| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00274И |
| Дугаар | 155/ШШ2016/00442 |
| Огноо | 2016-04-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2016/00442
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С-ын А-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2016/00274/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч С.А- нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.А- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жил болон 10 жилийн дунд сургуульд 1989 оны 08 сарын 25-ны өдрөөс 1992 оны 06 сарын 10-ны өдрийг хүртэл түүхийн багшаар ажиллаж байсан. Энэ хугацаанд 8 дугаар анги төгсгөөд, дараа нь дахиад 4 дүгээр анги дааж аван ажиллаж байгаад ар гэрийн шаардлагаар Мөрөн суманд шилжиж ирсэн. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Тосонцэнгэл суманд ажиллаж байсан хугацааны тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Аймгийн Архиваас баримт шүүлгэхэд Тосонцэнгэл сумын сургуулийн баримт архивт ирээгүй гэсэн хариу өгсөн, Тосонцэнгэд сумын захиргаа шатах үед тухайн үеийн баримт бичиг шатсан учир олдохгүй байна. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сургууль анх намайг 1989 онд ажилд ороход 8 жилийн сургалттай байж байгаад 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 10 жилийн сургалттай болсон юм. Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийг 10 жилийн сургалттай болсны дараа ажлаасаа гарсан учраас хөдөлмөрийн дэвтэрт 10 жилийн сургалттай сургууль гэж нөхөж бичигдсэн байсан. Би 1991 онд жирэмсний амралтаа авч амарч байгаад ажилдаа оролгүй, Мөрөн сум руу шилжиж байсан. Иймд намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус түүхийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.А- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч С.А- Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд түүхийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1983 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгосон ...05. 1989 оны 08 сарын 21-ний өдөр. Ар гэрийн гачигдлаар Хөвсгөл аймагт шилжих болсон тул Гурван булаг сумын 8 жилийн дунд сургуулийн түүхийн багшийн ажлаас чөлөөлж, Хөвсгөл аймгийн Ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв. Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 98 тоот тушаалаар, 06. 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдөр. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд түүхийн багшаар томилон ажиллуулав, Хөвсгөл Тосонцэнгэл 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 8 сарын 25-ны өдрийн 27 тушаалаар, 07. 1992 оны 06 сарын 10-ны өдөр. Өөр газар шилжин ажиллах болсон учир Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуулийн түүхийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлөв, Хөвсгөл Тосонцэнгэл 10 жилийн сургалттай сургуулийн захирлын 1992 оны 06 сарын 15-ны өдрийн 18-р тушаалаар, 08. 1992 оны 07 сарын 27. Мөрөн сумын 10 жилийн 2-р дунд сургуульд бага ангийн багшаар томилов, Хөвсгөл аймаг АБХ-ийн даргын 1992 оны 06 сарын 02-ны өдрийн 50-р тушаалаар, 09. 1995 оны 03 сарын 23. Мөрөн сумын 2-р дунд сургуулийн бага ангийн багшаас чөлөөлж, Мөрөн сумын 3-р сургуульд бага ангийн багшаар томилов. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын НБХ-ын даргын 1995 оны 03 сарын 23-ны өдрийн 15-р тушаалаар, 1995 оны 01 сарын 01-ээр тасалбар болгож хаав, НД дэвтэр аваагүй... гэх бичилттэй 042966 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн С.А-ын 1990 оны 01 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, С.А-ын Тосонцэнгэл сумын 8 жилийн сургуулийн дунд ангийн багш нарын хамт 1989 онд авахуулсан гэрэл зургууд, 1982-1990 оны Тосонцэнгэл 8 жилийн сургуулийн 18 дугаар төгсөлт, ангийн багш А-, 8В анги хамт олны төгсөлтийн зураг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ...Түүх нийгмийн багш С-ын А- нь тус сургуульд 1989 оны 8 дугаар сарын 25-нд захирлын 27 тоот тушаалаар түүхийн багшаар ажилд орж, 1992 оны 6 дугаар сарын 15-нд захирлын 18 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нь үнэн гэх бичилттэй 18 дугаартай тодорхойлолт, гэрч Д.Э-ын ...1989 онд бид хоёр Мөрөн сумаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд багшлахаар томилогдон очиж байсан. Би зураг хөдөлмөрийн багшаар, А- түүхийн багшаар очиж байсан. 1989 оны 08 сарын 20-ны үед очиж байсан. Боловсролын хэлтсээс багш нарыг томилдог байсан юм. Ингээд хамт Тосонцэнгэл сумын 8 жилийн сургуульд байхад тус 8 жилийн сургууль нь 1990 оны 6 дугаар сарын 11-нд Тосонцэнгэл сумын 10 жилийн сургууль болсон. 10 жилийн сургуульд ажиллаж багш А- нь 1991 оны 09 сард хичээлийн жил эхлээд жирэмсний амралтаа аваад амарсан. Оронд нь Нанзадын Нарантунгалаг гэдэг багш орж ажилласан. С.А- багш жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа ороогүй, Мөрөн суманд шилжин ажилласан...1992 оноос Мөрөн суманд ажилласан... Тасралтгүй ажиллаж байсан...сүүлд заах аргач, багшийн алдар, боловсролын тэргүүн, багшийн гавьяа зэрэг шагнал урамшуулал авсан...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн сургуульд 1989 оны 8 сараас 2001 он хүртэл зураг хөдөлмөрийн багш, биеийн тамирын багшаар ажиллаж байгаад Мөрөнгийн төвд шилжин ирж өөр газарт багшилж байгаа... гэх мэдүүлэг, гэрч Д.А-гийн ...С.А- багш Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн сургуульд 1989 оны 09 сарын 01-нд хичээлийн жил эхлэхэд манай ангийг дааж авч байсан. Түүхийн багшаар ажиллаж байсан. Бид 1989 онд 7 дугаар анги байсан ба 1990 онд С.А- багштай 8 дугаар ангийг төгсөж байсан юм. С.А- багш 1990 оны 06 сард 8В ангийг төгсгөж байсан. 31 хүүхэд төгсөж байсан... түүнээс хойш багшийн ажилласан талаар мэдэхгүй байна... тасралтгүй ажиллаж байсан...Манай анги даасан багш маань юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
С.А-ын ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Тус аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийн захирлын 1989, 1990 оны тушаал шилжиж ирээгүй тул С.А-д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/105 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ...Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж 2736534 төгрөгний хохирол учирч шатсан гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жаруд овогт С-ын А-ын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн сургуульд 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд түүхийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА