгөөс 513,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024-11-16-ны өдрийн дотор 253,000 төгрөгийг, 2024-12-16-ны өдрийн дотор 260,000 төгрөгийг тус тус төлж барагдуулах тайлбар гаргасныг нэхэмжлэгч миний бие хүлээн зөвшөөрч байгаа болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *************** миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 769,500 төгрөгийн 265,500 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *************** нь ***************т холбогдуулан түрээсийн төлбөр 513,000 төгрөг, алданги 265,500 төгрөг, нийт 769,500 (долоон зуун жаран есэн мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *************** нь хариуцагчаас алданги 265,500 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ***************аас түрээсийн төлбөр 513,000 (таван зуун арван гурван мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч *************** нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 513,000 (таван зуун арван гурван мянга) төгрөгийг нэхэмжлэгч ***************д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөнөөс 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 253,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 260,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***************гийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 499273559 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,020 (хорин гурван мянга хорь) төгрөгийн тал хувь болох 11,510 (арван нэгэн мянга таван зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,510 (арван нэгэн мянга таван зуун арав) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,510 (арван нэгэн мянга таван зуун арав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***************д олгохоор тогтов.

Хариуцагч *************** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ***************гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***************т холбогдох, түрээсийн төлбөр 513,000 (таван зуун арван гурван мянга) төгрөг гаргуулах тухай багасгасан шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч *************** нь нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 513,000 (таван зуун арван гурван мянга) төгрөгөөс 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 253,000 төгрөгийг, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 260,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ***************д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***************гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,020 (хорин гурван мянга хорь) төгрөгийн тал хувь болох 11,510 (арван нэгэн мянга таван зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,510 (арван нэгэн мянга таван зуун арав) төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ***************аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,510 (арван нэгэн мянга таван зуун арав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ***************д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

  

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ