| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00438/И |
| Дугаар | 155/ШШ2016/00438 |
| Огноо | 2016-04-07 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Харуул овогт Л-вын М- /РБ******/-ийн хүсэлттэй
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.М- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Лхамжвын М- нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-нээс элсэн орсон юм. Түүнээс хойш хоньчин үхэрчнээр тус нэгдэлд 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нэгдэл тартал нь ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Л.М- миний бие Арбулаг сумын Мандал нэгдэлд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Мөн хөдөлмөрийн дэвтэр авахад намайг нутгийн хүмүүс Ж- гэж дууддаг байсан болохоор ч тэр үү, тэр үеийн хөдөлмөрийн дэвтэр олгосон хүн нь Л-в Ж- гэж бичсэн байсан. Тухайн үед анзаарч хэлж байсан боловч нэг их хэрэгсэхгүй өнгөрсөн юм. Харин одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Л-вын М- гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Л-вын М- мөн болохыг тогтоолгох шаардлагтай байна. Иймд 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1150 дугаартай Л-вын Ж-гийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Л-вын М- мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-г анх төрсний гэрчилгээ авахад нь өөрийнх нь төрсөн аав Л-в нь бүртгүүлсэн гэдэг ба ингэж бүртгэхдээ буруу буюу Л-в овогтой Мягмажав гэж бүртгэл хийгдсэн байсан. Нутгийн иргэд нь М-г Ж- гэж дууддаг байсан учраас бүх баримт бичгүүдийг нь Ж- нэртэй авсан байдаг юм. 2010 онд улсын бүртгэлд хурууны хээ авч бүртгэхдээ Л-в овогтой М- гэсэн нэртэй цахим иргэний үнэмлэхээ авсан ба мэдээллийн санд М- нэртэй байна гэж хэлсэн. Иймд 1975 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Арбулаг сумын Мандал нэгдлээс Л овогтой Ж-д нээж олгосон 1150 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч Л-в овогтой М- болохыг тогтоож өгнө үү.
Мөн Л-в овогтой М- нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Л.М- нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлээс 1975 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон 1150 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Лын Ж- гэж бичсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Л-в овогтой М- мөн болох нь Л-вын М-гийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2010 оны иргэний шинэчилсэн бүртгэлээр Харуул ургийн овогтой рб****** регистртэй Л-в овогтой М- гэж үндэсний мэдээллийн санд баталгаажсан нь үнэн болно. гэх тодорхойлолт, гэрч Л.Сэрэвжаагийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн Л.М- нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Л.М- нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр тус тус ажиллаж байсан болох нь Л-в овогтой М-гийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, Л-в овогтой М-д 1975 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч П.-гийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагч Л.М-гийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлээс 1975 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон 1150 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Харуул овогт Л-в овогтой М- /РБ******/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харуул овогт Л-в овогтой М-гийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1971 оны 01 дүгээр сарын сарын 01-ний өдрөөс 1971 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 4 дүгээр бригадад хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН