| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00204/И |
| Дугаар | 155/ШШ2016/00432 |
| Огноо | 2016-04-06 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Хүсэлт гаргагч: Шар дархад овогт Сын Г /РВ*********/-ийн
Хүү З.Г-, охин З.Б нарын нас барсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 155/2016/0204/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, хүсэлт гаргагч С.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний хүү З.Г- нь 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд 7 настай, сургуульд орох гэж байхдаа 1993 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх суманд манай хадам ээжийнд байхдаа моринд чирэгдэж нас барсан юм. Охин З.Б нь 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн ба 4 настай байхад нь хүзүүн дээр нь гарсан юмыг Баянзүрх сумын эмнэлэгт хагалуулсан боловч севс болж хүндрээд 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сумын эмнэлэгт нас барсан юм. Дээр үед улаан паспортны ар талд нь хүүхдүүдийн маань нэр бичигдсэн байдаг байсан ба тамга дарчихсан болохоор нь нас барсны бүртгэлийг хийлгэсэн гэж бодож байтал хасагдаагүй яваад байсныг сүүлд нь мэдсэн. Шинэ паспорт аваад хуучин улаан паспортоо алга болгосон юм. Би одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хүүхдүүдийнхээ нас барсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд хүү З.Г-, охин З.Б нарын нас барсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Г нь хүү З.Г-, охин З.Б нарын нас барсныг тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба З.Г-, З.Б нар нь нас барсан болох нь Тухайлбал; З.Б, З.Г- нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын эрүүл мэндийн төвийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай ...Г- РВ********** регистрийн дугаартай, эрэгтэй, 1993 оны 08-р сарын 18-нд моринд чирэгдэж амь насаа алдсан нь үнэн болохыг тодорхойлов. гэх албан бичиг,
2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай ...Б РВ************* регистрийн дугаартай, эмэгтэй, 2000 оны 04-р сарын 11-нд өвчний улмаас сумын эмнэлэгт нас барсан нь үнэн болохыг тодорхойлов. гэх албан бичиг,
Гэрч Ц.Н-ын ...миний том хүү З-ын хоёр дахь хүү Г- нь 1993 оны 08 дугаар сарын 18-ны өдөр манайд байхдаа морь унаж байгаад мориндоо чирэгдэж нас барсан юм. Тухайн үедээ хүүхдийнхээ нас барсны бүртгэлийг хийх сөхөөгүй байсан юм. Харин охин З.Б нь 4 настай байхдаа хоолой дээр нь урагцаг ургасан байсан юм. Тэрийг нь авахуулаад түүнээс хойш бие нь муудсаар байгаад 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр эмнэлэгт нас барсан. гэх мэдүүлэг,
Гэрч Л.Э-ийн ...Манай ахын хүүхэд З.Г- нь манай ээжийнд байхдаа 1993 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Эмт багийн Хатан голын эхэнд дүү Х-тай хамт явж байгаад моринд чирэгдэж нас барсан юм. Тухайн үед эмнэлгийн тусламж авч чадаагүй, манай дүү багийн эмч байсан учраас очсон. Манай ахын охин Б нь 1997 онд төрсөн. 2000 онд 4 настай байхдаа хүзүүн дээр нь бондгор юм гараад халуураад байсан юм. Тэгээд Баянзүрх сумын эмч дуудлагаар ирж хагалаад бие нь муудсаар Баянзүрх сумын эмнэлэгт очоод нас барсан юм. Тухайн үед нас барсны бүртгэлийг нь хийлгээгүй байсан юм билээ. гэх мэдүүлэг,
Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Г-, Б нарын нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнүүд, гэрэл зургууд,
Баянзүрх сумын хүний эмнэлгийн 1991-2004 оны нас баралтын бүртгэлийн дэвтрийн хуулбар,
Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 115/000675 дугаартай Л.З-, С.Г нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 115/000674 дугаартай Л.З-ын нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчид холбогдох баримтыг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1/458 дугаартай Таны хүсэлтийн дагуу З-ын Б /РВ*************/, З-ын Г- /РВ**********/ нарын нас барсныг нотлох баримт бичиг байхгүй учир иргэний бүртгэл бүртгэх боломжгүй. Иймд иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр хүргүүлэв. гэх албан бичиг хэрэгт авагдсан байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар З-ын Б /РВ*************/-г 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өвчний улмаас, З-ын Г- /РВ**********/-ыг 1993 оны 8 дугаар сарын 18-ны өдөр моринд чирэгдэж нас барсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 1120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах эрхтэй дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ