| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00321/и |
| Дугаар | 155/ШШ2016/00447 |
| Огноо | 2016-04-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2016/00447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С.Э
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2016/00321/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч С.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан. Нэгдлийн хөрөө раманд үртэс зөөх, тэжээлийн цехэд тэжээл бэлтгэгч, барилгад туслах ажилтан зэрэг янз бүрийн ажил хийдэг байсан. Мөн мал төллөх үеэр хөдөө гарч малчдад туслан туслах малчнаар ажилладаг байсан. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа хөдөлмөрийн дэвтэр авсан боловч алга болгосон. Одоо өндөр насны тэтгэвэрт гарахаар баримтаа бүрдүүлэхэд цалин, хөлс олгож байсан 70 дугаар дансанд миний нэрийг С.Энхээ, С.Э-, С.Э, С.Э гэж өөр өөрөөр бичсэн байсан ба туслах үйлдвэрт өөр өөр дарга нартай янз бүрийн ажил хийж цалин авдаг байсан учир нэр олон янзаар бичигдсэн байна. Түүнээс 1978 онд би 17 настай байхдаа ээжтэйгээ хамт ажилладаг байсан ба манайх ам бүл тавуулаа бөгөөд том ах Хүрэлчулуун, дараагийн ах Дамдинбазар, миний дүү Очирбат гэсэн нэртэй хүмүүс байсан. Би айлын ганц охин хүүхэд юм. Мөн манай нутагт С- гэдэг нэртэй ээжээс минь өөр хүн байхгүй. Иймд миний ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний баримт 70 дугаар дансыг нотлох баримтад үнэлж, намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
С.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч С.Эг 1978 оноос 1989 оны хооронд ажиллаж байх хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадаас цалин хөлс олгохдоо С.Энхээ, С.Э, С.Э- гэсэн нэрээр бүртгэж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Иргэн С- овогтой Э /рв***/ нь Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1963 оны 3 дугаар сарын 21-нд төрсөн төрөлтийн бүртгэлийн 25 дугаарт бүртгэлтэй. Мөн С-гийн Э- /РВ***/, С-гийн Э /РВ***/ гэх нэрээр төрөлт бүртгэгдээгүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэх бичилттэй 1/482 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн регистрийн дугаар РВ***, эхийн нэр Шагдарын С- нарын гэр бүлд 1961/03/21-нд төрөхөд төрүүлсэн С-гийн Эг 1961/03/21-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 25-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/000*** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Тус сумын 5 дугаар багийн иргэн С-гийн Эгийн ажилласан хугацааны цалин хөлс нь Соёл нэгдлийн 70 дугаар дансанд 1978, 1980, 1981, 1984, 1987 он С- Энхээ, 1979, 1986 он С- Э, 1982, 1983, 1985 он С- Э-, 1988, 1989 он С- Э нэрээр тус тус бичигдсэн байна. Тус сумын иргэн Шагдарын С- нь 4 хүүхэд /3 хүү, 1 охин/ төрүүлсэн ба хүү ********************** нар нас барсан. Одоо ганц охин С.Э нь тус суманд амьдардаг болно. Мөн Шагдарын С-гээс өөр С- нэртэй хүн тус суманд байхгүй бөгөөд Эгийн нэрийг тухайн үеийн нэгдлийн холбогдох хүмүүс цалингийн цэс бичихдээ өөр өөр нэрээр бичсэн байна гэх бичилттэй 3/23 дугаартай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн С.Эгийн 1978 оны 5 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч С.Э Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн С.Эгийн 1978 оны 5 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгосон №*****************дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Барилгын бригадад ажиллах байхдаа 1980-1981 оны үед авахуулсан хамт олны зураг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ...Хөрөө рамын ажилчин С.Э, тэжээлийн ажилчин Д.Н* нар нярай хүүхдээ асрах цалингүй чөлөө олгохыг хүссэн өргөдлийн дагуу С.Эд 1989 оны 3 сарын 24-ний өдрөөс эхлэн 1989 оны 6 сарын 20 хүртэл 92 хоног... тэтгэмжтэй чөлөө тус тус олгосугай... гэх бичилттэй Нярай хүүхдээ асрах нэмэгдэл чөлөө олгох тухай №20 дугаартай тушаалын хуулбар, гэрч Ч.Ц*ын С.Э нь Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн 5-р бригадад 1978 оноос 1989 оныг дуустал хөрөө рам, барилга дээр ажиллаж байсан...1978 оны эхний хагас жилээс орсон...Нэгдлийн туслах үйлдвэрт хөрөө рам, барилга, тэжээлийн цех, гэрийн модны цех, мужаан цех, тосон тасаг гэх мэт олон салбар байсан. Зарим нь улирлын чанартай ажил байдаг. Улирлын чанартай ажлыг ээлжээр хийлгэдэг байсан. Зарим улиралд нь цалин гардаггүй, бичигддэггүй байсан юм. Зарим тохиолдолд гэр бүлийн хүний нэр дээр, эсвэл цалинг нэг сард нь бөөнөөр нь бичсэн байдаг юм. Өвлийн саруудад бол янз бүрийн л ажил хийлгэдэг байсан. Цалин бичигдээгүй байсан ч ажилгүй хүн гэж байдаггүй байсан...Би тус сумын Соёл нэгдэлд тооцооны нягтлан, туслах нягтлан, ерөнхий нягтлан зэрэг ажлыг 1965 оноос хойш нэгдэл тартал, нэгдэл тараад Соёл компани болоход мөн нягтлангаар ажиллаж 2005 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг, гэрч Ю.Г*ын ...С.Э нь Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн хөрөө рамд, тэжээлийн цехэд тэжээл бэлтгэгч зэрэг ажлыг 1978 оны 5 дугаар сараас нэгдэл тартал ажилласан. Нэгдэл тараад 1992 онд Соёл компани болсон...С.Э нь хөрөө рамд үртэс зөөх, мод бэлтгэх, хогийг цэвэрлэх ажил, тэжээлийн цехэд прэсс өвс буулгах, ачих, тэжээл ачих, буулгах, бэлтгэх зэрэг ажил хийдэг байсан. Улирлын чанартай өвөлдөө төл төллүүлэх, хужир бэлтгэх зэрэг ажлыг тасралтгүй хийж байсан...Би Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн тэжээлийн цехэд, хөрөө рамд тус тус ажиллаж байсан. 1978 оноос нэгдэл тартал ажилласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Иймд хүсэлт гаргагч С.Эгийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1978 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
С.Эгийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1978, 1991 оны тушаалыг шүүж үзэхэд С.Эг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. Мөн нэгдлийн даргын 1989 оны 20 дугаар тушаалхуулбарлаж хүргүүлэв... гэх бичилттэй 10/155 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарууд овогт С-гийн Эгийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1978 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА