| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2015/00239/и |
| Дугаар | 155/ШШ2016/00440 |
| Огноо | 2016-04-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2016/00440
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Т.Н
Хариуцагч: Н.Д
1.311.677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2015/00239/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д, хариуцагч Н.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Надтай хамтран ажиллаж байсан Түвшинбуянт хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллаж байсан Н- овогтой Д- РД:/РЮ****/ нь 2015 оны 09-р сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж 2015 оны 09-р сарын 11-ний өдөр 1,821,160.00 /нэг сая найман зуун хорин нэгэн мянга нэг зуун жар/ төгрөгийн бараа, нэмж 2015 оны 10-р сарын 23-ны өдөр 546,800.00 /таван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийн падаан бичүүлж зээлээр авсан. Үүнээс 2015 оны 11-р сарын 29-нийг хүртэл нийт 1,340,000.00 /нэг сая гурван зуун дөчин мянга/ төгрөгийг өгч барагдуулсан. Үлдэгдэл төлбөр 1,027,960.00 /нэг сая хорин долоон мянга есөн зуун жар/ төгрөгийг өнөөлрийг хүртэл төлж барагдуулаагүй байна ...Манай нийлүүлсэн бараа байвал буцаалт хийж тооцоогоо дуусгавар болгож болно гэсэн хүсэлт тавихад бараа байхгүй Т- гэж хүн танай барааг хурааж авч явсан гэсэн үл ойлгогдох тайлбар хэлдэг. Миний хувьд Н.Д-тэй гэрээ хийж бараа нийлүүлсэн, Т- гэж хүнд бараа өгөөгүй, тийм учраас Н.Д-гээс барааны төлбөрөө төлөхийг шаарддаг ...Н.Д-тэй байгуулсан гэрээний дагуу тохиролцсон хугацаанд барааны төлбөрийг барагдуулахгүй бол хоног тутамд 0,3 % алданги тооцно гэсний дагуу сүүлд авсан барааны он сар өдөр болох 2015 оны 10-р сарын 23-ны өдөр, гэрээнд дараа сарын 25-ны дотор нийт төлбөрийн 80%-ийг төлөөгүй тохиолдолд хоногийн 0,3%-ийн алданги тооцно гэсэн заалтыг зөвшөөрч гэрээ байгуулсаны үндсэн дээр үлдэгдэл төлбөр болох 1,027,960.00 төгрөгийг 2015 оны 11-р сарын 25-ны өдрөөс 2016 оны 02-р сарын 25-ны өдөр хүртэл 92 хоног байгаа бөгөөд алданги 283,717 /хоёр зуун наян гурван мянга долоон зуун арван долоо/ төгрөг, нийт 1,311,677 /нэг сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун далан долоо/ төгрөгийг гаргуулж өгч туслана уу гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
Хариуцагч Н.Д- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н.Д- миний бие Т.Нтэй Худалдаа хамтын ажиллагааны гэрээ-г 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр №32-той гэрээг 2017 оны 9 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулан хамтран ажиллаж байсан. Гэтэл би Идэр бөөний төвийн борлуулагчаар ажиллаж байхад 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр миний жолоодож явсан портер маркийн машин шатсан бөгөөд намайг Идэр дэлгүүрийн эзэн Т- нь цагдаагийн газар шалгуулж байгаа бөгөөд Түвшинбуянт дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байтал Ч.Т- нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний үед бүх барааг авч явсан. Үүнд нэхэмжлэгч Т.Н гуайн бараа буюу 1.027.960 төгрөгийн барааг авч явсан байгаа болно. Ингээд галын дүгнэлт нь машины цахилгаанаас болсон гэдэг нь тогтоогдсон бөгөөд би Идэр дэлгүүрт бараа түгээгч хийж байхад нийгмийн даатгал төлөөгүй мөн амралтгүй ажиллаж байсныг хөдөлмөрийн байцаагчаар дүгнэлт гаргуулж Ч.Т-т төлүүлэхээр даалгасан байгаа болно. Иймээс би Ч.Т-аас улсын байцаагчийн актаар тогтоогдсон мөнгөө гаргуулж авч байгаад Т.Н гуайн барааны үнэ 1.027.960 төгрөгийг гаргуулж өгөх болно гэжээ.
Хариуцагч Н.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1.311.677 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Н.Д-д холбогдох, 1.311.677 /нэг сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун далан долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Нгийн 1.311.677 /нэг сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун далан долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Д- нь зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.937 /гучин таван мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-гээс 35.937 /гучин таван мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийг төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба шүүх хуралдаанд хариуцагч Н.Д- нь өмгөөлөгчгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч Б.О-гийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Нгийн 1.311.677 /нэг сая гурван зуун арван нэгэн мянга зургаан зуун далан долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Д- төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 35.937 /гучин таван мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-гээс 35.937 /гучин таван мянга есөн зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН