| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00788/и |
| Дугаар | 155/ШШ2016/00835 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2016/00835
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х аймгийн Э сумын 4 дүгээр багт оршин суух, Р*** дугаар регистртэй, эмэгтэй, О.Х гийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2016/00788/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Х шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1982 онд Х аймгийн Э сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Т н Э 3 дугаар тасагт үхэрчин, саальчнаар ажиллаж байгаад 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Х аймгийн Э туслах үйлдвэрийн нормчин, сахиулаар, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл Э сумын 8 жилийн дунд сургуульд байрын жижүүрээр ажилласан. 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс Э 1 дүгээр фермд саальчнаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтрээ Э сумын Засаг дарга асан Д.Бат-Эрдэнэд өгөөд авч чадаагүй, тэр хүн нас барсан. Түүнээс хойш олдохгүй байгаа. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр маань байхгүй тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Мөн миний эцэг Д овогтой П, ээж С овогтой О гэдэг хүмүүс байсан ба миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх ээжээр овоглосон байдаг. Харин ажиллаж байсан үеийн тушаалууд аавын маань нэрээр гарсан байгаа юм. Мөн 1982 оноос 1985 он хүртэл цалин шүүлгээд байхгүй байна. Иймд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл Т н Э 3 дугаар тасагт үхэрчин, саальчин, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Э сумын Э Сангийн аж ахуйд нормчин, сахиулаар, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Э сумын 8 жилийн сургуульд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х аймгийн Э суманд 1962 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын техникч мэргэжилтэй, Мөрөн таван хошуу мал эмнэлэгт техникч ажилтай, Х аймгийн Мөрөн 7 дугаар багийн 17-32 тоотод оршин суух, Р*** дугаар регистртэй, Мэргэд овогт О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүсэлт гаргагч О.Х гийн төрсөн эгч бөгөөд тэрээр бие муутай, шүүх хуралдаанд биечлэн ирэх боломжгүй учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. О.Х нь 1982 онд Х аймгийн Э сумын 8 жилийн дунд суруулийг төгсч, 1982 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Т н Э 3 дугаар тасагт малчин, саальчнаар, 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Э Сангийн аж ахуйд нормчин, сахиулаар, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Х аймгийн Э сумын 8 жилийн дунд сургуулийн байрын жижүүрээр ажилласан. Мөн 1990 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс Э 1 дүгээр фермд саальчнаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтрээ Э сумын Засаг дарга асан Бат-Эрдэнэд өгөөд авч чадаагүй. Тэр хүн нас барчихсан юм. Түүнээс хойш хөдөлмөрийн дэвтэр нь олдохгүй байгаа. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болчихоод байна. Мөн эцэг Дашзэвэгийн П , ээж Сэрсэндэмидийн О гэдэг хүмүүс байсан. О.Х гийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх ээжээрээ буюу С.О оор овоглосон байдаг. Ямар шалтгаанаар ээжээр овоглосон талаар мэдэхгүй. Харин ажиллаж байсан үеийн тушаалууд нь эцгийнх нь нэрээр гарсан байдаг. Архиваас 1982-1985 он хүртэл цалингийн цэс шүүлгэхэд байхгүй байна. Иймд О.Х гийн Х аймгийн Тариалан Сангийн аж ахуйн Э 3 дугаар тасагт 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үхэрчин, саальчин, Э сумын Сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчин, сахиулаар, Э сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.Х нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч О.Х гийн ажиллаж байх хугацаанд гаргасан тушаалд түүний эх С.О , эцэг Д.П нарын нэрээр О.Х , П.Х гэж овоглон бичилт хийгдэж байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн регистрийн дугаар Р***, овог Боржгон, эхийн нэр С.О /Р ***/ нарын гэр бүлд 1966/11/25-нд төрөхөд төрүүлсэн О.Х г 1966/11/25-нд Х аймгийн Э сумын 88-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 08/001297 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Х аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн О.Х /Р***/-ийн хүсэлтийн дагуу эх С.О , эцэг Д.П нарын гэрлэлтийн бүртгэлийг Э , Тарилан сумын 1951-1958 онуудад шүүж үзэхэд гэрлэлтийн бүртгэлийн дэвтэрт бүртгэл хийгдээгүй байна гэх бичилттэй 1/932 дугаартай тодорхойлолт, Х аймгаас Алдар эхийн 1-р одонгоор шагнагдсан эхчүүдийн овог нэр: С.О , төрсөн он, нас: 1938/37, оршин сууж байгаа захиргаа: Х Э сум, яс үндэс: Халх, одоо хаана ямар ажилтай: 1-р ферм малчин, Юуны гишүүн: бус, ямар гавьяа шагналтай болох: Алдарт эхийн 2-р одон, хүүхдийн эцэг хэн хаана ажилтай: П 1-р фермд үхэрчин, төрүүлсэн хүүхдийн тоо 8, гар дээр өсгөн бойжуулсан хүүхдийн тоо: 8, хүүхдүүд хэн хэдэн настай, одоо хаана ямар ажил, сургууль, цэцэрлэгт байгаа: Ш17 гэртээ, Г 15 сургуульд, Э 12 сургуульд, Ц 10 сургуульд, Х 8 гэртээ, Э6 гэртээ, Оюунбилэг 3 гэртээ, Баярсайхан 1 гэртээ гэх тодорхойлолт, гэрч Д.Б ын ...Аавыг нь П , ээжийг нь О гэдэг байсан юм... өөр Х нэртэй хүн санаанд орохгүй байна... гэх мэдүүлэг, гэрч Х.Б ын ...Аавыг нь П , ээжийг нь О гэдэг байсан юм. Ээж О оор овоглосон юм байна. Уг нь аав П байсан боловч яагаад ээж О оор овоглосон талаар мэдэхгүй байна. Хоёулаа малчин хүмүүс байсан, тэтгэвэртээ гараад 2005 онд болон 2014 онд нас барсан... гэх мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Х аймгийн Э Сангийн аж ахуйн даргын 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай 35 дугаартай тушаал болон тус тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбарууд, 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 119 дугаартай тушаалын хуулбар, Х аймгийн Э сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Ажилчин авч ажиллуулах, ажил зохицуулах тухай 32 дугаартай тушаалын хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.
Хүсэлт гаргагч О.Х Х аймгийн Т Сангийн аж ахуйн Э 3 дугаар тасагт 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчин, саальчин, Х аймгийн Э Сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, сахиул, Х аймгийн Э сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн О.Х гийн 1985 оны 2 дугаар сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Х аймгийн Э даргын 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1. 1986 оны хуваарийн дагуу 12-р сард амарвал зохих САА-н ажилчин, малчин нэр бүхий 62 хүнд /хавсралт 1-ээр/ ээлжийн амралт олгосугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай 35 дугаартай тушаалын хуулбар, ...овог нэр 39. П Х , албан тушаал: сахиул, үндсэн: 15, албан тушаалын нэмэгдэл 7, бүгд хоног 22, сар өдөр: I/XII... гэх бичилттэй 35 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтын хуулбар, 1987 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1. Өөрийн хүсэлтээр өөр байгууллагад ажиллах болсон тул П ийн Х г 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс сахиулын үүрэгт ажлаас... тус тус чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай 119 дугаартай тушаалын хуулбар, Х аймгийн Э сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Нэг. ...дотуур байрны жижүүрээр П.Х г 1987-09-01-нээс...тус тус ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилчин авч ажиллуулах, ажил зохицуулах тухай 32 дугаартай тушаалын хуулбар, 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1. Аюушжаргалын оронд ажиллаж байсан цагаан хэрэглэл угаагч Х г 1987-12-01-нээс ажлаас чөлөөлсүгэй... 3. Байрын жижүүр Банзайг 12 сарын 01-нээс эхлэн ажлаас чөлөөлж, Х г 12 сарын 01-нээс эхлэн байрын жижүүрээр ажиллулсугай... гэх бичилттэй Ажил зохицуулах тухай 47 дугаартай тушаалын хуулбар, гэрч Д.Б ын ...О.Х нь Т Сангийн аж ахуйн Э 3 дугаар тасаг гэж байхад тэнд 1985 оны 01 сараас эхлэн үхэрчин, саальчнаар ажиллаж байсан. Тэгээд Э 3 дугаар тасаг нь бие даан Э Сангийн аж ахуй болж 1985 оны сүүл 12 сард Т гаас салсан юм. Ингэж салаад мөн тус Э Сангийн аж ахуйд 1985 оны 12 сараас 1987 оны 9 сар хүртэл нормчин, сахиулаар ажилласан. Тэгээд тус сумын сургуульд жижүүрээр ажиллах болсон. 1987 оны 9 сараасаа 1990 он хүртэл ажилласан... тасралтгүй ажиллаж байсан... Би Э 3 дугаар тасгийн Сангийн аж ахуйд болон Э Сангийн аж ахуйд нормчноор 1985 оноос 1989 он хүртэл ажиллаж байсан... бид нэг суманд байсан шүү дээ, нэг дор ажиллаж байсан. Тэгээд сургуульд ажиллахаар гарсан юм. Ажиллаж байсан талаар нь мэдэх юм... гэх мэдүүлэг, гэрч Х.Б ын ...О.Х нь Т Сангийн аж ахуйн Э 3 дугаар тасгийн туслах үйлдвэрт 8 дугаар анги төгсөж очоод 1985 оны 08 сараас үхэрчин саальчнаар ажиллаж байсан... 1985 оны сүүл 12 сард Т Сангийн аж ахуйн Э 3 дугаар тасаг нь тусдаа Э Сангийн аж ахуй болж салсан юм. Ингэж салаад мөн тус Э Сангийн аж ахуйд шилжиж очиж 1987 оны 09 сар хүртэл нормчин, сахиулаар ажилласан. Тэгээд тус сумын 8 жилийн сургуульд мөн 1987 оны 09 сараас 1990 он хүртэл ажиллаж, буцаад Э Сангийн аж ахуйд 1990 оны 01 сараас 1992 он хүртэл ажилласан... тасралтгүй ажиллаж байсан... Би тус Т д болон Э сумын Э Сангийн аж ахуйд малын эмчээр тасралтгүй 1979 оноос эхлэн 1996 он хүртэл ажилласан. 1985 оны 12 сард Т гаас Э сумын Э Сангийн аж ахуйд шилжин ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
О.Х гийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, үрэгдүүлсэн болох нь Х аймгийн Э сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Тус сумын 4-р багийн иргэн Хорлоо овогтой Батсайхан, О.Х нар нь 2004 оны 6 дугаар сард Засаг дарга асан Бат-Эрдэнэд хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх, бусад бичиг баримтуудыг өгөөд тухайн хүн зуурдаар 2005 онд нас барсан тул бичиг баримтууд олдохгүй байгаа нь үнэн гэх бичилттэй 3/108 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
О.Х ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.Х гийн Х аймгийн Т Сангийн аж ахуйн Э 3 дугаар тасагт 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд үхэрчин, саальчин, Х аймгийн Э Сангийн аж ахуйд 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчин, сахиул, Х аймгийн Э сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА