Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00437

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: АЭ трейд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************ сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох

10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АЭ трейд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Г.Уранбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: АЭ трейд ХХК нь 2013 оны 7 сарын 01-ний өдөр ************ сумын Засаг дарга Д.Түмэнбаяртай тус суманд 3 хүний халуун усны барилга барихаар 2013/09 гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу ажлаа эхэлж мөн оныхоо 11 сарын 10-ны өдөр сумын комисст хүлээлгэн өгсөн. Гэрээ ёсоор 2013 онд 39.5 сая төгрөг, 2014 онд 10 сая төгрөг нийь 49.5 сая төгрөг авах ёстойгоос 2013-2014 онуудад 39.5 сая төгрөгөө авч үлдсэн 10.0 сая төгрөгийг одоо болтол авч чадаагүй байна. Үүнийг сум өөрийнхөө орон нутгийн хөгжлийн сангаасаа өгөх ёстой бөгөөд энэ санд мөнгө хангалттай ирэхгүй байгаа тул өгч чадахгүй байна гэсэн тайлбарыг сумын зүгээс өгсөөр өдийг хүрсэн юм. Бид анх уг барилгыг барихад батлагдсан зураг төсөвт өөрчлөлт орж шугаман суурь нь шон суурьтай болсноос болоод өртөг нь өссөн болно. Үүний дагуу аймгийн ГХБХБГ болон аймгийн барилгын хяналтын холбогдох хүмүүс очиж үзээд зурагт өөрчлөлт оруулах шаардлага тавьсан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************ сумын Засаг даргын тамгын газар нь 39.500.000 төгрөгийн гэрээг өөрчилж, 49.500.000 төгрөгт гэрээ байгуулсан ба Хөвсгөл аймгийн ************ сумын Засаг даргын тамгын газрыг зөвшөөрч гэрээ байгуулсан гэж ойлгож байгаа. Хэрвээ Хөвсгөл аймгийн ************ сумын Засаг даргын тамгын газар нь шон суурьтай барилга барихгүй гэсэн бол манай компани тухайн барилгыг барихгүй байсан. Хөвсгөл аймгийн ************ сумын Засаг даргын тамгын газраас ажлаа хийгээд эхэлчихсэн учраас мэргэжлийн байгууллагаар зураг төслөө яаралтай хийлгэе, гэрээгээ шинэчлэе, гэсэн учраас бид ажлыг үргэлжлүүлж, гэрээгээ албажуулсан бөгөөд түүний дагуу 50.000.000 төгрөг болж байгаа юм. Үүний дагуу бид ажлаа гүйцэтгээд захиалагч байгууллагад хүлээлгэж өгсөн. Хоёр тал харилцан зөвшөөрөөд гэрээгээ байгуулчихсан, ажлаа дуусгаад хүлээлгээд өгчихсөн, гүйцэтгэлээ 50.000.000 төгрөг гээд хүлээн зөвшөөрөөд бүгд гарын үсэг зурчихсан баримтыг нотлох баримтаар өгсөн бөгөөд үүнээс өөр нотлох баримт байхгүй. Ажлыг хүлээлгэж өгсөн протокол, тэмдэглэлд Хөвсгөл аймгийн ************ сумын Засаг даргын тамгын газар нь гэрээний үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 2015 онд өгөх боломжгүй, 2016 онд өгье гэж тусгасан байгаа юм. Манай байгууллагаас авах ёсгүй зүйлийг авна гээд дайраад байгаа асуудал байхгүй. Уг барилгыг хүчитгэж шон суурь хийсэн учраас арматур төмөр оруулж, барилгын сууринд 10.000.000 төгрөг зарцуулсан ба захиалагч байгууллага хүлээж авахдаа хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан юм. Хөвсгөл аймгийн ************ сумын Засаг дарга гүйцэтгэлийг 50.000.000 төгрөгөөр баталсан хирнээ одоо өгөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. ************ сумын Засаг даргын тамгын газар нь барилгыг хүлээж аваад 2, 3 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнээс хойш барилгад засвар хийсэн гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр бол дараа нь яригдах асуудал гэж бодож байна. Гэрээ, гүйцэтгэл, төсөв, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын шүүхэд өгсөн албан тоот, хөгжлийн бодлогын хэлтсийн тодорхойлолтыг хэргийн материалд өгсөн бөгөөд нотлох баримт хангалттай гэж үзэж байна. ************ сумын Засаг даргын Тамгын газраас гэрээг боловсруулж, боловсруулсан гэрээнд манай компани гарын үсэг зурсан учраас гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм. Барилгын чанар, явцын асуудал нь өнөөдрийн шүүх хуралдаад хамааралгүй, дараа нь жич яригдах асуудал гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 12 сарын 17 өдрийн сумын ИТХ-ын 04-р тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013 онд хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалт, зарцуулах хөрөнгийн дүнг баталсан. Энэ тогтоолд ************ сумын төвд 3 хүний халуун ус барьж байгуулахаар 40 сая төгрөг баталсан. Энэ тогтоолоор баталсан арга хэмжээний дүн жагсаалт бол манай санхүүгийн албаны гүйцэтгэл гаргаж болох дүн юм. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг олгохдоо төрийн сангаас баримт бүрдсэн тохиолдолд тухайн байгууллагад ажлын мөнгийг олгодог. ОНХС-аас АЭ трейд ХХК-д 2013 оны 8 сарын 14-нд 20.000.000 төгрөг, 12 сарын 17-нд 1.572.400 төгрөг, 12 сарын 13-нд 2.500.000 төгрөг, 2014 оны 3 сарын 26-ны өдөр 15.027.600 төгрөг тус тус шилжүүлсэн. 400.000 төгрөгийг хяналтын зардалд зарцуулсан. Нийт 39.500.000 төгрөгийн тооцоог хийсэн. Сумын иргэдийн хурлын тогтоолын дагуу ************ сумын Засаг даргын 2013 оны 4 сарын 19-ний өдрийн А/65 тоот захирамжаар 3 хүний халуун ус бариулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан байна. Үнэлгээний хорооны баримт бичигт төсөвт өртгийг 40 сая төгрөгөөр зарлаж 39.5 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн АЭ трейд ХХК нь шалгарч гэрээ байгуулах эрх олгогдсон байна. Үүний дагуу 39.5 сая төгрөгийн гэрээ байгуулагдсан. Дараа нь хаанахын ямар улсын байцаагчийн хэзээ гаргасан, хэдэн тоот шийдвэрээр зураг төсөв өөрчлөгдөж, гэрээ хэрхэн өөрчилснийг сайн мэдэхгүй. ИТХ тогтоол, Үнэлгээний хорооны шийдвэр, хүлээн авсан комиссын акт гэх мэт шаардагдах материалуудаа үндэслэн санхүүжилтүүдийг олгосон болно. Манай сумын хувьд өөрсдийн хийлгэсэн, мэргэжлийн зураг төсөвчний хийсэн шугаман суурьтай зургийн дагуу, төсвөө иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж, үүнийхээ дагуу тендер зарлаж гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн. Иргэдийн хурлаар батлаагүй арга хэмжээнд мөнгө зарцуулах эрх бидэнд байхгүй. Сумын ИТХ-аар батлагдаагүй төсөв мөнгөн дээр гэрээ байгуулах эрх Засаг дарга, ЗДТГ-ын даргад ч байхгүй. Халуун ус нь нийт өртөг 49.500.000 төгрөг, үүнээс 2013-2014 онд санхүүжүүлнэ гэж баталсан бол 49.500.000 төгрөг дээр гэрээ байгуулах нь зөв, харин сумын ИТХ-аар 39.500.000 төгрөг гэж баталсан байхад гэрээг өөрчилсөн нь буруу байна. Ард иргэдээс санал аваагүй, жагсаалтанд ороогүй, сумын ИТХ-аар батлагдаагүй төсвийг гаргах эрх хэнд ч байхгүй. Аймгаас энэ ажлыг болиулж, өөр зургаар бариулсан бол буулгуулсан газар нь энэ зардлыг хариуцах ёстой гэж бодож байна. Буулгах шийдвэрийг тухайн үед хэн өгсөн, ямар шийдвэр байсан нь чухал юм. Түүнээс биш хэзээ хойно нэг тоот хавсаргаж мөнгө нэхэмжилж байгаа нь хууль зүйд хэр нийцэхийг сайн мэдэхгүй байна.

Уг барилга нь одоо чанар муутай баригдсан. Өвөл бол ажиллах боломжгүй, хүйтэн цантдаг, резерв чайнаны багтаамж бага, стандартын дагуу плита наагаагүйгээс шалтгаалж эрүүл мэндээрээ хохирч нуруу, хөлөө хугалсан иргэн 2 жил гаруй эмнэлгээр яваад ч одоо хүртэл бүрэн эдгэрээгүй гишгэж чадахгүй байгаа. Энэ талаар тухайн үед нь бичиг хүргүүлсэн. Галт дулаан ОНӨҮГ-ын 2014 оны 2 сарын 19-ний өдрийн 19-06 тоотоор. Мөн аймгийн Аудитын газраас Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд хийх гүйцэтгэлийн аудитаар 2015 оны 3 сарын 19-ний өдөр үүрэг зөвлөмж өгөгдсөн. Үүнд: 2013 онд ашиглалтанд орсон 39.500.000 төгрөгөөр Агар Эрдэнэс трейд ХХК гүйцэтгэж ашиглалтанд хүлээн авсан халуун усны барилга нь гадна бохир усны хоолойг стандартын дагуу хийгээгүй, хөлдөлт үүссэн, цэвэр ус хадгалах бан стандартын шаардлага хангахгүй материалаар хийсэн тул дотор тал зэвэрсэн байдалтай байх тул дээрх хоёр асуудлыг гүйцэтгэгч компаниар засуулах. Мөн ОНӨҮГ-аас тухайн халуун усны хэвийн үйл ажиллагааг хангахад гаргасан гүйцэтгэгчээс шалтгаалсан зардлыг тус компаниас гаргуулж авах гэсэн үүрэг өгөгдсөн. Нөгөө талаар суурь өөрчлөгдөхөд 10 сая төгрөг нэмэгдсэн гэдэгт ямар нэгэн тооцоо байхгүй, дүгнэлт нотлогоо алга байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч АЭ трейд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөвсгөл аймгийн ************ сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд дутуу төлсөн 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь Сумын иргэдийн хурлын тогтоолын дагуу ************ сумын Засаг даргын 2013 оны 4 сарын 19-ний өдрийн А/65 тоот захирамжаар 3 хүний халуун ус бариулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хорооны баримт бичигт төсөвт өртгийг 40.000.000 төгрөгөөр зарлаж 39.500.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн АЭ трейд ХХК нь шалгарч гэрээ байгуулах эрх олгогдсон. Үүний дагуу 39.500.000 төгрөгийн гэрээ байгуулагдсан. Дараа нь хаанахын ямар улсын байцаагчийн хэзээ гаргасан, хэдэн тоот шийдвэрээр зураг төсөв өөрчлөгдөж, гэрээ хэрхэн өөрчилснийг сайн мэдэхгүй, мөн сүүлд шинэчилж байгуулсан гэх гэрээний огноо нь эхэлж байгуулсан гэрээнүүд нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, 39.500.000 төгрөгийн гэрээ нь хавсралттай байхад, 49.500.000 төгрөгийн гэрээ нь хавсралт байхгүй учраас уг гэрээ нь хүчингүй юм гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Талууд Хөвсгөл аймгийн ************ сумын 3 хүний халуун усны барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн гэрээ-г бичгээр байгуулж, /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/ эрх бүхий этгээд гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй болно.

Гэрээний 4-т зааснаар гүйцэтгэгч нь Хөвсгөл аймгийн ************ сумын төвд байршилтай 3 хүний халуун усны хүчин чадал бүхий 32.4 метр квадрат талбайтай барилга угсралтын ажлыг инженерийн шугам сүлжээ /дулаан, цахилгаан, цэвэр, бохир усан хангамж/-ний ажлыг 2013 оны 08 сарын 25-ны өдөр эхэлж, 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ашиглалтанд оруулахаар тохиролцсон ба уг ажлын гүйцэтгэлийг 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан болох нь ************ сумын Халуун-Усны барилгын ажлын гүйцэтгэл хүлээн авсан тухай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6 дугаар хуудас/, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах сум орон нутгийн комиссын актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4, 5 дугаар хуудас/ зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Уг гэрээний 2-т зааснаар гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэх нийт хөлс, зардал 49.500.000 төгрөгөөр тохирсон ба гэрээ ёсоор хариуцагч нь 39.500.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж, 10.000.000 төгрөгийг дутуу төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч нь энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан ба хавтаст хэрэгт авагдсан ************ сумын халуун усны барилгын ажлын гүйцэтгэл хүлээн авсан тухай баримт /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн ************ сумын Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/75 дугаартай Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлсэн албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 4/102 дугаартай ************ сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ... 2013 оны 12 дугаар сард санхүүжилт ирээд үлдэгдэл мөнгийг нь өгөх гэтэл 49.500.000 төгрөгийн гэрээ анх орж ирсэн ... гэх тайлбар зэргээс төсвийн хэмжээ нэмэгдсэн тухайгаа ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч АЭ трейд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь захиалагчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно. гэж заасан ба хариуцагч нь ажил гүйцэтгэгч нь гэрээний нөхцлийг зөрчсөн талаар буюу төсвийн хэмжээ нэмэгдсэн тухай гомдлын шаардлагыг хуульд заасан хугацааны дотор гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч АЭ трейд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд дутуу төлсөн 10.000.000 төгрөгийг хариуцагч байгууллагаас шаардах үндэслэлтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 39.500.000 төгрөгийн гэрээг байгуулсан мөртлөө 49.500.000 төгрөгийн гэрээг 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байдаг бөгөөд огноо зөрүүтэй тул сүүлд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус. Эх үүсвэргүй мөнгөнд гэрээ байгуулсан төдийгүй үнэлгээний хорооны мэдэгдэл 39.500.000 төгрөгөөр өгөгдсөн байхад гэрээг өөрчилсөн нь буруу юм. ...нэмж 10.000.000 төгрөг зарцуулсан талаар мэргэжлийн байгууллагын тооцоо дүгнэлт байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Хариуцагчаас тайлбарт хавсаргаж ирүүлсэн ************ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12, 17-ны өдрийн тогтоол №4 2 хуудас, Засаг даргын захирамж 2013.04.19-ний өдрийн дугаар А/65, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл №1, 2, 3, үнэлгээний хорооны Гэрээ байгуулах эрх олгох тухай санал 1 хуудас, Засаг даргад хүргүүлсэн үнэлгээний хорооны зөвлөмж 1 хуудас, Үнэлгээний хороонд ирүүлсэн АЭ трейд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үнийн санал 1 хуудас, Галт дулаан ОНӨҮГ тоот 2014.02.19-ний 19/06 2 хуудас, АЭ хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан гэрээ, Аймгийн аудитын зөвлөмж, үүрэг даалгавар /хавтаст хэргийн 24 дүгээр хуудаснаас 41 дүгээр хуудас/ гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтанд үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Хөвсгөл аймгийн ************ сумын Засаг даргын Тамгын газраас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд дутуу төлсөн 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч АЭ трейд хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************ сумын Засаг даргын Тамгын газраас 174.990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч АЭ трейд хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН