| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00160/И |
| Дугаар | 155/ШШ2016/00434 |
| Огноо | 2016-04-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00434
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч Жнгийн Чгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн ***** ерөнхий боловсролын сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2015/00160/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, хариуцагч байгууллагын захирал П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Жнгийн Ч нь 2007.09.24-ний өдрөөс Мөрөн сумын ***** Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багшийн ажилд томилогдон ажиллаж байсан юм. Гэтэл 2016.01.06 ажлаас халсан тушаал өгсөн. Ажлаас халахдаа хөдөлмөрийн хуулийн 131.1.3, 40.1.4, 38.1.2 заалт, дотоод журмын 5.1.1, 5.1.2 заалтыг дурдсан байсан. Мөн хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан тул гэж дурдсан байв. Гэтэл миний бие хичээлийн бэлтгэл тогтмол хийж байгуулан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын зөрчлийг давтан ба ноцтой зөрчил огт гаргаагүй юм. Мөн би ажлаас халсан хууль заалтуудыг огт хулээн зөвшөөрөхгүй байна. Ийнхүү намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан учир Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 жилийн сургалттай Мөрөн ***** ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б- нь Чгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нь нэгэнт Ж.Чгийн ажилгүй байсан хугацааг болон авах ёстой байсан цалинг нягтлан бодогчоороо бодуулаад ирсэн, ажилгүй байсан хугацааны цалин 1.061.557 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч П.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан Ж.Чгийн нэхэмжлэлийг үл зөвшөөрч тайлбар гаргаж байна. Ж.Ч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тухайлан заасан ноцтой зөрчлүүдийг удаа дараа гаргаж хөдөлмөрийн дотоод журмын 5.1.1, 5.1.2, Хөдөмөрийн тухай хуулийн 40.1.4 заалтуудыг удаа дараа зөрчсөн тул 2016.01.06-ны өдрийн тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнийг бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Ч нь манай сургуульд 2007 оны 09 сарын 24-ний өдрөөс манай сургуульд дуу хөгжмийн багшаар ажилд орж түүнээс хойш тасралтгүй манайд ажиллаж ирсэн. Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбар болоод нилээдгүй хугацаанд тус сургуульд багшилж байсан зэрэг байдлыг харгалзан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрэн хэлэлцэх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч би сургуулийнхаа нягтлан бодогчоор ажилгүй байсан хугацаа болоод цалинг бодуулж баримтаар авчирсан. Ажилгүй байсан хугацааны цалин 1.061.557 төгрөгийн цалин гарч байсан. үүнийг зөвшөөрч байвал эвлэрэх хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн ***** ерөнхий боловсролын сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Ч нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нар нь харилцан тохиролцож хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн ***** ерөнхий боловсролын сургуулийн захирал П.Э нь нэхэмжлэгч Ж.Чд ажилгүй байсан хугацааны цалин 1.061.557 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх ба зохигч ажилгүй байсан хугацааны цалин 1.061.557 /нэг сая жаран нэгэн мянга таван зуун тавин долоо/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн ***** ерөнхий боловсролын сургуулиас 30.027 /гучин мянга хорин долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалин 238.443 төгрөг гаргуулах шаардлгагаасаа татгалзаж, хариуцагч Мөрөн ***** ерөнхий боловсролын сургууль нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин 1.061.557 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас 30.027 /гучин мянга хорин долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН