| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2202000000417 |
| Дугаар | 2023/ДШМ/219 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2023/ДШМ/219
2023 2 16 2023/ДШМ/219
Ц.М-Ээд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Энхбаатар,
шүүгдэгч Ц.М-Ээ, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М-Эийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.М-Ээд холбогдох эрүүгийн 2202 00000 0417 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Цын М-Ээ, .... оны ... дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...........” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эх, хүү нарын хамт .............. дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:...................../.
Шүүгдэгч Ц.М-Ээ нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ........... дүүргийн .... дугаар хороо, ........ хотхоны .... дугаар байрны ... тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай, нийт 0.5029 гр цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 0.1760 гр цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ц.М-Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Цын М-Эийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс”, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-Эийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.М-Ээд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ц.М-Ээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ц.М-Ээ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан 2 гэсэн дугаартай улаан өнгийн тагтай жижиг хуванцар сав, 2 ширхэг хуруу шил, 1 гэсэн дугаартай зиплок уутанд хийсэн 0.1760 грамм шавар, 2 тусдаа гялгар ууттай 0.5029 грамм мөс зэрэг зүйлсийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.М-Ээд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй ...эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар зөв дүгнэсэн атлаа 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн хувийн байдалд нийцэхгүй байна. Тодруулбал, Ц.М-Ээ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 51-52/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 58/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 63/ зэрэг авагдсан болон бусад баримтуудаар ам бүл 3, өөрийн төрсөн бага насны хүү /сурагч/, 61 настай ганц бие эхтэйгээ хамт амьдардаг, тэжээн тэтгэдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн цагаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн болчимгүй үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлж, бусдад учруулсан хохирол төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувиараа хөдөлмөр эрхэлж, 10 орчим хүнийг байнгын ажлын байраар хангадаг зэрэг нөхцөл байдал тогтоогддог. Мөн түүний үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэх заалттай учир мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” боломжтой билээ. Өмгөөлөгчийн зүгээс ч улсын яллагчийн гаргасан санал /хорих ял оногдуулах/-ын хүрээнд нийцүүлэн анхан шатны шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу гомдолд дурдсан шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд “...1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж...” өгөхийг хүссэн саналыг гаргаж байсан болно. Иймд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.М-Ээд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.М-Ээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 38 настай, ганц бие аав, өөрийн хүү, эхтэйгээ хамт амьдардаг. Эхийг минь асарч тойрох хүн байхгүй, биеийн байдал нь хүнд байгаа. Мөн хүү маань сэрэхдээ ааваа гэж сэрдэг, хэцүү шокын байдалтай байгаа. Би гэм буруугаа ойлгосон, маш их гэмшиж байна. Солонгост байгаа дүү маань Монгол Улсад эмчлэгдэхгүй, эмчилгээний зардал хүрэлцэхгүй хэцүү байдалтай байгаа. Хамгийн том итгэл найдвар нь би байсан юм. Үнэхээр миний буруу. Надад оногдуулсан хорих ял шийтгэлээс өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Би дахиж алдахгүй, сайн аав байна гэдгээ амалж байна. Өршөөж өгнө үү.” гэв.
Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.М-Эийн үйлдсэн гэмт хэргийн хувьд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Ц.М-Эийн мансууруулах бодис хэрэглээд байгаа нь гарч чадахгүй байгааг харуулж байна. Иймд өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.М-Ээ нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны 303 дугаар байрны 51 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай, нийт 0.5029 гр цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 0.1760 гр цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/,
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-8/,
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-12/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5245 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0.1760 гр, гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0.5029 гр байсан ба тус бүрээс 0.02 гр-г шинжилгээнд зарцуулав. “1” гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан улаан өнгийн тагтай хуванцар сав 1 ширхэг, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон хагарсан тарианы шил мэт зүйл /2ш/ тус бүрээс Метамфетамин, “1” гэж дугаарласан гялгар ууттай шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн II жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх 34-37/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5246 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Маргад ЧВ84092679 2022-10-19 гэж хаягласан шээсний дээжнээс Метамфетамин илэрсэн. Метамфетамин нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /хх 39-41 тал/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.М-Эийг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.М-Эийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхоны 303 дугаар байрны 51 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай, нийт 0.5029 гр цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 0.1760 гр цэвэр жинтэй шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан “... Ц.М-Ээ нь бүл 3, өөрийн төрсөн бага насны хүү /сурагч/, 61 настай ганц бие эхтэйгээ хамт амьдардаг, тэжээн тэтгэдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн цагаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн болчимгүй үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлж, бусдад учруулсан хохирол төлбөргүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувиараа хөдөлмөр эрхэлж, 10 орчим хүнийг байнгын ажлын байраар хангадаг зэрэг нөхцөл байдал тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг хэрэглэх боломжтой. Иймд Ц.М-Ээд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч Ц.М-Ээ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.М-Эийн үйлдсэн гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М-Эийг шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтаар гэм буруутайд тооцохдоо хууулийн тухайн заалтад заасан үг, хэллэгээр бус хэт дэлгэрэнгүйгээр бичсэнийг залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд биеийн байцаалт болон тогтоох хэсгийг 1 дэх заалтад шүүгдэгч Ц.М-Эийн овгийг “Боржигон” гэж зөрүүтэй бичсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.М-Ээ нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 36 /гучин зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
1 дэх заалтын “...Боржигон овогт Цын М-Эийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжгай “мөс”, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжгай “шавар” гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Б овогт Цын М-Эийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэсэн өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
- Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-Эийн хүү Оийн асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шүүгдэгч Ц.М-Эийн өмгөөлөгч Ч.Нямцоожийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-Эийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ