Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 126/ШШ2024/0118

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*********-н дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б*********-ндхолбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*********-н дүгнэлтдээ: ... С.Б*********-н нь мод бэлтгэхдээ хугацаадаа бэлтгэж тээвэрлээгүй хугацаа хэтрүүлэн тээвэрлэсэн гэх зөрчлийн 2338000854 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Г.Б*********рт2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Материалд авагдсан нотлох баримтуудтай танилцахад гэрч А.Г*********...Манай Г*********ХХК нь мод бэлтгэх ковшгүй болчихоод Болдбаяр ахын ковшийг хөлсөлж мод ачуулсан юм. Тухайн ажиллуулсан үнэ хөдсөндөө Болдбаяр ахад талбайгаасаа 10 гаруй ширхэг 4 метрийн дүнз мод өгсөн..., ачиж тээвэрлэж явж байгаад цагдаад шалгуула эрхийн бичигт заасан хугацаандаа модоо тээвэрлэж аваагүй байсан... гэх мэдүүлэг авагдсан байх бөгөөд хууль бусаар, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэж, хугацаа хэтрүүлсэн тээвэрлэсэн байж болзошгүй байна.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсанд Г.Б*********рнь ..., тогтоосон шаардлагыг биелүүлээгүй, хугацаа хэтэрсэн эрхийн бичигтэй мод тээвэрлэсэн гэсэн үндэслэл дурджээ.

Харин мод бэлтгэж тээвэрлэхдээ хугацаа нь дууссан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээтэй явсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох бөгөөд холбогдогч Г.Б*********ртЗөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, зөрчлийн тухай хуулийг төсөөтэй хэрэглэсэн байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны холбогдогч Г.Б*********ртшийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б*********-ны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0048225 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б*********-н тайлбартаа: Прокурор дүгнэлтдээ ...Иймд эрх бүхий албан тушаалтны холбогдогч Г.Б*********ртшийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Байгаль орчин жуулчлалын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б*********-ны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0048225 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах... гэжээ.

Миний зүгээс дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Б*********-н нь ...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0048225 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Эрдэнэбулган сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0048225 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухайгаа холбогдогч Г.Б*********ртмэдэгдэж, баримтжуулах үүрэг хүлээнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*********-н гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 0048225 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ГАНЧИМЭГ