Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 0013

 

 

 

 

 

 

 

Н.Зд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Д.Азжаргал, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Ц.Б

Шүүгдэгч                                           Н.З

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Ц

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлээр Н.Зд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Н-ын З,

 

Н.З нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээр         аймаг         сумын нутаг дэвсгэр      гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхийг эдийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн,

улмаар үргэлжилсэн үйлдлээр       аймгийн        сумын       багийн        тоот гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын 653,7 грамм жинтэй түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээ, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Н.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овгийн Н-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-н З-г 3 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Н.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 ширхэг ууттай ургамал, 20 ширхэг жижиг гялгар уут, А6 бичигтэй жижиг гялгар уут 1 ширхэг, гялгар ууттай мөнгөлөг цаас 1 ширхэг, Кока кола гэсэн бичигтэй ундааны савтай ургамал /ний ургамлын жин 653,7 грамм/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Зд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэлт хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй, хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнд оногдуулсан ял хөнгөдсөн байна.

Учир нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэх 4 үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Шүүгдэгч Н.Зын үйлдэл нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх 2 шинжийг агуулсан, мөн 653.7грамм жинтэй их хэмжээний бодис байхад шүүх “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, бага насны хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг” байдлыг харгалзан үзлээ гэж дүгнээд, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “..нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор...” хуульчилсан бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь нийгмийн хор аюул ихтэй,\ олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай зэргийг харгалзан үзэлгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хэргийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, оногдуулсан эрүүгийн хариуцлага тохироогүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/16 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.З тайлбартаа: ... Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: ... Энэ гэмт хэргийг үйлдсэн гэж 3 жил өөртөө дүгнэлт хийж, ялын зорилго биелсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Б дүгнэлтдээ: ... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгчийн хувийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Зд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.З нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээр        аймгийн        сумын нутаг дэвсгэр         гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхийг эдийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр       аймгийн        сумын         багийн         тоот гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл дээрх сэтгэцэд нөлөөт бодисын 653,7 грамм жинтэй түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээ, хууль бусаар хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болсон байна.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Зын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгчийн хувийн байдал, бага насны хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.

 

            Тухайн шийдвэрийг эс зөвшөөрсөн дээд шатны прокурор анхан шатны шүүх шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгчид хуульд заасан ялын хэмжээний дотор зохих ял оногдуулсныг эс зөвшөөрч прокуророос шүүгдэгчид хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй юм.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар ... дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал, ... дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол, ... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол, ... дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал ... шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж ойлгоно.

 

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн хадгалсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэнээр төгсдөг, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй бөгөөд шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Хэдийгээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь Монгол улсын үндэсний эрх ашиг, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол аюул учруулж байдаг боловч хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хөнгөн ангиллын гэмт хэрэг байхаар хуульчилжээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан шүүгдэгч Н.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулаагүй, хэт хөнгөн ял оногдуулсан байна гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын ... зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хэргийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, оногдуулсан эрүүгийн хариуцлага тохироогүй байна ... гэсэн агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                       Д.АЗЖАРГАЛ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР