| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00431/И |
| Дугаар | 155/ШШ2016/00431 |
| Огноо | 2016-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00431
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Эрдэнэ овогт Ггийн Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Цахар овогт М-ын Б-өд холбогдох
Зээл, алданги, нийт 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Б нь 2012 оны 5 сарын 10-ны өдөр М.Б-тэй зээлийн гэрээ байгуулж 7.200.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлсэн юм. Хүүгүй боловч гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцхоор харилцан тохирч гэрээндээ тусгасан. Гэвч үүнээс хойш Г.Б нь мөнгийг маань өгнө гэж удаа дараа худал хэлсээр өнөөдрийг хүрээд байна. Гэрээний хугацаа хэтрээд 1106 хоног болсон байх бөгөөд алдангийг тооцоолоход нийт үнийн дүнгийн 50 хувиас давсан тул зээлийн үндсэн дүн 7.200.000 төгрөг дээр түүний тавин хувь болох 3.600.000 төгрөгөөр алданги тооцож, нийт 10.800.000 төгрөгийг Б-өөс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Б-тэй 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7.200.000 төгрөг зээлсэн хэдий ч өдийг хүртэл намайг зальдаад зээлээ эргэн төлөөгүй байгаа юм. М.Б алтанд явах гэж 10 хоногийн хугацаатай 7.200.000 төгрөг зээлж байсан ч, түүнээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. М.Б хэдэн хүмүүстэй нийлж хоршоонд ажилладаг байсан бөгөөд өглөө гэрээс ирж 7.200.000 төгрөг аваад үдээс хойш нотариатын газар очиж М.Баянмөх бид хоёр зээлийн гэрээ байгуулж байсан. Надад тухай үед ноолуурын мөнгө бэлнээр байсан юм. Би урьд нь М.Б-өд мөнгө зээлээд буцаагаад авдаг байсан. Тухайн 7.200.000 төгрөг надад байсан бол 4 жилийн хугацаанд хэдэн төгрөг болж өсөх байсан билээ. 1.734.600 төгрөгийн баримтад зурсан гарын үсэг нь эхнэр бид хоёрын гарын үсэгтэй таараагүй юм. Иймээс үндсэн зээл 7.200.000 төгрөг, алданги 3.600.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагчаас 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дүү Э-ын дансаар 400.00 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 50.000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 50.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б-гийн дансаар 95.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А-ын дансаар 150.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Д-аар 300.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Д-аар 100.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 160.000 төгрөг, нийт 1.305.000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрч, 10.800.000 төгрөгөөс 1.305.000 төгрөгийг хасаад одоо нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 9.495.000 төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ би хүн чанар гаргаж нэхэмжлэлийн шаардлагаас 4.145.000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 5.350.000 төгрөг гаргуулахаар эвлэрч байна гэв.
Хариуцагч М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Би Баас 2012 оны 5 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7.200.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай хүүгүй авсан гэдэг нь худлаа. Яагаад гэвэл би 2011 онд Баас 2 удаа нийтдээ 2.090.000 төгрөгийг зээлж аваад өөртөө хэрэглэсэн юм. Тэгэхэд Б дээрх авсан 2.090.000 төгрөгтөө хүү тооцоод 7.200.000 төгрөг болгож намайг төөрөлдүүлж гэрээ хэлцэл хийсэн юм. Баас мөнгө зээлж авснаас хойш зээлийн хүү төлбөрт зээлийн гэрээ байгуулахаас өмнө 2011 оны 7 сард Олонд туслах эмнэлэгт хэвтэж байхад нь 2.500.000 төгрөг бэлнээр, 2011 оны 11 сард 2.000.000 төгрөг өгсөн. 2011 оны 12 сард УАЗ-469 машин 2.000.000 төгрөгт өгсөн. 2012 оны 5 сарын 10-нд хийсэн зээлийн гэрээнээс хойш нийтдээ 6.739.600 төгрөг бэлнээр болон дансаар өгсөн. Иймд Бын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д-ийн М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Б ахаас 2012 онд 1.460.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулалгүй зээлсэн бөгөөд уг мөнгөнөөс 7 хоноод 680.000 төгрөг өгөөд, үлдэгдэл зээл 780.000 төгрөгт нэмж 2015 оны 5 дугаар сарын үед 1.500.000 төгрөг нэмж зээлсэн. Ингээд 2.280.000 төгрөгт хоногийн 50.000 төгрөгийн хүү тооцож 7.200.000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан. Түүнээс 10 хоногийн хугацаатай 7.200.000 төгрөг зээлж, тоолж аваагүй. Манай нөхрийг өглөө гэртээ унтаж байхад нь Г.Б гуай ирж иргэний үнэмлэх ч үгүй авч яваад гэрээ байгуулсан байдаг. Бид Г.Баас бэлнээр 7.200.000 төгрөг тоолж аваагүй, мөн бидний өгсөн мөнгө болоод эд зүйлийг аваагүй гэж үгүйсгэж байгаад нь гомдолтой байна. Г.Б гуайд нийт 6.739.600 төгрөгийн мөнгө, эд бараа өгсөн. М.Б бид хоёр Капитал банкнаас зээл аваад 3.000.000 төгрөгийг Г.Б ахын машинд сууж байхдаа өгч гарын үсэг зуруулж авсан байхад уг мөнгийг аваагүй гээд, бага хэмжээний мөнгийг авсан гэж тайлбарлаж байна. Мөн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай ээж, аав хоёр 500.000 төгрөгийг Г.Бт өгсөн, 1.734.600 төгрөгийн барааг хүлээлгэж өгөхөд эхнэр, хүүхэд нь байсан. Одоо 460.000 төгрөгийн төлбөр үлдэж байгаа. Г.Бт мөнгө болоод бараа хүлээлгэн өгч байсан баримт хэргийн материалд байгаа, бид гүтгээгүй. Бид Бын дүүгээс мөнгө зээлж, зээлээ шахаад дахин зээл авч Бт болоод дүүд нь өрөө өгч байсан. Ингээд Б гуайд өргүй гээд байж байтал 2012 оны 4 сард мөнгө нэхэж ирээд, гэрээ байгуулсан. Түүнчлэн бид Бт өртэй болчихоод алтанд явсан. Би банкнаас зээл авч өгсөн 3.000.000 төгрөг болоод барааны үнэ 1.734.600 төгрөг, аав ээжийн маань өгсөн 500.000 төгрөгийг тус тус нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байгаа ч одоо Б гуайд 5.350.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М.Б-өд холбогдуулан зээл, алданги, нийт 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч 5.450.000 төгрөг гаргуулахаас татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5.350.000 /таван сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-өөс 5.350.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 100.550 төгрөгийг гаруулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлтэй хариуцагч М.Б-өд холбогдох зээл, алданги, нийт 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 5.350.000 /таван сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-өөс улсын тэмдэгтийн хураамж 100.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА