Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00842

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

НэхэмжлэгчХ аймгийн Х суманд 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Х аймгийн Ж сумын 4 дүгээр багийн *** тоотод оршин суух Г.А /Р***/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Г.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Х аймгийн М 1 дүгээр 10-н жилийн сургуулийн 10 дугаар ангийг 1985 онд төгсөөд Улаанбаатар хотын Хөнгөн үйлдвэрийн техникийн сургуульд явсан. 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл суралцаж төгсөөд Эрдэнэ хотын Хивсний үйлдвэрийн самнах цехэд 1986 оны 8 дугаар сараас 1988 оны 7 дугаар сар хүртэл операторчноор ажиллаж байсан. Ингээд гэр бүлийн хүнээ дагаж Хөвсөл аймгийн Ж сумын Улаантуг нэгдлийн туслах үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хивсчнээр ажиллаж байсан юм.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас дөхсөн тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.

Иймд намайг Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн самнах цехэд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл операторчноор, Х аймгийн Ж сумын У нэгдлийн туслах үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гар хивсчнээр ажиллаж байсан байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г.А  нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн самнах цехэд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл операторчноор, Х аймгийн Ж сумын У нэгдлийн туслах үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гар хивсчнээр тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбар,

Нэхэмжлэгчийн ажлын 2738 дугаартай үнэмлэхний хуулбар, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь хивсний Комбинатын даргын 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 208 дугаартай ...Г.А .... гэх тушаалын хуулбар, Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт хот дахь хивсний комбинатын даргын 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 199 дугаартай ....Г.А ... сэмлэгч.... гэх тушаалын хуулбар

Гэрч М.С ын: ....Г.А нь 1988 оны намар Х аймгийн Ж сумын нэгдлийн нэхмэлийн цехэд гар нэхмэлчнээр анх ажилд орж байсан. 1990 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч В.Б ийн: ....Г.А нь 1988 оны 8 дугаар сараас Х аймгийн Ж сумын Улаантуг нэгдлийн туслах үйлдвэр бригадын нэхмэлийн цехэд гар нэхмэлчнээр анх ажилд орж байсан. 1989 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.А /Р***/-ыг Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрийн самнах цехэд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл операторчноор, Х аймгийн Ж сумын У нэгдлийн туслах үйлдвэрт 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гар хивсчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ