| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2015/00198/и |
| Дугаар | 155/ШШ2016/00427 |
| Огноо | 2016-04-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00427
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч Ө.Г /РР***** -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.Б /***********/-д холбогдох,
2.653.000 /хоёр сая зургаан зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2015/00198/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Г-, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хатгал тосгоны харъяат Б.Бтай харилцан тохиролцоод байшин бариулахаар болсон. Бэлэн мөнгө 1.000.000 төгрөг, мустанг 5 мотоцикль 1 ширхэг, үнэ 1.500.000 төгрөгийн үнэтэй. Мөн идэшний хонь 1, үнэ 120.000 төгрөг, хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрээс авч өгсөн 32.000 төгрөг, ингээд нийт 2.653.000 төгрөгийн эд зүйл бэлэн мөнгө өгсөн. Бид анх тохиролцохдоо 12х10 харьцаатай дүнзэн торхыг байшин болгож дуусгаж авахаар тохирсон боловч Цагаан-Үүр сумын төвөөс 10 километрийн зайтай байсан торхыг би өөрийн зардлаар оруулж ирж өгсөн. Ингээд торхыг Б нь 3 найзын хамт өрж босгочихоод алга болсон. Утсаар ярихад Чандмань-Өндөр суманд байна, 2 хоногийн дараа очъё гэж хэлээд тэр чигээрээ алга болсон. Намайг Хатгал тосгонд 1 удаа очиход өөрөө байхгүй, эхнэр нь намайг нөхөртэйгээ яриулаагүй юм. Иймд 2.653.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Бын хийсэн ажлын хөлсийг хасч тооцолгүйгээр 2.653.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Иймд хийсэн ажлын хөлсийг хасч тооцоод үлдэх 1.500.000 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч Б.Б нь 1.250.000 төгрөгийг өгье гэж байх тул зөвшөөрч байна. Бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Цагаан-Үүр сумын төвөөс 10 км-ийн зайтай газар Г-д торхны модыг шүүж, өрж өгсөн. Дараа нь сумын төвд оруулж хуучин байшингийн 1 метр орчим хундааман дээр өрөхдөө харуулдаж өрсөн. 10x12 торхны модыг даахгүй байсан учир 2 хүн дээрээ нэмж өдрийн 20,000 төгрөгөөр хөлсөлж 2 хүн авч 1 ажиллуулж, торхыг босгож өрсөн. Мөн хөрөөчин хөлсөлж, дам нурууг нь зүссэн. Бид нарт хүнсэндээ хэрэглэ гэж 120.000 төгрөгөөр бодож нэг хонь л өгсөн. Өөр ерөөсөө хоол хүнс өгөөгүй, би гурил ногоогоо өөрөө авсан. Торхоо өрчихөөд хаалга цонхыг нь суулгаж өгөх гэхэд цонх хаалга нь ирээгүй. Тийм болохоор би ардаа ажилтай байсан тул яараад явсан. Г- нь анх Хатгалаас намайг дуудаж авчраад 10 хоног ажилгүй, айлд хоол, ундгүй би ажлаа алдаж хий дэмий байсан. Тэгээд 2.000.000 төгрөгөөр тохиролцож 10x12 харьцаатай торхыг шүүж, өрсөн. Энэ торх өрсний дараа Г- нь өөрөө надад 1.000.000 төгрөг бэлнээр өгөхөд нь би хамт ажиллаж байсан 2 хүнийхээ болон өдрөөр ажиллуулсан хүмүүсийн хөлсийг энэ 1.000.000 төгрөгнөөс өгсөн. Дараа нь надад үлдсэн хөлсийг нь өгч чадахгүй байсан тул жил унасан мотоциклийг нь 1.000.000 төгрөгөнд тохиролцож авсан. Тухайн үед шинэ мотоцикль 1.300.000 төгрөг байсан. Харин ч би маш их хохирсон. Энэ хүнээс болж өч төчнөөн хийх ажлаа алдаж, 10 хоног ажилгүй байлгаад, дээр нь гурил ногоогоо хүртэл би өөрөө авсан. Тухайн үөд 8x8 торхыг 2.000.000 төгрөгөнд өрж өгдөг байсан. Гэтэл 10x12 торхыг энэ үнэнээс ч дээш өрж өгөх ёстой байсан. Би хөлсөндөө тааруулж ажлаа хийсэн гэж бодож байгаа. Энэ Г- гэдэг хүн надаас 2.653.000 төгрөг нэхэмжилсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Ө.Г-гын шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн 1.500.000 төгрөгөөс 1.250.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь 1.250.000 төгрөгийг авахыг зөвшөөрч байгаа тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Г- нь хариуцагч Б.Бд холбогдох, 2.653.000 /хоёр сая зургаан зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ө.Г-д 1.250.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба зохигч 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Г-гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.400 /тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 57.400 /тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийн тал хувь болох 28.700 /хорин найман мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ө.Г-гын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох 2.653.000 /хоёр сая зургаан зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Г-гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57.400 /тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 28.700 /хорин найман мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН