Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01895

 

 

 

 

 

 

 

 

 

Х ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01830 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Хууль зүй, дотоод хэргийн яам хариуцагч У ТББ-д холбогдуулан гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч У ТББ нь зайны хяналтын тогтолцоог нэвтрүүлэхэд шаардлагатай программыг хийхээр тохирсон. Ингээд захиалагч нь ажлын хөлсөнд 18 000 000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн боловч гэрээний дагуу программ хангамжийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор хийж дуусгавар болгох байсан боловч хариуцагчийн хүсэлтээр гэрээний хугацааг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж өгсөн. Энэхүү гэрээний 5.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд захиалагчийн ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч одоог хүртэл хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй байна. Захиалагч байгууллагаас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16/44 тоот албан бичгээр, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 17/40 тоот албан бичгээр 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан зайны хяналтын удирдлагын системийг хүлээлгэн өгөх талаар тус тус мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул тус яамнаас 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1-4/2835 тоот албан бичиг, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1-4/3395 тоот албан бичиг, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1-4/3925 тоот албан бичгээр ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ажлын хөлсөнд төлсөн 18 000 000 төгрөгийг буцаан төлөхийг мэдэгдсэн болно. Мөн уг программыг чанарын өндөр түвшинд хийж, хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан боловч одоогоор тус яаманд хүлээлгэн өгсөн программ, баримт бичиг байхгүй тул гэрээний 4.9-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиалагчийн ажлын даалгаварт заасан шаардлагыг хангаагүй ажил гүйцэтгэвэл ажлын хөлсийг буцаан төлөхийг шаардах эрхийн дагуу ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д заасан ажлын хөлс болох 18 000 000 төгрөгийг “Ухаалаг засаглал” ТББ-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагчийн гаргасан ажлын даалгаврын дагуу программыг чанарын өндөр түвшинд, заасан хугацаанд нь гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд мэдээллийн системийг түүний дагалдах баримт бичгийн хамт шилжүүлэхээр тохиролцож, ажлын хөлсөнд 20 000 000 төгрөг авахаас 18 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан. Бид 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс гэрээний үүргээ биелүүлж ажилласан. Гэрээнд тусгагдсан 6 системийг Засгийн газрын 322 дугаар тогтоолоор батлагдсан Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журмыг мөрдлөг болгон боловсруулж, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр мэдээлэл технологийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний бэлтгэсэн Хууль зүйн яамны 103.17.108.189 гадаад IP хаяг бүхий сервер компьютер дээр системүүдийг суурилуулсан. Системд нэвтрэх вэб нэр burtgel.moj.gov.mn юм. Ингээд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдах газар болон бусад албан хаагчдыг амарч ирсний дараа 2016 оны 8 дугаар сард танилцуулах сургалт, 9 дүгээр сард мэргэшүүлэх сургалтыг тус тус зохион байгуулсан. Ингээд бид гэрээний хугацааг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар сунгаж, зарим нэг өөрчлөлтүүдийг тусгах, технологийн хувьд дахин нэг шат ахиулах шаардлага тулгарсан. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Х ны ажилтнуудтай уулзаж, өмнө хийгдсэн системүүдийг дахин шинээр хөгжүүлэхээр болсон. Системийн ажлын хүрээнд 11 байгууллагын аудиторуудтай 10 гаруй удаа уулзалт хийж, 237 анхан шатны нэгжээс ирүүлсэн эрсдэлийн бүртгэл, үнэлгээний мэдээллүүдтэй танилцаж, судалгаа шинжилгээ хийж, Эрсдэлийн бүртгэл, үнэлгээ системийг 6 сарын хугацаанд хөгжүүлсэн. Тус хугацаанд 7 хоног бүрийн 5 дахь өдөр Х ны холбогдох хүмүүстэй уулзалт хийж байсан. Гэрээний дагуу 12 модуль системээс 6-г хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн, үлдсэн 6-г нь хийж гүйцэтгэн, захиалагч талд хүлээлгэн өгөх гэтэл хүлээж аваагүй. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч “Ухаалаг засаглал” ТББ-аас гэрээний үүрэгт 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ухаалаг засаглал” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: У ТББ болон Монгол Улсын Х ны хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”, уг гэрээний хавсралтаар “Техникийн тодорхойлолт”-ыг баталсан. Техникийн тодорхойлолт буюу зайны хяналтын тогтолцоог нэвтрүүлэхэд шаардлагатай программ нь “ МУ-ын хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын албан даалгавар, захирамж, ҮАБЗ-ийн зөвлөмж, Монгол Улсын сайдын тушаал, Монгол Улсын тогтвортой байдлын үзэл баримтлал, салбарт төрөөс баримтлах бодлого,  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, УИХ, ЗГ-аас баталсан үндэсний хөтөлбөр, Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үр дүнгийн гэрээ, салбарын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, байгууллагын сарын ажлын тайлан, гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилт, дотоод аудит, эрсдэлийн бүртгэл, үнэлгээ” гэсэн 12 модультай, 66 ажлын даалгавартай байсан. Энэхүү ажлын даалгавруудыг хийх эрх зүйн орчин нь 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2013 оны тогтоолоор баталсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам” байсан. У ТББ болон Монгол Улсын Х ны хооронд байгуулагдсан 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээ, ажлын даалгавруудыг хийх эрх зүйн орчин нь 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” байсан. Засгийн газрын тогтоолоор баталсан 2 журмыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд бүгд мөрддөг бөгөөд тайлангийн загвар, үнэлгээний аргачлал нь хоорондоо эрс ялгаатай болно. Энэхүү эрх зүйн үндэслэл, тайлангийн загвар, үнэлгээний аргачлал, түүнийг дагалдан гарсан хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан хяналт-шинжилгээ, үнэлгээний журмууд ажлын даалгаврын үндсэн нөхцөл юм. Гэтэл шүүгч энэхүү нөхцөлүүдийг ажлын даалгаврын үндсэн нөхцөл болгож авалгүй шийдвэрлэсэн нь эхний алдаатай шийдвэр байсан. У ТББ болон Монгол Улсын Х ны хооронд байгуулагдсан 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 36 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ"-ний ажлын хөлсөнд 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 7 сарын 26-ны өдөр 8 000 000 төгрөг төлснийг баримтаар нотлогдсон гэж үзжээ. Хариуцагч тал “...12 модуль бүхий ажлын 6 модулийн ажлыг хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн, 6 модулийн ажлыг хийж гүйцэтгэсэн байгаа боловч захиалагч хүлээн аваагүй” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан хэдий боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон “Үндэсний дата төв” УТҮГ-ын шинжээчийн дүгнэлтээр нотлогдохгүй байна. “Үндэсний дата төв” УТҮГ-ын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/298 дугаар шинжээчийн дүгнэлтээр “програмын гүйцэтгэлийг шалгаж үзэхэд нийт 12 модулиас 1. МУ-ын хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Ерөнхий еайдын албан даалгавар, захирамж, ҮАБЗ-ийн зөвлөмж. 2. Монгол Улсын сайдын тушаал. 3. Салбарын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, 4. Үр дүнгийн гэрээ. 5. Байгууллагын сарын ажлын тайлан. 6. Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилт гэсэн 6 модуль нь орсон, ажиллаж байна. Энэ нь нийт 12 модуль бүхий 66 ажлын даалгаврын 4.54 хувийн гүйцэтгэлтэй байна...” гэсэн байх тул ажил гүйцэтгэгч У ТББ нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 1.1, 1.3, 2.5, 5-д заасан, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй, мөн уг гэрээний зүйл болох ажлын үр дүнг бий болгоогүй байна гэж дүгнэв. 2011 онд батлагдсан Төсвийн тухай хууль, 2015 онд батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”, Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”, Сангийн сайдын 2014 оны 95 дугаар тушаалаар баталсан “Засгийн газрын санхүүгийн удирдпагын мэдээллийн системд мөрдөх журам”-ын дагуу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1 302 000 төгрөгийг бараа, ажил, үйлчилгээ хүлээн авсан акт, нэхэмжлэх зэрэг баримтад үндэслэн шилжүүлсэн билээ. Бид ажил хүлээлцэх актыг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2 хувь үйлдэж, “Ухаалаг засаглал” ТББ-ын УЗ-ийн даргын гарын үсэг зурж, байгууллагын тамгыг дараад, нэхэмжлэхийн хамт Хууль зүйн яаманд өгсөн. Тэд яамны тамга, тэмдэг дарж, төлбөрийн үлдэгдлийг шилжүүлээд актын 1 хувийг бидэнд өгөхөөр тохирсон. Үүний дараа бид ХЗЯ-наас ажил хүлээлцсэн актын нэг хувийг авахаар асуусан боловч санхүүд өгсөн, дараа нь авч өгье гэж хэлээд тэр үед өгөөгүй. Дээрх эрх зүйн орчин, холбогдох журмын дагуу гэрээний үүргээ 100% гүйцэтгэсэн үед байгууллагын удирдлага 1-р гарын үсэг зурж, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлдөг. Шүүх энэхүү эрх зүйн актуудад заасан зүйл, заалтуудыг бүрэн хэрэглээгүй. Учир нь мөнгөө шилжүүлсэн гэж үзсэн ч, ажил хүлээлцэх акт үйлдээгүй гэж үзсэн нь зөрчилтэй шийдвэр болсон. Ажил хүлээлцэх акт үйлдэхгүй бол мөнгө шилжүүлэх боломжгүй гэдэг нь дээрх эрх зүйн актуудаар батлагдана. Шинжээчийн дүгнэлтээр 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үүсгэгдсэн серверийн 10.2.101.187 дотоод хаяг дээр 12 модулиас 6 модуль /1. МУ-ын хууль, УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын тогтоол, хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын албан даалгавар, захирамж, ҮАБЗ-ийн зөвлөмж. 2. Монгол Улсын сайдын тушаал. 3. Салбарын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, 4. Үр дүнгийн гэрээ. 5. Байгууллагын сарын ажлын тайлан. 6. Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний хэрэгжилт/ нь системд орсон байна гэж үзсэн. Хууль зүй Дотоод хэргийн яамны ХШҮДАГ-ын ажилтнууд тус системийг ашиглахад шаардлагатай анхан шатны мэдээллүүдийг оруулж байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хамгийн сүүлийн мэдээллийг оруулсан болно. Гэтэл “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын төслийг шинээр боловсруулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 285 тоот тушаалаар байгуулсан. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д заасан давагдашгүй хүчин зүйл бий болсон бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ХЗЯ-нд суулгасан системүүдийг ашиглах боломжгүй биднээс үл хамаарах эрх зүйн орчин бий болсон. Бид систем бүрийн хэрэглэгчийн эрхийг ажилтан бүрийн ажил үүргээс хамаарч нээдэг бөгөөд дараа нь тус хэрэглэгч ашиглахад бэлэн байх анхан шатны мэдээллийг оруулдаг. Шинжээч 2 системийн хэрэглэгчээр орж шалгасан байсан. Уг хэрэглэгч нь хууль тогтоомж, тогтоол шийдвэр бүртгэдэг, сайдын тушаал бүртгэдэг хэрэглэгч байсан. Иймээс тус хэрэглэгчид бусад 4 модуль дээр ажиллах эрх тавигдаагүй байсан, мөн мэдээлэл оруулж дууссаны дараа тайлан бичих эрх нь нээгддэг, тайлан бичсэний дараа үнэлэх эрх нь нээгддэг, үнэлгээ хийсний дараа тайлан, статистик үзэх эрх нь нээгддэг модулиуд юм. Гэвч ХЗДХЯ нь мэдээллээ дөнгөж оруулж эхэлж байхад давагдашгүй хүчин зүйлийн улмаас ажил зогссон учраас шинжээч 4.54 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэсэн байх талтай. Харин бид тус 6 модулийг 100 хувь гүйцэтгэж хүлээлгэн өгч, холбогдох дүрэм, журмын дагуу үлдэгдэл мөнгөө авсан болно. Шүүх ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д заасан давагдашгүй хүчин зүйл бий болж системийг нэвтрүүлэх ажил зогссон байхад бидний гэрээгээ биелүүлээгүй гэж үзсэн нь дараагийн зөрчилтэй шийдвэр. У ТББ болон Монгол Улсын Х ны хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэрээний дагуу бид дараах 6 модулийг хийсэн. Үүнд: 1. Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт. 2. Сайдын тушаалын хэрэгжилт. 3. Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөр. 4. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл. 5. Байгууллагын сарын ажлын тайлан. 6. Дотоод аудит, эрсдэлийн удирдлага. Шинжээчийн дүгнэлтээр “Үндэсний дата төв” УТҮГ-ын цахим хуудасны байршуулах үйлчилгээ дээр програм ажиллаж байгааг тогтоосон. Гэтэл шүүх 2013 оны ЗГ-ын тогтоолоор баталсан журам, 2002 оны ТАТХ-ийн дагуу хийсэн 6 модуль, 2017 оны ЗГ-ын тогтоолоор баталсан журам, 2017 оны ТАТХ-ийн дагуу хийсэн 6 модулийн ажлыг давагдашгүй хүчин зүйлийн улмаас болж зогссон үе буюу мэдээлэл бүртгэж байгаад зогссон үеийн гүйцэтгэлийн хувиар тооцсон нь шударга бус шийдвэр гэж үзэж байна. Мөн 2016 онд гэрээ байгуулсан, ажил хүлээн авсан тухайн үеийн ХЗЯ-ны ХШҮДАГ-ын дарга байсан Б.Цэцгээг гэрчээр дуудах хүсэлтийг шүүх хаяг тодорхойгүй шалтгаанаар удаа дараа хүлээн аваагүй. Б.Цэцгээ нь УБЕГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжийн даргаар ажиллаж байгаа гэж удаа дараа хэлсэн болно. 2016 оны 06 сарын 30-ны өдрийн “Ухаалаг Засаглал” ТББ-аас 2020/17, 2020/18 тоотоор л Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд явуулсан мэдээлэл хүсэх тухай албан бичгийн хариуг хэргийн баримтад авах тухай хүсэлтийг хүлээж аваагүй хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус гаргасан. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам нь хариуцагч У ТББ-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, ажлын хөлс 18 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, “Ухаалаг засаглал” ТББ-ын хооронд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн гаргасан ажлын даалгаврын дагуу зайны хяналтын тогтолцоог нэвтрүүлэхэд шаардлагатай программыг 5 сарын хугацаанд гүйцэтгэн, мэдээллийн системийг баримт бичгийн хамт шилжүүлэх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, гэрээгээр тохиролцсон 20 000 000 төгрөгний хөлс төлөх үүргийг харилцан хүлээжээ. Уг гэрээний хугацаа  2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусч, талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан ажлын хөлсний үлдэгдэл 2 000 000 төгрөгийн төлбөрийг гэрээний баталгаат хугацаа дууссаны дараа төлж барагдуулах, гэрээг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар сунгасан байна.                                                                                                   /хх15-17, 18-21/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх гэрээгээр тохирсон ажлыг захиалагчийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 8 000 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэргийн 22-24 дүгээр тал дах баримтаар бичгийн баримтаар тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр “Үндэсний Дата төв” УТҮГ-ыг шинжээчээр томилж уг шинжээчийн дүгнэлтээр ”burtgel.moj.gov.mn” 66 ажлын даалгавраас 3 нь гүйцэд ажиллаж байна. Гүйцэтгэлийн хувь 4.54%, “mojha.burtgel.gov.mn” 66 ажлын даалгавраас 33 нь гүйцэд ажиллаж байна. Гүйцэтгэлийн хувь 50% байх бөгөөд тус программын гүйцэтгэлийг шалгаж үзэхэд нийт 12 модулиас 6 модуль нь цэс болж орсон” гэж тусгаснаас үзвэл хариуцагч байгууллага нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. /хх-199-211/

 

 Хариуцагч нь “12 модуль бүхий ажлын 6 модулийн ажлыг хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгсөн, 6 модулийн ажлыг хийж гүйцэтгэснийг захиалагч хүлээн аваагүй” гэж тайлбарладаг боловч ажлыг хүлээлгэн өгсөн акт болон холбогдох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд энэ байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нотлоогүй байх тул энэ талаарх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1-4/2835 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 1-4/3395 тоот, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1-4/3925 тоот албан бичгүүдээр удаа дараа ажлын гүйцэтгэлийг шаардаж гэрээ цуцлахыг мэдэгдэж байсан болох нь хэргийн 25-27 дугаар тал дах баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт шилжүүлэн өгсөн мөнгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Анхан шатны шүүх гэрээ цуцалснаас үүсэх үр дагаварт буюу шилжүүлсэн 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь “...шинэчлэн батлагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээний журам нь энэхүү ажлыг гүйцэтгэхэд үндсэн нөхцөл болсоор байхад шүүх харгалзан үзээгүй, тухайн системийг ашиглахад шаардлагатай анхан шатны мэдээллүүдийг оруулж байсан бөгөөд уг ажил дууссаны дараа тайлан бичих эрх нь нээгддэг, тайлан бичсэний дараа үнэлэх эрх нь нээгддэг, үнэлгээ хийсний дараа тайлан, статистик үзэх эрх нээгддэг. Гэвч мэдээллээ дөнгөж оруулж эхэлж байхад манай байгууллагаас шалтгаалахгүй нөхцөл байдал үүсч ажил зогссон” гэх үндэслэлийг зааж гомдол гаргасан боловч энэ байдлаа баримтаар нотлоогүй тул гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01830 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ