Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/220

 

 

 

 

 

    2023            2              16                                         2023/ДШМ/220

 

Ц.Үад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Ц.Ү, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/814 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ү, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Үад холбогдох эрүүгийн 2210 00000 0819 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Цгийн Ү, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ............ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...............” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......... дүүргийн ... дугаар хороо, .............. дүгээр хэсэг ..... тоотод оршин суух хаягтай, /РД:...................../,

          -  Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

            Шүүгдэгч  Ц.Ү нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 2-ны өдрийн хооронд үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “....................” ХХК-ийн ажлын байранд 13 настай О.Тын эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн, 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Үын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Цгийн Үыг “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үад оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын цагдан хоригдсон 127 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Ц.Үаас нийт 1.500.000 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэст олгож, цаашид насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар хүүхдийн өсөлт бойжилттой холбоотой зэрэг бусад зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ц.Ү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа бөгөөд хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан. Хийсэн хэргээ бодохоор өөртөө үнэхээр их гомдож байна. Миний бие одоо 47 настай. Шүүхээс оногдуулсан 15 жилийн хорих ялыг дуусгаад эхнэр, хүүхэд дээрээ ирж чадахгүй болов уу гэж бодохоос үнэхээр их айж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 15 жилийн хорих ялыг багасган хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Ү нь гэм буруугаа хэдийгээр хүлээж байгаа боловч хохирогч охин О.Тыг гаднах харагдах байдлаар нь 13 настай гэдгийг мэдээгүй, өөрөө ч 13 настай гэдгээ хэлээгүй. Тухайлбал, гэрч П.Оын “...Өндөр том биетэй болохоор спортоор их явдаг. Миний охин 168 см өндөртэй, 65 кг жинтэй бөгөөд надаас өндөр болчихсон...” /хх 86/, “...Миний охин О.Т нь биеэр том тарган болохоор үеийнхээ хүүхдүүдээс том овортой харагддаг...” /хх 86/, гэрч О “...Миний бие танай байгууллагын ирүүлсэн албан бичгийн дагуу О.Т гэдэг охинтой 20 гаруй минут ярилцлага хийж ажиглалт явууллаа. О.Т нь харагдах байдлын хувьд биерхүү гэж хэлэхээр хөрслөг бор арьстай охин байна. Би энэ охиныг хараад 15, 16 настай гэж шууд хэлэхээр санагдаж байна. 16 нас арай ихдэж магадгүй байх гэхдээ 15 настай гэж шууд харахаар байна...” /хх 98/, насанд хүрээгүй хохирогч О.Т “...миний өмнөх мэдүүлэг худал байсан. 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр аав, ээж 2 намайг жирэмсэн гэдгийг мэдээд хэзээ юу болов, яагаад жирэмсэн болсон бэ гээд асуугаад байхаар нь би айсандаа Ү ахад хүчиндүүлсэн гэж хэлсэн. Лавшруулж асуугаад байхаар нь 3 удаа хүчиндсэн гэж хэлсэн. Цагдаад мэдүүлэг өгөх үед ээж хажууд байсан болохоор Ү ах намайг хүчиндсэн гэж хэлсэн. Цагдаад, мэдүүлэг өгсний 2 хоногийн дараа төрчихсөн. Би эмнэлгээс гарч ирсний дараа ээж, аав хоёрт намайг хүчиндээгүй би зөвшөөрсөн гэдгээ хэлсэн...” /хх 47/ гэж тус тус мэдүүлдэг. Дээрх хэрэгт авагдсан мэдүүлэг, нотлох баримтаас харахад Ц.Үын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч зүйлчлэлийг өөрчлүүлэх хүсэлт гаргаж байна. Хэрвээ давж заалдах шатны шүүхээс зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй гэж үзэх юм бол түүнд оногдуулсан 15 жилийн хорих ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү. Ц.Ү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохиролд төлөх төлбөргүй, хохирогч ямар нэгэн гомдол, саналгүй байгаа байдлуудыг харгалзан 12 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэргийн хувьд насанд хүрээгүй хохирогч О.Тын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд, өмгөөллийн хөлсөнд нийт 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Ц.Ү нь дээрх нэхэмжлэлийг бүрэн төлсөн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Ц.Үын хувийн байдал, ахуй амьдрал, хохирогчийн гараар бичиж өгсөн хүсэлт, өргөдөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж зааснаар 15 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 10 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү.” гэв.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Ц.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 15 жилийн хугацаанд нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхээс Ц.Үад ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн хохирогчийг жирэмсэн болгосон зэрэг нөхцөл байдал тогтоогдсон учраас гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Ү нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 2-ны өдрийн хооронд үргэлжилсэн 3 удаагийн үйлдлээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...................” ХХК-ийн ажлын байранд 13 настай О.Тын эсрэг хүч хэрэглэж, хүчиндсэн, 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч О.Тын “...Ажиллаад 3-4 хонож байхад миний хойд талаас тэврэх үед сэрээд цочин эргээд харахад цуг ажилладаг Ү байсан. Би Ү ахад яасан ах аа гаж асуухад “яах ч үгүй” гэж хэлээд миний шортыг тайлсан. Тэгэхээр нь би босоход Ү “ийшээ хэвт” гээд би үгүй гээд хэвтэхгүй байхад намайг хүчээр татаж өөрийнхөө хажуугаар хэвтүүлсэн. Тэгээд миний шортыг, дотоожтой цуг тайлаад намайг дээшээ харуулж байгаад Ү өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Анх хийх үед маш их өвдсөн. ...Явахдаа хүн амьтанд хэлж болохгүй шүү гэж хэлээд явсан. Удаагүй үйлдвэрийн гэрэл ассан. Би болсон асуудлын талаар хэнд ч хэлэлгүй ажлаа хийгээд 07 цагт гарсан. Тараад гэртээ очоод 12:00 цаг хүртэл унтсан. Хичээл 13:30 цагт эхлээд 18:45 цагт тарсан. Хичээл тарсны дараа хувцсаа солиод 20 цагт ажилдаа очсон. Намайг очиход Ү ажил дээрээ байсан ба надтай юм ярилгүй муухай хараад байсан. Би айгаад өөдөөс нь ч харж чадахгүй байсан. Тэр өдөр үйлдвэрийн гэрэл унтрах үеэр ганцаараа нөгөө өрөөндөө унтсан Ү тэр өдөр орж ирээгүй. Маргааш нь хичээлээ тараад ажлаа хийгээд гэрэл унтраад унтаж байхад Ү дахиад намайг тэвэрч сэрээсэн. Ү “одоо нэгэнт болсон юм чинь өнгөрсөн” гээд өмнөх шиг хүчиндсэн. Би мөн адил ажлаа хийгээд хүнд хэлээгүй. Тэр өдрийн маргааш нь ажил дээрээ унтаж байхад Ү дахиж орж ирээд хүчиндсэн. Сүүлийн 2 удаа хүчиндэх үед Ү “нэгэнт болсон юм чинь өнгөрсөн гээд байсан ба би эсэргүүцвэл яаж ч магадгүй гэж айгаад, мөн орилж хашхирсан ч гэсэн хүмүүс хол учир сонсохгүй гээд орилоогүй, эсэргүүцэл ч үзүүлээгүй. 3 дахь удаагаа хүчиндсэний маргааш нь би өдрийн ээлжид ажилласан. Түүнээс хойш Үтай таарахад надтай юу ч ярьдаггүй байсан. Би энэ асуудлын талаар хэнд ч хэлэхгүй явсан. Миний сарын тэмдэг 10 настай байхаас ирсэн ба сүүлд сарын тэмдэг ирэхээ больсон. Мөн мах идэж чадахгүй, хоолны үнэр авч чадахгүй болж эхэлсэн. Энэ үед манай ээж намайг хоолонд муу байгааг анзаараад жирэмсэн болсон юм уу гэж асууж байсан. Тэр үед нь би чимээгүй өнгөрсөн. Миний биеийн онцлог нь хурдан хоолны хордлого болдог учир манай ээж хордлого болсон гэж ойлгоод тэр үед чимээгүй өнгөрсөн. Би тэр үеэс өөрийгөө жирэмсэн болсон гэж ойлгосон. 2022 оны 01 дүгээр сард миний гэдэс томроод эхэлсэн. Би гэрийнхэн болон найз нөхдөөсөө нуугаад дэрвэгэр том хувцас өмсөж эхэлсэн. 7 хоногийн өмнө ээж намайг анзаараад асуухаар нь би хэлээгүй ба 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аав, ээж 2 болсон асуудлын талаар мэдсэн. Тэгээд эмчид үзүүлэхэд 36 жирэмсний долоо хоногтой байна гэж хэлсэн ба аав цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ү ахын харц угаасаа муухай харагддаг. Намайг 13 настай гэдгийг манай ажлынхан мэддэг байсан надтай хамт ажилладаг хүмүүс миний өрөөнөөс хол ахуйн өрөөнд унтдаг байсан. ...Үын эхнэр мөнгө өгсөн гэж ээж хэлсэн, ээж памперс сүү авч байсан Үынхаас ээж сар бүр мөнгө авна гэж ээж хэлж байсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй..." /хх 38-42, 48-49/,

гэрч П.Оын “...09 дүгээр сарын хэдний үед гэдгийг санахгүй байна О.Тыг голдоо суулгаж байгаад 2 талаас нь хэзээ жирэмсэн болсон талаар асуухад эхэндээ нууж байснаа аргадаж гуйлгаж байгаад хэлүүлтэл Ү ах намайг тэгсэн гэж хэлсэн. Тухайн үед хэлэхгүй яасан юм бэ гэхэд Ү ах надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод цагдаад мэдэгдсэн. 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрж охин төрүүлсэн. Үын эхнэртэй холын төрөл болохоор Үтай төрөл гэж манай охин бодсон байх Манай охин 168 см өндөртэй, 65 кг жинтэй. Би захирал Нэмэхжаргалаас гуйж байгаад Тыг ажилд оруулсан байсан. Ү нь 2022 оны 07 сард 100.000 төгрөг, дараа нь 970.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг хүүхдэд нь зарцуулсан...” /хх 85-87/,

гэрч С.Нгийн “... Би Үыг 2009 оноос хойш таньдаг болсон, хамт 1 газар ажилладаг байсан одоо манай 2-ын гэр хооронд ойрхон 3, 4 гудамжны ар урд талд байдаг, манай охиныг сургуульд сурдаг гэдгийг мэддэг байсан...” /хх 91-92/,

гэрч Ч.Н-Энийн “...О.Т нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажилд ороод 10 хоног ажилласан бөгөөд эхний 4 хоногт шөнийн ээлжид гарсан...” /хх 64-65/,

яллагдагчаар Ц.Үын “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “..................” ХХК-нд жолооч ажил хийдэг. 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр би өөрийн хийх ажлаа дуусгаад амралтын өрөөнд орж шалан дээр унтаж байхад миний хажуугаар Н.Т хэвтээд унтсан ямар нэг зүйл болоогүй, харин маргааш нь урьдын адил амралтын өрөөнд унтаж байгаад сэрэхэд Т миний хажууд хэвтэж байхаар нь гэдэс орчмоор нь тэврэхэд ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй бэлгийн харьцаанд орж дур тавьсан. Үүнээс 1 хоногийн дараа би өөрийн хийх ёстой ажлаа дуусгаад амралтын өрөөнд амарч байхад гаднаас Т орж хажуугаар хэвтэхээр нь би дахин бэлгийн харьцаанд орсон. Би Ттай 1 хоногийн зайтай 2 удаа бэлгийн харьцаанд орсон. Надад 16 нас хүрч байгаа хүүхэд шиг санагдсан. Би хүч хэрэглэж байгаагүй, Т намайг амралтын өрөөний газар хэвтэж байхад хажуугаар орж ирээд хэвтээд байхаар нь би хүсээд байна гэж бодоод түүний гэдэс хэвлий орчмоор илэхэд эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь бэлгийн харьцаанд орсон...” /хх 148-149/,

шинжээч эмч Б.Баяртогтохын “...2021 оны 9 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхэн үед жирэмсэн байх боломжтой. Эхо буюу хэт авиа оношлогоо нь 7-10 хоногийн хэлбэлзэлтэй байж болдог учраас жирэмсэн болсон гэх өдрийг нарийн тогтоож хэлэх боломжгүй. О.Т нь асуумжаар 2021 оны 9 дүгээр сард бэлгийн харьцаанд орсон энэ үед биеийн юм хамгийн сүүлд ирсэн гэж хэлж байсан.” /хх 191-192/ гэх мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 8490 дугаартай “...О.Тын биед гэмтэл тогтоогдсонгүй. Биологийн нас буюу хүний үйл ажиллагааны нас нь хувь хүний хөгжил, хөгшрөлтийн хурд, эрчмийг илтгэх үндсэн үзүүлэлт юм. О.Т нь 168 см урт, 73 кг жинтэй ба биеийн өсөлт хөгжил насандаа тохирсон байна. О.Т нь 2008 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 13 настай байх ба гадна харагдах байдлаар насыг өөрчилж тогтоох боломжгүй болно. О.Тын охин хальс хуучин урагдалтай байна. О.Т нь 36 долоо хоногтой жирэмсэн байна. О.Тын үтрээнээс авсан арчдас, наалдац дээрээс эр бэлгийн эс илрээгүй байна. О.Т нь бэлгийн замын халдварт ДОХ, Тэмбүү, Загхүйтэн, Трихомониаз өвчингүй байна. О.Т нь гуравдугаар бүлгийн цустай байна....” /хх 107-108/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 4029 дугаартай Ц.Үын биед үзлэг хийсэн “...Ц.Ү нь хурьцал үйлдэх чадвартай байна...” хх 131-133/,

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 778 дугаар “О.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Т нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. О.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Т нь юмыг зөвөөр тусган ойлгож, мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Т нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг өөрийн насны түвшинд ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийн удирдан жолоодон хянах чадвартай." /хх 115-116/,

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 689 дугаар “...Ц.Ү нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Ц.Ү нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Ү эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” /хх 119-120/,

Шинжээчийн 4029 дугаартай “Ц.Ү нь Т.Мгийн биологийн эцэг байх магадлал 99,99% байна” /хх 131-132/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,

Гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх 16/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-21/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 22-23/,

Тын Мгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 161/,

Тын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх 32, 89, 156/,

Тын нас тоолсон тэмдэглэл /хх 32/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл ...” хэмээн тодорхойлоод, бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчилж ял шийтгэхээр хуульчилжээ. Мөн зүйлийн тайлбарт “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй”, “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно” гэжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Үыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй, насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үндэслэл болгосон нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Үыг “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Үын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Ц.Ү “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байгаа бөгөөд хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан. ...шүүхээс оногдуулсан 15 жилийн хорих ялыг багасган хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн,

түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг “...Ц.Ү нь гэм буруугаа хэдийгээр хүлээж байгаа боловч хохирогч охин О.Тыг гаднах харагдах байдлаар нь 13 настай гэдгийг мэдээгүй, өөрөө ч 13 настай гэдгээ хэлээгүй. Ц.Үын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж байна. Ц.Ү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохиролд төлөх төлбөргүй, хохирогч ямар нэгэн гомдол, саналгүй байгаа байдлуудыг харгалзан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэсэн,

түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж зааснаар 15 жилийн хорих ялыг хөнгөрүүлж 10 жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.” гэж хүүхдийн эрхийн талаар төрөөс баримтлах зарчмыг хуульчлан тодорхойлсон бөгөөд энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан “Хүчиндэх” гэмт хэргийн тайлбар хэсэгт “Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.” гэсэн аутентик тайлбар хийсэн бөгөөд энэ нь биеийн болон сэтгэцийн хөгжил нь бүрэн төлөвшөөгүй, бэлгийн харьцааны учир холбогдол, үр дагаврыг ухаарч ойлгоогүй, өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чадваргүй бага насны хүүхэд бусадтай жам ёсны бэлгийн харьцаанд орох боломжгүй байдлыг харгалзан бага насны хүүхдийн эрх ашиг, эрүүл мэнд, ёс суртахуун, бэлгийн халдашгүй байдлыг гэмт халдлагаас онцгойлон хамгаалахад чиглэсэн төрийн бодлогын илрэл юм.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Үад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бага насны хохирогчид учирсан эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирол, тус гэмт хэргийн улмаас цаашид үргэлжлэн хохирогчид үлдэж буй хор уршиг зэрэгт тохирсон гэж үзэж байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/814 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ү, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Ү нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/814 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/814 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ү, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, Ц.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 /далан долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                            Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                            Б.БАТЗОРИГ