| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2017/0161/Э |
| Дугаар | 161/ШТЦ/010 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Өрен |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 161/ШТЦ/010
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
улсын яллагч Х.Ө
нарийн бичгийн дарга Б.Ж
орчуулагч А.Е,
иргэдийн төлөөлөгч Б.Т
шүүгдэгчийн өмгөөлөгч С.А, Ө.Б
шүүгдэгч Е.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Е.Ад холбогдох 1713000000035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, яс үндэс казах, эмэгтэй, 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Д аймгийн ХД суманд төрсөн, урьд ял шийтгэлгүй, Б овогтой Е.А,
Шүүгдэгч Е.А холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е.А нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах **** айлын орон сууцны **** тоотод иргэн Ш.Ж-ыг хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Е.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах **** айлын орон сууцны 29 тоотод 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөрийн оройн 20 цаг 00 минутаас 20 цаг 20 минутын хооронд урьдын өш хонзонгийн шинжэтэй таарамжгүй харьцааны улмаас согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ иргэн Ш.Ж-н цээжин тус газар нь 1 удаа санаатайгаар хутгалж эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох
-Хохирогч Ш.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын үед...би Е.А-д хандаж чи хүний /Б/ амьдралд саад бололгүй, өөрийн гэр лүү яваач гэж хэлж байсан. Тэрнээс хойш бид нар Е.А, Б.Б нартай нэг их харьцахаа больсон байсан. Миний бодлоор Е.А тэр асуудлаас болж надтай үзэл бодол таардаггүй гэж үзэж байна…Тухайн үед би Е.А- нэг ч хараалын үг хэлж, хэл амаар доромжлоогүй…Е.А хутгалсан. Тухайн үед Е.А бидний сууж байсан заал өрөөнд орж ирсэнээ надад хандаж "Ж чи гар" гэж орилж, хашгирхаар нь би Е.А-д "би яасан юм" гэж хэлээд босоод ирж байтал шууд над руу дайрч ирээд гараа далайлгаж миний цээжний зүүн талд хутгалчихсан. Тэр үед би цээжнээс цус урсан гарч байхыг хараад шоконд орсон уу, ухаанаа алдчихсан уу тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Би А гартаа хутга барьж над руу дайрч ирж байхыг анзаарч хараагүй. Хэрэв Е.А гарт хутга байсныг харсан бол өөрийгөө хамгаалах байсан...Е.А хутгалахыг Ф.Е, К.Б, Б.Б нар харж байсан..." гэх мэдүүлэг. /XX-ийн 31-33, 34-35 дугаар хуудас/
-Гэрч Ф.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр...Бид нар Б гэрт ороход Б эхнэр болох А унтлагын өрөөнд газар ор зассан хэвтэж байх шиг харагдсан. Б бид нартай ярьж хөөрөөд "та гурав хаанаас ирж байна, хаашаа явж байна" гэж асуухаар нь Ж-ын гэрт очиж хоол идэхээр явж байгаа танайд гар утасаа цэнэглэж авахаар орж ирлээ, гэдэс өлсөж байна гэхэд Б надад будаа аягалж өгөөд, би хоол идээд сууж байсан. Б надад хоол аягалж өгсөний дараа бид нартай ярилцаж сууж байтал Б-ийн эхнэр нь болох А бид нар сууж байсан том өрөө буюу зочны өрөөнд орж ирээд Ж-г хараад "Жчи гар" гэж орилсон. Тэр үед Ж юу гэж хэлсэнийг нь анзаарсангүй босож ирж байтал А хүрч ирээд гартаа барьсан хутгаар Ж-ын цээжний зүүн талд хутгалсан. Би А "чи яаж байгаа юм бэ, наад хүнээ аллаа" гэж хэлээд босож ирээд Ж-ын цамцыг сөхөж үзэхэд Ж-ын цээжнээс цус гарч байхаар нь сандарсандаа газар байсан паркетний доор дэвсдэг гялгар цаасыг аваад Ж-ын цээжнээс цус гарч байгаа хэсгийг дарж…би Б-д Ж-ыг тэврүүлээд, түргэн, цагдаа дуудах гэж байхад Ж-н халаасанд байсан гар утас нь дуугарахаар нь би утсыг нь аваад ярихад миний эхнэр Н залгаж байхаар нь “Ж Б-ийн гэрт хутгалуулчихлаа, эхнэр нь болох А-т хэлээрэй” гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь Ж-ын утсаар түргэн тусламжруу залгах гэж байгаад цагдаа руу буруу залгасан ба ...байгаа газраа хэлж, “хүн хутгалуулсан байна,түргэн тусламж дуудаад хурдан ирээрэй” гэж хэлсэн.Түргэний эмч залгаж аль орц гэдгийг асуухад...орцны үүдэнд гараад ирэхэд Ж-ын эхнэр А ч гэсэн хүрээд ирсэн...А нь бидний сууж байсан өрөөнд орилж орж ирэх үед согтуу байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/
-Гэрч К.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б-ийн гэрт ороход жижиг унтлагын өрөөнд А зурагт үзээд хэвтэж байх шиг харагдсан. Е ахад Б хоол аяглаж өгсөн. Тэгээд Б, Ш.Ж, Ф.Е бид дөрөв тамхи асааж, хувааж татангаа хоорондоо ярьж хөөрч сууж байхад бидний сууж байсан том өрөөнд Е.А хашхирч орж ирээд…паркетний хэлтэрхий...зүйлээр Ер толгойноос 3-4 удаа цохиж байхаар, би А-д “чамд юу болсон юм” гэхэд А уг гартаа барьсан зүйлээр миний толгойнд цохингуут нь би гараа өргөж өөрийгөө хамгаалсан. А миний толгойноос цохиж байх үед Ж-д хандаж "Ж чамайг ална" гэж хэлэхэд Ж А-д "Чамд би яасан юм бэ" гэж хэлээд урьдаас нь босож ирэх үед А гартаа хутга барчихсан байсан ба Ж-ын цээжний зүүн талруу хутгалсан. Тэр үед би сандарсандаа шууд А хутгатай гарыг барьж аваад мушигахад гарт нь байсан хутга газар унасан. Би уг хутгыг аваад А хажуунаас холдуулаад хана руу шидсэн. Тэгж байхад Е ах Ж-ын хувцасыг сөхөж үзээд хутгалуулсан байна гэж хэлээд Ж-ыг надад тэврүүлээд паркетний доор дэвсдэг гялгар цаасны хаягдал хэсгийг авч өгөөд “цус гаргалгүй барьж байгаарай би цагдаа, түргэн дуудна” гэж хэлсэн...Е.А Ш.Ж нарын хооронд хэрүүл маргаан болоогүй...Е.А Ж-д “чамайг ална” гэж хэлэх үед гарт нь хутга байхыг хараад би босож А-ыг бариад авах гэсэн боловч амжаагүй...А нь Ж-ын цээжний зүүн хэсэгт нэг удаа хутгалсан...хутгалах үед Е, Б болон миний бие байсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр...гэрийн хаалгыг А-ны хүү М онгойлгож Ш.Ж, Ф.Е, К.Б гурав манай гэрт орж ирсэн. Тухайн үед миний бие нилээн согтуу байсан ба би тамхи татаад явж байх үед нэг мэдэхэд Б нар Ж-тыг А хутгалчихлаа “А чамд юу болсон юм бэ” гэж хэлж байсан. Б, Е нар Ж-тын хувцасыг сөхөж үзэхэд цээж нь тус газраас их хэмжээний цус гарч байсан. Тэгж байхад гаднаас Ж-тын эхнэр А болон хүүхэд нь орж ирсэн ба хүүхэд нь намайг нэг удаа цохихоор би гадаа гараад зугтаад явсан. Миний ойлгосноор тэд нарын ярьж байгаагаар А хүүхдээрээ хутга авхуулж Ж-тыг хутгалчихлаа гэж ярьж байсан...А Ж нар нь хоорондоо таарамж муутай юм.Өчигдөр ямар нэгэн хэрүүл маргаан болсон талаар мэдэхгүй...А-д хутгыг шүүгээнээс хүүхэд нь аваачиж өгсөн юм шиг байна...А Ж-тыг хутгалах үед Е, Бнар харж байсан... хүмүүс намайг Б гэдэг хоч нэрээр дууддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар хуудас/
-Гэрч Х.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 цаг 20 минутын үед миний дүү Х.Н над руу залгаж “Ж-тын гар утас руу залгасан чинь Е утасыг нь аваад Б-ийн гэрт Ж-тыг А хутгалчихсан гэж байна, чи хурдан яваад очоодох" гэхээр нь би хүү болох А-ыг хажуудаа дагуулаад Б-ийн гэрт очсон. Манай гэр **** айлын орон сууцны 1 дүгээр орцонд Б гэр болохоор тус байрны 4 дүгээр орцонд байдаг юм. Хүү А бид хоёр Б- ийн гэрт гүйж очоод хаалгыг тогшиход гэрийн хаалгыг Б тайлсан тэр үед А Б-ийн цээжнээс түлхэж бид хоёр дотогшоо ороход цаанаас нь заал өрөөнөөс Е "Ж-тыг А хутгалчихлаа" гэж гүйж гарч ирсэнээ, гадаа түргэн ирсэн байна би дагуулаад орж ирье гэж бид нартай зөрж гарсан. Бид хоёр заал өрөөнд явж ороход Бийн урьд талд Жын цээжнээс цус гарсан хэсгийг дараад сууж байсан. Б, Е нар Е.А Ж-г хутгалсан хутга нь тэнд хэвтэж байна гэж үзүүлсэн. Тус өрөөний хана дагуу цэнхэр өнгийн бариултай хутга газар шалан дээр хэвтэж байгаа харагдсан. Тэгж байхад түргэн тусламжийн эмч орж ирээд Ж-тыг үзээд “цус их алдсан байна яаралтай эмнэлэг рүү хүргэх шаардлагатай” гэж хэлээд эмнэлэг рүү авч явсан. Дараа нь цагдаа нар хүрээд ирэх үед Е.А нь цагдаа нарт “энэ авгай нөхрөө өөрөө хутгалчихлаа” гэж худал яриад байж байсан. Би цагдаа нарт би эмнэлэг рүү явлаа хутга нь тэнд хэвтэж байна гэж үзүүлчихээд яваад өгсөн...надад Е, Б нар миний нөхөр Ж-г А хутгалчихлаа гэж хэлсэн...намайг очиход А нь ухаанаа мэдэхгүй, хөлөө олж явж чадахааргүй согтуу байсан, Е, Б нар согтуу байсан эсэх нь мэдэгдэхгүй байсан ба Б хаалаг тайлах үед нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/
-Гэрч Х.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн үед байсан байх цагийг нь тодорхой санахгүй байна нөхөр Ф.Е-ын гар утас нь холбогдохгүй байсан тул…Ш.Ж-ын…утсанд залгахад миний нөхөр Ф.Е Ш.Ж-ын утасыг аваад "Б-ийн гэрт Ж-г А хутгалчихлаа, хурдан цагдаа, түргэнд мэдэгдээд Жын эхнэр Аыг дуудаарай" гэж хэлээд утасаа тасалсан. Би эгч Аын гар утас руу залгаад нөхөр Ф.Еын хэлснийг буюу "Бийн гэрт Ш.Ж-г А хутгалчихлаа гэж байна хурдан яваад очоорой" гэдгийг хэлсэн. Би хэсэг хугацааны дараа эгч Ат дахиж залгаад яасан очсон уу, юу болсон байна гэхэд Ж хутгалуулчихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/
-Гэрч К.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр...Б.Б, Е.А нарын гэрт очиж, архи ууж тэднийд хоносон. Маргааш өглөө нь би Бд мөнгө өгөөд дахиж нэг шил архи авхуулж уг архийг Е.А, Б бид гурав хувааж уусан…Жумахан нэг шил архи…аваад Бийн гэрт ирсэн. Тэгээд уг архийг задалж уугаад сууж байгаад…гараад явсан...би гадаа гарч хүнтэй уулзаж мөнгө аваад нэг шил архи авч дахиж Бийн гэрт очсон…тэр архийг уусаны дараа би нэлээн муудаж согтсон байсан ба нэг мэдэхэд Е.А бид хоёр үг зөрүүлж сууж байсан. Тэгээд...Халхаман нэг шил архи аваад Бийн гэрт ирсэн...уг архийг Б, А, Халхаман бид дөрөв хувааж уугаад сууж байхад А бид хоёр…хэрэлдсэн. Тэр үед А намайг ганц, хоёр удаа цохиод авхаар нь Б Халхаманд “өнөөдөр Аыг манай гэрт үлдээлгүй аваад яв, тэгэхгүй бол А алчиж магадгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/
-Насанд хүрээгүй гэрч Ж.Аийн мөрдөн байцаА шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрт сууж байхад 20 цаг 20 минутын үед...Х.Н ээжийн гар утас руу залгаж...”Ш.Ж Бийн гэрт хутгалуулсан гэж хэлж байна” гэхээр нь ээж бид хоёр Бийн гэрт гүйж яваад очсон. Бид хоёр Бийн гэрт очиж хаалгыг нь тогшиход Б хаалга тайлсан тэр үед би Бийн цээжнээс түлхээд бид хоёр дотогшоо орсон, Б болохоор гараад явсан. Бид нар Бийн гэрийн заал өрөөнд ороход аав Ш.Ж-ын цээжнээс цус алдаж, Б гэдэг хүний урд ухаангүй хэвтэж байсан. Бид нар Бийн гэрт ороход Е ах “түргэн тусламж байрны гадаа ирчихээд олохгүй байна гэж байна, дагуулаад ороод ирье” гэж хэлээд бид нартай зөрөөд гарсан, А..хүүхэдтэйгээ хамт явж байсан.Тэгж байхад бидний араас удалгүй түргэн тусламжын эмч ч гэсэн орж ирээд аавын биеийн байдалыг үзээд “яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай” гэж авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/
-Гэрч П.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Хохирогч Ш.Ж-ын цээжний хөндийн мэс заслын хагалгаанд ороход цээжний шарх нь цээжний зүүн тал руу нэвтэрсэн, 4-5 дугаар хавирганы завсараар, өвчүү орчмын шугамаар нэвтэрсэн шархыг шалгахад үнхэлцгэн хальс 1,5 сантиметр зүсэгдсэн, мөн баруун тосгуур 1,5 сантиметр зүсэгдсэн шархтай, шархнаас улаан ягаан өнгийн цус агших сулрах үед гарч байсан. Тухайн шарх болон үнхэлцэгэн хальсанд оёдол тавьж цусыг тогтоосон. Үнхэлцэгэн хальс болон цээжний хөндийд гуурс тавьж, цээжний гуурсанд самбар холбосон болно.Цээжний хөндийг үечлэн хаасан. Хэвлийн хөндийд эход хэвлийн хөндийд цус шингэн ихтэй, хутганы орсон хэвлийн ойролцоо байсан тул хэвлийн хөндийд оношилгоо эмчилгээний зорилгоор нээж шалгасан. Хэвлийг шалгахад илрэх гэмтэл байхгүй, элэг томорсон, элэгний гадаргуу мохой, хэвлийн хөндийд байсан 1 литр 200 мг орчим шингэнийг соруулж авав...Хохирогч Ш.Ж-ын биед учирсан гэмтэл нь аюултай, яаралтай арга хэмжээ авч мэс засалд ороогүй байсан бол амь насанд аюул учрах байсан. 7-8 хоногийн дараа эрүүл мэндийн байдал сайжрах эсэх нь тодорхой болно...Ш.Ж-д мэс засалд ороход хэрэглэсэн цээжний самбар, цээжний жадтай гуурс, үнхэлцэгэн хальсанд тавьсан жадтай гуурс зэргийг ГССҮТөвөөс авч ирж тавьсан ба дээрх эд зүйлийн бодит зардал 750000 төгрөг болсон ба уг зардалыг хувь хүн өөрөө төлөх ёстой. Одоогоор уг зардлыг төлөөгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дугаар хуудас/
-Е.А-н согтуурлын хэмээг шалгасан тэмдэглэлд:“...Драгер маркын багажаар согтуурлын хэмэээг шалгаж үлээлгэхэд 2.42 промилль зааж, согтууруулах ундаа хэргэлсэн болох нь тогтоогдов...” /хх-ийн 99 дүгээр хуудас/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-13 дугаар хуудас/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6х/
-К.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг бүхий СД /хх-ийн 18-22 дугаар хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн №352 дугаартай дүгнэлтэд: “...Ш.Ж-ын биед цээжний хөндийд зүүн талаас хатгагдаж нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцгийн хальс болон зүрхний баруун ховдлыг хатгагдаж орсон гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь амь насанд аюултай, амь тэнссэн байдалтай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” /хх-ийн 64 дүгээр хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9551 дугаартай дүгнэлтэд “...Эдгээрээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Ш.Ж-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” /хх-ийн 76 дугаар хуудас/
-Хохирогч Ш.Ж-ын эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх-ийн 155-183 дугаар хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн байцаалтаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-гийн шүүх хуралдаанд хэлсэн саналд: “...Е, Ж, Б нар шөнө дунд бусдын амарч байх хугацаанд Бийн гэрт ирж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан. Унтаж байсан Е.А-ныг сэрээгээд, Е.Алтанд хараалын үг хэлж, энэ гэрээс зайл гэдэг талаас нь доромжилсон, Энэ маргааны үед гэрт орж ирсэн 3 залууг хөөж, гаргах гэж байхад нь Бийн гарт хутга барьж байсан гээд шүүгдэгч хэлж байгаа. Бийн барьж байсан хутга нь Ш.Ж-ын цээжэнд зоогдсон...Б нь өөрөө би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө гэж удаа дараа хэлсэн, түүнээс гадна СД бичлэгийг үзсэн...өнөөдөр гэм буруугийн асуудлыг тогтоох боломжгүй...” гэв,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б-ийн шүүх хуралдаанд хэлсэн: “...Хэргийн газарт үзлэг хийхдээ хутганаас гарын хээ илрээгүй байгаа гэж байна. Хутгыг үзэхэд боржгор боловч ажиллагааны хэсгийн 2-3 хэсэг нь төмрөөр бүрээслэгдсэн байна. Энэ хэсэгт хүний гарын хээ үлдээх боломжтой...өнөөдрийн шүүх хуралдаанд Е.А-ны гэм буруу нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч талаас гаргаж өгсөн СД бичлэгийг Е.А анхнаасаа утсандаа бичлэг байгаа гэдгийг мэдээгүй, утасаар оролдож байгаад энэ бичлэгийг сонсоод, өчигдөр өмгөөлөгч С.А-д үзүүлсэн, өмгөөлөгч С.А хүсэлтээ гаргаад аваад ирсэн байгаа. Энэ СД бичлэг хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой үйл баримт агуулж байгаа учраас нотлох баримтаар өгч байгаа юм. Өнөөдрийн шүүх хуралдаанаар гэм бурууг тогтоох боломжгүй...Дахин мөрдөн шалгах ажиллагаа хийх ёстой...” гэв.
Улсын яллагч:“...Хэрэгт авагдсан бодит байдлыг тогтоох өөр нэмэлт ажиллагаа хийх нь тогтоогдохгүй байна...Б-ийг гэм буруутай болгож, зохиомол хэрэг болгож мэдүүлж байгаа нь тогтоогдож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх саналтай байгаа. Гэрч нарын өгсөн мэдүүлгийг зөрүүтэй, мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн ажиллагаа хийх нь өнөөдрийн шүүх хуралдаанд тогтоогдохгүй байна. СД бичлэг бүхий өнөөдөр шүүх хуралдааны шинжилсэн байцаалтад гаргаж өгсөн нотлох баримт нь хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт биш, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж авсан, өөрсдөө мөрдөн байцаалтын ажиллагаа хууль бусаар явуулсан, энэхүү нотлох баримтад хуульч хүний хувьд дүгнэлт хийвэл Б гэх хүн нь энэхүү бичлэгт согтуу байдалтай, хэл яриа ам нь орооцолдсон, эрүүл биш байсан нь сонсогдож байна. Энэхүү СД бичлэгийг нотлох баримтын хүрээнд судлах шаарлагагүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн ээж гэх эмэгтэй нь зандарсан, тулгасан үүднээс мэдүүлэг авч байгаа явдал нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, тухайн хүний архи уусан сул талыг ашиглаж, хууль зөрчсөн нь Эрүүгийн хуульд зааснаар тухайн хүнд мөрдөн шалгах ажиллагаа хийх нь харагдаж байна....Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоон шийдэж өгөхийг хүсэж байна...” гэв.
Шүүх хэрэгт авагдсан болох шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналууд нь үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:
- Уг гэмт хэрэг шөнийн цагаар биш, оройн 20:00 цагаас 20 цаг 20 минутын хооронд үйлдэгдсэн болох нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.
- Насанд хүрээгүй гэрч Ж.М-ийн мэдүүлэг нь бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа, мөн шүүгдэгчийн төрсөн хүү, хууль сануулж мэдүүлэг авах насанд хүрээгүй тул бодит байдлыг өөрөөр тайлбарлан мэдүүлэх боломжтой зэргийг харгалзан үнэн зөв мэдүүлэг биш гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 15-д заасны дагуу шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдаж байна.
- Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж тавьсан СД бичлэгийг шүүх хүлээн авч хэрэгт ач холбогдолтой, хуульд зааснаар олж авсан эсэхийг хэлэлцэж үзвэл улсын яллагчийн энэ талаарх санал үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “...энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэсний дагуу тус хэргийн нотлох баримтаар тооцоогүй болно. Өөрөөр хэлбэл гэрч Б.Б-ээс мэдүүлэг авсан тухай дээрх бичлэгийг хийхдээ гэрчийн эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, эрх бүхий албан тушаалтан, хуульд заасан журмын дагуу баримтжуулан аваагүй зэрэг үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1, мөн хулуийн 16.14 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн СД бичлэгийг нотлох баримтаар тооцохоос шүүх татгалзлаа. Хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн, шүүхэд ирүүлсэн холбогдох этгээдүүдийг прокуророос шалгах нь зүйтэй байна.
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Кримналистикийн ахлах шинжээч, ахмад Х.Б хутганаас гарын мөр илрүүлэх зорилгоор...нунтаг түрхэж, үслэг багс хэрэглэж үзэхэд уг хутганы бариул хэсэг буржагар, арзагар байсан тул гарын мөр илрээгүй болно...” гэсэн байх тул ахин хурууны хээ авах боломжгүй байна.
- Шүүгдэгч Е.А нь мөрдөн байцаалтын шатанд: “...Би унтаж байгаад сэрээд босож ирээд том өрөөнд явж ороход Ж өрөөний ертөнцийн зүгээр хойд талын ханыг налж, муужирсан байдалтай сууж байсан. Ж-ын хажууд Б сууж байсан ба Е босоод уг өрөөн дотор явж байсан. Б ч гэсэн тамхи татаад уг өрөөнд явж байсан юм. Би том өрөөнд орж ирээд “гадаа харанхуй болсон байна, та хэд юу хийж байгаа юм бэ, та бүхний гэр бүлийн хүн чинь орж ирээд загнана, хурдан явцгаа” гэж хэлсэн. Би тэгж хэлж дуусаж байхад Ж босож ирж байснаа хажууд нь сууж байсан Б-ийн урьд талд унасан. Б Ж-ын толгойг түшиж өвдгөнд хэвтүүлээд Ж-аас цус гарч байна, хутгалуулсан байна гэж хэлсэн. Тэгэхэд би “Ж ахад юу болсон бэ, босгоорой, болохгүй бол эмч дуудаарай” гэж гайхаж асуусан. Тэр хооронд Ж-ын эхнэр А, хүү нар нь хаанаас орж ирсэнийг мэдсэнгүй орж ирсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ч гэсэн ирсэн ба Ж-г Б, эхнэр нь А нар өргөж аваад гарсан...Ш.Ж бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй. Би Ш.Ж-г хутгалаагүй, би тийм зүйл хийгээгүй...хэн хутгалсан талаар мэдэхгүй...миний гарт хутга байгаагүй... Ш.Ж манай гэрт хэзээ орж ирж, хэдийд хэн хутгалсныг огт мэдэхгүй...Би тухайн үед ухаанаа мэдэж байсан...”гэж хавтаст хэргийн 97-98 дугаар хуудсанд мэдүүлсэн боловч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Б, хүү бид гурав гэртээ байж байхад орой харанхуй болж байхад гэрт 3 хүн орж ирсэн. Тухайн өдөр хэргийг Б хийсэн, би Б-тэй хамт амьдрана гэж бодож, хайртай байсан учраас түүний эсрэг мэдүүлэг өгөөгүй. Б бид нартай уулзахгүй удаан хугацаанд байж байгаад нэг өдөр орой манайд ирсэн ээж ч байсан. Тэгэхэд “Та яагаад худлаа хэлсэн юм бэ, та хийсэн биздээ” гэж хэлэхэд Б ”Эмэгтэй хүн хийсэн гэвэл чи ял авахгүй” гэж хэлсэн. Эхлээд би үнэнээ хэлье гэхэд Б надад “Чи хүүгээ бодоорой” гэсэн, Б, Ж Е бүгдээрээ худлаа хэлж байгаа, би энэ хэргийг хийгээгүй. Би энэ хэргийг эхнээс нь шалгаж өгөхийг та бүхнээс хүсэж байна, хэрэв би гэмт хэрэг үйлдсэн бол үүнээс зугтахгүй, хүлээн зөвшөөрнө...Намайг сэрэхэд тэд нар шугилдаад сууж байсан, хүү маань миний хажууд зурагт үзээд хэвтэж байсан. Тэгээд би гарч очоод “орой болчлоо яваарай” гэж хэлсэн. Тухайн өдөр би богино шорт, майктай явж байсан. Ж надад муухай үг хэлээд, “Б хэн юм бэ, бид нар Б-тэй адилхан” гэсэн утгатай юм ярьсан, Е: “Чи гоё болчихсон байна” гээд Е, Ж хоёр над руу дайрсан. Тэр үед “Б та нар одоо болиоч, яах гээд байгаа юм бэ” гэсэн утгатай юм яриад, гартаа хутга барьсан байсан, хаанаас авсаныг нь мэдэхгүй...Тухайн өдөр би ухаанаа мэдэж байсан, А, Ж нар ирэхэд архи хэрэглэсэн, дараа нь унтаж сэрэхэд ухаанаа мэдэж байсан..” гэж энхнээсээ тогтворгүй, өмнөх мэдүүлгээсээ эрс зөрүүтэй мэдүүлж, хохирогч Ш.Ж гэрч Ф.Е, К.Б, Б.Б, Х.А, Х.Н, К.А, Ж.А, Е.А согтуурлын хэмээг шалгасан тэмдэглэл, К.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичлэг бүхий СД зэргээр няцаагдаж байна.
Мөн гэрч З.Р-ны “...Е.А ээж А, аав Е нар нь надад “Чи хүүхэдтэй Е.А-ыг ялтан болгож яах гэсэн юм бэ, тэгснээс чи Е.Аы үйлдсэн хэргийг би үйлдсэн гэж цагдаад очиж хэрэг хүлээчэх, чи эрх хүн юм чинь үсрээд нэг хэдэн жил суугаад гараад ирнэ, Ж-д учирсан хохиролыг бид нар өөрсдөө хариуцаж барагдуулж өгнө...би яах уу, А-гийн өмнөөс хэрэг хүлээчэх үү” гэж...согтуу ирсэн...”гэх мэдүүлэг /хх-198х/, гэрч Б.Б-н “...А аав Е, ээж А нар нь...А үйлдсэн хэргийг чи өөрөө үйлдсэн гэж цагаадгийн байгууллагад очиж мэдүүлэг өгчих...”гэх мэдүүлэг /хх-200-201х/, гэрч Б.Б-ны мэдүүлэг /хх-202х/ зэргээр шүүгдэгч болон тэдний эцэг эхийн нар нь Ш.Ж-д учруулсан гэмтлийг Б.Б буруутай мэт болгох нотлох баримтыг хуурамчаар үйлдэх санаа зорилготой байжээ.
Шүүгдэгч Е.А “...Ш.Ж бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харьцаа байхгүй..” гэх мэдүүлэг нь хохирогч Ш.Ж-ын “...2017 оны 02 дугаар сарын үед...би Е.Ад хандаж чи хүний /Бийн/ амьдралд саад бололгүй, өөрийн гэр лүү яваач гэж хэлж байсан. Тэрнээс хойш бид нар Е.А, Б.Б нартай нэг их харьцахаа больсон байсан…”, гэрч Б.Б-ийн “Тухайн өдөр өглөөний 11 цагийн үед Ш.Ж манай гэрт ирж надтай цонхоор уулзах үед би 1 хундага архи өгөөд Ж уусан, Е.А Ж нар хоорондоо таардаггүй болохоор Ж манай гэрт орж ирдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, гэрч К.А-ын “..Ж ах “чи тэгвэл Б рүү залгаад Ж ах дуудаж байна, цонхны дэргэд хүрээд ир гэж хэлээд өгөөч…гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-53-54/, захиргааны зөрчлийн материалыг шалгасан баримт /хх-117-144/ зэргээр үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч Е.А нь урьдын таарамжгүй харилцааны улмаас өш хонзонгийн сэдэлтээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Мөн гэрч К.А-ын “...А бид хоёр…хэрэлдсэн. Тэр үед А намайг ганц, хоёр удаа цохиод авхаар нь Б Х-д “Өнөөдөр А-ыг манай гэрт үлдээлгүй аваад яв, тэгэхгүй бол А алчиж магадгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Х.А-ын “...цагдаа нар ирэх үед Е.А нь цагдаа нарт “энэ авгай нөхрөө өөрөө хутгалчихлаа” гэж худал яриад байж байсан...” гэх мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээс үзвэл гэмт хэрэг үйлдэхийнхээ өмнө шүүгдэгч нь тухайн үед танхайрч, агсам согтуу тавьж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй байсан, гэмт хэргийн дараа өөрийн гэм бурууг хүлээлгүй бусдыг энэхүү гэмт хэргийг үйлдсэн мэт гүтгэж байгаа нь тухай үеийн шүүгдэгчийн хувийн байдлыг харуулж байна.
Гэрч Х.А-ын ”...намайг очиход А нь ухаанаа мэдэхгүй, хөлөө олж явж чадахааргүй согтуу байсан...”, гэрч К.А-ын тухайн үед Е.А-тай олон шил архи хувааж уусан тухай мэдүүлэг, согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэлд 2.42 промилль согтолттой байсан зэргээс үзвэл шүүгдэгч Е.А нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэргэлснээс болж өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодож, бие зөв авч явах чадваргүй болсоны улмаас энэхүү гэмт хэргийг үйлдсэн байна.
Гэрч Ф.Е, К.Б, хохирогч Ш.Ж нарын мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцсэн үнэн зөв, бусад нотлох баримтаар давхар нотлогдож байна гэж шүүх үнэллээ.
Хохирогч Ш.Ж-ын “...Тухайн үед би Е.А-д нэг ч хараалын үг хэлж, хэл амаар доромжлоогүй…Е.А бидний сууж байсан заал өрөөнд орж ирсэнээ надад хандаж "Ж чи гар" гэж орилж, хашгирхаар нь би Е.А-д "би яасан юм" гэж хэлээд босоод ирж байтал шууд над руу дайрч ирээд гараа далайлгаж миний цээжний зүүн талд хутгалчихсан...”, гэрч Ф.Е-ын “...Бид нар Бийн гэрт ороход Б-ийн эхнэр болох А унтлагын өрөөнд газар ор зассан хэвтэж байх шиг харагдсан. Б бид нартай ярьж хөөрөөд "та гурав хаанаас ирж байна, хаашаа явж байна" гэж асуухаар нь Ж-ын гэрт очиж хоол идэхээр явж байгаа, танайд гар утасаа цэнэглэж авахаар орж ирлээ, гэдэс өлсөж байна гэхэд Б надад будаа аягалж өгөөд, би хоол идээд сууж байсан. Б надад хоол аягалж өгсөний дараа бид нартай ярилцаж сууж байтал Бийн эхнэр нь болох А бид нарын сууж байсан том өрөө буюу зочны өрөөнд орж ирээд Ж-г хараад "Ж чи гар" гэж орилсон. Тэр үед Ж юу гэж хэлсэнийг нь анзаарсангүй босож ирж байтал А хүрч ирээд гартаа барьсан хутгаар Ж-ын цээжний зүүн талд хутгалсан...”, гэрч К.Б-ийн “...Бийн гэрт ороход жижиг унтлагын өрөөнд А зурагт үзээд хэвтэж байх шиг харагдсан. Е ахад Б хоол аяглаж өгсөн. Тэгээд Б, Ш.Ж, Ф.Е бид дөрөв тамхи асааж, хувааж татангаа хоорондоо ярьж хөөрч сууж байхад бидний сууж байсан том өрөөнд Е.А хашхирч орж ирээд…Ж-ад хандаж "Ж чамайг ална" гэж хэлэхэд Ж А-д "Чамд би яасан юм бэ" гэж хэлээд урдаас нь босож ирэх үед А гартаа хутга барчихсан байсан ба Ж-ын цээжний зүүн талруу хутгалсан. Тэр үед би сандарсандаа шууд А хутгатай гарыг барьж аваад мушигахад гарт нь байсан хутга газар унасан...”, гэрч Б.Бийн “...Тухайн үед миний бие нилээн согтуу байсан ба би тамхи татаад явж байх үед нэг мэдэхэд Б нар Ж-г А хутгалчихлаа “А чамд юу болсон юм бэ” гэж хэлж байсан…” гэх мэдүүлгүүдээр тухайн үед шүүгдэгч, хохирогч нарын хооронд хэрүүл маргаан гараагүй, хохирогчийн буруутай үйл ажиллгаа нөлөөлөөгүй болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсний дагуу хавтаст хэргийн 46-47 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Е.А-ыг гэрчээр асуусан мэдүүлгийг, насанд хүрээгүй гэрч Ж.М-гийн 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэг /хх-61-62/ нь насанд хүрээгүй гэрчээс хууль сануулж, шөнийн цагаар мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 1, 7 дахь хэсгийг зөрчсөн байх тул шүүх үнэлээгүйг дурдаж байна. Харин хавтаст хэргийн 57-58 дугаар хуудсанд авагдсан насанд хүрээгүй гэрч Ж.М-гын мэдүүлэгийг прокурорын газраас байцаалт авахдаа түүний хууль ёсны төлөөлөгчөөр С.А-г тогтоон, оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулуийн 9.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нотлох баримтаас хассан нь /хх-208/ үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалт нь зөвхөн өсвөр насны сэжигтэн , яллагдагч, шүүгдэгчид хамаарах ба мөрдөгч насанд хүрээгүй гэрч Ж.М-гаас мэдүүлэг авахдаа түүний эмээ С.А-г хууль ёсны төлөөлөгчөөр томилон, байлцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 2-т заасан “Арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахад түүний...төрөл, садангийн хүн...оролцуулах бөгөөд...” гэсэн хуулийн заалтад нийцэж байх тул шүүх уг мэдүүлэгийг нотлох баримтаар тооцож, үнэн зөв эсэхэд шүүх дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Е.Аы Ш.Ж-ын биед гэмтэл учруулахдаа ашигласан цэнхэр өнгийн бариултай хутга нь Эрүүгийн хуулинд заасан тайлбараар хүйтэн зэвсэгт хамаарч байна.
Иймд шүүгдэгч Е.А дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ж-ын цээжний хөндийд зүүн талаас хатгагдаж нэвтэрсэн шарх, зүрхний үнхэлцгийн хальс баруун ховдлыг 1.5 сантиметр хатгагдаж орсон гэмтэл учирсан, хэвлийн хөндийд 1 литр 200 мг орчим цус шингэн хуралдсан, биед нь учирсан гэмтэл нь аюултай, яаралтай арга хэмжээ авч мэс засалд ороогүй бол амь насанд нь аюул учрах байсан байна.
Энэ нь шинжээчийн 352 дугаар дүгнэлт /хх-64х/, гэрч П.Б-гийн мэдүүлэг /хх-48-49/, өвчний түүх /хх-156-183/ зэргээр нотлогдож байна. Шүүгдэгчийн биед учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2-д заасан “амь насанд аюултай, амь тэнссэн, гэмтлээс үүссэн үлдэц уршигтай”, мөн журмыйн 3.1.11-д “Цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх...хэвлийн хөндийг цус...хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна” гэсний дагуу хохирогчийн биед учирсан гэмтэл нь хүнд гэмтэл байна. Иймд шүүхээс хохирогчийн биед хүнд хохирол учирсан байна гэж үзлээ.
Харин шинжээчийн 352 дугаар дүгнэлтийн 2- дахь хэсэгт “Дээрх гэмтэл нь хатуу мохоо ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсэгэгднэ” гэсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэгэл, гэрэл зураг, эд мөрийн бармтаар хураагдсан хутга, учирсан гэмтэл нь хурц үзүүртэй хутгар цээжинд хатгагдаж нэвтэрсэн зэрэг хэргийн байдалтай нийцэхгүй байх тул дүгнэлтийн энэ хэсгийг хүчингүй болгож, шүүхээс хурц, хатуу ирмэг бүхий зүйлийн /хутганы/ нэг удаагийн үйлчилэлээр үүсгэгдсэн байна гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогчид шүүгэдэгч нь хохирол төлбөр огт төлөөгүй, 1848700 төгрөгийн хор уршиг /хх-48-49, 184-195/ учирсан нь үндэсэлэлтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу түүнээс 1848700 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Ж-д /рд:******/ олгох нь зүйтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэсэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Е.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, харин ял хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Е.А гэмт хэрэг нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг төлөгдсөн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан оногдуулвал зохих хорих ялын доод хэмжээгээр, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Е.А-ны гадаад паспорт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй байх тул түүний өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай, Г-*****улсын бүртгэлийн дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарын мэдэлд шилжүүлэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5-д заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан паркетны гялгар цаас, цаасны хэлтэрхий, цэнхэр өнгийн бариултай хутга, цусны дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, СД 2 ширхэгийг хавтаст хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, Е.А-ны энэ хэргийн учир урьд нь цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг Эрүүгийн хуулийн 6.10-д заасны дагуу түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Е.А нь багийн засаг даргын тодорхойлолтоор /хх-107/ ам бүл 2, насанд хүрээгүй 1 хүүгийн хамт амьдардаг бөгөөд Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 594 дүгээр шийдвэрээр нөхөр Т.Ж-ээс гэр бүлээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу шүүгдэгч Е.А 2006 оны 9 дүгээр сарын 14-нд төрсөн 11 настай хүү Ж.М-д харгалзан дэмжигч томилохыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б овогт Е.А-ыг зэвсэг хэрэглэн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Е.А-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А-ны урьдчилан цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Е.А-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан паркетны гялгар цаас, цаасны хэлтэрхий, цэнхэр өнгийн бариултай хутга, цусны дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, СД 2 ширхэгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Е.А-ны өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарын мэдэлд шилжүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Е.А-аас 1848700 төгрөг гаргуулан хохирогч Ш.Ж-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Е.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Е.А-ны гадаад паспорт, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу 2006 оны 9 дүгээр сарын 14-нд төрсөн 11 настай хүү Ж.М-д харгалзан дэмжигч томилохыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад даалгасугай.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Е.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ