| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00325/И |
| Дугаар | 155/ШШ2016/00444 |
| Огноо | 2016-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2016/00444
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Иын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С-д холбогдох
Зээл 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2016/00325/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Авъяас 8 сургуульд багшаар ажилладаг. 2014 оны 09 сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Төрийн банкны эдийн засагч ажилтай П.С- нь намайг 1 сарын хугацаатай мөнгө зээлчих, цалингийн зээл аваад өгчих, би зээлийг чинь хариуцаад хурдан гаргаад өгнө гэж гуйсан. Би түүнийг банкны ажилтан юм чинь гайгүй байх гэж итгээд 2014 оны 10 сарын 02-ны өдөр цалингийн зээл авч тэр өдрөө С-д 1 сарын хугацаатай бэлнээр нь өгч зээлсэн. 1 сарын хугацаа өнгөрсөн боловч С- нь мөнгөө өгөөгүй, надад яаралтай мөнгөний хэрэг болоод байсан учир С-д өгсөн мөнгөө буцааж авъя гэж нэхэхэд 2.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд үлдэгдэл 2.500.000 төгрөгийг удахгүй өгнө гэж байсан. Гэтэл энэ цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл С- нь зээлсэн мөнгөний үлдэгдэл 2.500.000 төгрөгийг өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Намайг С-гээс мөнгөө нэхэхээр өгнө, одоохон хүнээс мөнгө авах ёстой боловч өгөхгүй байна, хүлээж бай гэж хойшлуулсаар байгаа боловч өгөөгүй, сүүлийн үед бүр утсаа ч авахгүй алга боллоо. Иймд С-гээс 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.С- шүүхэд гаргасан тайлбартаа: Пүрэвдорж овогтой С- миний бие Ж.Иын нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.И нь хариуцагч П.С-д холбогдуулан зээл 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.950 төгрөгийн тал хувь болох 27.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.С-гээс улсын тэмдэгтийн хураамж 27.475 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Иын зээл 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч П.С- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгөөс 27.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.С-гээс улсын тэмдэгтийн хураамж 27.475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА