Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 00170

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, ерөнхий шүүгч С.Цэрэндулам, шүүгч С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч П.Шижиртуяа,

иргэдийн төлөөлөгч Э.Ганжигүүр

шүүгдэгч, хохирогч Д.Т, Н.Ж, тэдний өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг нарыг оролцуулан Булган аймгийн Бүрэгхангай сумын Соёлын төвийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэнсмаагийн Т, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намжилдоржийн Ж  нарт холбогдох эрүүгийн 1715001060038 дугаартай, 132/2017/0144/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.  

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д.Т

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр суманд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Өзөөд овогт Н. Ж

Холбогдсон хэргийн талаар:

Д.Т нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Н.Жы зүүн мөрөн тус газарт нь хайчаар хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  

Н.Ж нь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Д.Тын цээжин тус газарт хутгалж /зэвсаг хэрэглэн/, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Тын өгсөн:  Мөрдөн байцаалтын шатанд ярьсан зүйл үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хохирогч болохын хувьд гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Н.Жы өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд ярьсан зүйл үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хохирогч болохын хувьд гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

1715001060038 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах шатанд:

Хохирогч Д.Тын өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 24-нд манай эхнэрийн төрсөн дүү Бат-Амгалан хуримаа хийсэн. 2017 оны 08 дугаар сарын 25-нд бэрийн тал буюу худыгаа 11 цагийн үед гаргаж өгсөн. Тэгээд гаргаж өгчихөөд дүү Бат-Амаглангийн гэрт ирсэн ба ирээд ганц хоёр шил архи уусан. Тэгээд дүү Бат-Амгалангийн гэрт байж байгаад гарч бие засчихаад Ж ны хамт гэрт нь бид хоёр ойр зуурын юм ярих гээд орсон. Тэгээд Ж ны гэрт ороод байж байтал мотоцикл дуугарсан. Хаалга шагайгаад харсан чинь миний төрсөн ах, эхнэр хүүхдүүдийнхээ хамт ирж байна гэсэн чинь Ж  манай төрсөн ахыг хочоор нь хэлэхээр нь би уурлаад Ж ны нүүр лүү нь гараараа түлхээд гарах гэсэн чинь “намайг Ж  шаана шүү, нэвт шаана” гээд байсан. Тэгээд би гарах гээд алхаж байгаад Ж  луу эргэж хартал Ж  хайч барьчихсан далайж байхаар нь хайч барьсан гарыг нь барьж аваад ноцолдоод хайчийг булааж авах гэж байгаад Ж ны биеийн зүүн талын цээж хэсэгт хайчны ирээр эсгэсэн тухайн үед хайчийг нь булааж авах гээд ноцолдож байгаад ийм юм болсон. Тэгээд би Ж ныг хоёр гараараа түлхчихээд гарах Ж  намайг дуудахаар нь эргэж харсан чинь Ж  намайг “шаачих уу гээд байхаар нь шаахгүй юу гэж хэлсэн” тэгтэл гэнэт Ж  миний цээж рүү цохих шиг болсон, цээжний хэсэг халуу дүүгэхээр нь цээж рүүгээ гараа хийсэн чинь цус болчихсон байхаар нь намайг хутгалчихсан байна гэж бодоод Ж ны гэрээс гарч зугтаасан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Хохирогч Н.Жы өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 24-нд манай аавын дүүгийн хүүхэд Бат-Амгалан хуримаа хийсэн. Манайх Бат-Амгалангийн гэртэй ойрхон айл саахалт юм. Би тэр өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 24-нд эхнэр хүүхдүүдийн хамт Бат-Амгалангийн хуриманд очсон. Маргааш өглөө буюу 2017 оны 8 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн үед дүү Бат-Амгалангийнд бэр хүргэж өгсөн болон айлчилж ирсэн хүмүүсийг манай хамаатан садангууд гаргаж өгчихөөд буцаад Бат-Амгалангийн гэрт ирээд байж байгаад бэрийн талийг гаргаж өгсөн манай хамаатанууд бас явсан. Тэгээд би дүү Бат-Амгалангийн гэрийн түлээний хайрцагны хажууд сууж байгаад хаалгаар нь харсан чинь Тын ах, эхнэр хүүхдүүдийнхээ хамт мотоциклтой ирж байхаар нь би Тын ахыг хочоор нь тоглоод хэлтэл Т ахыгаа өмөөрч уурлаад байхаар би гэрээс гараад бие засчихаад байж байсан чинь Т уурлаад байсан. Тэгээд бид хоёр манай гэрт орсон. Т орж ирээд миний араас гараараа цохиод байхаар нь би бас урдаас нь цохисон тэгээд би арагшаа ухарсан чинь Т аяга таваг хийдэг шүүгээний нүднээс хайч аваад над руу чиглээд чичэх гэхээр нь би Тын хайчтай гараас нь хайчийг нь салгаж авах гээд ноцолдож байтал би гарын нь дийлэхгүй алдсан. Тэгтэл Т миний зүүн мөрний хэсэгт хайчаараа хатгахаар нь би Тыг “чи намайг хатгачихлаа” гэж хэлсэн чинь юм дуугарахгүй хайчаа шүүгээн дээр тавиад гараад явсан. Удалгүй Т эргээд ороод ирэхээр нь би Тыг айлгах зорилготой шүүгэн дотор байсан хүрэн иштэй хутгыг аваад баруун гараараа бариад чичлээд зогсож байсан чинь Т миний барьж байсан хутганы үзүүр лүү нь биеэрээ тулж зогсоод “чаддаг юм бол хатга, хатга” гээд байхаар нь би цээжний зүүн хэсэгт нь хатгасан чинь Т цээжээ дараад гараад явсан. Би араас нь гарсан чинь манай эхнэр болон Тын эхнэр нь Тыг хутгалуулсаныг нь мэдээд сумын эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Т.Ган-Өлзийгийн өгсөн: 2017 оны 08-р сарын 24-ны өдөр миний урд сууж байсан нөхрийн дүү Бат-Амгалан хуримаа хийсэн. Манайх Бат-Амгалангийн гэртэй саахалт айл байгаа юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө бэр хүргэж өгсөн хүмүүсийг даваан дээр Бат-Амгалангийн хамаатнуудын хамт гаргаж өгсөн. Тэгээд бид нар буцаад Бат-Амгалангийн гэрт ирээд хоол цай хийж, гэр орныг нь цэвэрлээд байж байсан чинь гаднаас хүүхдүүд зодоон болоод байна гээд хашгираад байсан тухай үед хэн гэж хүүхэд хашгирсаныг нь мэдээгүй. Тэгээд би Бат-Амгалангийн гэрээс гараад харсан чинь Т манай гэрээс намайг хатгачихлаа гээд гарч ирсэн. Тэгээд гэртээ очтол миний нөхөр Ж  нь гэрийн зурагтны хажууд суучихсан нүүр болон өмсөж явсан цамцны баруун гарны булчин хэсэг нь цус болчихсон байсан, би Тыг эхнэрийнх нь хамт аваад сумын төвийн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна ойролцоогоор 11 цаг өнгөрч байсан байх гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч Д.Алтанцэцэгийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-нд би ажил дээрээ байж байсан чинь 13 цаг 40 минутын үед гаднаас Т эхнэр Батчимэг, Ган-Өлзий нар нь орж ирээд “Т би үхэх нь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан бэ” гэж асуухад “хүнд хутгалуулчихлаа” гэж хэлэхээр нь би яаралтай тусламжийн өрөөнд оруулж суулгачихаад би өөрийнхөө өрөө рүү орж багаж хэрэгслээ авах үедээ тогоочийг “их эмчийг дууд” гээд явуулсан. Тэгээд би өрөөнөөсөө багажаа аваад эргэж яаралтай тусламжийн өрөөнд орж Тын биеийг үзэхэд зүрхэн тус газраа хатгуулсан шархтай, шархнаас их хэмжээний цус гарч байхаар нь анхан шатны яаралтай тусламж үзүүлээд байж байхад их эмч ирсэн. Тэгээд би сумынхаа цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Гэрч Г.Батчимэгийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 24-нд миний төрсөн дүү Бат-Амгалан хуримаа хийсэн. Тэгээд нөхөр Т бид хоёр очсон. Нөхөр бид хоёр тэр өдрөө дүүгийндээ хоноод маргааш өглөө нь буюу 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө хуриманд ирсэн бэрийн талын ах, дүүсийг манай нөхөр гаргаж өгсөн. Тэгээд би дүүгийн гэрт үлдээд дүүгийн гэр орныг цэвэрлээд дараагийн ирэх хүмүүст хоол ундыг хийж байсан. Удалгүй бэрийн талын ахан дүүсийг гаргаж өгсөн манай нөхөр болон хамаатан садангууд ирээд бэрийн ах, дүүсийг гаргаж өгсөн. Манай хамаатнууд явсан, зөрөөд манай нөхрийн төрсөн ах нь эхнэр хүүхдийнхээ хамт ирсэн. Би тухайн үед гал тогоо хийж байсан гэрт хоол хийгээд байж байтал гэрийн гадна тоглож байсан хүүхдүүд Т ахын энгэр нь цус болчихсон байна гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би гэрээс гартал нөхөр Т гэрийн үүдэнд цээжний зүүн талаас нь цус гарчихсан байхаар нь би нөхрөөсөө “яасан” гэж асуусан чинь “намайг яачихсан байгаа юм” гээд хашгираад байсан. Тэгээд би аваад сумынхаа эмнэлэгт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

 Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 70 дугаартай дүгнэлтэнд: Н.Ж гэх цусанд 2.2% спиртийн агууламж илэрлээ. Энэ согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 34 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаартай дүгнэлтэнд: Д.Т гэх цусанд 0.8% спиртийн агууламж илэрлээ. Энэ согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 43 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 263 дугаартай дүгнэлтэнд: Д.Тын биед, цээжний хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 38 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 272 дугаартай дүгнэлтэнд: Н.Жы биед, зүүн мөрөнд оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүлтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 47 хуудас/,

Яллагдагчаар Н.Жы өгсөн...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Бумбат гэх газарт Бат-Амгалангийн хуриманд очсон. Хуриман дээр нилээн архи ууж согтсон. Тэгээд тэр өдрөө хуриманд байж байгаад унтаж амарсан. Маргааш нь дахин хуриманд найрлаж архи ууж гэртээ ганцаараа байж байхад Т орж ирсэн. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаж зодоон хийсэн ба Т нь намайг хайчаар мөр лүү хатгаад гэрээс гарч явсан. Тэгээд удалгүй буцаад ороод ирэхээр нь би хутга бариад автал Т нь чаддаг юм бол хутгалаач гэсэн. Тэгэхээр нь цээжин тус газарт нь хутгаар хатгасан. Тэгээд Т гэрээс гарч яваад намайг хутгалсныг мэдээд сумын эмнэлэг рүү явсан. Т намайг хайчаар хатгах үед, би Тыг хутгаар хатгах үед бид хоёрын хажууд хүн байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/,

Яллагдагчаар Д.Тын өгсөн...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Бүрэнхангай сумын Бумбат багийн Нумт гэх нэртэй газарт эхнэрийн төрсөн дүү Бат-Амгалангийн хуриманд эхнэр Батчимэгийн хамт очсон. Эхний өдөр хурим найранд оролцож өнгөрсөн. Тэгээд шөнө 23 цагийн орчимд байх Ж  гээд эхнэрийн хамаатны дүүгийнд очиж хоносон. Маргааш өглөө нь дахин хуриманд орж архи ууж байгаад өдөр 15 цагийн орчимд Ж ны гэр лүү ганцаараа унтаж амрах гээд орсон чинь Ж  гэртээ ганцаараа байж байсан. Тэгтэл Ж  намайг үгээр доромжилсон ба бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл гаднаас миний төрсөн ах Төмөрхуяг найранд ирж байхыг хараад миний ахыг хочоор нь дуудаад байсан. Ингээд үүнээс болж бид хоёр хоорондоо маргаж зодолдож эхэлсэн. Тэгээд би гэрээс нь гарч яваад найранд орж хэсэг сууж байгаад буцаад Ж ны гэрт ороход ганцаараа сууж байснаа гэнэт намайг шаана шүү гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би чаддаг юм бол шаахгүй юу гэж хэлтэл Ж  цээжин хэсэг рүү хутгаар хутгалж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/,

Гэмт хэргийн талаархи мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15-16 хуудас/,

Бүрэгхангай сумын эмчийн бичсэн дүгнэлт /хх-ийн 39 хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54-55 хуудас/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-57 хуудас/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй хутга 1 ширхэг, хайч 1 ширхэгийг тус тус таниулж судалсан болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Д.Т, Н.Ж нар нь архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “төрсөн ахыг хочоор” нь дуудлаа гэх шалтгаанаар хоорондоо маргах явцдаа Д.Т нь Н.Жы зүүн мөрөн тус газарт нь хайчаар хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Н.Ж нь Д.Тын цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.    

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нарын хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, гэрч Т.Ган-Өлзийгийн...Бат-Амгалангийн гэрт ирээд хоол цай хийж, гэр орныг нь цэвэрлээд байж байсан чинь гаднаас хүүхдүүд зодоон болоод байна гээд хашгираад байсан тухай үед хэн гэж хүүхэд хашгирсаныг нь мэдээгүй. Тэгээд би Бат-Амгалангийн гэрээс гараад харсан чинь Т манай гэрээс намайг хатгачихлаа гээд гарч ирсэн. Тэгээд гэртээ очтол миний нөхөр Ж  нь гэрийн зурагтны хажууд суучихсан нүүр болон өмсөж явсан цамцны баруун гарны булчин хэсэг нь цус болчихсон байсан, би Тыг эхнэрийнх нь хамт аваад сумын төвийн эмнэлэгт хүргэж өгсөн гэх, гэрч Д.Алтанцэцэгийн...би ажил дээрээ байж байсан чинь 13 цаг 40 минутын үед гаднаас Т эхнэр Батчимэг, Ган-Өлзий нар нь орж ирээд “Т би үхэх нь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яасан бэ” гэж асуухад “хүнд хутгалуулчихлаа” гэж хэлэхээр нь би яаралтай тусламжийн өрөөнд оруулж...Тын биеийг үзэхэд зүрхэн тус газраа хатгуулсан шархтай, шархнаас их хэмжээний цус гарч байхаар нь анхан шатны яаралтай тусламж үзүүлээд байж байхад их эмч ирсэн гэх, гэрч Г.Батчимэгийн...Би тухайн үед гал тогоо хийж байсан гэрт хоол хийгээд байж байтал гэрийн гадна тоглож байсан хүүхдүүд Т ахын энгэр нь цус болчихсон байна гээд хашгираад байсан. Тэгэхээр нь би гэрээс гартал нөхөр Т гэрийн үүдэнд цээжний зүүн талаас нь цус гарчихсан байхаар нь би нөхрөөсөө “яасан” гэж асуусан чинь “намайг яачихсан байгаа юм” гээд хашгираад байсан гэх мэдүүлэг зэрэг,  шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 263 дугаартай дүгнэлтээр...Д.Тын биед, цээжний хөндийн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн дүгнэлтээр... Н.Жы биед, зүүн мөрөнд оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар болон эд мөрийн баримтуудаар нотлогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, мөн шүүгдэгч Н.Жыг хүний эрүүл мэндэд зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Т нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй хутга 1 ширхэг, хайч 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Боржигон овогт Д.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 Өзөөд овогт Н.Ж ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Тыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Жыг 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

3.Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Жд оногдуулсан 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бор иштэй хутга, хайч тус бүр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

 6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНДУЛАМ

ШҮҮГЧ                                С.ЦЭРЭНХАНД