| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0242/и |
| Дугаар | 155/ШШ2016/00430 |
| Огноо | 2016-04-05 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Гөрөөчин овогт Б-н З- /РГ********/-ийн
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2016/0242/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.З- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б-н З- 1960 оны 1-р сарын 01-ний өдөр Бүрэнхаан сумын Жаргалант нэгдэл гэж байхад малчнаар элсэн орсон юм. Ингээд хөдөлмөрийн дэвтэр авахад ээжээр минь овоглож Ж-ийн З- гэж, мөн 1973 онд Бүрэнхаан сумын Жаргалант нэгдэл татан буугдаж Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд нийлсний дараа 1981 оны 6-р сарын 30-ны өдөр 2 дахь хөдөлмөрийн дэвтэр авахад аавын ахаар Б-ын З- гэж тус тус 2 өөрөөр овоглосон байсныг хүмүүст хэлж байсан боловч хэрэгсэхгүй өнгөрсөн билээ. Ингээд 1991 оны 5-р сарын 01-нд тэтгэвэр тогтоолгоход тэр хэвээр нь тэтгэвэр тогтоож өгч байсан юм. Гэтэл 2016 оны 5-р сарын 1-нд Бүрэнтогтох сумаас Мөрөн сумын 9-р багт шилжин ирэхэд тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргасан 2 ширхэг хөдөлмөрийн дэвтрийн овог зөрчилтэй байна гэж мэдэгдсэн. Иймд 1960 оны 361 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1980 оны хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Б-н З- мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А- /РГ*******/ шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний ээж Б.З- нь одоо 75 настай бөгөөд 1961 онд Бүрэнхаан сумын Жаргалант нэгдлийн дарга С- гэх хүн ээжид маань хөдөлмөрийн дэвтэр олгохдоо Ж- гэсэн нэрээр овоглож хөдөлмөрийн дэвтрийг олгосон байдаг. Гэхдээ ээжийн маань ээжийг Ж- гэдэггүй Ж-сүрэн гэдэг байсан. Ингээд мөн 1981 онд Ренчин дарга нь хөдөлмөрийн дэвтэр олгохдоо аав Б-гийнх нь ах Б-оор овоглож хөдөлмөрийн дэвтэр олгосон байдаг. Энэ тухай Ренчин даргад хэлж байсан. Ээжийн маань бие өвдөж эмнэлэгт Мөрөн суманд шилжиж иртэл овгийн зөрчилтэй байна, овгийн зөрчлөө арилга гэсэн юм. Б.З-гийн иргэний үнэмлэх нь аав Б-гөөрөө овоглосон байдаг юм. Иймд 1962 онд нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1981 онд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Б.З- мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.З- нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумаас Ж- овогтой З-гийн нэрээр нээж олгосон 361 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б- овогтой З-гийн нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б-н З- мөн болох нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 03/40 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б- овогтой З-гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Оросоогийн ...Б.З- Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын Жаргалант нэгдэлд 1973 онд малчнаар элсэн орж ажиллаж байгаад 1973 онд нэгдэл татан буугдаж Дэлгэрмөрөн нэгдэл байгуулагдахад тус нэгдэлд үргэлжлүүлэн 1991 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. З-гийн ээж нь Ж-, аав нь Б- гэдэг хүмүүс байсан. З-г бага байхад нь аав нь өнгөрсөн учраас хөдөлмөрийн дэвтэр авахад нь ээж Ж-ээр нь овоглож хөдөлмөрийн дэвтэр олгосон байх. Б- нь аав Б-гийнх нь төрсөн ах лам хүн байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр авахад нь ах Б-оор нь овоглоод Б-ын З- гээд хөдөлмөрийн дэвтэр олгосон байсан.... гэх мэдүүлэг,
гэрч Б.М-ийн ...Б.З- Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын Жаргалант нэгдэлд 1960 онд малчнаар элсэн орсон юм. Ингээд 1973 онд Бүрэнхаан сумын Жаргалант нэгдэл татан буугдаж Дэлгэрмөрөн нэгдэлд нийлсний дараа тус нэгдэлд үргэлжлүүлэн 1991 оныг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан. Анх хөдөлмөрийн дэвтэр авахад нь Б-н З-г ээж Ж-ээр нь овоглож хөдөлмөрийн дэвтэр нээж олгосон байсан. Б- гэдэг нь З-гийн ээжийнх нь ах ганц бие лам өвгөн байсан. Аавыг нь өнгөрснөөс хойш ойр байдаг байсан учраас сүүлд хөдөлмөрийн дэвтэр авахад нь Б-ын З- гэж хөдөлмөрийн дэвтрийг нь нээж олгосон байсан юм.... гэх мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/405 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/113 дугаартай ...Тус аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.З-д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх албан бичиг хэрэгт авагдсан байна.
Иймд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумаас Ж- овогтой З-гийн нэрээр нээж олгосон 361 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б- овогтой З-гийн нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б-н З- мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумаас Ж- овогтой З-гийн нэрээр нээж олгосон 361 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлээс 1981 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б- овогтой З-гийн нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Гөрөөчин овогт Б-н З- /РГ********/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.З-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ