Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ДШМ/192

 

 

 

 

 

 

  2023             02              14                                    2023/ДШМ/192

 

 

         У.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Н,

шүүгдэгч У.Э, түүний өмгөөлөгч Ш.Ч,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/715 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Э-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ............................. дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч У.Э нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өглөөний 06 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, Нисэхийн “МТ” шатахуун түгээх станцын урд замд “Тоёота приус 30” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, .../...хэрэглэсэн, .../...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Тоёота Акуа” маркийн ................. улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.З-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: У.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-ыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-аас 298.000 төгрөг гаргуулж, хохирогч О.З-д олгож, хохирогч О.З гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, иргэний нэхэмжлэгч О.Б, Д.Г нарын 300.000 төгрөгийн нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч Ч.Э-ийн 161.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн ................... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч У.Э цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эмчилгээ хийлгэхээс гадна гэр бүлээ тэжээн тэтгэх үүргийн дагуу боломжоороо ажил хийхийн тулд “Т” ХХК-ны Сүхбаатар дүүрэг дэх түгээлтийн ачигчаар ажилд орсон тул мөн зорчих эрх хязгаарлах ялын хүрээ маршрутыг тэлж өгнө үү гэж хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Мөн түүнчлэн миний биеийн эрүүл мэндийн байдал, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Э-ы өмгөөлөгч Ш.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч У.Э-ы эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хэргийн нөхцөл байдалд тохирсон ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Э нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өглөөний 06 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, Н-ийн “МТ” шатахуун түгээх станцын урд замд “Тоёота приус 30” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, .../...хэрэглэсэн, .../...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан “Тоёота Акуа” маркийн ......................... улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.З-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.З-ийн “...би 2022 оны 8 дугаар сарын 10-ны өглөө 06 цагийн үед ажлаасаа буугаад Б-ийн ээжийг авах гээд Б “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Нисэхийн “МТ” шатахуун түгээх станцын хажууд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд аваарын гэрлээ татаад зогсож байсан. Б-ийн ээжийг машинд суулгах гэтэл манай машины араас нэг машин мөргөөд урагшилсан хойно дахиж нэг удаа мөргөөд манай машины урд гараад зогссон. Тэгээд Б машинаас буугаад мөргөсөн машины залууг буулгаад цагдаа дуудсан, ...тухайн үед Б бид хоёр байсан, ...ослын улмаас цээжний зүүн талын хоёр хавирга хугарсан. ...Би осол болох үед хамгаалах бүс хэрэглэсэн, ...тухайн үед хойшоо хэвтэж байгаад сандлаа өргөөд босгож байх мөчид араас машин хүчтэй мөргөөд сандалтай хавсраад цохигдсон. ...Жолооч миний эмчилгээний зардалд мөнгө зарцуулаагүй. Би ажлаа хийж чадаагүй долоо хоног болсон, ...өдрийн 100.000 төгрөгийн цалинтай. Эм тарианы төлбөр гээд нийтдээ 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. ...” /хх 9/,

иргэний нэхэмжлэгч Ч.Э-ийн “...гэмт хэргийн улмаас хохирогч О.З 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 161.000 төгрөг гарсныг яллагдагч У.Э-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь .................. дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...Тээврийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн, эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно. ... ” /хх 21/,

иргэний нэхэмжлэгч О.Б-ийн “...2022 оны 8 сарын 10-ны өдөр би “Тоёота Акуа" маркийн ........................ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод найз З-ийн хамт Нисэхийн замаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад ээжийгээ суулгах гээд замын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд хашлага руу шахаж зогсоод цонхоор ээжтэйгээ юм яриад байж байтал миний машины ар талын хэсгээс нэг машин ирээд мөргөчихөөд дахиад нэг мөргөсөн. ...Осол болох үед би тээврийн хэрэгслийг жолоодож явсан. ...Миний биед ослын улмаас тухайн үед толгой хавантсан байсан. ...Осол болох үед өглөө 06 цаг болж байсан тул бөглөрөл түгжрэл байхгүй, гадаа гэгээтэй, харагдах орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун байсан. ...Миний унаж явсан машины хойд багаж хэсэг тэр чигтээ чихэгдсэн, гэрэл хагарсан, дугуй, обуд хагарсан зэрэг эвдрэл учирсан. ...Жолооч миний эмчилгээний зардалд мөнгө зарцуулаагүй, ...эмчилгээ хийлгэсэн талаар баримт байгаа, тэрийг нэхэмжилнэ. ...” /хх 27/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ын “...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр болсон ослын талаар осол болох үед нь манай хүүхэд болон эхнэр утсаар залгаж машины араас машин мөргөчихлөө гэж хэлж байсан. ...“Тоёото Акуа” маркийн .............. дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би, ...ослын улмаас автомашины арын хэсэг тэр чигтээ эвдэрсэн, ...би машиндаа учирсан хохирлын үнэлгээний дагуу 8.550.000 төгрөгийг нэхэмжилж байна, төлвөл гомдол санал байхгүй. ...” /хх 40/,

гэрч Ж.Н-ийн “...2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би ажил руугаа буюу Б зах руу эрт очиж жимс ногоо авах гээд өөрийн хүү Б-ийг дуудаад, би өөрөө “Б” 1 хорооллын хажуу талын зам дээр зогсож байтал хүү Б ирээд намайг авах гээд замын 1 дүгээр эгнээнд зогсохоор нь би арын хаалганы бариулыг барих гээд зогсож байтал нэг машин их хурдтай ирээд манай хүүгийн машины ар талын хэсэг рүү 2 удаа мөргөөд манай машины урд талд гараад зогссон. ...” /хх 53/,

яллагдагч У.Э-ы “...2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр би Нисэхэд найзуудтайгаа хамт архи ууж хоночихоод өглөө үүрээр буюу 2022 оны 8 дугаар сарын 10-ны өглөө нисэхийн тойрог дээр байдаг “СU” дэлгүүр орж идэх юм авсан. Буцаад Нисэхийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр “Тоёото Приус” маркийн ......................  дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явж байгаад “МТ” шатахуун түгээх станцын хажуугаар давсан, тэгээд юу болсон талаар сайн санахгүй байгаа. Машинтай мөргөлдсөний дараа сэргэсэн, юу болж байгааг мэдсэн. Тэгээд ослын газар цагдаа ирээд би цагдаагийн машинд суугаад явсан. ...Би осол болох үед дунд зэргийн согтолттой байсан. ...Би “СU”-ээс гараад осолд орох хүртэл болсон үйл явдлыг болон осол болох үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг санахгүй байна. ...Миний унаж явсан тээврийн хэрэгслийн урд талын купер хагарсан, баруун талын доод дохио хагарсан, копут хонхойсо...тухайн осол болох үед бөглөрөл түгжрэлгүй, харагдах орчин чөлөөтэй, цаг агаар бүрхэг байсан, ...зорчигчийн эмчилгээний зардалд одоогоор мөнгө зарцуулаагүй, ...би цаашид хохирлыг төлж барагдуулна...” /хх 125/ гэсэн мэдүүлгүүд,

 “...О.З-ийн биед цээжний зүүн талын 3.4 дүгээр хавирганы далд хугарал, зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хутацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11345 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх 66-67/,

“...Уг тээврийн хэрэгслийн зогсоолын тоормос зогссон. Хий шингэн дамжуулгатай ABS тоормосны системүүдийн үед тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүсэх боломжтой. Дээрх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэсэн Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 999465 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 96-100/,

“...Жолооч У.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. Мөн дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Жолооч О.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зорчигч О.З нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 982 дугаар магадлагаа /хх 109/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 4-5/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх 16/, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх 85-87/, хохирлын баримтууд /хх 30/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх  80/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Э-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүх, шүүгдэгч У.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч О.З-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч У.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч У.Э-ы “...Миний биеийн эрүүл мэндийн байдал, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж зорчих эрх хязгаарлах ялын хүрээг тэлж, ялын хугацааг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Шүүгдэгч У.Э нь хаана, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, мөн ямар эмнэлэгт эмчлүүлж байгаа болох нь тодорхойгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг хэт өргөн тэлэх болон хугацааг багасгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд ялын бүсчлэлийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/715 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Э-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ