Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 0014

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Тэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.Э

Шүүгдэгч                                                       Г.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Х.О

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Т болон түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлоор Г.Тэд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч овгийн Г-н Т,

 

Шүүгдэгч Г.Т нь         аймгийн       сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр        ажилтай, зээл чөлөөлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж О.Э-г өөрийн Хаан банкны дансаар 9 600 000 төгрөг, бэлнээр 400 000 төгрөг нийт 10 000 000 төгрөг хуурч авч залилсан,

        аймгийн         сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр        ажилтай, зээл чөлөөлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Н.Б-ыг өөрийн ХААН банкны дансаар 8 500 000 төгрөгийг хуурч авч залилсан,

        аймгийн        сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр          ажилтай, зээл чөлөөлүүлнэ гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.Г-г өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар 7 000 000 төгрөгийг хуурч авч залилсан,

       аймгийн       сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар хотоос Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийх хүмүүст машинаар үйлчлэх хэрэгтэй байна, өдрийн түрээсийг нь өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.А-н Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг хуурч авч 18 000 000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

        аймгийн           суманд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тендерт шалгарсан, үлдэгдэл материалаа авах гэсэн юм, мөнгийг чинь эргэлдүүлж хүүтэй өсгөж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Н-г өөрийн Хаан банкны дугаарын дансаар 6 удаагийн гүйлгээгээр 14 300 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны дансаар 13 удаагийн гүйлгээгээр 2 870 000 төгрөг нийт 17 170 000 төгрөгийг хуурч авч залилсан,

       аймгийн           суманд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр       аймаг          сум      баг       тоот байрыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Т-г өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар 2 удаагийн гүйлгээгээр 18 000 000 төгрөгийг хуурч авч залилсан,

     аймгийн          суманд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр       аймаг       сум       багийн       тоот байрыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.М-г Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 20 000 000 төгрөгийг хуурч авч залилсан,

      аймгийн       суманд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээл чөлөөлүүлэх гэсэн юм гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж М.П-г өөрийн Хаан банкны дансаар 2 удаагийн гүйлгээгээр 6 000 000 төгрөгийг хуурч авч залилж бусдад нийт 104 670 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Г.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ч овгийн Г-н Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 15 хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тэд оногдуулсан 3 жил 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийн цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Хохирогч Б.Н-н 2 752 634 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдолдоо:

... Миний бие        аймагт эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.       ажилтай. 3 хүүхэд минь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бүгд сурлагаараа сургуульдаа тэргүүлдэг англи хэл, орос хэлийг багаасаа сурсан тэргүүний сурагчид. Хүүхдүүдийнхээ боловсролын байдалд маш их санаа зовж байгаа бөгөөд одоогийн хоригдож байгаа нөхцөл байдал маань хүүхдүүдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлж сурч боловсроход нь сөрөг нөлөө үзүүлж ирээдүйд нь сөрөг нөлөө үзүүлэхээс санаа зовж байна.

Мөн миний ээж Ж.О нь зүрхний хүнд өвчтэй. Эмнэгийн байнгын хяналтад байдаг зэрэг миний хувийн байдлыг харгалзан үзэж,

Миний бие өөрт хамаарах тус хэргийн байцаалтын шатнаас эхэлж гэм буруугаа өөрөө хүлээн хэргийн бүх шатны байцаалт үзлэгт хамтран ажилласан. Мөн хурдан үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд өөрийн хүсэлтээр цагдан хоригдож байцаагдах хүсэлт гарган 91 хоногийн турш хоригдсон. Хоригдох хугацаандаа маш их зүйлийг бодож гэмшиж ухааран бодол санаагаа тогтвортой болгосон. Үүний үр дүнд цахим тоглоом мөрийтэй тоглоомоос бүрэн тусгаарлагдаж чадсан бөгөөд ухаан санаа эрүүлжиж Эрдэнэ үйлдвэр ТӨҮГ-т сонгон шалгаруулалтаар инженерээр ажилд орж чадсан. Зорчих эрх хязгаарлах ялыг эдэлсэн 11 сар 16 хоногийн хугацаанд цэнэглэх төхөөрөмжийг солиулснаас өөр зөрчил гаргаагүй бөгөөд цахим гавыг унтраах, тогтоосон бүсээс гарах зэрэг зөрчлийг огт гаргаж  байгаагүй. Цахим гавын ашиглалтын зардлыг тогтмол заасан хугацаанд нь төлсөн.

Иймээс дээр дурдсан миний хувийн нөхцөл байдал гэм буруугаа хүлээн гэмшиж бүх хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг үндэслэн хорих 2 жилийн ялыг торгох ялаар өөрчилж хөнгөрүүлж өгнө үү. Мөн зорчих эрх хязгаарлах ялыг үргэлжлүүлж цахим гав 1 жил 15 хоног үргэлжлүүлэн зүүж ялыг өөрчлөлгүйгээр цахим гавтайгаа ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн эрхэлж гэр бүл үр хүүхдүүдээ, төрсөн ээжийгээ халамжлан асрах боломжийг олгож өгнө үү хэмээж энэхүү гомдлыг гаргаж байна. Гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон ба хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас  гэмт хэрэгт холбогдсон ба хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаарх мэдүүлгийг өгсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт мөн уг мэдүүлгийг өгсөн: Анхан шатны шүүх түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөр төлөгдсөн байдал хувийн байдал зэрэг нотлох баримт хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хунийн байдал эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Үүнийг анхаарч ял хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Г.Т нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон хохирол төлбөрийг барагдуулсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэхүү баримтад дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг анхаарч мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Хууль ёсны зарчим, Шударга ёсны зарчимд нийцүүлсэн буюу гэмт хэргийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирно гэж заасныг харгалзан тухайн зүйлчлэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа этгээдэд ялыг сонгон хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Г.Тэд ялыг хөнгөрүүлэх хэрэглэх нөхцөлийг анхаарч түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх шийдвэрлэх боломжтой байх тул шүүгдэгч Г.Тэд холбогдох эрүүгийн хэргийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Т тайлбартаа: ... Би 2016 оноос хойш мөрийтэй цахим тоглоомд донтоод мөнгө төгрөг хүнээс авч, мөн сүүлдээ хүүтэй мөнгө зээлдэг болсон. Тухайн үед хүмүүсийнхээ мөнгийг өгчихвөл болчихно гэж хуулийн мэдлэггүй байдлаасаа болж өнөөдөр би энд байна. Би өөрийн саналаар цагдан хоригдож, бүх мөнгө авсан хүмүүсийнхээ нэрийг хүртэл гаргаж өгсөн. Би шүүхээр орохдоо тухайн зүйл анги торгох ялын санкцтай байсан. Тийм учраас ялыг маань хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна .. гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Хохирол  төлбөрийг бүрэн барагдуулсан. Бага насны 3 хүүхэдтэй хувийн байдлыг нь харгалзан ял хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэсэн. Хорих ялыг сонгож хэрэглэсэн нь үндэслэлтэй. Учир нь Г.Т нь         дүгээр шийтгэх тогтоолоор шийтгэсэн ялаа эдэлж дуусаагүй байгаа. Ингээд түүнд хорих ял оногдуулахдаа хорих ялын хамгийн бага хугацааг сонгосон ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Тэд холбогдох хэргийг шүүгдэгч Г.Т болон түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Г.Т нь нэр бүхий хохирогч нарыг хуурч 104.670.000 төгрөгийн хохирол учруулан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх ял дээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн         дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 15 хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд “зээл чөлөөлүүлэх гэсэн юм”, “Улаанбаатар хотоос Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийх хүмүүст машинаар үйлчлэх хэрэгтэй байна, өдрийн түрээсийг нь өгнө гэж”, “тендерт шалгарсан, үлдэгдэл материалаа авах гэсэн юм, мөнгийг чинь эргэлдүүлж хүүтэй өсгөж өгнө гэж”, “байр зарна гэж” хохирогч нарт итгэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн хохирогч нараас нийт 104.670.000 төгрөгийг залилан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргаагүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх шаардлагатай юм.

Шүүгдэгч Г.Тэд анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Г.Тийн өмнө үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх үндэслэлгүй байх тул  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т болон түүний өмгөөлөгч Х.О нарын ... хорих ялыг багасгаж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн бөгөөд хохирогч нар гэм хорын хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т болон түүний өмгөөлөгч Х.О нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                             Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                                С.ЦЭЦЭГМАА