| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00428/И |
| Дугаар | 155/ШШ2016/00428 |
| Огноо | 2016-04-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00428
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Тугч овогт Г-ын Т- /ФБ***********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н- хангамжийн салбарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Т- нь 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Н ХХК-ийн-ний Н хангамжийн салбарт Тооцооны нягтлан бодогчоор ажилд орсон юм. Н ХХК-ийн-ний Н хангамжийн салбарын даргын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 18 тоот тушаалаар намайг тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас халсан. Намайг өөрийн хүсэлтээр гэж ажлаас халсан тушаалыг гаргасан боловч би одоог хүртэл бичгээр ажлаас гарах хүсэлтээ өгөөгүй байгаа болно. Одоо бичиг хэргийн ажилтан /борлуулалтын менежер/ над руу утсаар ярьж ажлаас гарах албан ёсны хүсэлтээ өгөөрэй гэж хэлж байгаа. Би ажлаас халагдах албан ёсны хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй байгаа учраас ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа болно. Иймд Г.Т- намайг Н ХХК-ийн-ний Н хангамжийн салбарын тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ник хязгаарлагдмал хариуцлагатай компаний Н хангамжийн салбар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл НХС-нь Г- овогтой Т-ын Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т- нь хариуцагч Ник хязгаарлагдмал хариуцлагатай компаний Н хангамжийн салбараас ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Т-ын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н- хангамжийн салбар нь зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл 75.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Т-ын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ник хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Н хангамжийн салбарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Т-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН