Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/191

 

 

 

 

 

 

  2023             02              14                                    2023/ДШМ/191

 

 

          Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч О.Г, түүний өмгөөлөгч Ц.А,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/916 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Б-д холбогдох ....................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 20, 24, 25-ны өдрүүдэд хохирогч О.Г-ын 6797 УАР улсын дугаартай ланд 200 маркийн машин засахаар үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо “Т” кино театрын орчимд интернэт банкаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 6.330.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, хохирогч О.Г нь шүүгдэгч Э.Б-д холбогдох маргаанаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, цагаатгах тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогч О.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн байгууллага Ж.Б-ийг олж тогтоогоод миний машиныг засна гэж авсан машин засварын газрын засварчдад өгөөгүй. Өөрийгөө Вьетнам засварын эзэн гэж удаа дараа худал хэлж намайг хуурсан. Вьетнам засварын газрын эзэн нь биш. Худал хэлж миний машиныг засварт өгөөд надаас авсан мөнгөөр ямар ч сэлбэг авч өгөөгүй. Тэр ч байтугай би засвар хийлгэхээ больж машинаа авахдаа Ж.Б-д өгсөн мөнгөө нэхэхэд өөр машинд засвар хийлгэчих, тэр мөнгөнөөс чинь тооцъё гээд байхаар нь найзынхаа машиныг 1.800.000 төгрөгөөр засуулаад мөнгийг нь суутгая гэхэд засварчид нь мөнгө бид нар аваагүй гээд зөвшөөрөөгүй тул дахин 1.800.000 төгрөгөө төлж байсан. Ж.Б-ийн намайг залилсан хэрэгт Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Д “Ж.Б нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг” үйлдсэн гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч шүүх Ж.Б-ийн өөрийгөө хамгаалсан худал мэдүүлэгт үндэслэн түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ж.Б нь өөрийгөө Вьетнам засварын газрын эзэн, манай Вьетнамууд урьдчилгаа өгөхгүй бол засвараа эхлэхгүй гээд байна гэж намайг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, машиныг оношилгооны газраас тээвэрлэн авч засварын газарт хүргэж, итгэл үнэмшил төрүүлэн, урьдчилгаа аваад ажлаа эхэлнэ, машины жааз авна, будаг замаск авна гэж хуурч өөрийн биш өөр хүний дансаар 6.330.000 төгрөг авч намайг илт залилсан юм. Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/916 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан Ж.Б-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Бичгээр гаргасан давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна. Би анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Харин давж заалдах шатны шүүхийн шатнаас өмгөөлөгчтэй оролцож байна. ...” гэв.

Хохирогч О.Г-ын өмгөөлөгч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Авто ослын улмаас О.Г-ын тээврийн хэрэгсэл эвдэрсэн. Шүүгдэгч Ж.Б нь хохирогч О.Г-д өөрийгөө Вьетнам авто засварын газрын эзэн гэж ойлгуулсан бөгөөд тухайн үед “автомашиныг чинь авч яваад засуулна” гэж хэлэхэд хохирогч Р.Г нь Ж.Б-ийг өөрийнхөө автомашин засварын газар засах юм байна гэж ойлгосон. Хохирогч О.Г автомашинаа засварын газар авчрахад Ж.Б “би чиний машинд сэлбэг авч машинд чинь засвар хийнэ” гэж хэлж мөнгө авсан атлаа ямар ч сэлбэг аваагүй бөгөөд тухайн Вьетнам авто засварын эзэн биш байсан. Хохирогч О.Г тухайн Вьетнам авто засварын газрын ажилчдаас “Ж.Б гэдэг хүн танай засварын газрын эзэн биш юм уу” гэхэд “энэ хүн манай засварын газрын эзэн биш. Харин энэ тэндээс сэлбэг авчраад засварын ажиллагаанд зуучлал хийдэг хүн” гэж хэлсэн. О.Г нь Ж.Б-д “миний машин засвар авахад хүнд болсон. Чи миний өгсөн мөнгөөр машин засах ямар ч сэлбэг аваагүй тул би чамд өгсөн мөнгөө буцаагаад авмаар байна” гэхэд “за ойлголоо, тэгье” гэж хэлсэн атлаа дараа нь “чамд өгөх мөнгө байхгүй. Би өр зээлдээ өгчихсөн. Харин чи оронд нь өөр нэг машин авчраад засуулчих” гэж хэлэхээр нь өөр нэг найзынхаа автомашиныг засуулахаар өгсөн. Өөрөөр хэлбэл, хохирогч О.Г нь найзынхаа автомашины засварын төлбөрийг төлсөн. Шүүгдэгч Ж.Б нь анхнаасаа “би Вьетнам авто засварын эзэн тул би чиний автомашинд сэлбэг аваад засаж өгнө” гэж түүнийг хуурсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч улсын яллагчаас “уг гэмт хэрэг нь залилах гэмт хэргийн ямар шинжийг агуулж байна вэ” гэхэд улсын яллагч хариулж чадаагүй. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагч өөрийн үйлдсэн яллах дүгнэлтийг дэмжихээр ирээгүй байна. Хохирогч О.Г нь нийт 6.330.000 төгрөгөөр хохирсон. “Автомашиндаа засвар хийлгүүлэхээр өгсөн мөнгөө буцаагаад авъя” гэхэд Ж.Б нь худлаа хэлж мөнгийг нь өгдөггүй. Шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь тодорхой бус бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Г-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос Ж.Б-ийг 2022 оны 01 дүгээр сарын 20, 24, 25-ны өдрүүдэд хохирогч О.Гын ................ улсын дугаартай ланд 200 маркийн автомашиныг засахаар үргэлжилсэн үйлдлээр Чингэлтэй дүүргийн .......... дугаар хороо “Т” кино театрын орчимд интернэт банкаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 6.330.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтад эргэлзээтэй болон зөрүүтэй байдал үүсгээгүй, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Анхан шатны шүүх, Ж.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг болно.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг онцлогтой.

Анхан шатны шүүх, цагаатгагдсан этгээд Ж.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй гэж үзсэн бөгөөд хохирогч О.Г-ын “...Д гэх хүн залгаад уг машиныг чинь хүн авъя гээд сонирхож байна, та зарах юм уу гэж асуухаар нь тэгвэл засвар хийхгүй түр байж байгаараа би өөрөө худалдаж авах хүн олоод зарахаар болсон гээд засварыг нь хийлгэлгүй байлгачихсан. Тэгж байгаад 2022 оны 02 дугаар сарын дундуур дээрх тээврийн хэрэгслээ өөр хүнд зарчихсан. Тэгээд би машинаа зарчихсан болохоор өгсөн мөнгөө авъя гэж хэлсэн чинь би танаас машин засахаар мөнгө авсан. Тийм болохоор та сэлбэг эсхүл засварлах машин аваад ир гэсэн. ...” /хх 14-16/, гэрч Ж.Б-ийн “...Г өөрөө над руу залгаад машинаа засахгүй байж байгаарай даатгалын мөнгө орж иртэл эвдэрсэн хэвээрэй байх хэрэгтэй юм байна, хугацааны хувьд яарах шаардлагагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь машинд нь засвар хийлгүй зогсоосон байсан. ...” /хх-21/ гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Мөн Ж.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд эзэмшигчийг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангаагүй ба шүүгдэгч, хохирогч нар нь харилцан тохиролцож автомашин засуулахаар өгсөн урьдчилгаа төлбөрийг хохирогч өөрийн хүсэлтээр засуулахаа татгалзсаны учир бүхэлд нь эсхүл заримыг буцааж өгөх, өгөхгүй гэсэн асуудлаас үүссэн маргаан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Б нь автомашин засахаар 3 удаагийн гүйлгээгээр хохирогчоос 6.330.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Прокуророос Ж.Б-д холбогдох залилах гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлооогүй төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ залилах гэмт хэргийн шинжийг тусгалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

Ж.Б нь “миний ажиллуулдаг Вьетнам засварын газар” гэж хуурсан мэт байгаа боловч нотолсон баримт хэрэгт цуглараагүй ба тэрээр өөрийн эсхүл бусдын ажиллуулдаг засварын газарт хохирогчийн автомашиныг засуулахаар өгч байгаа үйлдэл нь харилцан тохиролцсоны үндсэн дээр буюу хохирогч О.Г-ын хүсэл зоригийн улмаас биелэхгүй нөхцөл байдал үүссэн нь хохирогч О.Г-ын “би өөрийнхөө автомашиныг янзлахаа түр азнаж бай гэж хэлсэн нь үнэн. Тухайн үед Ж.Б нь таны автомашиныг янзлуулахгүй зарчихъя. Танд санаа оноо юу байна гэж хэлж байсан боловч би автомашинаа өөр хүнд худалдаж, өөрөө очилгүй автомашины түлхүүрийг нь тухайн хүнд Ж.Б-ийг өгчих гэж хэлсэн нь үнэн.” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд Ж.Б-ийг гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тухайн хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах зарчмыг баримтлан гаргасан шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд, хохирогч О.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/916 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                 2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ