Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2016/00449

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ************* сумын 06 дугаар багийн Хуурчийн 10 дугаар гудамжны 10 тоотод оршин суух Д-ын Э-/РИ********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөвсгөл аймгийн ************* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч, 155/2015/00216/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Н, хариуцагч байгууллагын дарга О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 1964 онд Хөвсгөл аймгийн ************* суманд төрсөн. Ам бүл 4. Хүүхдүүдийн хамт амьдардаг өрх толгойлсон эрэгтэй ...намайг Засаг даргын Тамгын газрын манаачаар 2008 оны 4 дүгээр сарын 16-наас ажиллуулж эхэлсэн. Би хамт олны энэ сайхан итгэлийг алдахгүйн тулд хичээн зүтгэж ирсэн бөгөөд ажиллаж байх хугацаандаа шинээр орж ирсэн хүнийг дагалдангаар сурган хамт ажиллаж, мэдэх чадах бүхнээ зааж ирсэн. Би 2008 оноос хойш 8 жилийн хугацаанд нийт 9 хүнийг дагалдангаар ажиллуулж, уурын зуухны горимын ажиллагаанд сургасан байдаг юм. Миний бие удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон хийгээд зогсохгүй ЗДТГазар дотор хийвэл зохих аж ахуй, үйлчилгээний бүх л ажлыг ээлжинд гараагүй үедээ ирж амжуулж, хар чадахаараа л ажилладаг ...Иймд алдаа дутагдал гаргаагүй, ажлаа сайн хийгээд зүтгээд байхад ажлаас гаргах болсонд үнэхээр гомдолтой байна. 1. Миний бие ажилдаа алдаа дутагдал гаргаагүй учраас шалтаг, шалтгаан тоочуулалгүй хурдхан зайлуулахын тулд ажлаас гаргах тухай мэдэгдлийг сарын өмнө өгөөгүй шууд л ажлаас халсан тухай тушаалтай хамт нэг өдөр ирсэн. Нэг үгээр хэлбэл 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бичсэн мэдэгдлийг 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гарсан тушаалтай хамт өгсөн. Энэ бол Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5. дахь зүйлд Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх" гэснийг зөрчсөн асуудал болсон. 2. ********* сумын ЗДТГазрын тушаалын огноо болон доторх бичвэр нь засвартай байгаа. З. О.Э дарга ямар нэг хөндлөнгийн шалтгаанаар намайг халахаас өөр аргагүй байдалд орсон гэж үзэж байна. Яагаад гэвэл миний төлөөлөн нэхэмжлэгч В.Н нь О.Э даргаас ийм шийдвэр яагаад гарах болсон талаар асуухад "Манайх орон тоо хэмнэх болсон учраас гэсэн ба Хамгийн олон жил ажилласан хүнээ яагаад халах болсон юм бол? Хамгийн сүүлд орон хүн нь гарвал шудрага шийдвэр биш үү?" гэхэд Эхлээд галч нар дотор нууц санал хураалт явуулсан. Тэгэхэд санал тэнцсэн. Тиймээс удирдлагуудаас санал авахад дарга нарын ихэнх нь Эыг гаргах санал өгсөн гэж хэлсэн байна. Галч нараас санал авч халах хүнээ шилж сонгодог удирдлага гэж байх уу? Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд төсвийн шууд захирагчийн эрх үүргийг заасан байдаг. Түүнд байгууллагынхаа төсөвт багтаан орон тоо, цалингаа өөрөө захиран зарцуулахаар заасан. Гэтэл сумын ИТХурлын дарга, сумын Засаг дарга, орлогч дарга зэрэг бүрэлдэхүүнтэйгээр миний ажлаас цомхотгогдох асуудлыг шийдсэн нь төсвийн шууд захирагчийн эрхэнд халдсан хэрэг бус уу? Галч-манаачийг томилох, халах асуудал нь ЗДТГазрын даргын шийдвэрээр зохицуулагдах ёстой байтал бусад дарга нар оролцсон нь байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг гэж би үзэж байгаа юм. Түүнээс гадна миний төрсөн эгч Д.Бурмаа Засаг дарга Т.Хулганаатай уулзаж асуухад Э-намайг дэмждэггүй, элдвээр муу хэлдэг гэсэн байна лээ ...засаг даргын энэ үг болон санал хураалт зохион байгуулсан байдлаас үзэхэд намайг ажлаас халуулахад Т.Хулганаа даргын шууд оролцоо байгаа тул энэ хүний хувийн сонирхлыг хангах үүднээс намайг халсан болох нь тодорхой байгаа юм. Надаас гадна 3 манаач-галчийн 2 нь миний нэр дээр санал өгсөн гэдгээ надад сүүлд нь хэлсэн. Ингээд дээр нь би өөрөө саналаа өгсөн учраас галч нарын санал тэнцсэн гэдэг бол худлаа. Тэгэхээр галч нарын санал намайг ажлаас халагдахад хүргэсэн нэг шалтгаан болсон гэдэг нь үнэнд нийцэхгүй юм. 4. Мөн хөхөө өвлийн хүйтнээр хүнийг ажлаас халж болдог юмуу? 5. О.Э дарга надад төсөв хүндэрсэн учраас орон тооны цомхотгол хийж, цалингийн хэмнэлт гаргах гэж байгаа гэж тайлбарласан. Тэгвэл энэ бол ямар ч үндэслэлгүй юм. Угаасаа манай байгууллага орон тооны цомхотгол хийх ямар ч шаардлага байхгүй. Учир нь 4 ээлжийн галчийн нэгийг цомхотголоо гэхэд 3 ээлжээр гарч байгаа хүнд Хөдөлмөрийн тухай хуулиар илүү цагийн хөлс олгох ёстой. Тэгвэл энэхүү илүү цагийн хөлс түүнийг дагаж гарах нийгмийн даатгалын шимтгэлийн зардал нь цомхотголд оруулж байгаа ажилтны цалин НДШ-тэй тэнцэх учраас ямар ч хэмнэлт гарахгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1. дэх заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-Д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална. гэжээ. Иймд Ринчинлхүмбэ сумын ЗДТГазрын уурын зуухны ажилчдын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөөд байгаа юмгүй байхад нэг хүнийг халсан нь буруу гэж бодож байна. Тэгээд ч тус байгууллагын галч нь манаачийн үүргийг давхар гүйцэтгэдэг учраас галлагаа зогссон ч манаачийн үүрэг хэвээр үлддэг. Анхнаасаа намайг манаач гэсэн ажлын байранд ажилд авсан. 6. Үнэндээ орон тооны цомхотгол хийх шаардлагатай болсон байлаа гэхэд хамгийн сүүлд ажилд орсон эсвэл хамгийн хариуцлагагүй, хөдөлмөрийн сахилга бат алдсан, хөдөлмөрийн бүтээмж муутай, ур чадвар тааруу хүнээ сонгомоор юм. Гэтэл хамгийн олон жил ажилласан, хамаг л ажилдаа гүйлгэж байдаг хүнээ цомхотголд оруулж байгаа нь хүнээ ч байгууллагаа ч бодоогүй хэрэг гэж би бодож байна... Миний бие Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах Хөвсгөл аймгийн салбар хороонд энэ асуудлаар хандахад ажлаас халсан нь буруу гэсэн дүгнэлт гарсан ба эргүүлж ав гэсэн зөвлөмж өгсөн боловч сумын ЗДТГ биелүүлээгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтооё, ажилгүй байсан хугацааны цалин 688.000 төгрөгийг өгье гэсэн учир бид эвлэрч байна. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын дарга О.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Улс орон даяар санхүүгийн хямрал бий болж, төсөвт байгууллагуудын урсгал зардал 50% танагдаж, тус сумын ЗДТГ-ын цалингийн сан 2015 оныхоос 20 орчим хувиар буурч батлагдан ирсэн бөгөөд 2016 оны сумдын ЗДТГ-ын орон тоо, бүтцийг шинэчлэн тогтоох тухай аймгийн Засаг даргын Б/57 тоот захирамж гарч сумдын ЗДТГ-ын МЭҮТ-ийн бүтцийг 2 болгон цөөрүүлж баталсан хэдий ч цалингийн сан хүрэлцэхгүй 1-р сард 693.407 мян төгрөг, 2-р сард 439.264 мян төгрөгийн өртэй гараад байгаа болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэл болгон ЗДТГ- ын гэрээт ажилчдыг 3 болгон цөөрүүлж сард 90000-106000 төгрөгийн цалингийн хэмнэлт хийхээр тооцоолсон. Орон тоог цомхотгох асуудлыг эхлээд галч нараас өөрсдөөс нь хэнийг цомхотгох талаар нууц санал хурааж дүнг гаргахад Х.Эрдэнэбаяр, Д.Э-нарыг цомхотгохоор санал тэнцсэн байсан учир дээрх 2 хүний хэнийг цомхотгох талаар удирдлагуудаас буюу сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга нараас дахин санал хураахад Д.Эыг олонхын саналаар цомхотгохоор шийдвэрлэсэн болно. Ийнхүү Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 заалт, Засгийн газрын 2014 оны 322 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2015 оны Б/57 тоот захирамжуудыг үндэслэн сумын ЗДТГ-ын 2016 оны орон тоо, цалингийн санг ЗДТГ-ын даргын Б/01 тоот тушаалаар батлан үндсэн 17, гэрээт 3, нийт 20 орон тоотойгоор ажиллаж байна. Эгч Д.Бурмаа нь Д.Эыг цомхотгох болсон талаар Засаг даргатай уулзахад хэлсэн Д.Э-намайг дэмждэггүй, элдвээр хэлдэг, муулдаг гэх үгийг миний хувьд мэдэхгүй. Дээрх хувийн асуудал тухай 2 иргэний хооронд байгааг үгүйсгэхгүй юм. Энэ байдал нь Д.Эын Хөдөлмөрийн гэрээ цуцлах эрх зүйн акт гаргах процессод огт нөлөөлөөгүй бөгөөд энэ 2 хүний хувийн асуудпыг миний хувьд огт мэдээгүй болно. Орон тооны цомхотгол хийхэд хамгийн сүүлд орсон хүнийг болон ур чадвар тааруу хүнээ цомхотгоно гэсэн хууль эрх зүйн акт байхгүй учир энэ нь байгууллагын даргын өөрийн эрх үүргийн асуудал юм. Харин ажлын хариуцлага алдсан, мэргэжил ур чадварын хувьд тухай ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол тухай албан тушаалтны ажлаас халах үндэслэл болдог. Орон тооны цомхотгол орох болсон тухай мэдэгдлийг ЗДТГ-аас 2015 оны 12 сарын 31-ний өдөр 2016.01.04-ний дотор ажлаа хүлээлгэн өгөх талаар Д.Эад хүргүүлсэн болно. 1. Иймд ЗДТГ-ын даргын 2016.01.04-ний өдрийн Б/02 тоот тушаал үндэслэлтэй бөгөөд хууль тогтоомжийн дагуу гарсан тушаал гэж үзэж байна. 2. Орон тооны цомхотголыг хийхдээ галч нараас болон, удирдлагуудаас санал авч олонхын саналаар шийдвэрлэсэн. 3. ЗДТГ-ын цалингийн сан хүрэлцэхгүй байгаа учир цомхотгол хийх зайлшгүй шаардлага гарсан. 4. Галт сахиулын орон тоог 3 болгон цөөрүүлснээр сард 90000-106000 төгрөгийг цалингийн хэмнэлт бий болсон. 5. Одоогоор ЗДТГ-ын 2016 оны цалингийн санд 1-р сар 693407 төгрөг, 2-р сард 439264 төгрөгийн өр үүсээд байгаа гэжээ.

Хариуцагч байгууллагын дарга О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би хууль зөрчиж буруу тушаал гаргасан юм байна гэдгээ ойлголоо. Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох юм бол одоо манай галч, манаачийн авч байгаа цалин болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад явах боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийг ажилд буцааж авъя. Ажилгүй байсан хугацааны цалингийн тухайд манайд илүү төсөв хөрөнгө байхгүй учир ажилгүй байсан нэг сард 192.000 төгрөгөөр тооцож нийт 688.000 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалинг өгье. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Хөвсгөл аймгийн ************* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч байгууллагын дарга О.Э нь нэхэмжлэгч Д.Эыг Хөвсгөл аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын галч, манаачийн ажилд томилон ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин 688.000 /зургаан зуун наян найман мянга/ төгрөгийг өгөхөөр эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн ************* сумын Засаг даргын Тамгын газраас 21.062 /хорин нэгэн мянга жаран хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч байгууллагын дарга О.Э нь нэхэмжлэгч Д.Эыг Хөвсгөл аймгийн ********* сумын Засаг даргын Тамгын газрын галч, манаачийн ажилд томилон ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин 688.000 /зургаан зуун наян найман мянга/ төгрөгийг олгохоор нэхэмжлэгчтэй эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас 21.062 /хорин нэгэн мянга жаран хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН