Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Р-+гийн Б- /РВ********/-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2015/1255/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Р.Б- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Б- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 онд 14 настай байсан бөгөөд энэ үеэс эхлэн тэр үеийн нэгдлийн гишүүний үлгэрчилсэн дүрмийн дагуу 14 наснаас эхлэн аав, ээжийн гар дээр хөдөлмөрлөж эхэлсэн. Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний үлгэрчилсэн дүрэмд зааснаар 14 наснаас эхлэн нэгдлийн гишүүн байж хөдөлмөр цалин хөлсийг авдаг байсан бөгөөд цалин орлогыг аав, ээжийн нэр дээр гаргадаг байсан. Миний бие 1979 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд хоньчин, мал тууварчнаар ажиллаж ирсэн. Манай гэр бүл өвлийн улиралд дан төлгөн хонь авч маллаад хавар нас нэмэхээр нь оторлон улмаар Ханх суманд аваачиж тушаадаг байсан. Тэр үед бага наснаасаа эхлэн хөдөлмөрийн гишүүний хувьд авдаг цалинг аав, ээжийн нэрээр гаргадаг байсан. Ингэж гаргаж ирсний үндэс нь миний ажилласан жилд тооцогдохгүй хохироод байгаа юм.

Иймд миний 1979 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд хоньчин, мал тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Р.Б- нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ны өдрийг дуустал малчин, тууварчнаар 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тэжээлийн цехэд ажилчин, малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 25 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Р-гийн Б-гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин, хөдөлмөр хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Д-гийн Р.Б- нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1979 оноос 1986 оныг хүртэл аав, ээжтэйгээ мал туудаг байсан. Намар төлгөн хонь авч тууварт явдаг байсан. Тэднийх Ханх руу малаа тууж тушаадаг байсан. Сүүлд нь Р.Б- Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн эмчилгээ, тэжээлийн цэгт ажиллаж байсан. Тухайн үед аав Р-, ээж Чулуун нарын нэрээр цалин хөлс нь бодогдож гэр бүлийнх нь хамтаар бичдэг байсан. Үүнээс болж түүний ажиллаж байсан талаар баримт байхгүй байгаа юм. Миний мэдэж байгаагаар сургуульд сурж байгаагүй багаасаа л аав, ээжийнхээ хамт мал дээр гарч мал маллаж, туувар тууж байсан юм. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн 3 дугаар бригадад саальчнаар нэгдэл тартал ажиллаж байсан. гэх мэдүүлэг, Р-гийн Б-гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Р.Б-д Баянзүрх сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Соёл нэгдлийн зөвлөлөөс 1982 оны 7 дугаар сарын 11-ний өдөр олгосон ГэрчилгээСоёл нэгдэлд ажиллаж байх үедээ 1981 он, 1985 он, 1986 он, 1989 онуудад авахуулсан гэрэл зургууд, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1979 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1. Мал бэлтгэлийн ажил ХААН-н нэгдэлд шилжин ирж байгаатай холбогдуулан доорх нэр бүхий хүмүүсийг нэгдлийн байнгын тууварчнаар томилсугай...2. Р.Б-... гэх бичилттэй Ажилд томилох тухай 36 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс 1980 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Р-гийн Б-д олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хүсэлт гаргагч Р.Б-гийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шовгор овогт Р-гийн Б-гийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 31-ны өдрийг дуустал малчин, тууварчнаар, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тэжээл цехэд ажилчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсныг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ