| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 1818005220517 |
| Дугаар | 2023/ДШМ/190 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.3.2.2., 19.14.2.1., |
| Улсын яллагч | Э.Энх-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ДШМ/190
2023 02 14 2023/ДШМ/190
С.С, А.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Э,
хохирогч Б.А,
шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Б.Б, Ж.Т,
шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч Ц.Ш,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, шүүгч Б.Бээжин, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1711 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С-ын гаргасан давж заалдах гомдлоор С.С, А.А нарт холбогдох ......................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.С нь:
1. 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.А-ээс “Улсын дээд шүүхээр хүүд чинь оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхөд тусална” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Р” төвийн гадна хохирогч Б.Л-д “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэл худалдана гэж хуурч, эд зүйл ашиглан 10.000.000 төгрөг шилжүүлэн авсан,
3. Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч Д.Ч-ыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн “Тоёота Ланд Круйзер 100” маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг 25.000.000 төгрөгөөр зарж өгнө гэж эзэмших эрхийг шилжүүлэн авсан,
4. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, .... дугаар хорооллын ............тоотод 2018 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч А.Н-д “Д” зах дээр Япон улсын автомашины сэлбэг зардаг гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тээврийн хэрэгслийн обуд, дугуй хямд үнээр авч өгнө гэж цахим банкны үйлчилгээ ашиглан 2.900.000 төгрөгийг Голомт банкны .................. тоот дансаар шилжүүлэн авсан,
5. Дархан-Уул аймгийн Дархан сум, Хөтөл хорооллын ......... тоот Б.З-ын хашаанаас 2018 оны 8 дугаар сард хохирогч Б.Т-ийн эзэмшлийн ............. улсын дугаартай “Ниссан Экстрал” маркийн тээврийн хэрэгслийг засварлаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн ..... зээлийн төвд ажилтан Т.Б-ийг хуурч, хуурамч эд зүйл ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Айфоне 8 плас” гар утсыг 1.200.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Айфоне X” маркийн гар утсыг 1.400.000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлж, нийт 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн .....зээлийн төвийн ажилтан Т.Т-ыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуурч, хуурамч эд зүйл ашиглаж, “Айфоне X” загварын 3 ширхэг гар утсыг 1.300.000 төгрөгийн зээлийн барьцаанд шилжүүлж, нийт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Дархан-Уул аймгийн Дархан сумын ..... дугаар баг, .... дугаар хэсгийн ......... тоотод 2018 оны 11 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Ц.А-д “Тоёота коруан 171” маркийн автомашин зарна гэж хуурч, эд зүйл ашиглаж, 2.800.000 төгрөгийг Хаан банкны ................. тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,
9. Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогч Ж.М-г “...манай ээж П.Д Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанид ажилладаг, байгууллагаас манай ээж П.Д-д хоёр өрөө орон сууц өгсөн, манайх орох шаардлагагүй тул өөр хүнд энэ байранд орох боломжийг олгоё...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдчилгаа төлбөрт нийт 18.700.000 төгрөгийг Хаан банкны ................. тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,
10. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас хохирогч Г.Х-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Итали улсад хөдөлмөр эрхлэх урт хугацааны эрх гарсан, зорчих тийз захиалж өгнө гэж 2019 оны 7 дугаар сарын 23, 24-ний өдөр нийт 1.982.000 төгрөгийг Хаан банкны ....................... тоот харилцах дансаар шилжүүлэн авсан,
11. Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны нутгаас хохирогч Б.Б-аас 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд Г.Ш-ийн эзэмшлийн Хаан банкны ...................... дугаарын дансаар Итали улсад хөдөлмөр эрхлэх урт хугацааны эрх гарсан, зорчих тийз захиалж өгнө гэж 1.430.000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж шилжүүлэн авсан,
12. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И” захын орчмоос хохирогч Н.Д-ыг Унгар улс руу ажиллах хүч гаргана гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 385.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 260.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “эмчийн бичиг авна” гээд 60.000 төгрөг, нийт 705.000 төгрөгийг Хаан банкны ................... дансаар шилжүүлэн авсан,
13. 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр фэйсбүүк нийгмийн сүлжээнд “D” гэх нэрээр 4 ижил тээврийн хэрэгслийн дугаар зарна гэж зар байршуулж, улмаар уг зарын дагуу хохирогч Б.А-тай уулзаж өөрийгөө Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст ажилладаг гэж танилцуулан, Г.Д-ын эзэмшлийн “Тоёота Приус 30” маркийн .............. улсын дугаартай автомашиныг ашиглан, уг тээврийн хэрэгслийн .................. улсын дугаарыг 21.000.000 төгрөгөөр худалдана гэж хуурч, Нийслэлийн нутгаас 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хооронд 13 удаагийн үйлдлээр нийт 15.820.000 төгрөгийг шилжүүлэн авч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон, нийт 95.837.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ....... дүгээр багийн ........... дугаар байрны урд хохирогч П.Ц-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
мөн шүүгдэгч С.С, А.А нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Оросын Холбооны улсын хилээр нэвтэрч, Монгол Улс руу зорчин ирэхдээ С.С-ыг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр ............ улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн тээврийн хэрэгслийн тээш дотор нууж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: С.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч С.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.С, А.А нарыг бүлэглэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар С.Сод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар С.С-д 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, А.А-ыг 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.С-ын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 11 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 833 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А нь торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Ч-д 20.000.000 төгрөг, А.Н-д 2.900.000 төгрөг, Т.А-т 2.500.000 төгрөг, Ж.М-д 18.700.000 төгрөг, “И” ХХК-д 3.900.000 төгрөг, Т.Б-т 2.600.000 төгрөг, Ц.А-д 2.800.000 төгрөг, Б.Л-д 7.200.000 төгрөг, Г.Х-д 1.982.000 төгрөг, Н.Д-д 705.000 төгрөг, Б.А-т 15.820.000 төгрөг, Б.Б-т 1.130.000 төгрөгийг шүүгдэгч С.С-оос гаргуулан тус тус олгож, шүүгдэгч С.С нь хохирогч Б.Л-д 2.800.000 төгрөг, Т.А-т 2.500.000 төгрөг, Б.Т-д 5.000.000 төгрөг, Б.Б-т 300.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч П.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.С-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Айфоне 8 плас” маркийн гар утас 1 ширхэг, “Айфоне X” маркийн гар утас 4 ширхэгийг улсын орлого болгож, нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч С.С, А.А нарт холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэгдэн Баянзүрх дүүргийн шүүхээс 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Нийгэмд хор уршигтай үйлдэл хийсэндээ гэмшиж, харамсаж байна. Миний бие 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 30 сар цагдан хоригдохдоо өөрийн алдаа эндэгдэл, амар хялбар аргаар мөнгөтэй болох нь өөр хэн нэгнийг золиосонд гаргаж хохироосон зэрэг өчүүхэн тэнэг бодолдоо өдөр болгондоо дүгнэлт хийж харамсаж сууна. Би болж байвал бусад нь яахав гэсэн адын бодолд хөтлөгдөн мунхаг, тэнэг явснаа хоригдож байгаад ухаарсан нь хожимдсон ухаарал байсан. Иймд миний хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдож буй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж Монгол хүний уужуу ухаанаар хандаж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос миний үйлчлүүлэгчийг амьдралын эх үүсвэрээ болгосон гэж яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхийн шатанд өмгөөлөгчийн зүгээс “гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна” гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож шүүх хүлээн авч хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн тул өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Ж.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн тухайд миний үйлчлүүлэгч С.С-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж 4 жилийн хугацаа болгож өөрчилж өгнө үү. С.С нь давж заалдах гомдолдоо маш их гэмшиж байгаа талаараа дурдсан. Хувийн байдлын тухайд, дээд боловсролтой хүний их эмч мэргэжилтэй. Эхийн хамт амьдардаг бөгөөд эцэг нь зүрхний өвчнөөс болж нас барсан. Түүний өвөө хүний асрамжид байдаг. С.С нь зүрхний өвчний улмаас олон жил эмчийн хяналтад хэвтэн эмчлүүлж байгаа. Дээрх байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Алтанбаярын өмгөөлөгч Ц.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч болон миний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би С.С-д залилуулснаас хойш шүүх, цагдаагийн байгууллагаар уйгагүй явж байгаа. Надад “хохирлоо төлнө” гэж хэлдэг боловч хэзээ, яаж төлөх нь тодорхой бус байдаг. Миний хохирол төлбөрийг төлж барагдуулвал гомдол саналгүй. ...” гэв.
Прокурор Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.С-ын хувьд нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.С-ыг бүлэглэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож С.С-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйлгүй. Шүүгдэгч А.А-ыг 5.400 нэгжтэй тэнцэх буюу 5.400.000 төгрөгөөр торгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч С.С-ын зүгээс “хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хугацаагаар хорих ялын заалттай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хөнгөрүүлэх нөхцөл байдлыг заасан. Анхан шатны шүүхээс 12 хохирогчид нийт 80.237.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.С-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.С нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт нийт 95.837.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг,
2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр багийн ..... дугаар байрны урд хохирогч П.Ц-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “дагзны хуйханд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
мөн шүүгдэгч С.С, А.А нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Оросын Холбооны улсын хилээр нэвтэрч, Монгол Улс руу зорчин ирэхдээ С.С-ыг Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр ....... улсын дугаартай “Тоёота Альфард” маркийн тээврийн хэрэгслийн тээш дотор нууж Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Д.Ч-ын /1хх 12-15/, гэрч Г.М-ы /1хх 73-74/, гэрч З.Г-ийн /1хх 76/, гэрч Л.А-ийн /1хх 242/, гэрч Б.Б-ийн /1хх 243-244/, хохирогч А.Н-ийн /1хх 135-137/, гэрч Ш.Б-ий /1хх 245-247/, хохирогч Т.А-ийн /2хх 18-19, 4хх 179/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-ын /2хх 12-17/, гэрч У.Т-ийн /2хх 20-21/, гэрч Т.Б-ын /4хх 181/, гэрч Ж.Д-ын /4хх 184/, хохирогч Ж.М-ийн /2хх 125-128/, гэрч А.И-ын /2хх 132-133/, гэрч П.Д-ийн /2хх 136-137/, гэрч Б.У-ын /2хх 138-139/, хохирогч З.Б-ын /2хх 234-235/, иргэний нэхэмжлэгч Т.Б-ийн /2хх 239-240/, гэрч Г.Д-ийн /2хх 245/, хохирогч М.Т-ын /3хх 34-35/, гэрч Б.Ц-ийн /3хх 43/, хохирогч Б.Т-ийн /3хх 90-91/, гэрч Б.З-ын /3хх 93-95/, гэрч Д.Б-ы /3хх 96/, гэрч Д.Б-ийн /3хх 98/, хохирогч Ц.А-ийн /3хх 141/, гэрч А.И-ын /3хх 143/, гэрч Б.У-ын /3хх 146/, гэрч С.Б-ын /3хх 147/, хохирогч Б.Л-ийн /3хх 164-165, 3хх 239/, гэрч С.Б-ийн /5хх 85/, хохирогч Г.Х-ы /4хх 22-23, 4хх 24-25/, гэрч С.Б-ын /4хх 27-28/, гэрч Б.Г-ийн /4хх 30/, гэрч П.Д-ийн /4хх 31/, гэрч А.И-ын /4хх 33/, хохирогч Б.Б-ын /10хх 23-25/, гэрч Г.Ш-ийн /10хх 27-28/, гэрч С.Б-ын /10хх 30, 54/, хохирогч Н.Д-ын /4хх 100-102/, хохирогч Б.А-ын /7хх 35-42, 12хх 121/, гэрч Г.Д-ын /7хх 44/, гэрч Д.С-ын /7хх 67/, хохирогч П.Ц-ийн /1хх 86/, гэрч Т.Т-ын /1хх 90/, гэрч П.Д-ийн /8хх 72/, гэрч Г.Д-ын /8хх 76/, гэрч Ж.Б-ийн /8хх 91/, гэрч Ц.Ц-ийн /8хх 97/ мэдүүлгүүд,
Д.Ч, С.С нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 25-27/,
“...Тоёота Ландкруйзер 100” маркийн .............. улсын дугаартай суудлын жип автомашин нь 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2018 оны 7 дугаар сарын 31-ний байдлаар 28.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна.” гэсэн К ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /1хх 33-34/,
“Япон улсад 2000 онд үйлдвэрлэгдсэн, 2007 оны 9 дүгээр сард Монгол Улсад орж ирсэн. “Тоёота Ландкрузер 100” маркийн автомашин нь 2018 оны 1 дүгээр сарын байдлаар манай улсын зах зээл дээр дунджаар 20.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...” гэсэн А ХХК-ийн 112 дугаар үнэлгээний тайлан /2хх 94/,
2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн “Тоёота Ландкруйзер 100” маркийн 2000 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл худалдан борлуулах итгэмжлэл болон худалдах, худалдан авах гэрээ /1хх 38-45/,
хохирогч А.Н, шүүгдэгч С.С нарын гар утсаар ярьсан гэх ярианы бичлэг, мессэжний зураг зэргийг хуулбарласан 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 147-152/,
“Хаан” банкны дансны хуулга /1хх 77, 1хх 140-144, 2хх 118-120, 2хх 121-122, 3хх 132, 3хх 135-138, 4хх 44, 51, 56, 10хх 92, 4хх 113, 6хх 194-197/, “Голомт” банкны дансны хуулга /4хх 56, 10хх 110/, “Хас” банкны дансны хуулга /10хх 96/,
“...С.С А авто замын боомтоор 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гарсан, 9-ний өдөр улсын хилээр орсон бүртгэлтэй байна. ...” гэсэн Хил хамгаалах Ерөнхий газрын 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2-5а/347 тоот лавлагаа /1хх 240/,
“...Л-ийн иргэн С.С-той хийсэн автомашин худалдах, худалдан авах гэрээний 70 хувийн лизингийн санхүүжилтэд манай байгууллагаас 7.000.000 төгрөгний зээл олгосон. Л энэ хугацаанд 2.209.000 төгрөг төлсөн.” гэсэн “Е” ХХК-ийн 95 дугаар лавлагаа /12хх 42/,
Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн ажилтанд орон сууц хөнгөлттэй нөхцөлөөр олгох журам /2хх 144-154/,
Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн захиргаа удирдлагын хэлтэст гаргасан ажилтан П.Д-ийн орон сууцанд орох хүсэлт /2хх 155-156/,
“2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “iphone X 200.000 төгрөг, iphone 8 рlus 150.000 төгрөг, нийт 350.000 төгрөг гэсэн “К” ХХК-ийн гар утасны үнэлгээний тайлан” /2хх 249-250/,
“И” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0003257, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0003281 дугаар С.С-тай байгуулсан 2 ширхэг гар утасны буюу 2.600.000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ /2хх 225-226/,
2 ширхэг гар утас “И” ХХК-ийн ажилтан Т.Б-ээс хураан авсан тэмдэглэл /2хх 228/,
“И” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0003285, 0003286 дугаар С.С-той байгуулсан 3 ширхэг гар утас буюу 3.900.000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ /3хх 26-27/,
3 ширхэг гар утас “И” ХХК-ий ажилтан М.Т-аас хураан авсан тэмдэглэл /3хх 30/,
“iphone X маркийн 256 кв хүчин чадалтай гар утас 150.000 төгрөг, нийт 450.000 төгрөг гэсэн “К” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайлан” /3 хх 48/,
............ улсын дугаартай Nissan X-Trail маркийн автомашиныг эрэн сурвалжилж ажилласан материалууд /3хх 114-118/,
“Nissan X-Trail маркийн 2003 онд үйлдвэрлэгдсэн хуучин тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 5.000.000 төгрөг” гэсэн “К” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний тайлан /3хх 121/,
Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Д.Б-ы баталсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн худалдагч Д.Д-ийг төлөөлж Б.У, худалдан авагч А.И нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /12хх 111-112/,
Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч Ц.Э-ийн баталсан 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн худалдагч А.И, худалдан авагч С.Б нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ /12хх 114-115/,
2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн иргэн С.С, иргэн Б.Л нарын хооронд байгуулсан .................... улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Е-ийн зээлийн гэрээ /3хх 166-178/,
К ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн “Самсүнг Эс-7 маркийн гар утас ашиглаж байсан 230.000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан” /4хх 38-39/,
“...Г.Ш-ийн эзэмшлийн Хаан банкны ........... тоот, Хас банкны ............. тоот, П.Д-ийн эзэмшлийн Голомт банкны ............ тоот харилцах дансуудын 2019 оны 8 дугаар сарын орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /10хх 127/,
Тоёота Приус-30 маркийн ............ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн маягт /6хх 207/,
“... П.Ц-ийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу унах, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 1156 дугаар шинжээчийн дүгнэлт / 1хх 95/,
“А.А-ын эзэмшлийн Хаан банкны .................. тоот харилцах дансанд үзлэг хийхэд тус дансанд 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдөр ................... тоот данснаас 150.000 П гэх утгатай 500.000 төгрөгийн орлого орж ирсэн байсныг тэмдэглэл, үзлэг хийх ажиллагааг дуусгав” гэсэн мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл болон харилцах дансны лавлагаа /8хх 5, 31-32/,
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11/2973 дугаартай албан бичгээр С.С-ын үндэсний энгийн гадаад паспорт хүсэх мэдүүлгийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа / 7хх 177-178/,
Гадаад харилцааны яамны 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 10/1811 дугаартай албан бичгээр С.С-д Монгол улсаас Оросын холбооны улсын Улаан-Үүд хотноо суугаа Ерөнхий консулын газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон буцах үнэмлэхийг ямар бичиг баримтыг үндэслэж олгосон талаарх тайлбар, баримт /7хх 180-192/,
“...С.С нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хилээр гарсан бүртгэл авагдсан бөгөөд орсон бүртгэлд авагдаагүй. ...” гэсэн Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2-5а/2798 дугаар албан бичиг, лавлагаа /7хх 195/,
“...улсын дугаартай тээврийн хэрэгслээр 6 хүн Монгол Улсын хилээр нэвтэрсэн. ...” гэсэн Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2-5а/3723 дугаар албан бичиг, лавлагаа /7хх 202-203/,
“...С.С нь Монгол Улсаас Оросын холбооны улсын Улаан-Үүд хотноо суугаа Ерөнхий консулын газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр олгосон ............ дугаартай буцах үнэмлэхээр Оросын холбооны улсын Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын тал руу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18:25 цагт ......... улсын дугаартай Тоёота машинтай нэвтэрсэн. ...” гэсэн Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 6/3793 дугаар албан бичиг, лавлагаа /7хх 205-206/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч С.С-ыг үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 13 хохирогчийн эд хөрөнгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг, мөн хохирогч П.Ц-ийн эрх чөлөөнд халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, С.С, А.А нарыг бүлэглэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.
Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч С.С-ын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгийг зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч нийт 95.837.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, С.С, А.А нар бүлэглэн Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргүүд нь залилах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргүүдийн шинжид хамаарч байна.
Шүүх, шүүгдэгч С.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.С, А.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар С.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялын хугацааг 7 жилийн хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Шүүгдэгч С.С “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Нийгэмд хор уршигтай үйлдэл хийсэндээ гэмшиж, харамсаж байна. Иймд миний хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэргийг судлан үзэхэд, шүүгдэгч С.С нь 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд иргэдийг хуурч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нарт төлж барагдуулаагүй байх бөгөөд залилах гэмт хэрэг үйлдсэний дараа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, бүлэглэн, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргүүд үйлдсэн байна.
Харин анхан шатны шүүх, прокуророос С.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлж мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж ял шийтгэл оногдуулсан байх тул шүүгдэгч С.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1711 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 2 дугаар 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 88 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ