| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2017/00167/Э |
| Дугаар | 172 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 172
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Ч.Энхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр,
Шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булуут Банди овогт Д.Ж д холбогдох эрүүгийн 1726001130068 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Булуут банди овгийн Д.Ж ,
Шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Даравгай” гэх газар оршин суух иргэн Ш.Л-н гэрт хохирогч Т.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Т.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хонь усалчихаад саахалт айл Ш.Л гэх айлд орсон. Тэр айл Ш.Ж байсан. Би ороод мэнд мэдээд сууж байтал Ж, Б ахаа “...машин эвдэрсэн...” гэхлээр нь би “...сэлбэг аваад тавь...” гэж хэлсэн. Ж “...би танай гадаа очиж айл бууна...” гэхлээр нь би “...гаднаа айл буулгахгүй...” гэсэн. Тэгсэн та юм уу танай хүүгийн аль нэг нь Ш.Л-н хонийг хөөсөн гэсэн. Би “...лав хөөгөөгүй хэн хөөснийг нь мэдэхгүй...” гэсэн чинь Ж “...намайг чи яасан их хэвлүүхэн банди вэ...” гээд заамдаж аваад нүүрийг гapaapaa 1 удаа мангасдаад, доош дарж байгаад миний духанд өвгөөрөө 2 удаа өвдгөлсөн. Тэгээд хүмүүс салгасан юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7, 9-10 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ж ах түүний эхнэр Н бид нар Ж ахын өвөлжөөнд очиж хөр бууц ухсан юм. Бид нар хөрөө ухаж арай дуусаагүй бага газар үлдсэн байхад саахалт айлын Б ын хүү Очроо хонь услаад явж байгаа харагдасан. Ж ах хоёулаа очиж хөр ухуулъя гээд бид хоёр мотоцикльтой очсон. Ж Очроод “...ахдаа хөр ухаад өг...” гэсэн чинь Очроо “...би завгүй байна...” гэсэн чинь Ж ах “...чи ахдаа томроод байна уу үгүй юу хөр ухаад өгөх юм байга биз дэ...” гэсэн чинь Очроо “...за тэгье гэ.д мориороо түрүүлээд явсан...” очоод Очроо бид 2 хамт ухалцаж дуусгасан. Тэгээд Очроо гэр лүүгээ явсан. Бид нар манайд очоод хоол идчихээд Ж ах тал шил архи уусан. Тэгтэл гаднаас Т.Б гуай орж ирсэн. Ж ах тэр хоорондоо тоглоом хийгээд байх шиг байсан. Ж гэнэт босч очоод Т.Б гуайн толгой руу өвдгөөрөө өвдөглөж 1 удаа цохьсон. Т.Б гуай босоод ирэхэд нь нүүрэнд нь 1 удаа мөргөсөн. Бид нар салгасан тэгээд Т.Б гуай гараад мотоциклио асаагаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ж , эхнэр Норжмаа, манай хүү Эрдэнэчулуун Ж гийн өвөлжөөний хөрийг ухаад 15 цагийн үед хоол идэхээр манайд ирсэн. Би хоол хийж өгчихөөд Ж д тал шил архи өгсөн. Ж ганцаараа уусан. Тэгж байтал гаднаас Т.Б орж ирсэн. Ж миний машин шайрик нь дуусчихлаа одоо яахав, би танай гадаа очоод бууна гээд хэрүүл өдөх маягтай л байсан. Тоглоом, шоглоом нь мэдэгдэхгүй л байснаа “...чи томроод байна уу гээд босч очоод Т.Б гуайн нүүр лүү гараараа түлхсэн. Тэр хоёр заамдалцсан, Т.Б ын нүүрэнд нь 1 удаа мөргөсөн. Би салгасан тэгээд Б rapaaд мотоциклио асаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч Д.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай нөхөр Т.Б 2017 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн үед хонио услана гээд явсан. Өдөр 12 цагийн үед гэртээ ирсэн. Ирээд намайг цагдаа дуудаадах гэсэн. Тэгэхлээр нь би “...юу болсон юм...” гэж асуусан чинь би “...Ш.Л-д орсон чинь Ж намайг айл бууна гэхлээр нь би айл буулгахгүй гэсэн чинь яасан хэгжүүн банди вэ гээд зодлоо...” гэж хэлсэн. ... Духны хэсэгт нь бага зэргийн улайлттай өөр мэдэгдэх зүйл байгаагүй. Хөлөөрөө толгой руу нь 2 өвдгөлж зодсон гэж байсан. ... Манай хүү Б.Л эм хонио усалж яваад 11 цаг өнгөрч байхад ирсэн. ирээд юм яриагүй ба Б ыг ирсэн хойно Ж ах намайг худаг дээр морио услаад явах гэж байтал Л-н хүү Э-ны хамт мотоцикльтой ирээд өвөлжөөнд очиж хөр ух гээд ухахгүй бол ална шүү гээд чулуугаар шидэж айлгаад байхлаар нь би очиж гэрийн буйран чинээ газар хөрийг хүрзээр ухаж өгсөн гэж ярьж байсан. Маргааш өглөө нь Ж манайд ирсэн тэгээд Б ах хаана байна би уучлалт гуйх гэж явна гэхлээр би Б хонинд явсан чи нүдсэн байна 2 жилйин өмнө бас нүдсэн байсан би уучлахгүй гэсэн чи нь Ж танайх энэ нутгаас зайлаарай гэж хэлчихээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн 405 дугаартай шинжээчийн: Т.Б ын биед тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 25 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 30 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Ж гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-35, 38-51 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Ж гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Ж г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Даравгай” гэх газар оршин суух иргэн Ш.Л-н гэрт хохирогч Т.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан: хохирогч Т.Б ын “... Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хонь усалчихаад саахалт айл Ш.Л гэх айлд орсон. ... Ж “...намайг чи яасан их хэвлүүхэн банди вэ...” гээд заамдаж аваад нүүрийг гapaapaa 1 удаа мангасдаад, доош дарж байгаад миний духанд өвгөөрөө 2 удаа өвдгөлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7, 9-10/, насанд хүрээгүй гэрч Д.Э-ы “... Ж гэнэт босч очоод Т.Б гуайн толгой руу өвдгөөрөө өвдөглөж 1 удаа цохьсон. Т.Б гуай босоод ирэхэд нь нүүрэнд нь 1 удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/, гэрч Ш.Лхагвын “... Тоглоом, шоглоом нь мэдэгдэхгүй л байснаа “...чи томроод байна уу гээд босч очоод Т.Б гуайн нүүр лүү гараараа түлхсэн. Тэр хоёр заамдалцсан, Т.Б ын нүүрэнд нь 1 удаа мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/, гэрч Д.Ц-н “... Би “...юу болсон юм...” гэж асуусан чинь би “...Ш.Л-д орсон чинь Ж намайг айл бууна гэхлээр нь би айл буулгахгүй гэсэн чинь яасан хэгжүүн банди вэ гээд зодлоо...” гэж хэлсэн. ... Хөлөөрөө толгой руу нь 2 өвдгөлж зодсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн 405 дугаартай дүгнэлт. /хх-ийн 25/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 31/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 30/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/, шүүгдэгч Д.Ж гийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Д.Ж д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Булуут Банди овогт Д.Ж д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон хохирогч Т.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /Зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Шүүгдэгч Д.Ж д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Булуут Банди овогт Д.Ж г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Булуут Банди овогт Д.Ж г 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Д.Ж д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР