Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01924

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01877 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч Т ХХК-д холбогдуулан гаргасан 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагчтай 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр №09/ГАА385/2019 тоот Аялал жуулчлалын гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн нэрс илгээсэн 8 аялагчийг БНХАУ-ын Санъяа хотын Хайнан арал руу 7 шөнө 8 өдрийн аялалд явуулах, хариуцагч гэрээний 4.1 дүгээр зүйлд заасны дагуу 14 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч хариуцагч нь гэрээний нийт үнийн дүнгээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 7 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 5 000 000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн. Манай компани хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэх явуулж, удаа дараа утсаар холбогдож төлбөрөө төлөхийг шаардаж, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид хариу болгон ирүүлсэн №20/25 тоот албан бичгээр үлдэгдэл 5 000 000 төгрөгийг 2020 ондоо багтаан төлөх талаар дурдсан. Бид хүсэлтийг хүлээн аваад асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхээр 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын газарт өргөдөл гаргаж, хариуцагчийг эвлэрэлд урьсан. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хүрээнд явагдсан уулзалт, ярилцлаганд хариуцагч нь нотлох баримтаар тогтоогдохгүй, буруу ташаа тайлбарыг удаа дараа өгсөн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хангалттай үр дүнд хүрэхгүй болох нь тодорхой болсон тул 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгосон. Аяллалаас ирснээс хойш хариуцагч талаас аяллын доголдолтой холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй. Хариуцагч талаас шүүх хуралдаанд манай нэг аялагчийг оргүй байлгасан гэж гомдол гаргасан. Энэ талаар манай компани дээр ямар нэгэн бичгээр гаргасан гомдол санал байдаггүй. Тухайн аялалд явсан бүх аялагч нар сэтгэл ханамжтай байсан. Харин төлбөрөө төлөхөөс зайлсхийж ямар нэгэн шалтаг хэлдэг ч түүнийгээ нотолдоггүй. Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ зохих ёсоор, хугацаандаа гүйцэтгэх ёстой. Гэтэл үүрэг гүйцэтгэгч үүргээсээ зайлсхийж ямар нэгэн шалтаг хэлдэг боловч нотлох баримтаар нотлоогүй. Бид нэмж алданги нэхэмжлэх боломжтой хэдий ч өнөөдрийн цаг нөхцөл хүнд байгаа учраас зохих ёсоор хөтөлбөрийн дагуу үзүүлсэн аяллын төлбөрөө шаардаж байна. Иймд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг үндэслэн үлдэгдэл төлбөр болох 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бидэнд явуулсан анхны танилцуулга дээр 7 өдөр, 7 шөнийн аялал гэж танилцуулсан. Гэрээ нь 12 сарын 30-ны өдрөөс 01 дүгээр сарын 05-ны өдөр гэж тооцохоор энэ хугацаандаа хүрэхгүй байна. Тиймээс анхнаасаа танилцуулгаа өгөхдөө аяллалын тухай мэдээллийг буруу өгсөн. 4 одтой зочид буудалд байрлуулна гэж бодож байтал буудал нь 3 одтой зочид буудал байсан. н.Эрдэнэтуяа гэж менежертэй нь харилцсан и-мэйл байгаа. Гэтэл н.Эрдэнэтуяа танай ор гаргаж өгөх асуудлыг шийдсэн гэж хэлсэн боловч бодит байдал дээр шийдэгдээгүй. Нэгэнт 7 хүний төлбөр авсан хирнээ 6 ор ашиглуулсан учир 1 орны асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Жаргалмаа захирлыг төлбөрөө төлнө гэж хэлсэн гэж байна. Тухайн үед төлнө гэдэг бичиг өгсөн боловч цаг хугацааны хувьд дараа нь эвлэрүүлэн зуучлал дээр очоод төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс 4 сард өгнө гээд 5 сард өгөхгүй гэдгээ хэлсэн. Цаг хугацааны хувьд сүүлд өгөхгүй гэсэн учир өгнө гэсэн байр сууриа няцааж байгаа. Тийм учраас үнийн зөрүү яригдах ёстой. Өгсөн 2 гэрээний 1 гэрээ нь 1 800 000 төгрөгийн гэрээ байна. Миний тооцооллоор манай компаний аяллын гэрээнээс 1 000 000 гаруй төгрөгийн зөрүүтэй байна. Аяллын үйлчилгээг бүрэн үзүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1-д заасныг баримтлан Төмөр трейд ХХК-иас 5 000 000 төгрөгийг гаргуулж “Жуулчин” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 60 дугаар зүйлийн 60.1., дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүгч шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардаж гаргасан. Шүүгчийн уг үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Шүүгч шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигч компаниудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч буюу аялал жуулчлал зохион байгуулагч нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайнань хотод аялуулан хөгжил цэцэглэлт, соёл, ёс заншилтай танилцуулах үйлчилгээ үзүүлэх үүргийг хариуцагч компанийн өмнө хүлээж, хариуцагчийн 7 жуулчин аяллын үнийг 1 том хүн 2 000 000 төгрөгөөр тооцон нийт 14 000 000 төгрөгийн аяллын төлбөр буюу хөлс төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцжээ. /хх6-7/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан ба талууд уг гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бичгээр гэрээг байгуулжээ. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

Хэргийн 44-45 дугаар талд авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга гэх баримтаар Т ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 7 000 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг Ж ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд уг үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээгээр хэлэлцэн тохиролцсон, үйлчилгээг үзүүлсэн буюу аяллыг зохион байгуулсан боловч хариуцагч нь 14 000 000 төгрөг төлөх үүргээс 5 000 000 төгрөгийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасны дагуу хөлсөө шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь хөлс төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ “анхны танилцуулга дээр 7 өдөр, 7 шөнийн аялал гэж танилцуулсан боловч гэрээ нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэж тооцохоор энэ хугацаандаа хүрэхгүй дутуу хоногоор аялуулсан, мөн 7 хүний төлбөр авсан боловч 6 ор ашиглуулсан, буудлын зэрэглэл нь 4 одтой зочид буудалд байрлуулна гэсэн боловч 3 одтой зочид буудал байсан гэж маргаж доголдолтой холбоотойгоор үнэ бууруулна” гэж тайлбарласан.

 

Гэрч Б.Эрдэнэтуяа “1+1 аялал учраас 1 хүний өрөөнд 2 хүн байх тул гурвуулаа нэг өрөөнд ороод нэмэлт ортой эсхүл хамт явж байгаа нэг хүнтэй хамт орох боломжтой гэтэл нөхөр эсхүл охин тусдаа өрөөнд орох боломжгүй... Хятад талаас аялал зохион байгуулдаг 2 менежер байгаа тэр хоёртой ярьсан... хөтөч ойлгоогүй юм шиг байна... 3 ортой өрөө лүү оруулсан гэж хэлсэн би оруулсан гэж ойлгосон” гэж, гэрч Н.Уянга “Энхжин надтай унтаад явсан... манайх 7 хүнтэй явсан 2, 2 ортой 3 өрөө гаргаж өгсөн” гэж, гэрч Д.Мөнгөнзул “дандаа 2 ортой өрөөнд орсон...Энхжин аав ээжтэйгээ унтаж байсан” гэж, гэрч Э.Мөнхтуул “Энхжинд ор байгаагүй... Мөнгөнзултай 2 шөнө хоносон...үлдсэнд аав ээжтэйгээ... өрөөнүүд 2, 2 ортой байсан” гэж тус тус шүүхэд мэдүүлжээ.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь аяллын турш хариуцагч байгууллагын аялсан 7 хүнд 6 хүний ор ашиглуулсан үйл баримт дээрх гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь аяллыг зохион байгуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.3 дахь хэсэгт зааснаар аялал ямар нэг доголдолтой бол түүний үнийг бууруулж болохоор, мөн хуулийн 375 дугаар зүйлийн 375.1 дэх хэсэгт зааснаар аяллын доголдолтой холбоотой гомдлыг аяллын хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор аялал жуулчлал зохион байгуулагчид гаргах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, аяллын доголдолтой холбоотой шаардах эрх хэрэгжүүлэх хугацаа нэг сар байна. Талуудын тайлбараас үзэхэд хуульд заасан дээрх хугацаанд багтаж хариуцагч нь үнэ бууруулах талаар гомдлын шаардлагыг нэхэмжлэгчид гаргаагүй байна.

 

Мөн Иргэний хуулийн 376 дугаар зүйлийн 376.1 дэх хэсэгт жуулчны шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 сар гэж заасан байх бөгөөд уг хугацааг дээрх гомдлын шаардлага гаргах хугацаанаас эхлэн тоолоход хариуцагч нь хуульд заасан хугацааны дотор үнэ бууруулахаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд хариуцагчийн хувьд доголдолтой холбоотойгоор үнийг бууруулах эрхээ алдсан болно. Анхан шатны шүүх хариуцагчийг аялал жуучлалын гэрээний үлдэгдэл хөлс 9 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлтэй. Энэ үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...шүүх шийдвэр гаргахдаа зөвлөлдөх тасалгаанд ороогүй, хэргийн зохигчдыг шүүх хуралдааны танхимаас гарахыг шаардан гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн” гэх давж заалдах гомдол гаргасан боловч шүүх хуульд заасан шүүх хуралдааны журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ