Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 111/ШШ2024/0010

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн *******  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Баян-овоо сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч би Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай зөрчлийн материалыг аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих хяналтын прокурор хянан шалгаж шийдвэр гаргасны дагуу тайлбар гаргах нь:

1. ******* ХХК-ний баримт бичгийг хавсаргаагүй: Тус компаны ус ашиглагчийн гэрээ тамга гарын үсэгтэй нотлох баримт бүхий материалын хуулбар хувийг хавсаргасан болно.

2. Холбогдогчийн мэдүүлэг авахдаа зөрчлийн тухай хуулийн 7.16.3 дахь хэсэг буюу ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль зөрчсөн гэх мэдүүлэг авсан хэдий ч, шийтгэвэр хуудсанд 7.10-1.4 буюу газрын хэвлийн тухай хуулийг үндэслэн шийтгэл ногдуулсан байх: Тус компани нь шалгалтаар усны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бөгөөд үүнээс зөрчлийн тухай хуулийн 7.16.3 дахь хэсэг ус бохирдуулсны төлбөрийг хугацаанд төлөөгүй, зөрчлийн тухай хуулийн 7.15-1.4 дэх заалт буюу ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй гэсэн заалтыг тус тус зөрчиж байсан тул байгаль орчны хяналтын улсын байцаагч би шалгахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.15-1.4 дэх ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй гэсэн заалтаар ******* ХХК-ний гүйцэтгэх захирал *******ыг 1500 нэгж (нэг мянга таван зуун нэгж) тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг ногдуулж 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан. Гэвч зөрчлийн тухай хуулийн 7.15-1.4 гэх заалтыг 7.10-1.4 хэмээн бичмэлийн алдаа гаргасан нь үнэн болно.

Иймд шийтгэл хуудсанд дахин нэг удаа өөрчлөлт оруулах, хуулийн заалтыг залруулан алдааг засах боломжийг олгож өгөхийг хүссэн боловч боломжгүй гэх тул дээрх шийтгэлийн хуудсанд тоо зөрүүлж бичсэн алдаа нь Зөрчлийн тухай хуулийн өөр зүйл заалтыг илтгэж байгаа тул гаргасан дутагдлыг хүлээн зөвшөөрч байна.

Цаашид дээрх асуудалд хатуу анхаарч ажиллах шаардлага байгааг байцаагч би мэдэж авсан. Мөн төрийн ажил үйлчилгээг хуулийн хүрээнд цаг хугацаанд нь үнэн бодитой хүргэж ажилладаг төрийн албан хаагчдын алдааг засаж, зөвлөж, мэдээлэл сургалт өгөхөөс илүүтэй арга хэмжээ ав гэх мэтээр прокурорын шаардлага ирүүлж ажил арга хэмжээ, цалин урамшуулал, ажлын үүрэг зорилгыг бууруулж байгаад гомдолтой байгааг дурьдах хэрэгтэй байна.

Мөн сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид нь ажил байдлын тодорхойлолтод хяналт шалгалтын үүрэг чиглэл гүйцэтгэхээр тусгагдсан боловч цалин шатлалын сүлжээнд сумын Засаг даргын тамгын газрын Мэргэжилтэн байгаль орчны бодлогын ажил гүйцэтгэх, цалинжихаар тусгагдсан. Энэхүү зөрүүтэй ойлголтыг хаа хаанаа шийдэж чадаагүйн улмаас сумдын улсын байцаагч нар сумын Засаг даргын тамгын газарт харьяалагдаж, цалингаа авч судалгаа шинжилгээ бодлого хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангах зэрэг байгаль орчны мэргэжилтний ажил эрхэлдэг. Мөн улсын байцаагчийн эрхийг БОАЖЯамнаас олгож эрхтэй байцаагч нар хяналт шалгалтын ажлын нэмж гүйцэтгэдэг. Ингэхдээ бид хяналт шалгалт, бодлого төлөвлөлтийн ажлыг хамтаар гүйцэтгэж ирдэг ч олон давхардлаас шалтгаалан нэг ажилд дадах, тууштай гүйцэтгэхгүй байх алдаа дутагдал гарсаар байна. Яг одоогийн байдлаар байцаагчид сумын ЗДТГ-ын байгаль орчны бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж цалингаа бүтэн авах гэж бүхий л ажлыг гүйцэтгэж, мөн байгаль орчин аялал жуулчлалын газраас бодлого шийдвэрүүдийг хэрэгжүүлж бид улсын байцаагчийн эрхээ эзэмших хадгалах, мөн Прокурорын газраас шаардлага авахгүйн тулд бид хичээн ажиллаж байгаа боловч 1 жилд 1 газраас гомдол гаргаж арга хэмжээ авах албан бичиг ирсээр байгаа нь бидний амьдралд үнэхээр хүндхэн тусаж байна.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:                         

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн *******  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”” шаардлага бүхий гомдол гаргажээ. 

Хариуцагч ******* өөрийн үйлдсэн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан “2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн *******  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       С.САЙНБИЛЭГ