| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00340/И |
| Дугаар | 155/ШШ2016/00445 |
| Огноо | 2016-04-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2016/00445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х.Д
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 155/2016/00340/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Д- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х.Д- Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1979 оны 01-р сарын 01-ний өдрөөс туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш хоньчин, саальчнаар тус нэгдэлд 1991.12.31-нийг дуустал нэгдэл тартал нь ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Х.Д- миний бие Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979.01.01-1991.12.31-нийг дуустал хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Д- нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Д- нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь Хөхрөн овогтой Д-гийн 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Гэрчилгээ, 1982 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Сайшаалын үнэмлэх, 1976 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн Баярын бичиг, Хөвсгөл аймгийн Жаргалант амьдрал нэгдлийн гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн хуулбар, гэрч **************** нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Х.Дарвсүрэн нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дөрт овогт Х-гийн Д-гийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Х.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН