Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00439

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бэсүд овогт Д-ийн А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  РГ******* дугаар регистртэй, Гөрөөчин овогт А-ы Б-д холбогдох

10.077.000 /арван сая далан долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2016/00195/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-, хариуцагч А.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 9 сард Бүдсүрэн нь Мөрөн сумын 7 дугаар багт байрлах хуучин Нэгдэл дундын үйлдвэрийн хашааны зүүн урд талд байрлах 203мхэмжээтэй, төвийн дулаанд холбогдох боломжтой цаашид их ашигтай байрлалтай газар 10.000.000 төгрөгөөр зарна, охинд чинь болон өөрт чинь ч хэрэгтэй, аваач гэж санал болгосон. Мөн газрын бичиг баримтууд шууд нэр дээр чинь шилжүүлээд өгнө гэхээр нь би өөрийн нэр дээр төвийн дулаанд холбогдох боломжтой газартай болно гэж итгэсний үндсэн дээр Бүдсүрэнд эхлээд 9.000.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Тухайн үед би уг мөнгийг өөрийн нэр дээр Хас банкнаас зээл авч өгсөн бөгөөд одоо уг зээлийн эргэн төлөлтийг би өөрөө ганцаараа төлж барагдуулж байгаа. Бүдсүрэн газрын мөнгийг авчихаад газраа өгөхгүй байхаар нь би 2014 оны хавар асуухад уг газар банкны барьцаанд байгаа, чөлөөлөгдөхөөр нь өгнө гэсэн. 2014 оны 12 сард намайг Орос улсад ажлаар явж байхад манай дүү утсаар ярьж, таны иргэний үнэмлэхний хуулбар хэрэгтэй байна. Бүдсүрэн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд хэрэгтэй байна гэж хэлүүлсэн байсан боловч би гадаадад ажилтай явж байсан болохоор өгч чадаагүй. Гэтэл 2015 оны 01 сард Бүдсүрэнгийн нөхөр Батбаяр надтай утсаар ярихдаа таны газрын гэрчилгээ гарахад бэлэн болсон, иргэний үнэмлэхний хуулбарыг чинь Хас банкнаас олж авсан, одоо кадастрын зурагны үнэ 77.000 төгрөг тушаах хэрэгтэй байна гэхээр нь би 77.000 төгрөг аваачиж өгсөн. Гэвч газрын гэрчилгээ ч байхгүй, таг чиг алга болсон учир Бүдсүрэнтэй ярихад газар эзэмших эрхийг өөрийн ах ЛЛийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээ гаргачихсан байгаа, миний ах хоосон хоцрох гээд байна гэж хэлсэн. Бүдсүрэнгийн ах ЛЛ бид хоёр хамтран амьдарч байсан хэдий боловч бидний эд хөрөнгө, бусадтай харилцах мөнгө төгрөгийн тооцоо тус тусдаа байсан. Газар авахаар өгсөн 10.000.000 төгрөг ЛЛид ямар ч хамаагүй мөнгө байсаар байтал Бүдсүрэн өөрийн ах хоосон хоцрох гээд байна гэж миний өөрийн хувиарт эд хөрөнгөөрөө олж авч байгаа эд хөрөнгийг миний зөвшөөрөлгүй бусдын нэр дээр эзэмших эрхийг шилжүүлж намайг хохироогоод байна. Би өөрийн нэр дээр банкнаас зээл авч уг газрыг худалдан авах гэж анх Бүдсүрэнтэй харилцан тохиролцож мөнгийг өөрийн гараар Бүдсүрэнд өгсөн болохоос ЛЛ анх хэлцэл хийж зээл аваагүй, мөнгийг өгөөгүй, уг зээлийн эргэн төлөлтөөс ЛЛ нэг ч төгрөг төлөлцөөгүй. Бид 2014 оноос хамтран амьдрахгүй болж салцгаасан. Би газар авах гэж банкнаас хүүтэй мөнгө зээлж авсан бөгөөд хэрэв газар ав гэж Бүдсүрэн надад хандаагүй бол би хүү төлж их хэмжээний зээл авахгүй байх байсан. Би ажилгүй, орлогогүй, банкны хүү, зээлийн эргэн төлөлтийг хийх гэж ах дүү хамаатан садангаасаа зээл аван төлж хохирч байна. Иймд Бүдсүрэн нь нэгэнт надтай харилцан тохиролцсон ёсоор миний нэр дээр шилжүүлж өгөх ёстой газрын эрхийг шилжүүлж өгөөгүй, өөр хүний нэр дээр миний зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн өгсөн байгаа учир түүнээс 10.077.000 /арван сая далан долоон мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б- анх Д.А-д 7 дугаар багт газар аваач гэж санал болгож, танд 10.000.000 төгрөгөөр уг газрыг өгье, миний өмчлөлийн газар гэж хэлсэн байдаг. Ингээд нэхэмжлэгч А- нь Хас банкнаас зээл авч 9.000.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөгийг Б-д өгөөд газраа авах гэхэд банкны барьцаанд байгаа, мөн тухайн газар нь бас өөр хүний нэр дээр байгаа нь мэдэгдсэн. Гэтэл тухайн газрыг шилжүүлэхдээ Д.А-гийн нэр дээр шилжүүлээгүй, өөр хүний нэр дээр шилжүүлсэн буюу түүний хамтран амьдарч байсан ЛЛийн нэр дээр шилжүүлсэн сураг сонсогдсон. Д.А-, ЛЛ нар хамтран амьдарч байсан хэдий ч тус тусын санхүүгийн тооцоотой байсан. Б- нь би мөнгийг аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч зуучлаад байгаа зуучлагч нь тухайн газрын үнийг хүлээн авсан нь хариуцагчийн тайлбараас харагдаж байгаа учир үүнийг хариуцахгүй байх үндэслэлгүй юм. 10.000.000 төгрөгийг авсан гэдгээ Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Худалдан авсан эд зүйлийнхээ үнийг төлсөн боловч тухайн газрын эрх шилжигдэн ирээгүй байгаа учир шаардах эрх үүсч шүүхэд хандсан байгаа юм. Д.А-д газар худалдан авах санал тавьсан байгаа нь гэрээнд оролцсон байдлыг харуулж байгаа. Газрын эрх шилжүүлэхэд 77.000 төгрөг хэрэгтэй гэсэн учир уг мөнгийг өгсөн боловч энэ мөнгөөр газар шилжүүлээгүй. Иймээс 10.077.000 төгрөгийг А.Б-гээс гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч А.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэрийг Б- гэдэг. Манай хадам ээж П.Б- нь 7 дугаар багийн нутагт байрлах өөрийн эзэмшлийн газрыг 2013 онд зурагтаар зар өгч худалдан борлуулж байсан. Тэр үед манай ах ЛЛ, эхнэр А-гийн хамт манайд ирэхдээ уг газрыг сонирхож үзэхээр болоход би хадам ээжийн утасны дугаарыг тэр хоёрт өгсөн. Тэр хоёр ээж рүү яриад үзэж сонирхоод авахаар тохиролцсон байсан. Газрын мөнгийг А-, ЛЛ хоёулаа манайд авч ирж өгөхөд нь би хадам ээж П.Б-д тоо ёсоор нь өгсөн. Үүнээс хойшхи асуудалд би оролцоогүй, манай ах хоосон хоцрох гээд байна гэж огт хэлээгүй. Уг зарсан газар нь П.Бат-Эрдэнийн нэр дээр байсан, тэр хүний өмч хөрөнгө учир энэ надад хамаагүй тул би нэхэмжилж буй 10.077.000 төгрөгийг төлөх ёсгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн газрыг 15.000.000 төгрөгөөр зарж байсан бөгөөд би ээжтэйгээ яриад 10.000.000 төгрөгөөр зарахаар болгож үнийн дүнг бууруулж байсан. Д.А- газрын мөнгөө өгөхөөр ирэхэд хадам ээж П.Б- байгаагүй учир манайд мөнгийг аваачиж өгөхдөө ээждээ өгөөрэй гэж хэлээд өгсөн болохоор дамжуулж өгсөн. Манай нөхөрт газар шилжүүлэх төлбөр 77.000 төгрөг өгсөн эсэх талаар мэдэхгүй. Иймд би 10.077.000 төгрөгийг төлөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч А.Б-д холбогдуулан 10.077.000 /арван сая далан долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах 203мхэмжээтэй газрын үнэ 10.000.000 /арван сая/ төгрөгийг өгч авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь газрын үнэ надаас авсан боловч тухайн газрын эзэмшил миний нэр дээр шилжиж ирээгүй тул өгсөн мөнгөө буцааж авна, хариуцагч 10.000.000 төгрөгийг газар зарж байсан хүнд өгсөн, би өөрийн эзэмшлийн газар зараагүй, зөвхөн зуучилж өгсөн учир нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ,

Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.2-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авахад гэрээ болон шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн газар бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж тус тус заасан байх бөгөөд дээрх эрх зүйн харилцаа зохигчийн хооронд үүсээгүй байна.

Хэдийгээр Д.А-, А.Б- нарын хооронд газар худалдах, худалдан авах, Д.А-гийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож, түүний үнийг авсан боловч үүрэг гүйцэтгэгч буюу А.Б- нь тодорхой эд хөрөнгө болох газрыг үүрэг гүйцэтгүүлэгч буюу Д.А-гийн эзэмших эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй тул өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар...нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан ба зохигч болох Д.А-, А.Б- нар 10.000.000 /арван сая/ төгрөгийг өгч авсан талаар хүлээн зөвшөөрсөн, хариуцагч нь газрын эрх шилжүүлэхээр өгсөн гэх 77.000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар няцаах нотлох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь 10.000.000 төгрөгийг манай ах А.ЛЛ, эхнэр Д.А-гийн хамт авчирч өгсөн, уг мөнгийг газар зарж байсан хүнд өгсөн, би өөрийн эзэмшлийн газар зараагүй, зөвхөн зуучилж өгсөн учир нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй гэж мэтгэлцэж байгаа ч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлага 10.077.000 төгрөгийг хариуцагч А.Б-гээс гаргуулж, нэхэмжлэгч Д.А-д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар, Д.А-гийн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Цагдаагийн газарт өгсөн тайлбар зэрэг нотлох баримтууд тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, зохигч бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тул гэрч Ж.Д-, Д.-, П.Б- нарын мэдүүлэг нотлох эрхээ алдах учир тус тус нотлох баримтад үнэлээгүй болохыг дурьдав.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг А.Бүдсүрэн гэсэн нэрээр тодорхойлж, шүүхэд нэхэмжлэл болон хүсэлт гаргаж байсан ч хариуцагч А.Б- гэсэн албан ёсны нэртэй болох нь нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан тухай баримтад бичигдсэн биеийн байцаалт болон бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар явуулсан баримтад зурсан гарын үсэг болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдсон болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 10.077.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 176.182 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.Б-гээс 10.077.000 /арван сая далан долоон мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч А.Б-гээс улсын тэмдэгтийн хураамж 176.182 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА