Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 00156

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн О.Одончимэг,

улсын яллагч Ц.Сувдаа,

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 132/2017/0133/Э индекстэй, 1715000500010 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр 7 хүүхэдийн хамт Булган аймгийн Рашаант суманд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Самдан овогт Д.С

Холбогдсон хэргийн талаар:

Д.С нь /яллах дүгнэлтэнд бичснээр/ 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг “Элсэн тасархай” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсний улмаас Ц.Гүнбилэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С өгсөн: 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сансарын тов орчихоод зүүн гар тийшээ дохио өгөөд салахдаа урьдаа байсан машиныг гаргалгүй ийм хэрэг хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

  1715000500010 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Гэрч Н.Баярмагнайгийн өгсөн: Завхан аймгийн Баянхайрхан сумаас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Мөнх-эрдэнэ гэж нутгийн хүний машинаар Улаанбаатар хот руу явна гэхээр нь 13:00 цагийн үед тус сумаас Оюунгэрэл, Отгонтуяа, Цэндсүрэн, Намсрайдорж нарын хамт Улаанбаатар хот руу нийт 7 хүн зорчиж явсан. Тэгээд замдаа Завхан аймгийн Тосонцэнгэл сумын замын зоогийн газар хоолонд ороод 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20:00 цагаас замдаа гараад 01-06 цагийн хооронд амраад 10:00 цагийн үед Булган аймгийн рашаант сумын Тарны гүүрний гэр цайны газарт хоолонд бид нар орчихоод тэндээсээ элсэн тасархай гэх газар 200-н метр орчим өнгөрөөд явж байтал улаан хүрэн өнгийн машин өөдөөс урсгал сөрж ирэн хөндлөн зогссон тэгээд манай машины жолооч тоормоз гишгэсэн боловч зорчиж явсан тээврийн хэрэгсэл маань гулгасаар байгаад урд зогссон тээврийн хэрэгслийн урд хэсэг рүү нь мөргөөд замын буруу тал руу гараад зогссон яг юунаас болоод мөргөлдсөн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Дуудлагыг Намсрайдорж ах Улаанбаатар хотын 103 дугаар луу залгаад Булган аймгийн Рашаант суманд дуудлага өгсөн тэгээд Цэндсүрэн эгчийн хүүхдийн хамт замын унаанд гуйж суугаад эмнэлэгт ирж эмнэлэгийн туслалцаа авсан. Тухайн машин мөргөлдөх үед арын суудал дээр Оюунгэрэл, Отгонтуяа, Цэндсүрэнгийн хамт 4-том хүн, нэг хүүхдийн хамт зорчиж явсан.  ...гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,

Гэрч Б.Намсрайдоржийн өгсөн:...элсэн тасархай гэх газар өнгөрөөд явж байтал өөдөөс машин зүүн гар тийшээ эргэх гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг ямар нэг дохио өгөөгүй зогсож байгаад  миний сууж явсан тээврийн хэрэгсэл тэр машин руу ойртох үед нөгөө машин гэнэт зүүн гар тийш эргэсэн.Тэгээд миний сууж явсан баруун гар тийш дарж хоёр машин хоорондоо мөргөлдсөн гэх мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,

Гэрч Л.Отгонтуяагын өгсөн:...Цэндсүрэнгийн хүүхэд Гүнбилэгтэй тоглоод сууж байтал гэнэтхэн л машин мөргөлдөөд замын хажуу талын хэсэг рүү гараад зогссон яг юунаас болоод мөргөлдсөн эсэхийг би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

Гэрч Б.Цэндсүрэнгийн өгсөн:...хүү Гүнбилэгийг тэвэрч авахад хоёр машин мөргөлдөөд зогссон яг юунаас болоод мөргөлдсөн эсэхийг би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9034 тоот 1. Хохирогч Ц.Гүнбилэгийн биед дух ясны баруун талаас нүдний ухархайн дээд ханаруу үргэлжилсэн шугаман хугарал, хугаралын харалдаа хатуу хальс дээрхи цус хуралт, тархи доргилт, зүүн зовхи, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 46 хуудас/

Булган аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №42 тоот: Жолооч Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. 1.Жолооч Д.С нь Замын хөдөлгөөний дүрмийн МУ-н ЗХД-ийн 2.1.а “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалт, замын хөдөлгөөнийд үрмийн 2.3.б “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэхлэхгүй байх” заалт, ЗХД-ийн 7.12 “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт Замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсралтын 7.1 заалтыг тус тус зөрчсөн байна. 2. 74-52 УБО, 99-35 УНО тээврийн хэрэгслүүдэд 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын талаар эвдрэл, гэмтэл тусгагдаагүй байна. 3. Зорчигч нар Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. 4. Зам тээврийн осол гарах шалтгаан нь: тухайн замд эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Зүүн гар эргэхдээ өөдөөс яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлээгүй нь зам тээврийн осол, хэрэг гарах шалтгаан болсон байна гэх дүгнэлт /хх-ийн 74 хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16 хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 хуудас/ зэрэг  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг “Элсэн тасархай” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсний улмаас Ц.Гүнбилэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан факт, үйл баримт тогтоогдож байна.    

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9034 тоот дүгнэлтээр...хохирогч Ц.Гүнбилэгийн биед дух ясны баруун талаас нүдний ухархайн дээд ханаруу үргэлжилсэн шугаман хугарал, хугаралын харалдаа хатуу хальс дээрхи цус хуралт, тархи доргилт, зүүн зовхи, тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Иймд шүүгдэгч Д.Сын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний хүний эрүүл мэндэд хүнд хохирол учлруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.        

   Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Цэндсүрэнд 1.210.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэд 3.900.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Цэндсүрэн нь энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Самдан овогт Д.Сыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Ст тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай. 

3. Энэ хэрэгт шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Цэндсүрэнд 1.210.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэнэд 3.900.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Цэндсүрэн нь энэ хэрэгтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ж.ДЭЛГЭРМӨРӨН