| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2017/00162/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 173
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү,
Шүүгдэгч А.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А.Б д холбогдох эрүүгийн 1726000950035 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн А. Б .
Шүүгдэгч А.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагаас 21 цаг 50 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 36 дугаар гудамжны баруун талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 69-14 ӨВА улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1б-д заасан “Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх”-ийг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд орж өөдөөс яваа мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаж иргэн Д.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 22:00 цагаас 22:30 цагийн орчимд таксинд яваад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр хорооны зам дээр осол гаргасан. 9 дүгээр хорооны засмал зам өгсч явахдаа урдаа байсан машиныг гүйцэж түрүүлэхээр дохиогоо өгөхөд өөр саад бартаа харагдахгүй байсан тул гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд мотоцикльтой мөргөлдөж осол гаргасан юм. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүүхдээ сургуульд хүргэж өгөх гээд аймгийн төвд ирсэн юм. Тэгээд 1 дүгээр хороонд айл өвөлжөөлчихөөд тэнд гурвуулаа 1 шил 0.5 литрийн “Улаанбаатар” архи хувааж уучихаад орой 22 цаг өнгөрч байхад хөдөө явах гээд 9 дүгээр хорооны засмал замаар уруудаад явж байтал өмнөөс 2 машины гэрэл зэрэгцээд ойгоод гараад ирсэн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлэг дээр ирсэн байсан. Одоо бодоход би машин мөргөөд л ойчсон юм шиг байгаа юм. ..Би хөдөөнөөс ирэхдээ айраг уусан байсан. Харин аймагт нэг шил архийг 3-уулаа хувааж уусан болохоор нэг их согтуу байгаагүй. Өөрийн гэсэн ухаантай байсан. Тухайн үед миний өмнөөс ирж явсан машины хажуугаар нэг машин гүйцэж түрүүлж гарч ирээд л би уг машинтай мөргөлдсөн. Би ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явсан. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад “А” үнэмлэх байхгүй. Хамгаалах малгай өмсөөгүй байсан. ..Их хурц гэрэлтэй байсан болохоор ямар дугаартай, ямар маркийн автомашин байсан талаар мэдэх зүйл байхгүй байна. Би гомдолтой байна, эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/,
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтанд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дахин өгсөн: “...Би А.Б ыг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. Одоо толгой их өвдөж байна. Зүүн талын чих шуугиад байгаа, зүүн талын эгэм хугаралтай, нэг хавирганы толгой мултралтай байгаа. Эгэмд нь цусан бороо үүсч байгаа байдалтай байгаа. ..Би Улаанбаатар хот явах үедээ эмчилгээ оношилгоо хийлгэнэ гэж 800000 төгрөгийг бэлнээр авч явсан. Тэгээд оношилгоо хийлгээд ирэхэд нийт зардал нь 811610 төгрөг болсон. Энэний баримт нь бол байгаа. Одоо гаргаад өгч болно. Улаанбаатар хот руу явахдаа нэг жижиг тэрэг хөлсөлж явсан. Эхнэр бид хоёр ирж очих зардал нь 90000 төгрөг болсон. Тэрний баримт нь бол байхгүй. Аймгийн зах дээр таараад л хөлсөө төлөөд явсан, баримт нь бол байхгүй. Тэр жолоочийн нэр ус, гэрийг мэдэхгүй. Машины дугаарыг нь мэдэхгүй. Мөн ослын улмаас мотоцикльд учирсан эвдрэлийн төлбөрийг бол аваагүй байгаа. Одоо бол оношилгоо хийлгэхэд гарсан зардлын зөрүү болон хот явж ирж очиход гарсан зардал, мотоциклио засуулахад гарах зардлаа нэхэмжилнэ. ..Нэхэмжилж байгаа мөнгөө бол авна, гомдол санал байхгүй. ..Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль унасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Энэ миний буруутай үйлдэл гэдгийг ойлгож байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй. Осол болсон талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өөдөөс хоёр машин зэрэгцээд ороод ирсэн, тэгээд л юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлэгт байж байсан. ..Би нэг жилийн өмнө хөдөө явж байгаад мотоциклиос унаад баруун талын хоёр хавирга хотойж нэг билүү хоёр хавирганы толгой мултарч байсан. Тэр үедээ эмнэлэгт зургийг нь авахуулсан. Эмчид бол үзүүлж эмнэлэгт хэвтээгүй. Өөрөөр бэртэж гэмтэж байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Я.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Орой таньдаг хүнээсээ таксины дугаар аваад такси дуудсан юм. Тэгэхэд ойролцоогоор 22 цаг өнгөрч байсан байх. Дэлгүүрээ хаагаад таксинд суугаад 9 дүгээр хорооны засмалаар дээшээ өгсөөд явж байсан. Тухайн үед би жолоочийн арын суудал дээр сууж явсан. Тэгээд явж байхдаа урд талд явж байсан нэг суудлын машиныг гүйцэж түрүүлээд яг эгнээрүүгээ орох гэж байхад гэнэт мотоцикльтой мөргөлдсөн. Уг мотоциклийг урдаас ирж байгааг нь огт хараагүй. Ямар ч байсан тухайн үед урдаас гэрэл харагдаагүй. Тэгээд л мөргөлдсөний дараа таксины жолооч машинаа зогсоогоод уг мөргөлдсөн мотоцикль дээр очиж ирчихээд урд явсан машиныг зогсоогоод намайг суулгаад явуулсан. Би тухайн үед мотоцикль дээр айгаад очоогүй болохоор ямар мотоцикльтой, хэн гэдэг хүн байсныг мэдээгүй. ..Жолоочийн эсрэг талын урд тал руу мөргөсөн. Жолооч бид хоёроос өөр хүн байгаагүй. Машины жолооч эрүүл байсан байх. Ойролцоогоор 20-30 км цагийн хурдтай явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,
Гэрч Д.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 22 цаг өнгөрч байх үед осол болсон талаар мэдсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэнээс ярьж байна гээд нэг эрэгтэй хүн ярьсан. Тэр хүн надтай ярихдаа танай нөхөрийг Б гэдэг үү гээд танай нөхөр осолд ороод эмнэлэг дээр ирсэн байна, та одоо эмнэлэг дээр ирж чадах уу? гэж асуусан. Тэгэхээр нь би хөдөө байгаа гэдгээ хэлээд аймгийн төвд байдаг ах, дүү нарт нь хэл дуулгъя гэж хэлсэн. Тэгээд би Б ахынх нь эхнэр Зулаатай ярьсан. Тэгээд Цэдээ ах эмнэлэг дээр очсон байсан. Би маргааш өглөө нь саахалт айлын хүнийг гуйж аймагт хүргүүлж ирсэн. Аймагт ирээд шууд эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр тархины зургаа авахуулах гэж байгаа гээд томографын зураг авдаг газар байж байсан. Тэгээд зургаа авахуулсан чинь тархиндаа цэгчилсэн цус харвалттай, зүүн талын чамархай яс цууралттай, зүүн эгэм хугарсан гэсэн гэмтэл учирсан байна гэж байсан. Тэгээд аймгийн эмнэлэгт 6 хоног хэвтэж эмчлүүлсэн. Батмягмар гэж эмч эмчилгээ хийж байсан. Эмнэлгээс гараад хэд хоноод Улаанбаатар хот орж оношилгоо хийлгэхэд зүүн нэг хавирганы толгой мултарсан, нэг хавирга хотойсон байна гэсэн гэмтэл нэмэгдэж гарсан. Энэ талаар эмнэлэгт хэвтэж байхдаа мэдээгүй. Цээжний доод хавиар хүндүүрлээд байна гэж яриад байсан юм. Тэгээд сая хотод зургийг нь авахуулахад ийм гэмтэл байгааг мэдсэн. Одоо биеийн байдал нь дунд зэрэг, толгой нь байнга өвдөөд, шилэн хүзүү нь хөшөөд байгаа. Ер нь 2 сар хэвтрийн дэглэм сахиад эм уу гэж 2 эм бичиж өгсөн. 2 сарын дараа давтан үзлэгт орно гэсэн. ..Нэг жилийн өмнө мотоцикльтой явж байгаад унаад баруун талын хавиргаа гэмтээж байсан. Тэрнээс өөр гэмтэл бол байгаагүй. Тухайн үедээ эмнэлэгт үзүүлж байсан. Тархи, толгойндоо болон сая гэмтсэн зүүн талын эгэм орчимдоо гэмтэл авч байсан зүйл бол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Гэрч Д.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би энэ ослын талаар тэр өдрийн 23 цагийн орчимд мэдсэн. Эмнэлэг дээр байна гэхээр нь очиж тэр шөнөдөө сахиж хоносон. Тэр үед зүүн чихнээс нь цус гараад тогтохгүй байсан. Өглөө нь цус нь тогтсон байсан. Толгойн хэсэгт 3 оёдолтой, нүүр хавиар шалбарсан, эгэм нь хугарсан байдалтай байсан. Эмнэлэгт яг хэд хоносон талаар мэдэхгүй байна. Би маргааш нь ажил гараад хот явчихсан юм. Яг яаж яваад осолд орсон талаар сайн мэдэхгүй. Өөрөө ярихдаа өмнөөс машин гарч ирээд л мөргөлдсөн, яг юу болсныг нь мэдэхгүй байгаа, гэрэлд цохиулаад машины урд руу орчих шиг болсон гэсэн юм ярьж байсан. Энэ талаар надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...А.Б ыг 2010 оноос хойш танина. Танилын харьцаатай хүмүүс байгаа юм. Эхнэр, 2 хүүхдийнхээ хамт амьдардаг. Манай сумын Засаг даргын тамгын газарт 2010 оноос хойш ажиллаж байгаа юм. Зан байдлын хувьд архи, тамхи хэрэглээд байдаггүй, ажилдаа өөриймсөг ханддаг. 2010 онд жолооч болсон. 2011 оноос хойш хувьдаа машин авч машин жолоодох болсон. Ер нь бусадтай эвсэг харьцдаг, зан байдлын хувьд хүнтэй зөв боловсон харьцдаг хүн байгаа юм. Ер нь сайн залуу байгаа юм. Ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаж байгаагүй хүн. Сая гаргасан ослын талаар нь сүүлд л сонссон. Машин гүйцэж түрүүлэх үедээ л осолд орсон юм байна гэж ойлгосон. Яг тодорхой сайн мэдээгүй. Уг хүн нь их болгоомжтой, хянуур хүн байгаа юм. Сагсуу ааш, зангүй боломжийн хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,
Гэрч Д.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би энэ хүнтэй танилцаад 2 жил болж байна. Нэг байгууллагад ажилладаг хүмүүс байгаа юм. Бид гэр бүлээрээ найзалж нөхөрлөж байгаа хүмүүс. Зан байдлын хувьд ер нь дажгүй хүн. Даруу төлөв зантай, элдэв ааш зангүй, дуу цөөтэй, архи тамхи нэг их хэрэглээд байдаггүй. Манай байгууллагын гар бөмбөгийн шигшээ багт тоголдог залуу. Хол замд явахад түшигтэй, ер нь зөв хүн байгаа юм. Осол хэргийн талаараа надад ярихдаа явж байгаа мотоцикльтой хүнтэй мөргөлдөөд гэж байсан. Тэрнээс илүү нэг их юм яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/,
Гэрч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 31 минутанд өвчний түүх нээгдэж эмнэлэгт хэвтсэн байна. Жижүүр эмч Дондолцэрэн хүлээн авч үзээд өвчний түүхийг нь нээсэн байна. Эмнэлэгт ирэхдээ суурь ясны хугарал, зулайн хэсгийн шарх, согтолтын байдалтай гэсэн оноштой хэвтэж эмийн эмчилгээ хийгдсэн байна. Би маргааш нь ажилдаа ирээд эмчлэгч эмчээр хүлээн авсан. Мөн шаардлагатай шинжилгээ болох толгойн “СТ” “Лор”-ын эмчид үзүүлэх, цээжний рентген зураг авах шинжилгээ болон стандарт эмийн эмчилгээг хийсэн. Компьютер томографын шинжилгээгээр толгойн зулайн хэсгийн гадаргуун субарах нойд зайд цэгчилсэн цус харвалттай, зүүн талын суурь ясны их далавч хөндлөн хугарсан хугарал, зүүн чамархайн яс руу цууралттай, рентгенд зүүн эгэм дунд хэсгээрээ ташуу зөрүүгүй хугаралтай байсан. Биеийн байдал дунд зэрэг, тогтвортой, ухаантай, байрлал идэвхитэй, орчиндоо харьцаатай байсан. Шаардлагатай эмчилгээг хийж биеийн байдал сайжирч 5 хоног эмчлэгдэх гэмтлийн амбулаторийн хяналтанд гаргасан. Хүлээж авах үед зулайн хэсэгт оёдол тавигдсан шархтай байсан. ..Хүний бие организмын байдлаас шалтгаалж янз бүр байдаг. Зөвхөн цус харвалттай үед ч үхэлд хүргэх тохиолдол байдаг. Мөн суурь ясны гэмтлийн үед ч амь нас эрсдэх тохиолдол байдаг. Б хувьд биеийн байдал харьцангуй тогтвортой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,
Шинжээч Д.Оюундарийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..69-14 ӨВА улсын дугаартай машины үнэлгээг гаргасан. 69-14 ӨВР гэж бичсэн нь бичиг техникийн алдаа гарсан байна. Хавсралт зураг хэсэгт ч мөн энэ алдаа бас гарсан байна. Машины гэрэл зургийн үзүүлэлт дээр улсын дугаар нь тодорхой байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,
Шинжээч Л.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би энэ хүнд үзлэг хийх үедээ эмнэлэгт нь очиж өөрийн биеэр үзлэг хийсэн. Мөн тухайн хүний өвчтөний түүхтэй танилцаж рентген зургийн хариу болон компьютер томографын хариу зэрэгтэй танилцаж байгаад дүгнэлтээ гаргасан. ...Хохирогчийн биед тархины зулайн хэсгийн гадаргуун субарахойд зайд цэгчилсэн цус харвалттай, зүүн талын суурь ясны их далавч хөндлөн хугарсан, хугарал зүүн чамархай яс руу босоо цууралттай гэсэн гэмтлүүд учирсан байсан. Эдгээр гэмтлүүд тухайн үеийн ослын үед учирсан байж болох шинэ гэмтлүүд байсан. ..Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар тухайн тархины гэмтлүүд нь гэмтлийн хүнд гэмтэлд хамаарах гэмтэл байсан. Тухайн журамд тархины ямар, ямар гэмтлүүдийг гэмтлийн хүнд зэрэгт хамаархыг тодорхой заасан байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 371 дугаартай шинжээчийн: “..Д.Б-н биед суурь ясны хугарал, зүүн чамархай ясны цууралт, зулай хэсгийн гадаргууд цус хуралт, зүүн эгэмний хугарал, зулайн хуйханд шарх, баруун хөлд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 59/,
Техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаартай: “..Зам тээврийн осол" зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь, бие эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгслийн болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал. "Замын хөдөлгөөн" нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа гэсэн нь тухайн хэрэг нь зам тээврийн осол мөн байна.
2. Тухайн үед осолд холбогдсон “Тоёота приус” маркийн 69-14 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч гүйцэж түрүүлхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино" 10.1 Б "Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх"-ийг гэсэн заалтыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ срэг урсгалд орж өөдөөс явсан мотоцикльтой мөргөлдсөн буруутай байна. Улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийн жолооч Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 а "Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний болон Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх", Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтанд заагдсан "Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэснийг зөрчин хамгаалах малгайгүй зөрчил гарган явж байсан байна.
3. Уг зам тээврийн осол нь жолооч А.Б нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ замын хөдөлгөөний тодорхой зүйл заалтыг зөрчсөнөөс болсон байна гэж үзэв.
4. Тухайн тээврийн хэрэгсэлүүдэд тусгайлан үзлэг хийгээгүй мэргэжпийн байгууллагаар шалгуулаагүй тул бүрэн бүтэн байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.
5. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэрэнгийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 8981 дугаартай химийн шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн “Д.Б , 36 настай, эр” гэж хаягласан цусны хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. “Д.Б , 36 настай, эр” гэж хаягласан цусанд 2.4 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 2.5 промилли спритрийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 87/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9/,
Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ний 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №09/33 дугаартай: ”Toyota prius маркийн, 69-14 ӨВА улсын дугаартай автомашинд учирсан хохирлын хэмжээг 240000 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт /хх-ийн 32/,
Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Лэндс ХХК”-ний 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №09/33 дугаартай: ”Dayun XY150 маркийн, улсын дугааргүй мотоцикльд учирсан хохирлын хэмжээг 132500 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт /хх-ийн 48/,
Хохирогч Д.Б-н өвчний түүх /хх-ийн 61-70/,
Шүүгдэгч А.Б ы хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-98/, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-99/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-102/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-104/,
Хохирогч Д.Б-н шүүхэд ирүүлсэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон А.Б хохирогч Д.Б миний бие А.Б аас хохиролд 2500000 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй тул А.Б д оногдох ял шийтгэлээс хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул надгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч А.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагаас 21 цаг 50 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 36 дугаар гудамжны баруун талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 69-14 ӨВА улсын дугаартай “Тоёота Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1б-д заасан “Өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх”-ийг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд орж өөдөөс яваа мотоцикльтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаж иргэн Д.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Б-н осолд орсны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Я.Одончимэгийн сууж явсан такси нь мотоцикльтой мөргөлдсөн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Д.С, Д.Н нарын хохирогч Д.Б нь осолд орсны улмаас биедээ гэмтэл авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-25/, гэрч С.Батмягмар болон шинжээч Л.Амгалан нарын хохирогч Д.Б-н биед толгойн зулай хэсгийн гадаргууны субарахнойд зайд цэгчилсэн цус харвалттай, зүүн талын суурь ясны их далавч хөндлөн хугарсан хугарал, зүүн чамархайн яс руу цууралттай, зүүн эгэм дунд хэсгээрээ ташуу зөрүүгүй хугарал гэмтэл учирсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-29-30, 75-76/, хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 371 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-59/, техникийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 131 дугаартай дүгнэлт /хх-79-80/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-8/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-9/, шүүгдэгч А.Б аас яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-96-97/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Боржигон овогт А.Б д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлгээр, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Б мэдүүлэг, хохирогчийн шүүхэд ирүүлсэн “хохиролд 2500000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт “зургаан сараас гурван жилийн хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч А.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолох болохыг,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Б д хохиролд 2500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт А.Б ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Агваанрэнчингийн Б д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 1 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Б д оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч А.Б ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлбөрт 2500000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ