| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00450/И |
| Дугаар | 155/ШШ2016/00450 |
| Огноо | 2016-04-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2016/00450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *********** оршин суух Л-гийн Г- /РЮ********/-т холбогдох
Үндсэн зээлийн төлбөр 38.424.425 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10.560.422 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 600.159 төгрөг, нийт 49.585.006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л- овогтой Г- нь 2014 оны 04 сарын 24-ний ЗГ-14/953 тоот зээлийн гэрээ байгуулан тус банкнаас 40.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндсэн зээлийг сар бүр 1.333.400 төгрөгөөр хүүгийн хамт төлж дуусгах хуваарьтай авсан. Зээлийн барьцаанд Мөрөн сумын ************* дахь 18 кв.м талбайтай 1 өрөө орон сууц, 12 кв.м талбайтай павилоны зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт, бизнесийн бараа материал, 20 тн төмөр контейнер зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулан зээл авсан. Өнөөдрийн байдлаар гэрээний дагуу зээлээ төлөхгүй хугацаа хэтрээд 450 хоног өнгөрсөн. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.
Иймээс зээлдэгч Л.Г-оос 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээл, хүүгийн төлбөр 49.585.006 төгрөгийн төлбөрийг төлүүлж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Зээлдэгч Л- овогтой Г- нь 2014 оны 04 сарын 24-ний ЗГ-14/953 тоот зээлийн гэрээ байгуулан тус банкнаас 40.000.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндсэн зээлийг сар бүр 1.333.400 төгрөгөөр хүүгийн хамт төлж дуусгах хуваарьтай авсан бловч өнөөдрийг хүртэл уг зээлээ төлж барагдуулаагүй байгаа тул Л.Г-оос үндсэн зээлийн төлбөр 38.424.425 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10.560.422 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 600.159 төгрөг, нийт 49.585.006 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжилсэн үнийн дүнгийн 40 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 9 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд шүүх хуралдаанаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Л.Г-т холбогдох Үндсэн зээлийн төлбөр 38.424.425 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10.560.422 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 600.159 төгрөг, нийт 49.585.006 гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:
Хариуцагч Л.Г- нь 40.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлэхээр Хаан банкны Хөвсгөл салбартай харилцан тохиролцон 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-14/953 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулжээ.
Талууд дээрх гэрээг бичгээр байгуулж, харилцан ашиг сонирхлоо илэрхийлж гарын үсэг зурсан байх тул хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн байх ба харин зээлдэгч Л.Г- нь гэрээнд заасан хугацаанд уг зээл болон түүний хүүг буцаан төлөх үүргээ биелээгүй байх тул хариуцагч Л.Г-оос үндсэн зээлийн төлбөр 38.424.425 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10.560.422 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 600.159 төгрөг, нийт 49.585.006 төгрөг төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгох үндэслэлтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжилсэн үнийн дүнгийн 40.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, 9.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цогтбаярт шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны мэдэгдэх хуудсаар өөрт нь мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Л.Г-оос зээлийн төлбөр 49.585.006 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 405.875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г-оос 405.875 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН