| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00757/И |
| Дугаар | 155/ШШ2016/00841 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2016/00841
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн Х тосгонд 1971 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хийц угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х аймгийн М сумын 7 дугаар багийн *** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, Р*-* дугаар регистртэй, Р.Г ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн М сумын 11 дүгээр багийн 12-05 тоотод оршин суух, Р*** дугаар регистртэй, Л.Э од холбогдох
Ажлын хөлс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, машинд учирсан хохирол 95.000 /ерэн таван мянга/ төгрөг, нийт 295.000 /хоёр зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Р.Г , хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой болгож, Л.Э оос дараахь зүйлийг нэхэмжилж байна. 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Л.Э той ярилцаад Хонда пит маркын 6****В улсын дугаартай өөрийн эзэмшлийн суудлын машинд хроп сольж тааруулж тавихаар тохиролцсон. Ажлын хөлсөнд 250.000 төгрөг өгөхөөр тохирч урьдчилгаанд 100.000 төгрөг өгч, дараа нь 50.000 төгрөгийг 2 удаа цувуулж өгсөн. Үлдэгдэл 50.000 төгрөгийг 6 сард буюу машинаа авахдаа өгөхөөр тохирсон. Бидний дунд ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй. Намайг 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр машинаа авахаар очиход Л.Э Х руу явсан байсан бөгөөд хэзээ ирэх нь тодорхойгүй байсан учраас туслах Бааяа гэх залуугаас машинаа авсан. Унаж үзэхэд ямар нэг юм түг, түг гэсэн дуу гараад байхаар нь Бааяа гэх залуугаас асуухад зүгээр шинэ эд анги тавьсан учраас дуугарч байна, удахгүй зүгээр болно гэсэн. Тэгээд маргааш нь машинаа унаад гарах гэтэл хроп тогтоодог лап салж унасан. Түүнийг торгоох төдий муу гагнасан байсан бөгөөд хроп тавихдаа 5 бул, перда дискийг тохируулж тавиагүй учир машины эд ангид эвдрэл гэмтэл учирсан. Мөн машины урд их гэрлийн утсыг таслаад авчихсан байсан. Би 8 сард лап 2 ширхэгийг 20.000 төгрөг, гэрэл 15.000 төгрөг, перда диск 45.000 төгрөгөөр тус тус авч 15.000 төгрөгийн гагнуур хийлгэн дахин өөр хүнээр машинаа засуулсан. Одоо болтол зүгээр хэвийн ажиллаж байгаа. Гэтэл Л.Э нь хропыг буруу тавьсан учраас машины эд ангид гэмтэл учирсан тул түүнд төлсөн ажлын хөлс 200.000 төгрөг, машинд учирсан дээрх хохирлын үнэ бүгд 95.000 төгрөг, нийт 295.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Р.Г нь Хонда пит маркын 68-70 ХӨВ дугаартай машины автомат хропыг механик хроп болгон сольж тавиулсан. 2015 оны мөсний баярын дараа машинаа унагаачихсан 2 хаалга солих, мотор янзлуулахаар анх надтай уулзаж, би 350.000 төгрөгөөр засна гэхэд өөрөө гуйсаар байж 250.000 төгрөгөөр засуулсан. Гэхдээ би 350.000 төгрөгийн засварыг 250.000 төгрөгт хийж өгсөн. Дараа нь 4 сард хроп янзлуулъя гэж өөрөө над дээр ирсэн. Би 400.000-500.0000 төгрөг болно гэхэд эхлээд 100.000 төгрөг өгсөн. Тэгээд машин засаж дууссан. Ирж машинаа авах гэтэл түлхүүр байхгүй байна гээд байсан. Машинаа түгжиж, түлхүүр багажаа аваад явчихдаг байсан. Би хүний юм алга болгосон юм болов уу, орсон гарсан хүн бариад явчихсан байж магадгүй гэж бодоод Х аас түлхүүр 20.000 төгрөгөөр авч тааруулсан. Хашаанд машин оруулж тавихад гар утас дээр зургийг нь авч, буцааж хүлээлгэж өгөхдөө уг зургийг нь үзүүлж бүрэн хүлээлгэж өгдөг. Г т мөн зургийг машинтай нь үзүүлж мөнгөө өгөөд машинаа аваарай гэсэн. Гэтэл намайг байхгүйд машинаа аваад явсан байсан. Ямар нэг асуудал байсан бол машинаа авахгүй байсан шүү дээ. Г өөрөө манай туслах Бааяагаас /М / машинаа унаж үзээд аваад явсан байсан. Радиатор нь угаасаа цоорчихсон ирсэн, үүнийг өөрөө ч мэдэж байгаа. Сав тосож тосол, хропны нь тосыг гоожуулж Г нь өөрөө уг тосол, тосыг аваад явсан. Зөвхөн хроп засах байсан учир би радиаторыг засаагүй. Урд гэрэл нь алга болсныг мэдэхгүй, хариуцахгүй. Хэрэгтэй бол хаа газар 1.500 төгрөг гээд байж байгаа. Ингээд намайг эзгүйд үлдэгдэл 150.000 төгрөгийг ч өгөлгүй, машинаа унаж үзээд аваад явсан байсан. Сүүлд нь над руу залгаад мотор салчихлаа гэсэн. Би юу гэж салдаг юм бэ, өгөөгүй мөнгөөрөө өөр юм байвал нэмж засуулж аваарай гэсэн. Би Г аас 150.000 төгрөгөө нэхээгүй, нэг нутгийн хүн гээд машин тэргийг нь 2 удаас засаж өгсөн. Машин засах үед өөрөө байнга эрүүл, согтуу байдаг байсан. Засварыг өөрөө хардаг байсан. Ингэж байх үедээ утас түлхүүр гээд энэ тэр юмаа хайгаад байдаг. Надад өгөх үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэсэндээ ийм арга заль хэрэглэж байжээ. Харин ч би бэлэн сэлбэгийг нь авч засвар хийдэг байхад Г ийн машины сэлбэгийг хотоос захиулж авч ирүүлсэн. Сэлбэг авч ирсэн жолоочийн сэлбэг ачиж ирсэн зардлыг би өөрөө хариуцан машин тэрэгт нь засвар хийж өгөөд явуулж, Г аас чиний машины сэлбэгийг авч ирүүлсэн зардал гэж нэг ч төгрөг аваагүй. Хотоос Насаа жолооч хаалга, мотор, Далай жолоочоор хропыг тус тус авч ирүүлсэн. Энэ зардал нийт 90.000 төгрөг болно. Би энэ мөнгийг өөрөөсөө гаргасан гэсэн үг. Учир нь би ачааны хөлсийг засвар хийж барагдуулсан. Иймд би Р.Г т 295.000 төгрөг төлөх ямар ч үндэслэлгүй. Надаар засвар хийлгүүлснээс хойшхи засварын мөнгө юм байлгүй. Би энэ зардлыг хариуцах үндэслэлгүй. Би хийж өгнө гэсэн засварын ажлыг бүрэн хийж, Р.Г нь машинаа унаж үзээд аваад явсан байхад хэзээ хойно ийм нэхэмжлэл гаргасан нь энэ хүн бусдаас үндэслэлгүй мөнгө нэхэж бэлэн мөнгө олж авах гэсэн санаа байна. Би Р.Г аас засвар хийсэн төлбөрийн үлдэгдэл 150.000 төгрөг, сэлбэг авч ирүүлсэн зардал 90.000 төгрөг, нийт 240.000 төгрөг авах ёстой. Иймд Р.Г ийн нэхэмжилсэн 295.000 төгрөгийг би төлөх үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Г нь хариуцагч Л.Э од холбогдуулан ажлын хөлс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг, машинд учирсан хохирол 95.000 /ерэн таван мянга/ төгрөг, нийт 295.000 /хоёр зуун ерэн таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигч Хонда пит 68-70 ХӨВ улсын дугаартай суудлын машины автомат хропыг механик хроп болгон сольж тавиад, ажлын хөлс 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг өгч авахаар тохиролцсон талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Л.Э машины хропыг тохируулж тавиагүй учир машины эд ангид гэмтэл гарсан тул түүнд төлсөн ажлын хөлс болон машинд учирсан хохирол нийт 295.000 төгрөг гаргуулж авна, хариуцагч нь машин засварын ажлыг бүрэн хийсэн, засварын хөлс 150.000 төгрөг өгөөгүй, 295.000 төгрөг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Г өөрийн эзэмшлийн Хонда пит маркын суудлын машины хроп солих ажил хийлгэх тухай санал тавьсныг хариуцагч Л.Э хүлээн авч, ажлын хөлс 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг өгч авахаар тохиролцсон байх тул зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагджээ. Р.Г ажлын хөлсөнд 200.000 төгрөг өгсөн талаар нотлож чадахгүй байх тул хариуцагчийн тайлбараар зөвшөөрсөн 100.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч Л.Э Хонда пит маркын суудлын машины хропийг сольж тавин Р.Г тай тохирсон ажлаа гүйцэтгэсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
Л.Э машинд хроп сольж тавих ажлыг гүйцэтгэхдээ тохируулж тавиагүй, дутуу хийсний улмаас Хонда пит маркын суудлын машины хроп тогтоодог лап салсан, прида диск эвдэрч дахин засвар хийсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ганчандмань дэлгүүрийн 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримт, гэрч Д.Д Р.Г нь манай дэлгүүрээсперда диск 45.000 төгрөгөөр, моторын лап 1 ширхэг нь 10.000 төгрөг 2 ширхэгийг 20.000 төгрөгөөр, их гэрэл 15.000 төгрөгөөр тус тус худалдаж авсан гэх мэдүүлэг, гэрч Ц.М Р.Г Хонда пит маркын суудлын машинд хроп, перда диск, таван булыг тааруулж тавиулсан. Өмнө нь тааруулж тавиулсан нь тохиромж муутай байсан учир надаар дахин тааруулж тавиулсан. Ажлын хөлсөнд 200.000 төгрөг авсан, 5 өдөр засвар хийсэн гэх мэдүүлэг, гэрч Г.Ц Р.Г жилийн өмнө шахуу байх. Хонда пит маркын хар өнгөтэй автомашины маквекин араа, таван бул зэргийг гагнуулж байсангагнасан хэмжээгээр өөрсдөө тооцож авдаг, 15.000 төгрөг авсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хариуцагчаас машинд учирсан хохирол болох перда дискийн үнэ 45.000 төгрөг, моторын лапын үнэ 20.000 төгрөг, гагнуур хийсэн хөлс 15.000 төгрөг, нийт 80.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлс 200.000 төгрөг, машины их гэрлийн үнэ 15.000 төгрөг, нийт 215.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Учир нь Л.Э Хонда пит маркын суудлын машинд хроп сольж тавих ажлыг хийж гүйцэтгэсэн байх бөгөөд зохигчийн хооронд тус гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажлын хөлсөнд төлсөн төлбөрийг буцааж авахаар харилцан тохиролцсон, мөн машины их гэрлийг Л.Э авсан талаар тус тус Р.Г нотолж чадахгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд хариуцагч Л.Э оос машинд учирсан хохирол 80.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 215.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн Г.Ц , М нарын тодорхойлолтууд, 2015 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн зарлагын баримтад гарын үсэг зурагдаагүй, давхардсан байх тул нотлох баримтад үнэлээгүй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох ба хариуцагч Л.Э од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Л.Э оос машинд учирсан хохирол 80.000 /наян мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Г т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 215.000 /хоёр зуун арван таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Г ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э оос улсын тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Г т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА