Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01896

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01420 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Г-ын хариуцагч М ТӨХК холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 24-нд М хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тус компанийн коммер эрхэлсэн дэд захирлаар дэвшин нийт 5 жил гаран ажиллаж байна. Гэтэл ажлаас халсан тушаалыг талаар урьдчилан мэдэгдэж танилцуулалгүй, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тушаал гаргасан байна. Миний бие дээрх хууль бус үндэслэлээр ажлаас халсан тушаалыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гомдолтой байна. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ-502 дугаарын нислэгийн үйл ажиллагаанд албан тушаалын давуу байдлаа урвуулан ашиглаж, тухайн нисэх багийнхан болон бүртгэлийн ажилтанд үүрэг өгч бизнес суудал хадгалуулан, улмаар сэжигтэй зорчигчийг миний бие төлөөлөгчийн газрын ажилтан, маркетингийн албаны ажилчид, нисэх багийнханд үүрэгдэн бизнес ангилалын суудалд суулгаагүй. Тухайн нислэгээр зорчсон гэх Ц.Б нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бизнес зэрэглэлийн билетийг өөрөө захиалан, эхний аялалаар Солонгосоос Японд очсон бөгөөд нислэг саатсанаас тэндээ нэг хоноод 2020 оны 02 дугаар сарын 27-нд буюу маргааш өдөр нь Нарита-Улаанбаатарын нислэгт бүртгүүлэхэд уг суудал нь энгийн аялалаар системд бүртгэгдсэн байсан. Нислэг эхлэх үед зорчигч Ц.Б ийг нисэх багийнхан тусгаарлах арын суудалд суулгана гэснээс үүдэн үл ойлголцол үүсч, энэ талаар над руу Ц.Б нь ярьж, захиалсан бизнес ангилалдаа суумаар байна гэсэн. Түүнд би COVID-19-тай холбоотой шинэ журам гарсан талаар хэлж, журмын дагуу энгийн ангилалын суудалд сууж ирээд ирснийхээ дараа билетийн зөрүүг тооцож олгох талаар мэдэгдсэн бөгөөд тэр даруй төлөөлөгчийн газрынханд ч мөн шинэ журмаа мөрдөж ажиллах талаар чиглэл өгсөн. Миний бие онцгой байдлын дагуу гаргасан журмыг ямар нэг хэлбэрээр зөрчсөн үйлдэл хийгээгүй болно. Нисэх багийн бүхээгийн үйл ажиллагаанд мөрдөх тусгай журам, зааврын дагуу зөвхөн экипажийн дарга, гишүүд хэрэгжүүлж, хяналт тавьдаг ба хэн нэгэн даргын үгээр үйл ажиллагаагаа зөрчиж суудал хуваариладаггүй, онцгой дүрэм мөрдөгддөг журамтай тул би албан тушаал, эрхэлсэн ажлын давуу байдлаа урвуулан ашиглан үүрэг өгч, хувийн ашиг сонирхол, бусдад давуу байдал олгох боломж бүрдүүлэх ямар ч үндэслэлгүй юм. Иймд намайг ажлаас халсан тушаал хууль бус байсан бөгөөд уг тушаалыг гаргахдаа энэ асуудлыг захирлуудын зөвлөлөөр оруулж хэлэлцүүлэлгүй дур мэдэн зөвхөн шалтаг гаргаж ажлаас халах тушаал гаргасанд гомдолтой байгаа тул гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/89 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Г нь М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/102 дугаартай тушаалаар Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/723 дугаартай тушаалаар Коммер эрхэлсэн дэд захирлаар дэвшин томилогдон ажиллаж байсан. 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн УБ-Токио-УБ чиглэлийн нислэг цаг агаарын улмаас саатаж, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нислэг үйлдсэн ба нийт 260 зорчигчийг тээвэрлэсэн бөгөөд Улсын онцгой комисс, компанийн шуурхай штабын шийдвэрээр бүхээгийн үйл ажиллагааны зааврын 6.1.7.2 дахь хэсэгт заасны дагуу халдварт өвчний дэгдэлт өндөр байгаа БНСУ болон тус улсад дамжин зорчсон зорчигчдыг сэжигтэйд тооцон тусгаарлаж, агаарын хөлгийн хамгийн арын эгнээнд буюу 33 дугаар эгнээнээс хойш суудалд суулгах хуваарилалтыг хийсэн. Коронавирусын халдвартай холбогдуулан заавар журмыг танилцуулан дамжин зорчиж буй зорчигчдыг арын эгнээнд тусгаарлаж байгааг тайлбарлан зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг явуулсан. Зорчигч бүртгэлийн үеэр зорчигч Ц.Б нь БНСУ-ын Сөүл хотоос Токио хот руу ирсэн ба Улаанбаатар хот руу зорчихоор бизнес ангилалын билет худалдан авсан байсан. Гэвч М ТӨХК-ийн шуурхай штаб компанийн Бүхээгийн үйл ажиллагааны зааврын 6.1.7.2 дахь хэсгийг үндэслэн энгийн ангилал /economy class/ болгон өөрчилсөн. Үүнд БНСУ-аас дамжин ирсэн бүх бизнес ангилалтын зорчигчдыг хамруулсан болно. Улсын онцгой комисс болон компанийн шуурхай штабаас гаргасан шийдвэртэй холбоотой зорчигч Ц.Б д Улсын онцгой комиссын журмын дагуу БНСУ-аас ирсэн бүх зорчигчийг тусгаарлан нэг доор хамгийн арын эгнээнд тусгаарлаж байгаа тухай тайлбарласан боловч хүлээж аваагүй ба заавар өөрийн бизнес ангилалд сууна гэж хэлсэн байсан. Зорчигч бүртгэлийн үйл ажиллагааг тайлбарласан боловч удаа дараа бизнес ангилал дээр суудал бичиж өгөхийг шаардаж байсан нь холбогдох хүмүүсийн тайлбар, цахим шуудангаар тогтоогдож байсан. Зорчигч Ц.Б нь М ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд руу утсаар ярьж бизнес ангилалд заавал сууна. Нарита нисэх буудлын бүртгэл дээр бизнес ангилалд суулгахгүй байна гэж гомдол гаргасан боловч хүлээж авах боломжгүй талаар мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч буюу М ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захирал Ш.Г Токио хотын төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер болон Аэропорт менежер нар руу утсаар ярьж, бизнес ангилалд суулга гэсэн үүргийг өгсөн байсан нь холбогдох баримтаар тогтоогдсон.

Мөн маркетингийн хэлтсийн суудал хуваарилалт, хяналт тавих эрх бүхий хэлтсийн ажилчдын тайлбараар нэхэмжлэгч Ш.Г нь зорчигч Ц.Бат-Энхийн суудлыг бизнес ангилалд оруулах үүрэг даалгавар өгсөн нь тогтоогдсон ба Ц.Б нь бизнес ангилалын 1А суудалд зорчиж ирсэн нь тогтоогдсон. Нэхэмжлэгч нь цар тахлын дэгдэлт хамгийн өндөр байсан БНСУ-ын Сөүл хотоос дамжин ирж байгаа сэжигтэй зорчигчийг Коммер эрхэлсэн дэд захирлын хувьд үүрэг даалгавар өгч, бүртгэлийн үеэр бизнес ангилалын суудал хадгалуулж, улмаар уг суудалд суулгаж ирүүлсэн ноцтой зөрчил гаргасан. Коммер эрхэлсэн дэд захирал нь бүтэц, зохион байгуулалт болон ажлын байрны тодорхойлолтод зааснаар түүний шууд харьяанд Маркетингийн хэлтэс болон гадаад улс дахь төлөөлөгчийн газрууд байдаг бөгөөд ажлын байрны тодорхойлолтын 4.1, 9.4.2, 9.4.12-т заалтыг зөрчсөн тул түүнд гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/89 тоот тушаалаар хариуцлага ногдуулж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Г.Гантулгын хариуцагч М ТӨХК холбогдох ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ш.Г-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хууль бус бөгөөд хүчингүй болох ёстой шийдвэр гэж миний бие үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн үйл баримт болон бодит байдал, хэрэгт байгаа ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй шийдвэр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсгийг зөрчиж шийдвэр хугацаандаа гаргаагүй нь ажилгүй, амьдралын эх үүсвэр болох цалингүй эдийн засагт хүндээр тусч байгаад маш их гомдолтой байна. Нэхэмжлэгч нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар М ажилтан Б.Мандхай, А.Цэрэндэлгэр нарыг гэрчээр оролцуулсан ба дээрх хүмүүс нь намайг гэм буруугүй болохыг хангалттай нотлохын зэрэгцээ тухайн ажлынхаа онцлогыг хэнд ч ойлгомжтойгоор тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5, 51.6 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй болохыг хангалттай нотолж байгаа юм.

Шүүхийн шийдвэрийн тухайд: М ийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/89 дугаартай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд нөгөө талаас хүний амьжиргааны эх үүсвэр болсон цалин хөлсийг зогсоож байгаагийн хувьд хуульд нийцсэн байх ёстой байтал уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан. Тухайлбал тушаалын тэргүүн хэсэг нь Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажпаас халах тухай гэсэн гарчигтай. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлийг тус тус үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд тушаалын 1 дэх хэсэгт заасан гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/68 тоот тушаалаар байгуулагдсан “Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гарсан шийдвэрийг миний бие мэдэх боломжгүй юм. Учир нь миний бие 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд УНГЭ-ийн ЦЭСЧШСТ-д хэвтэн эмчлүүлсэн. Энэ нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж тушаалын 1 дэх хэсэгт дурьдагдсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрт ямар нэг дүгнэлт хийхгүйгээр буруу дүгнэлт хийсэн. Тухайлбал шүүхээс уг М ТӨХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, онцгой байдлын байцаагч Н.Мөнхжаргалын гар утсанд буй шуурхай штабын Вайбер онлайн чатад үзлэг хийсэн бөгөөд үзлэгийн тэмдэглэлийн төгсгөл хэсэгт Гантулгыг энэхүү мессэжийг үзсэн гэснийг хэн ч батлаагүй юм.

Мөн Ш.Г ыг буруугүй болохыг нотолдог. Ц.Б гэдэг хүнийг бизнес ангиллаар суулгаж ирүүлсэн хүн нь Ш.Г гэж шүүх үзсэн. Ш.Г нь Ц.Б д хэлэхдээ журмаа барьж ир гэж хэлсэн байдаг. Ш.Г нь Ц.Б тэй ярьснаа хүлээн зөвшөөрдөг. Энэ яриаг шүүх Ц.Бат-Энхээс тайлбар авалгүйгээр шийдвэрлэсэн байна. Цаг агаарын саатлын улмаас нислэг хойшилсон тохиолдолд зорчигч дараагийн нислэгт автоматаар орох ёстой байдаг. Гэтэл Ц.Бат-Энхийн бүртгэл ороогүй байсныг нэхэмжпэгч хэлж оруулсан. Ийнхүү оруулахад тухайн хүн ямар ангиллын билет авсан байна түүгээрээ орох ёстой байдаг бөгөөд зорчигчийн ангиллыг өөрчлөх асуудал нь Ш.Г-ын ажил үүрэг болоод хамаарах асуудалтай холбогдолгүй гэдгийг шүүгч ойлгоогүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч “тийм шаардлага тавьж байгаа бол журмынх нь дагуу сууж ирээд зөрүү мөнгөө аваарай” гэж хэлсэн байдаг. Энэ зорчигч МИАТ ХК-ийн эрх бүхий бүл албан тушаалтнууд руу залгасан байхад яагаад заавал Ш.Г ыг халж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг сайн ойлгоогүйгээс Ш.Г ыг үүрэг даалгавар өгч энгийн байсан билетийг бизнес ангилал болгож өөрчлөх чиглэл өгсөн гэх утга бүхий илт үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т дүгнэлт хийж зөвтгөн тайлбарласан байгаа нь хууль бус бөгөөд тушаалын бусад үндэслэлийг хуулийн дагуу гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

 

Тушаалын үндэслэлийн тухайд: Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 тогтоол, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.3-д заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй. Хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.2, 9.4.2, 9.4.4, 9.4.12-т заалтыг зөрчсөн гэдэг нь огт үндэслэлгүй бөгөөд тушаалын 1 дэх хэсэгт дурдагдсан бүхээгийн үйл ажиллагааны зааврыг дагаж мөрдөх ёстой ажилтнууд нь онгоцны дарга бөгөөд бүхээгийн ажилтнууд болно. 33 дугаар эгнээнээс хойш суулгахаар гаргасан тушаал шийдвэрээ албан ёсэор үзүүлж, танилцуулсаны үндсэн дээр хэрэгжүүлэх ёстой байсан бөгөөд энэхүү шийдвэрээ зорчигчид байтугай дотор нь ажиллаж байгаа ажилтнуудад ч танилцуулаагүй. Иймд анхан шатын шүүхийн шүүхийн шнйдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч М ТӨХК холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/89 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч М гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/746 дугаар тушаалаар тус компанийн коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад ажил олгогчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/89 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-15, 17/

 

Зохигчид хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан эсэх талаар маргажээ.

 

Хариуцагч М гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/68 дугаар тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штаб байгуулагдсан, тус компанийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штабаас гаргасан шийдвэрээр Бүхээгийн үйл ажиллагааны зааврын 6.1.7.2 дахь хэсэгт заасан цар тахлын голомт болон дэгдэлт ихтэй орноос ирж буй бүх зорчигчийг арын эгнээнд тусгаарлаж нэг ариун цэврийн өрөө ашиглуулж тээвэрлэж ирэхээр шийдвэрлэсэн байна. /хх-44-52/

 

Хэргийн 39-40 тал дах баримтаар Улсын онцгой комисс цар тахлаас сэргийлж  БНСУ-ын Сөүл, Бусан хот руу үйлддэг 2 талын нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, Монгол улс, Япон улсын хоорондын 2 талын нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл түр зогсоожээ.

 

Улаанбаатар-Токио чиглэлийн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн нислэг цаг агаарын саатлын улмаас цуцлагдаж, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нислэг үйлдэхдээ дээрх Бүхээгийн үйл ажиллагааны зааврыг мөрдөж бүх зорчигчдын билетийг энгийн ангилалд 33 дугаар эгнээнээс хойш тусгаарлан суулгаж зохион байгуулсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.

 

Хэргийн 161-163 дугаар тал дах баримтад гэрч Б.Мандхай “...Ш.Г захирал утсаар яриад орж ирсэн тэгээд ...Ц.Бат-Энхийн суудлыг хараад шалгаад оруул хасагдсан байна гэж хэлсэн. Бизнес ангилалын билеттэй байгаад хасагдсан байсан...ангилал ангилалд нь оруулна...Захирлыг үүрэг өгөхөөр нь оруулсан” гэж, гэрч А.Цэрэндэлгэр “...Ш.Г захирал утсаар ярьж орж ирсэн Токио хариуцсан хүн хэн билээ гэхээр нь Б.Мандхай гэсэн дэргэд нь очоод Токио-Улаанбаатар чиглэлд Ц.Б бүртгэлгүй байна шалгаад оруулаадахаач гэсэн...гол баримтлах зүйл эхлээд захиалгаа дараа нь билетээ харна бизнес ангилалыг энгийн ангилалд болгож болохгүй” гэж тус тус шүүхэд мэдүүлжээ.

 

Тухайн өдөр зорчигч Ц.Б нь БНСУ-ын Сөүл хотоос дамжиж Япон улсын Токио хот руу ирсэн, Монгол улс Улаанбаатар хот руу зорчихоор бизнес ангилалын билет авсныг цуцалж энгийн ангилал болгосныг коммер эрхэлсэн дэд захирал нэхэмжлэгч Ш.Г маркетингийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мандхай, А.Цэрэндэлгэр нарт үүрэг даалгавар өгч, зорчигч Ц.Бат-Энхийн билетийг бизнес ангилал болгосон нь гэрч Б.Мандхай, А.Цэрэндэлгэр нарын дээрх мэдүүлгээр тогтоогдсон тул нэхэмжлэгчийг “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штаб”-аас гаргасан шийдвэр болон Бүхээгийн үйл ажиллагааны 2.а, с хэсэгт заасан зааврыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Ш.Г нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй, бизнес ангиллын суудал нь энгийн ангилалд шилжүүлсэн журам үйлчилж байсныг мэдээгүй гэж маргасан боловч М Нисэхийн аюулгүй байдал, онцгой байдлын байцаагч Н.Мөнхжаргалын гар утсанд бус шуурхай штабын Вайбер онлайн чатад үзлэг хийсэн тэмдэглэл болон түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд “над руу Ц.Б ярьж захиалсан бизнес ангилалдаа суумаар байна гэсэн. Түүнд COVID-19-тэй холбоотой журам гарсан талаар хэлж журмын дагуу энгийн ангилалд сууж ирээд дараа нь билетийн зөрүүг олгох талаар мэдэгдсэн” гэснээс үзвэл COVID-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах шуурхай штабаас гаргасан шийдвэр болон Бүхээгийн үйл ажиллагааны зааврыг мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

Ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээний 9.4.2-д заасан “Албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу тал, хангамж, хүлээлгэсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан, бусдад ашиглуулах боломжийг бүрдүүлж өгсөн”, мөн 9.4.4-т “ажил олгогч болон түүний эрх олгосон албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн компаний бизнест хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан”, 9.4.12-т “Иргэний нисэхийн хууль, дүрэм, заавар, компанийн үндсэн зааварт тусгагдсан үйл ажиллагаа, заавар, дүрэм, журмын холбогдох заалтыг зөрчсөн” гэж заасан ноцтой зөрчлийг тус тус гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй болно.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэвэл зорчигч Ц.Б нь COVID-19 өвчний улмаас тусгаарласан энгийн ангилалын суудалд бус бизнес ангилалын суудалд зорчиж ирсэн явдал нь Ш.Г-ын гаргасан үйлдэлтэй холбоотой тул ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнэж, түүний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр хугацаандаа гараагүй гэх байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуулиар тогтоосон хугацаа, журмыг зөрчсөн зөрчил мөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул гомдлыг хангах боломжгүй. Харин уг алдааг дахин гаргахгүй байхыг тухайн шүүх, шүүгчид энэхүү магадлалаар анхааруулах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн, хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол 3 хоногийн дотор хүсэлт гаргаж засвар хийлгэх боломжтой байтал уг эрхийг хэрэгжүүлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй. Энэ байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/01420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ