Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 01925

 

 

 

 

 

 

 

 

 

Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01874 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ю ХХК-ийн хариуцагч Ж ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 54 920 247 төгрөг гаргуулах үндсэн, засварын зардал 685 909 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю ХХК нь Ж ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт 16 ширхэг халаагуурыг худалдахаар тохиролцсон. Гэрээний төлбөрийг Ж ХХК нь 10 дугаар сарын 31-ний өдөр 25 000 000 төгрөг, 7 000 000 төгрөг, нийт 32 000 000 төгрөгийг хуваагаад үлдэгдэл төлбөрийг 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлж энэ гэрээний асуудал дууссан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тоног төхөөрөмж худалдан авах үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр нэмэлт гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн агуулга шинээр 15 тоног төхөөрөмж худалдан авсан. Гэрээ хүчин төгөлдөр болоход 8 ширхэг халаагуурыг эзэмшилдээ авч ашиглаад төлбөрийг 11 дүгээр сарын 21-ний өдөр төлөөд үүнийг төлсний дараа үлдэгдэл 7 ширхэг халаагуур аваад 32 000 000 төгрөгийг 11 дүгээр сарын 21-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Гэвч Ж ХХК нь 11 дүгээр сарын сарын 14-ний өдөр 8 ширхэг халаагуураа шилжүүлэн авч ашигласан. Урьдчилгаа төлбөр болох 34 400 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. 8 ширхэг халаагуурын төлбөр болох 34 400 000 төгрөгийг НӨАТ-тэй дүнгээр шаардаж байгаа. Ю ХХК нь 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс Чингэлтэй дүүрэг НӨАТ төлөгчөөр бүртгүүлээд гэрчилгээгээ авсан. НӨАТ төлөгч нь татвар, татвараас чөлөөлөгдөхөөс бусад тохиолдолд НӨАТ шаардах эрхтэй. НӨАТ төлөх үүрэгтэй. НӨАТ-гүй үнэ гэж тохирсон боловч НӨАТ дүн болох 3 400 000 төгрөгийг шаардаж байгаа. Алдангийн хувьд нэмэлт гэрээний 2.5.1, үндсэн гэрээний 7.1-т заасан байгаа. Иймд Ж ХХК 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 527 хоног төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар алданги 17 200 000 төгрөгийг шаардаж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 4 төрлийн засвар үйлчилгээний төлбөр нийт 2 630 764 төгрөг болсон. Үүнээс 685 900 төгрөгийг суутгаад үлдэгдэл 1 603 360 төгрөгийг шаардаж байгаа. Ж ХХК өмнө нь хэд хэдэн засвар үйлчилгээ хийлгэж байсан. Түүнийг тухай бүрт нь төлж байсан. Үүнээс хойш 2019 оны 03 дугаар сарын 02, 03, 05-ны өдрүүдэд засвар үйлчилгээ хийлгэж байсан. Тэдгээрийн зарим төлбөрийг төлөөд, зарим төлбөрүүдийг төлөөгүй. Талууд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн баримт үйлдсэн. Ингэхдээ халаагуурын төлбөр болох НӨАТ ороогүй дүн 34 400 000 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 1 948 456 төгрөг, нийт 36 348 456 төгрөгт тооцоо нийлсэн байна. Үүнээс харахад үндсэн 8 ширхэг халаагуурын мөнгийг хүлээн зөвшөөрсөн байгаа. Мөн засварын мөнгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн тухайд нийт 2 630 764 төгрөг болсон. Үүнээс 685 900 төгрөгийг суутгаад үлдэгдэл 1 603 360 төгрөгийг шаардаж байгаа. Ж ХХК нь өмнө нь хэд хэдэн засвар үйлчилгээ хийлгэж байсан. Түүнийг тухай бүрд нь төлж байсан. Үүнээс хойш 2019 оны 3 дугаар сарын 02, 03, 05-ны өдрүүдэд засвар үйлчилгээ хийлгэж байсан. Тэдгээрийн зарим төлбөрийг төлөөд, зарим төлбөрүүдийг төлөөгүй. Тийм учраас засварын мөнгөнөөс хасаад тооцсон байгаа. Энэ мөнгөн дүн дээр тооцоо нийлсэн байгаа гэжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлахдаа хооронд нь холиод байна. Энэ 2 гэрээний эхний гэрээгээр 16, нэмэлт гэрээгээр 8 гээд нийт 24 ширхэг тоног төхөөрөмжийн асуудал яригдаж байгаа. Эхний гэрээ 20 хоногийн хугацаа хэтэрснийг эс тооцвол төлсөн. Сүүлийн нэмэлт гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулаад үүний мөнгийг төлөөгүй асуудал яригдаж байгаа. Энэ 2 байгууллага одоо л өр төлбөрийн асуудал яриад байгаа болохоос өмнө нь байнгын харилцаатай байсан. Манайх тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирээд Монголын компаниудад нийлүүлдэг. Нийлүүлдгээс өөр брэндийн тоног төхөөрөмжийг засаж өгдөг үйлчилгээ үзүүлдэг. Тэгэхээр хариуцагч манайхаас авсан тоног төхөөрөмжөө засуулсан уу эсвэл өөр тоног төхөөрөмж засуулсан уу гэдгээ нотолж чадахгүй байна. Хуульд заасан үндэслэл бүхий хүлээлцсэн баримт тооцоо нийлсэн актаар харагдаж байгаа. Үүнд маргаад байх шаардлага байхгүй. Маргаж байгаа бол хариуцагчийн зүгээс баримт гаргаж өгөх ёстой. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар үүрэг үүснэ. Шууд утгаараа төлбөртэй гэдэг нь хариу тайлбараас нь харагдаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 32 000 000 төгрөг төлсөн баримт гаргаж өгсөн. Ю ХХК-ийн 81 50 00 00 30 дансанд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 32 000 000 төгрөг төлсөн байгаа. Тухайн гэрээг байгуулахдаа НӨАТ ороогүй гэж заасан байж одоо НӨАТ орсон үнэ авмаар байна гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Үлдсэн 7 ширхэг тоног төхөөрөмжөө аваагүй. Мөнгөө төлсөн тоног төхөөрөмжөө авсан учраас харилцаа дууссан. Гэрээний 6.1-т 3 сарын баталгаат хугацаатай гэж заасан. 3 сарын баталгаат дуусаагүй байсан учраас баталгаат хугацаанд төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Манайх мөнгөө төлсөн. Баталгаат засварын хугацаа дуусаагүй байгаа учраас мөнгийг төлөх шаардлага байхгүй. Гэрээнд заасан баталгаат хугацаа дуусаагүй учраас уг мөнгийг төлөх үндэслэлгүй Засварын төлбөрийн мөнгө гэж нэхэмжилсэн 685 909 төгрөг суутгасан. Энэхүү суутгасан мөнгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Ж ХХК-аас 51 600 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ю ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 388 456 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ю ХХК-аас 685 909 төгрөг гаргуулан, хариуцагч Ж ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 551 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 011 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас 415 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Юнитра” ХХК-д, нэхэмжлэгч Ю ХХК-аас 21 011 төгрөг гаргуулж, хариуцагч Ж ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ж ХХК нь Ю ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Гэрээний 1.1, 4.1.1-т 2018 оны 11 сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 2018/111 тоот “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах” гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах” гэсэн нэр бүхий 64 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан. Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2.5.1-т В360 загвараас 8 ширхэг худалдан авч урьдчилгаа төлбөр болох 32 000 000 төгрөгийн төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр “24 897 313 пуужингийн төлбөр” гэх баримтаар шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хавсралт 1-ийг талууд тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажаагүй нэр агуулгын хувьд адил баримтууд байна. Гэтэл нэхэмжлэгч тал дээрх нэмэлт гэрээний төлбөрийг нэхэмжилж байгаа тухайгаа тодруулгадаа тайлбарласан. Шүүх талуудын худалдах, худалдан авах гэрээ түүний нэмэлт өөрчлөлтийн жинхэнэ агуулга болоод хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлаагүй. Худалдах, худалдан авах гэрээ үндсэн гэрээтэй талууд маргаагүй зөвхөн түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр хүлээлгэн өгсөн нийт 8 ширхэг тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжилсэн.

Гэрээний зүйлийн чанар: 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.1 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дахь хэсгүүд, болон 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 2018/111 тоот “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 1.1 дүгээр зүйлийн 1.1.1 дэх хэсэгт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу худалдан авагчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дахь хэсгүүдэд тус тус зааснаар тоо хэмжээний хувьд доголдолгүй тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй. 2 гэрээгээр хүлээн авсан тоног төхөөрөмжийн төлбөрийг бүрэн төлсөн байхад гэрээний хавсралтуудад заасан тоо хэмжээгээр давхардуулан нэхэмжилсэн нь дээрх 2 гэрээний зүйл заалтаар тодорхойлогдоно. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 36 348 456.10 төгрөгийн тооцоо нийлсэн баримт нь энэ хэрэгт хамааралгүй баримт. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид маргааны зүйлийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталж, хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 54 920 274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ж ХХК-аас 51 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдсэн хэсэг 5 388 456 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө талууд маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ” байгуулсныг шүүхэд ирүүлжээ. Уг гэрээнд хариуцагч Ж ХХК нь шүүхийн шийдвэрийн 45 364 406 төгрөгийг биелүүлж, нэхэмжлэгч Ю ХХК нь 6 235 594 төгрөгөөс татгалзаж байна” гэж харилцан тохиролцож, зохигчдын төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

 

Талууд дээрх нөхцлөөр эвлэрэн хэлэлцэж “Эвлэрлийн гэрээ” байгуулсан нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар маргаж буй зүйлийн талаар эвлэрэх эрхээ зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэрэгжүүлэх боломжтой байдаг.

 

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01874 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ж ХХК нь 45 364 406 төгрөгийг нэхэмжлэгч Ю ХХК-д төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Ю ХХК нь нэхэмжлэлийн 6 235 594 төгрөгийн шаардлагаас татгалзахаар зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 415 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ