Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00836

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Ш  сумын 1 дүгээр багт оршин суух, Р*** дугаар регистртэй, эмэгтэй, Ч.С ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2016/00796/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.С  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1973 оны 03 сарын 01-нээс туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш уг нэгдэлд саальчин, малчнаар 1982 оны 06 сарын 30 хүртэл ажиллаж ирсэн билээ. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас миний ажилласан жил тогтоогдохгүй байна. Иймд Ч.С миний Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1973 оны 03 сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 сарын 30-ны өдөр дуустал саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х аймгийн Ш суманд 1976 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Х аймгийн М сумын 4 дүгээр багийн 18-04 тоотод оршин суух, Р*** дугаар регистртэй, С.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.С нь миний ээж бөгөөд ирэх боломжгүй учир би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тэрээр 1973 оноос 1982 он хүртэл Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд хоньчин, саальчнаар ажиллаж байсан бөгөөд тухайн ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл түүний ажилд орсон гарсан тушаал байхгүй, цалин хөлсний баримтад зарим жилүүдэд бичилт хийгдээгүй, мөн хүүхэд төрүүлсэн байдаг. Ч.С нь эцэг, эхийн хамт маллаж байсан болохоор түүний нэр дээр цалин хөлс нь дутуу бичигдэж, эцэг, эхийнх нь нэр дээр бичилт хийгдсэн байдаг гэсэн. Иймд Ч.С ийн Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1973 оны 03 сарын 01-ний өдрөөс 1982 оны 06 сарын 30-ны өдөр дуустал хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.С  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ч.С  Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1973 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Х аймгийн Ш сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.С ийн 1973 оны 3 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлээс 1972 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр олгосон №1230 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэх, 1982 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Х аймгийн Ш сумын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны орлогч даргын 4 дүгээр бригадын саальчин Ч.С ийг тодорхойлсон тодорхойлолт, гэрч С.Ц гийн ...Ч.С нь Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд хонь малладаг байсан. 1973 оноос эхлэн 1983 он хүртэл ажилласан. Хонь маллаж, сааль саадаг байсан... тасралтгүй ажиллаж байсан... манайх нэг дор айл саахалт байдаг байсан... Би 1978 онд 8 дугаар анги төгсөөд Ш сумын Жаргалын зам нэгдэлд саальчнаар ажилласан. 1985 оноос Ш сумын Ясли цэцэрлэгт асрагчаар орж 1992 он хүртэл, 1992 оноос 1998 он хүртэл туслах багшаар тус тус ажилласан... гэх мэдүүлэг, гэрч Д.Ц ын ...Ч.С нь Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1973 оны 3, 4 сарын үеэс 1982 оны 6 сар хүртэл хонь маллаж, сааль сааж байсан. Уг нь түүнээс өмнө ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт орохоор энэ жилүүдээ тогтоолгох гэж байгаа юм гэсэн... тасралтгүй ажиллаж байсан... 1978-1980 онуудад ажиллаж байсан, цалин хөлс бичигдэхгүй яагаад орхигдсон юм бол доо. Хүүхэд гаргасан юм болов уу, түүнээс ажиллаж байсан юм... Би Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1971 оноос 1992 он хүртэл тасралтгүй сааль сааж, хонь маллаж байсан... Норм төлөвлөгөө биелүүлэх үүрэгтэй байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ч.С ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Тус аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Ч.С т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/435 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.С ийн Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1973 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА